Шударга журам
Шударга журам медаль |
Энгийн цагт гавьяа байгуулсан хүнд олгодог "Шударга журам" медаль (ШЖ) манайдаа хамгийн том нь юм уу даа.
1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар шинэчлэн батлагдсан "БНМАУ-ын цол, тэмдэг, одон, медалийн Дүрэм"-д зааснаар, "“Шударга журам медаль”-иар байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс, олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавъяа байгуулсан хүмүүсийг болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавъяа байгуулсан доноруудыг шагнана. Шударга журам медалиар шагнагдсан хүмүүст медаль, үнэмлэх, мөнгөн шагнал олгоно" гэжээ.
Д.Баасандорж, Алтан дорнод компани |
Дээр бичсэн тодорхойлолтыг шинжвэл, "нийгмийн хэв журам сахиулахад" гэсэн хэсэг байх юм. Миний бодоход энэ хэсэг шагналын зорилготой сайн нийцэхгүй мэт. Мэргэжлийн албад, хууль сахиулах байгууллага, цагдаагийн ажил үүрэгт энэ хамаарах учраас зарчимд үл нийцнэ. Тэдний үндсэн ажил шүү дээ. Мөн "улс олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах" гэдэг дээр бас л эргэж харж үзмээр юм шиг. Шатаж байсан айлын гэр унтраасан хүн энэ шагналыг авах болзол хангах уу? Зөвхөн гал ус болон бусад төрлийн хүний аминд хүрч болох аюулаас хүн аварсан болон олон жил цусаа хандивласан донор хүнд энэ шагналыг өгч байхаар өөрчлөн найруулбал зохистой мэт. "Амь бие хайрлалгүй зүтгэж..." гэх мэтийн хэллэг ч бас сонин л байна. Амь, биеэ хайрлахгүй "гаргуунд" нь хаясаныг сайшаагаад байгаа ч юм шиг. Харин эрэлхэг зориг, авхаалж самбаа гаргаж гэх мэтийн үг оруулж болох байх.
УИХ,ын гишүүн З. Баянсэлэнгэ |
"Гадаад" хүний амь, "дотоод" хүний амь гэж ялгалтай биш. Гэтэл бас ялгавартай хандаад байгаа ч юм шиг. Үнэн бол Японд болсон олон улсын хурал дээр гэнэт ухаан алдаад унаад өгсөн Индонези хүний амийг аварсан Их Хурлын гишүүн Баянсэлэнгэд "ШЖ" медаль өгсөн гэл үү? Тэгвэл 2012 онд Хон-Конгийн нисэх онгоц болон 200 гаруй зорчигчдыг агаарт террорист халдлагаас аварсан З.Буяннэмэх гэдэг залуу тухайн үеийн Ерөнхий сайд Батболдоос "Талархал"-ын бичигтэй л "хоцорсон". Харин Си-Эн-Эн мэдээгээрээ нэвтрүүлж, Хонг-конгийн авиакомпани Буяннэмэхийг насаараа үнэгүй зорчих эрхээр шагнасан байх.
З.Буяннэмэх |
Ер нь дотооддоо үйлчилдэг байсан нь дээр байх даа. Өөрөөр хэлбэл, тухайн үйл явдал Монголд болж өнгөрсөн байх ёстой бөгөөд харин аврагдсан болон аварсан этгээд аль улсын иргэн байхаас үл хамаараад гавьяа байгуулагч уг шагналыг авдаг байх нь шударга болов уу. Монгол хүний амийг аварсан гадаадын иргэнд өгөх л хэрэгтэй. Нэлээн хэдэн жилийн өмнө шатаж байгаа байшингаас хэдэн хүүхдийн амь авраад өөрөө эрсэдсэн Швейцари улсын иргэн эмэгтэй (Сабрина гэсэн шиг санаж байна) жишээ нь энэ шагналын эзэн байх ёстой хүн. Нэхэн шагнасан гэж дуулдаагүй.
Ч.Улаан |
Д.Чулуунхүү, Дорноговь |
Онцгой байдлын аврагч А.Болорсүх байна. Тусгай ангийн аврагч Г.Чинболд саявтархан энэ медалийн эзэн болсон.
Балчир хүүхдүүд ч бас эрэлхэг гавьяа байгуулж энэ ъагналыг авч байжээ. 2009 онд 7 настай А.Сайханбилэг хүү шатаж байгаа гэрээс дүүгээ гаргаж амийг нь аварсан байна. Ерөнхийлөгч Элбэгдорж шагнал гардуулахдаа бас үзгээ дурсгал болгож өгч байв даа. 2010 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 3 нас ч хүрээгүй Б.Саранчимэг охин мөн шатаж байгаа гэрээс амжиж 10 сартай дүүгээ чирж гаргасан байх юм.
А.Сайханбилэг хүү |
Мэдээж цусаа олон жил хандивласан донорууд (хүндэт донор гэдэг байх аа) энэ хүндтэй шагналын эзэн байх ёстой хүмүүс. 13 жил 133 удаа цусаа өгч, 54 литр цус хандивласан Д.Бум-эрдэнэ гуай "Шударга журам" медалиар шагнуулжээ. Тэрээр худалдаа, үйлчилгээний "УЖМ" компанид цахилгаанчин хийдэг аж. Энэ хүний хандивласан цус олон хүний аминд орсон гэдэгт эргэлзэхгүй.
Үнэндээ хүний амь аврана гэдэг бол "улс, олон нийтийн өмч" аврахаас алд дэлэм илүү хүндтэй гавьяа юм. Шатсан сүйдсэн хөрөнгийг дахиад бий болгож болно, хүний амийг бол үгүй билээ. Хүний амийг үнэлэх ч аргагүй юм. Тийм учраас л энэ гавьяаг өндөр үнэлдэг байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг золиод хүний амь аварч байгаа бол тэр хүн жинхэнэ баатар. "Шударга журам" медаль авчих санаатай голын ус руу, гал руу ордоггүй нь лав. Бид ядаж тийм хүмүүсээ үлдээлгүй баярлуулж, алдаршуулж байвал болох нь тэр. Бидэнд одоо хамгийн хэрэгтэй, үнэтэй баялаг бол Монгол хүн. Энэ баялгаа авран хамгаалж байгаа гавьяатнууддаа бүгдээрээ "Баярлалаа!" гэж хэлье.
Жич: Медалийн нэрийг өөрчлөх шаардлагатай санагдана. Энэ гавьяат үйлс бол "шударга" явдалтай ямар ч холбоогүй, хамааралгүй асуудал билээ. Миний ёс журам "шударга" учраас би хүн авраагүй, харин эх оронч, хүнлэг учраас үүнийг хийсэн юм аа гэж. Яагаад ийм нэр өгсөнийг тааж мэдэхгүй нь.
Шагналтай холбоотой өөр нэг бичвэрийг бас эндээс сонирхоорой:
"Шагналд дуртай Монгол" : http://bodonchor.blogspot.com/2013/03/blog-post_6.html
Comments
Post a Comment