Монголын цаг уурч "Мэлхийнүүд" ажлаа хийж чадаж байна уу?

Цаг агаарын мэдээ гэдэг бол тэр болгон хүмүүсийн хөндөөд, шүүмжлээд байдаггүй сэдэв. Манайхан болсон  хойно уужуу тайван зангаараа, "Цаг уурын станцын мэдээ зөрж л байдаг юм" гэсгээд тоохгүй. Тэгсэн мөртлөө Өвөр Монголын цаг агаарын мэдээг их шоолноо. "Бороо орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй, юу ч гэсэн борооны шүхрээ аваад яваарай" гэж зарладаг гэнээ гэж  ирээд л наг наг хөхрөх. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч л энэ байх.

Саяхан Ийгл ТВ-ээр хөдөөгүүр  тариалан ургацын байдалтай танилцсан сурвалжлага үзүүлж байнаа. Сэлэнгийн бил үү, нэг компаний нөхөр хэлж байна. "Бид чинь цаг агаарын мэдээ л их сонсож суудаг юм шүү дээ" гэж. Аргагүй. Цаг агаартай ажлаа уялдуулж явуулдаг бизнестэй улс чинь. Тэгээд цааш нь мань эр, "Цаг агаарын мэдээгээ үнэн зөв өгч байвал бидэнд их хэрэгтэй байх юм. Ядаж 5 хоногийн урьдчилсан мэдээгээ зөв өгчихмөөр. Тэрнээс олон хоногийнх, сарынхаа байг гэхэд" гэж учирлалаа. Яасан гэсэн чинь, наадмаас өмнөхөн  тэр хавийн нутгаар 4 хоног тасралтгүй бороо орно гэж цаг уурынхан  зарласан боловч  тэр хугацаанд нь ганц ч дусал бороо ороогүй гэнэ. 4 хоног тасралтгүй бороо орно гэхээр нь ажлаа урьдчилаад төлөвлөчихсөн чинь хамаг төлөвлөгөөг нь "будаа" болгохгүй юу.

Эндээс харвал манай цаг агаарын мэдээ өгдөг, зарладаг, боловсруулж тооцоолдог арга барил хоцрогджээ. Техник юм нь шинэчлэгдсэн эсэх нь бүү мэд. Техник технологи нь шинэчлэгдсэн юм бол цаг агаарын мэдээний боловсруулалт, зарлалт нь арай өөр, илүү нарийвчлалтай, баримжаатай болсон баймаар юм. Гэтэл  сонсоод байхад аль л "дээр үеийнх" шигээ бүдүүн тойм, багцаалсан мэдээ  хэвээрээ. Жишээ болгоод Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын (ЦУОШГ) вэб сайт дээр (www.tsag-agaar.gov.mn)  байгаа 7 хоногийн (7/29- 8/5 хүртэл) цаг агаарын төлөвийг авч үзье:

2013 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
/ Ихэнх нутгаар бороошиж, сэрүүснэ./
     29-нд нутгийн хойд хэсгээр, 30, 31-нд ихэнх нутгаар, 1, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зарим газраар, 4-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд 12-14 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 30-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Шинжих нь:  "Ихэнх нутгаар" гэдэг үг бол хамгийн "бөөрөнхий бөгөөд бөөндсөн" үг. Бөөн дунд  нь чиглүүлээд л тавьчихаж байна. "29-нд нутгийн хойд хэсгээр" гэж байна. "Нутгийн хойд хэсэг" гэж юу гэсэн үг вэ? Аль "нутаг" юм?  Хойд хэсэгт нь аль баг, сум, аймгийн нутаг ороод байгаа хэрэг вэ? Мөн үүнтэй адил утгатай "нутгийн зүүн хэсэг" гэдэг  томьёолол байна. Ер нь  иймэрхүү бүдүүн бараг томьёололдоо  их дуртай бололтой. Сүүлд нь хариуцлага хүлээж, амаа асуулгахгүй амар гэж боддог юм болов уу? "Нутгийн" гэдэг үгийг  "Монгол орны"  гэж тайлж ойлгохоор юм шиг.  

За тэгээд цааш нь харвал, "зарим газраар" гэдэг сайхан үг байна.  "Зарим газраар гэж хэлсэн болохоос ямар танай сумын нутгаар бороо орно гэж яг зааж хэлээ юу?" гэж дараа нь маний амыг таглах сайхан арга.  "Говь талын нутгаар" гэдэг сайхан "бөөндсөн" хэллэг байна.  Тодорхой аймаг, сум, багийн нутгийг нэр заан хэлэхийн оронд газар орны нэрээр нэрлэж хэлэх нь ямар ч баримжаагүй бөгөөд "хариуцлагаас мултарч амарчлах" гэсэн бас нэг мэх. Жишээ нь, "Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар" гэдэг хэллэг байна. Мөн "Их нууруудын хотгор", "Алтайн өвөр говь" гэх мэт нэршил байна. Манай малчид газар зүйн байршил, нэрэндээ тийм сүрхий болчихсон юм уу?   Арай л үгүй болов уу. Тэдэнд "Их нууруудын хотгор" гэж хэлж байхын оронд тийм аймаг, тийм сумын нутгаар гэж нэр  цохож хэлбэл арай ойр бөгөөд ойлгомжтой тусах байх. 


Тэгээд ч Монгол орон жижиг биш учраас манай цаг уурынхны ингэж "халтуурддаг" асуудал бол зүгээр л ард иргэдээрээ тохуурхаж байгаа хэрэг гэхэд хилсдэхгүй.  
 "Говийн нутгийн өмнөд хэсгээр", "бусад нутгаар" гэхчлэн  зарлах нь мөнөөх л малчдын маань толгойг "гашилгаж", "За байз, бусад нутаг гэсэн юм чинь манай сум багтах бил үү, юу билээ хөгшөөн?" гэж "АХА" нэвтрүүлэгт орсон дайны шахуу юм болоход хүргэж байна.  Ингэж ажил хийдүүлж, "оронцоглохоо" боливол яасан юм бэ? 

Нарийвчлал сайтай мэдээ өгөхөд чинь техник технологи, мэдлэг боловсрол  чинь дутагдаад байгаа бол шинэчилж сайжруулаад, мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.  Тийм биш бол ажлаа олигтойхон хийгээд ард иргэддээ ач тус болмоор доо.  Цалин авч хийж байгаа ажил чинь биз дээ? Хот суурингийн бид яахав гэхэд хөдөөний малчин ард түмэнд маань үнэн зөв бөгөөд цаг үеэ олсон  мэдээлэл маш  чухал. Цаг агаарын мэдээ бичдэг, тайлбарладаг энэ хачин хэв маяг, арга барил, томьёоллоо   өөрчлөх болжээ. Хүнд ойлгогдохоор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн албан ёсны нэрийг зааж, мэргэжлийн бус хэн ч ойлгохоор бичиж,  мэдээлж байя. Одоо бол манай цаг агаарын мэдээ зөвхөн "газар зүйч", цаг уурчид  л ойлгохоор бичигдэж байна.
Мэлхийг цаг агаарыг урьдчилан мэдэгч гэж хэлдэг. Манай "мэлхийнүүд" ажлаа сайн хийж сурах цаг болжээ. Алийн болгон ингэж "халтуурдах"  вэ? 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө