Чингисийн талбай

Д.Сүхбаатар
Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж өөрчилж нэрлэхээр  нийслэлийн иргэдийн хурлаас шийджээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарт сүржигнэх сайхан шалтаг олдлоо. "Ардын хувьсгал", "Д.Сүхбаатар"  гэдэг үгнүүд бол МАН-ын "өмч" бөгөөд "хир халдаах"тун дургүй. Эдгээр нэр томъёонуудыг "үл тоох", "мартах", "хасах", "өөрчлөх" гэвэл  МАН ихэд  эмзэглэх бөгөөд доромж мэт үзнэ. Үнэндээ ганц "барьж авах" юм нь болохоор аргагүй биз. Ардын хувьсгалаар "тусгаар тогтнолоо" олж авсан гэх боловч үнэндээ Дэлхийн 2-р дайны дараа л Монголыг тусгаар улс гэдгийг хоёр хөршөөс нь эхлээд дэлхийн бусад орон хүлээн зөвшөөрч эхэлсэн байдаг. Албан ёсоор шүү. 1946 он хүртэл Хятадын "мэдэлд" байсан гэсэн үг.  Тэгэхээр Монгол улс 1921 онд МАН-ын "буянаар" хувьсгал хийж "тусгаар тогтнолоо" олж авсан гэдэг бол үнэнд нийцэхгүй байгаа биз? Де  факто тусгаар мэт харагдавч "найзалж" байсан Зөвлөлт Орос хүртэл Монголыг хятадын харъяат гэж үздэг  байсан гэж байгаа.

1921 онд хятадын гамингуудыг хөөж гаргаад Богд хааныг ширээнд нь буцааж залсан "буянтан" бол МАН биш, улаан оросын арми бүр ч биш, харин Барон Унгерн фон Штернберг гэгч "герман" нөхөр билээ. Энэ гавъяаныхаа төлөө тэрээр Богд хаанаас  "Улсыг мандуулагч их баатар жанжин" цолоор шагнуулж байсан  гэдэг. Бидний мэдэх хувьсгалын сэдэвтэй хуучны Монголын  уран сайхны кинонуудад гамингуудыг бутцохиж Нийслэл Хүрээг чөлөөлж, Богд хааныг залж байгаа Барон Унгерний дүрд Д.Сүхбаатарыг "тоглуулсан" байдаг.  Яг үнэндээ Д.Сүхбаатар бол цэргийн эрдэмд гарамгай байсан учраас хожим "цэрэг армийн асуудал" хариуцсан чухал албан тушаалд очсон болохоос биш одоогийн төсөөлөөд байгаа шиг  том улс төрч байгаагүй аж. Эх оронч баатар, цэргийн мундаг жанжин байсан гэвэл үнэн. Түүхэн үнэнээрээ бол МАН-ынхан Бодоо, Данзан нарыг "эцгээ" гэж үзэх ёстой юм. Гэвч Сүхбаатараас бусад нь "эсэргүү" болоод хэлмэгдээд дууссан учир жанжин маань МАН-ын "загалмайлсан эцэг" болсон хэрэг. Коммунистуудын ухуулга, үзэл суртал 70 жил ингэж явсан учраас Монголчуудын оюун тархинд энэ ойлголт гүн бат шингэсэн юм. Хутгаар хусаад ч арилгахад хэцүү болсон гэх үү дээ. Ямар сайндаа Сосорбарам гавъяатыг Сүхбаатар аймагт очиход нь нохой шиг чулуугаар нүүлгэж байхав дээ. Сүхбаатарын хөшөөний оронд Чингис хааныхаа хөшөөг төв талбай дээрээ байлгасан нь дээр гээд хэлчихсэн нь гай болсон хэрэг. Мань эрийг 90 онд анх ардчилсан хувьсгалд гар бие оролцож явахад нь Баянхонгорын хөгшчүүд нутгийнхаа  "толгой нь эргэсэн" хүүг дуудан ирүүлж "жавтий"  хүртээсүгэй хэмээн хонгор нутгаас бас "чулуу нүүлгэж" байсан юмдаг.

Чингисийн хөшөө
Байгуулсан гавъяа, түүхэн үүргээр нь авч үзвэл Чингис хаан, Сүх жанжин хоёрыг харьцуулшгүй. Зарим нэг хүн бараг адилтгаж зүйрлэх гээд байдаг. Алдас болох байгаа даа. Нэгдсэн Монгол Улсын хаан, цэргийн жанжин хоёрыг яаж эн зэрэгцүүлж болох вэ дээ.   Чингис хааныхаа нэрээр нэрлэсэн тохиолдолд   Сүхбаатарын талбай гэдэг нэрээр орсон хууль журмандаа өөрчлөлт оруулчихад л болчихно.  Энд нэг их хууль зөрчөөд байгаа юм алга.  АН-ынхан ардчилалыг "өмчиллөө" гэж загнах дуртай МАН-ынхан Д.Сүхбаатарыг "өмчлөхөө" болих хэрэгтэй. Сүхбаатар аймгийнхан ч бас ингэж "явцуурахаа" боль. Далимд нь хэлэхэд, МАН-ынхан ардын хувьсгал болон түүнтэй холбоотой бие хүмүүсийн намтар, үнэн түүхийг ил гаргаж бодит үнэнээр нь ярьж эхлэхээс "шинэчлэлээ" эхлэвэл яасан юм?  Хуучны коммунист үеийн зохиомол түүхээ засаж гаргах цаг болоогүй юу? МАН-д түүхэн баримт, материалууд хангалттай бий. Эдгээр архивын материалууд ганц МАН-ын ч өмч биш, Монгол улсын өмч байх ёстой.

МАН-ын хийсэн хэвлэлийн бага хурал дээр Даш хэмээх доктор "Нэг түүхийг нөгөөгөөр нь сөргөлдүүлж, ард түмнийг талцуулах улс төрийн бодлогоо зогсоо" гэж сүржигнэжээ. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болговол "нэг түүх, нөгөөтэй сөргөлдөнө" гэнэ. Сайн ойлгосонгүй. "Түүх сөргөлдөнө" гэж юу гэсэн үг  юм бол? Чингисийн түүх, Сүхбаатарын түүх хоёр "авцалдахгүй" харшлах юм гэж үү? Яахаараа Монголын түүхэнд бий болсон хоёр бие хүний түүх хоорондоо "харшилдаг" билээ? Ийм тэнэг юм өдий наслахдаа сонсож  байсангүй. Ийм "доктор" хүн  МАН-ыг төлөөлж ингэж  ярьж байгаа нь энэ намын чансааг тодорхойлж байгаа мэт.

Харин "ард түмнийг талцуулах" гэдэг чинь маниас өмнө байсан эд. Аймгаараа, сумаараа, жалгаараа  талцана, ястан угсаатнаараа, гарал үүслээрээ, овгоороо  хуваагдана. Хамгийн сүүлийн үеийн сонгодог жишээ гэхэд сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигчийн тухай "цэвэр цусны онол"-ыг намаас нь гаргаж  ирсэн явдал.   Өмнө нь ч зөндөө л цуурдаг байсан. Баабараас эхлээд л эсрэг талынхан нь бараг бүгд л "цус нь хольцтой" гэдэг байв даа. Ингэж л иргэдээ талцуулдаг байсан нам даа. Одоо нэг их дүр эсгэх юм. За ер нь дандаа л дүр эсгэдэг, эсгэж ирсэн дээ.

Одоо юуны чинь намаа  шинэчлэх, цаана чинь жанжны минь хөшөөг буулгах гэж байна, манай намын гишүүд "мориндоо" гээд орилоод эхлэх шив дээ. Дассан сурсан юм болохоор иргэд ч бас дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа бололтой. Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрээ өөрчлөхгүй бол МАН-ынхан жанжны "улаан фэнүүдийг" тэмцэлд уриалан дуудах юм байх аа. Намын шинэчлэл яригдаж хэцүүхэн байгаа энэ үед ашгүй нэг сатааруулах сэдэв гарч ирж амьсгаа авах боломжтой болсонд лав олзуурхаж байгаа биз ээ.

Нийслэлийн төв талбайн нэр солих асуудал МАН-ын хувьд тийм амин чухал асуудал уу? Уг нь биш л баймаар. Гэвч  эрх баригчдыг л муухай харагдуулж байвал ямар ч  асуудал МАН-д чухал бололтой. Тийм болохоор "азны юм" гэдэг шиг л юм болж. Харин нэрийг нь өөрчлөх сонирхолгүй байгаа иргэдэд хандаж хэлэх үг байна:

1. Бид Чингис хаанаа "өөрийн" болгож авахгүй бол алдах нь байна.  Бээжин болон бусад том хотуудын түүхийн музейд Чингис болон Монголын бусад хаадыг "Хятадын Монгол хаан" гэж бичиж тайлбарласан байдаг гэсэн. Өвөрмонголд Чингис хааны төрсөн газар гэж байдаг гэсэн. Тэнд Чингис хааны хөшөөнүүд, музей гэхлэн  үзүүлэх харуулах юм ихтэй. Өвөрмонголыг бид хятадад алдсан, хэзээ нэгэн цагт буцааж авах нь тун найдвар муутай. Тэгэхээр Өвөрмонголын гэсэн юм болгон хятадын гэдэг нэрэн дор явдаг. Дэлхийд тэгж л цацагддаг. Тиймдээ ч гадныхан Монгол хүнтэй таарвал "хятадын Монгол уу?" гэж асуудаг. Яван явсаар Чингис хаан маань "хятад" болж, эсвэл "хятадын нэг цөөнхийн төлөөлөгч" болж хувирах юм шиг байна. Төрсөн газар нь ч хятадад "тодрох" бололтой.

Бид тусгаар улс, Чингисийн өлгий нутаг гэдгээ гадны зочдод харуулж, мэдрүүлэх хэрэгтэй. Алхам дутамд нь. Нисэж ирээд онгоцноос буухад нь Чингис хааны нэрэмжит онгоцны буудал тосож аваад , Чингис хаан хэмээх зочид буудалд бууж, Чингис хаанаар нэршсэн нийслэлийн төв талбай дээр очиж хөшөөнийх нь хажууд зургаа авахуулаад буцдаг баймаар байна, ядаж.  Жуулчид нь бүр Цонжин Болдог орж, уугуул Хэнтий аймгаар аялдаг байвал бүр гоё. Бурхан Халдун уулыг түшиглээд аялал жуулчлалын цогцолбор барьж, Чингис хаан энд төрсөн юм шүү гэдгийг тэдэнд харуулж, сурталчлах  хэрэгтэй. Чингис хаан бол бидний "бренд" юм. Бид хаанаараа яаж бахархаж, омойтдогийг тэд мэдрэг.  Сүхбаатарын талбай гээд дасчихсан учраас нэрийг нь солиод хэрэггүй гэдэг тэнэг тайлбараа больж үз. Нэг талбай байтугай, бүхэл бүтэн хот, улсын нэрийг ч сольж өөрчилсөн жишээ мундахгүй бий.  Энэ санааг эсэргүүцэж байгаа хүмүүст Чингисээрээ бахархах сэтгэл  дутаж байна.Чингис хаан Хамаг Монгол улсыг үндэслэн байгуулагч гэдэг утгаараа хэнбугайн өмнө ч гишгэх эрхтэй хүн. Монгол Улсын нийслэлийн төв талбайг Чингисийн нэрээр нэрлэчихвэл Монголын тусгаар тогтнол, ардын хувьсгалын асуудал "алга болчихно" гэж ярьж байгаа улсууд жаахан томоор сэтгээсэй. 

2. Жанжин Сүхбаатарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг үгүйсгэх санаа хэнд ч байхгүй гэж итгэж байгаа. Гэвч бас түүх үнэнээрээ байх ёстой. Тэр хүний үүргийг хэт дөвийлгөж, худлаа түүх зохиож байсан нь үнэн. Хамгийн наад захын жишээ гэхэд л , Сүхбаатар Ленин хоёрыг "хүчээр" уулзуулж байсныг гэрчлэх зураг, кино ший мэтийг зөндөө хийсэн байдаг. Гадаад орны хүмүүс Монголд ирээд нийслэлтэй танилцахдаа төв талбайгаар нь ороод авахуулсан зурагнуудаа "Би Сүхбаатартай хамт", "Би Сүхбаатарын талбай дээр" гэж танилцуулсан нь дээр үү, эсвэл "Би Чингис хаантай хамт", "Би Чингисийн талбай дээр" гэж гэрийнхэндээ, найзууддаа буцаж очоод тайлбарлавал  илүү сурталчилгаа болох уу гэдгийг харьцуулаад нэг сайн бодоодохооч. Бидний хувьд төв талбай маань хэнээр "овоглох нь" тийм чухал биш мэт боловч гадны гийчдэд аль нэрээрээ байх нь бидэнд ямар ашигтай вэ гэдгийг  л сайн бодох асуудал. Тэрнээс Ардын хувьсгал, Сүхбаатар хоёрыг үгүйсгэж, "доош нь хийх" гээгүй нь лав.

3. Сүхбаатарын хөшөөг яг энэ хэлбэр маягаар нь  тохиромжтой газар байрлуулчихвал хотын үзэмж болсон үзмэрийн нэг хэвээрээ л байх болно. Харин хаана байрлуулахаа шийдэцгээнэ биз. Батлан хамгаалах яамны өмнө гэдэг санаа ч бас муугүй. Цэргийн том жанжин гэдэг утгаараа. Харин Чингисийн талбайд Сүхбаатарын хөшөөний оронд Монгол цэргийн морьтон баатрын сүрлэг хөшөө байвал зүгээр. Чингисийн хөшөө биш.  Хааны хөшөө угаасаа ордны өмнө байгаа. Чингисийн Монголын баатруудыг төлөөлсөн Монгол цэргийн хөшөө хэрэггүй гэвэл  Есөн хөлт цагаан тугны хөшөө байж болох хувилбар байна. За тэгээд юуны хөшөө байж болох тухай олон хүнээс олон янзын санал гарна даа. Мэргэн хүмүүс тэгээд сонголтоо  хийнэ биз.
Эцэст нь хэлэхэд, энэ бол туйлшрал биш юм аа. Юм болгоныг Чингисээр нэрлэж байна гэдэг бол худлаа. Харин талбай болгоныг ингэж нэрлэнэ гэвэл жинхэнэ туйлшрал болно. Гэтэл бид нийслэлийнхээ төв талбайны тухай ярьж байгаа гэдгийг сайн бодоод дэмжицгээе гэж уриалая даа.  


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө