Харвардын коммунистууд

Л.Оюун-эрдэнэ (НАМЗХ-ны Ерөнхийлөгч)
Сэтгүүлч Ганчимэг цаг үеэ онож, чухал ярилцлага хийснээ нийтлүүлжээ.  Ярилцсан хүн нь Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (НАМЗХ) гэгч байгууллагын Ерөнхийлөгч Л. Оюун-эрдэнэ. НАМЗХ нь  Монгол Ардын Намын (МАН) дэргэдэх залуучуудын байгууллага юм. МАН-ын залуу боловсон хүчнийг бэлтгэдэг газар ч гэдэг. Хуучнаар МАХН-ын залуу халаа бэлтгэдэг байсан МХЗЭ шиг гэх юм уу даа. Удирдах зөвлөлтэй, нэг ерөнхий нарийнтай, 9 дэд Ерөнхийлөгчтэй нүсэр эд юм байна, базарваань. Монголын ард түмнээс "тусгаарласан"  МАН-ын Тусгаар тогтнолын ордон хэмээх "цайзны" 201 тоотод  "суудаг" аж.  

Оюун-эрдэнийн хэлсэн зүйлийг уншаад залуучуудынх нь байгууллагын толгойлогч ингэж ярьж байгаа юм чинь энэ нам өөрчлөгдөж, шинэчлэгдэнэ гэж байхгүй юм байна гэж бодогдлоо.  Оюун-эрдэнийн үе "мултарсан" хойно л магадгүй. Магадгүй шүү. Уг ярилцлагад мань эрийн хэлсэн ярьсан зарим зүйлтэй холбогдуулaн хэлэх юм байна.
Ярилцлагыг энэ холбоосоор ороод уншаарай:

 http://ganchimeg.niitlelch.mn/content/5389.shtml

1. МАН-аас нэр дэвшигч ялах боломжтой байсан гэсэн байх юм. Хүн амын бараг тал нь оршин суудаг нийслэлд алдсан саналаа хөдөөд нөхөх боломж байсан гэж байгаа бололтой. Удвалын саналыг нэмээд ч 100 мянгаар зөрж байхад энэ зөрүүг хаанаас гаргах боломжтой байсан гэж бодоод байгаа юм бол?  Ингэх тэгэх боломжтой байсан гэж дараа нь "бүлтрэх"  шиг амархан юм хаа байхав.

2. Ерөнхийлөгч Элбэгдорж Засгийн газрын сайдуудыг загнаж шүүмжилсэн, буруу жолоотой машинтай "ноцолдлоо" гэж Бат-үүлийг ичээсэн, Баттулгатай твиттерээр "толхилцсон" зэрэг нь урьдчилж төлөвлөж бэлдсэн "багийн тоглолт" байсан гэнээ. Ухаандаа тэр үеэс л Ерөнхийлөгч маань цаадуултайгаа ярьж байгаад ийм аргаар өөрийгөө рекламдая гэж тохирсон юм байх. Монгол Улсын Ерөнхийлөгч улс орны "дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож" ЗГ болон хотын мээрийг шүүмжилж, чиглэл өгсөн нь сонгуультай жилд бол (ер нь ямар ч ажил хийсэн гэсэн) сурталчилгаа болдог, сонгуулийн бус жилд бол "ажлаа хийсэн" болж харагдах юм биз дээ? Унасан бөхөд  шалтаг мундахгүй.

Х.Баттулга (АН, УИХ-ын гишүүн)
3. Х.Баттулга чинь улс төрч хүн. Жудоч гэдгийг нь түр мартчих. Тэгээд  МАН-ын өрсөлдөгч намын лидерийн нэг гээд бодоод үзвэл Бат-эрдэнэ аваргын эсрэг пиар хийх нь зөв үү? Зөв! Гэхдээ худлаа хэлээгүй, гүтгээгүй. Ухаандаа жудогийн холбооны ажлыг зохион байгуулаад аваад явж чадахгүй байгаа хүн улс орныг яаж авч явж чадах вэ л гэж хэлсэн. Англи хэл мэддэг гэж намтартаа бичсэн байсныг худлаа гэсэн. Бат-эрдэнэ аваргыг тэгвэл англиар яриулаад "тест" аваад үзэх үү?  My name is Bat-erdene  гээд хэлэх  бол англиар ярих биш юм аа.
Боловсрол тааруу, хангалтгүй учраас тэнцэхгүй гэсэн. Тэрнээс биш аваргыг доромжилж доош нь хийсэн зүйл байхгүй. Оюун-эрдэнийн хэлж байгаагаар энэ нь их "муухай зан" гаргасан хэрэг болж л дээ. Бөх хүн бөх хүндээ "хайртай"  байх ёстой учраас Баянаа аварга, Мөөеө аварга хоёр өөрсдийн итгэл үнэмшлээ огоорч Баагий аваргыг дэмжих учиртай байж. Аваргууд "талцах"  ёсгүй байж.  Ингэхэд Оюун-эрдэнэ Харвардад ийм юм заалгадаг юм байх даа? Тэр яриад байгаа "үндэсний үнэт зүйл" гэдэг нь юу юм бол?  Эв нэгдэлийг хэлээд байгаа юм болов уу? Тэгвэл бөх "мэргэжилтэй" хүмүүс эв нэгдэлтэй байна гээд улс төрийн сонгууль явагдаж байхад өрсөлдөгчөө магтаад, эсвэл эс үйлдэл хийгээд,  "сонирхлын зөрчилтэй" учраас би намынхаа сурталчилгаанд оролцохгүй, өөрийн намын нэр дэвшигчээ дэмжихгүй гээд хойш суух байсан юм уу?  Баянхошууны Балдан өвгөний хэмжээнд сэтгэж ярьдаг ийм Ерөнхийлөгчтэй НАМЗХ ичээсэй.

4. МАН-ын шинэчлэл зөв систем, зөв дүрмээс эхэлнэ гэжээ.  Намын дүрэм нь буруу бөгөөд хуучирсан "орос маягийн" дүрэм гэнэ. Ташраараа лав 4 ялагдчихсаны дараа гэнэт дүрэм хуучирсан байна  гэдгийг олж харж гэнэ.  Мөн систем нь буруу бөгөөд фракцийн системийн тогтолцоог судалж үзэх хэрэгтэй гэсэн байна.  Төрийн удирдлагын чиглэлээр Харвардад магистрын сургалтанд сууж боловсорч байгаа хүн гэхэд фракц ярихгүй бол ичгэвтэр юм болно биз дээ? Энэ хүний "Фракцийн сонгодог загварын" тухай  яриа,  Х.Баттулгыг "муухай зан" гаргасан  гэж хэлж байгаа хоёр хоорондоо их зөрчилтэй, авцалдаагүй сонсогдож байна. Фракцийн сонгодог загварын тухай яриа нь Харвардад заалгасан хичээл нь юм  шиг, "муухай зан" гэдэг яриа нь "МАН-ын Монгол сэтгэлгээ" юм шиг.  Тэр Харвард ер нь "тархийг нь олигтой угааж" чадаж байгаа юм уу?

5. Буруу ишилсэн сүхийг зөв болгох, муу зан сурчихсан амьтныг "засан хүмүүжүүлэх" ажил хэцүү, процесс нь удаан явагддаг золиг байгаа юм. Манай коммунистууд залуу үеэ гадаадад, ялангуяа ардчиллын үлгэр жишээ болсон АНУ-д их явуулж сургаж байна. Энэ Оюун-эрдэнэ ч мөн тэдний нэг. Цаашид ч арав, хориор нь явуулж сургана гэнэ. Уул шугамандаа зөв л дөө.  Гэхдээ хамгийн гол нь үр дүн байхгүй юу!  Харвард ч бай, эсвэл өөр иймэрхүү төлбөр өндөртэй сургуульд ном заалгаад  "боловсорч" ирээд бахь байдгаараа хачин юм яриад байвал сурсаны хэрэг гэж юу байхав дээ. Англиар л ойр зуур ярьдаг болж хоцрох  юм биз дээ.

МАН сүүлийн үед ялагдаад байгаагийн гол шалтгаан нь "концепцийн" асуудал гэнээ. Оюун-эрдэнийн хэлж байгаагаар бол, "бид улс орноо ийм замаар, ингэж хөгжүүлж чадна гэдгээ зөв тодорхойлж, ард түмэндээ ойлгуулан таниулж чадахгүй байна" гэнэ.  Bullshit!  МАН (МАХН байхдаа ч) ард түмнээ ядуурлаас аварна, улс орноо ингэж сайхан хөгжүүлнэ гээд л амлаад байсан биз дээ? Гэтэл одоо юу гэнэ вэ? Яаж хийхээ "зөв тодорхойлж" чадаагүй байсан гэнэ үү?  Яаж хийхээ мэдэхгүй байж хийж чадна гээд МАН биднийгээ "хулхиддаг"  байсан байх нь ээ. Бид ч яахав, гэнэн бөгөөд боловсролгүй  улс, сайхан болгоно гэдэг үгэнд нь итгээд л дахин дахин сонгоод эрхийг нь өгөөд байдаг. Нөгөө эрхээ авсан нам нь яаж хийхээ "мэддэггүй"   байж. Өөрсдийгөө "таргалуулж", хувийн амьдралаа харин яаж өөд нь татахаа сайн мэдэж байсан даа.

6. "Иргэдийн хандлага, сонгогчдын боловсрол өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна" гэж харин үнэн хэллээ дээ. Тийм ч учраас иргэд маань МАН-аас залхаад нөгөө тийшээ "шилжсэн" хэрэг шүү дээ.  Алийн болгон  худлаа амладаг хулхи намд хууртах вэ дээ. Тэнэг л биш бол хүн чинь юм бодно биз дээ? Хүн болж төрсөнийх, яагаад сайхан амьдарч болохгүй гэж? Яагаад олонхи иргэд нь ядуураад цөөн хэд нь баяжаад мөнгөөр "бөөлжөөд" байдаг юм? Яагаад мөнгөтэй хүнд хууль "үйлчлээд", ядууст шударга бус хандаад байна гэж.  Иргэд, сонгогчдоо "тэнэг" хэвээр нь байлгаж, сургуультай мал шиг дандаа саналыг нь авч байх зорилгоор эрх барьж байсан МА(Х)Н санаатайгаар (эс үйлдлээрээ)  энэ байдлыг хадгалж байх  сонирхолтой явж ирсэн нь ойлгомжтой. Үүний үр дүнд ч олон жил төр барьсан даа. Мэдээлэлд арай ойроороо хот суурин газрынхан илүү хурдан "боловсорч" байгаа бол алс хязгаар, бөглүү хөдөөд иргэд маань "харанхуй" хэвээрээ л байгаа. Тэдэнд улс төр, нийгмийн тухай суурь мэдлэг ч байхгүй явж ирсэн, байлгах боломж ч өгөөгүй учраас "Ардын" намыг "шүтсэн" хэвээрээ. Энэ байдал нь хөдөө аймгуудад МАН илүү санал авдагаар илэрч  байгаа.  Сүүлийн сонгуулийн дүнгүүд үүнийг батална. Гэхдээ л цагийн  аяс  нь хаачихав, удаан ч гэсэн гэгээрч байнаа, иргэд маань.

7. Авилгын асуудал. 1992 оноос хойш төр засгийн алба хашиж байсан бүх хүнийг шалгаж байж авилгыг "үндсээр нь  арчина" гэж Оюун-эрдэнэ хэлж байна. Тэр ч болохгүй юм байхгүй л дээ. Хэрэв тэгнэ гэвэл МА(Х)Н-ын томчуудаас хүн үлдэх үү? Тэр он цагаас хойшхи хугацаанд МА(Х)Н ихэнхдээ төр барьж байсан болохоор бүгд шахуу ачигдах байх. Ялангуяа сүүлийн жилүүдэд зэгсэн идэцгээсэн дээ. АН цөөхөн жил засгийн эрх "барьмар аядсан" болохоор  "дээлээ нөмрөх"  хүн  байх болов уу?
Уг нь урагшаа харж явах ёстой, тийм юм ярьж байх ёстой хүн чинь өмнөхөө сөхнө, шалгана гээд байгаа нь сүүлийн үөийн булхай, хулгай, одоо баригдаад буй ноцтой хэргүүд, түүнд холбогдсон МАН-ын нөхдийг өмөөрөх маягаар сөргүүлж тавьж, "барьцаж" байгаа арга ядарсан мэх юм даа. Ийм сэтгэлгээтэй хүн  зөв явна гэж үү?

Ө.Энхтүвшин (МАН-ын дарга)
8. Тэрээр намынхаа одоогийн болон өмнөх  удирдлагуудыг хэрхэн үнэлж байгаа тухайгаа  "манжлаад" л өнгөрч. Мэдээж Оюун-эрдэнэ одоо  юу гэж тэр тийм, энэ ийм гэж дүгнэх вэ дээ. Олон түмэн дүгнэнэ гээд л бултах нь зөв. Олон түмэн бол харин дүнгээ тавиад л байгаа. Энхбаярыг ямаршуу нөхөр байж вэ гэдгийг мэдэж авсан. Энэбишийг ч мөн адил. Энхтүвшинг хэрвээ аваргын оронд нэр дэвшсэн бол юун 40 гаран хувийн санал авах, бүр "нам цохиулах" байсан гэдгийг ярьж байгаа нь ямаршуухан үнэлгээтэй  "лидер" вэ гэдгийг нь нотлоод байгаа юм биш үү?  Аварга тулдаа л Бат-эрдэнэ ийм өндөр хувийн дэмжлэг авсан гэж хүмүүс ярьж байна. Тэр хүний нэр хүнд, олонд танигдсан байдал нь нөлөөлжээ гэж. Ө. Энхтүвшин бол нэр хүнд нь шалдаа буусан намын даргын хувьд "далаараа цэвэр тавиулах" байсан нь ойлгомжтой. Өнгөрсөн жилүүдэд идэж уусан авилгачдынх нь хэрэг намын нэр хүндэд  их нөлөөлсөн гэдгийг яагаад харахыг хүсэхгүй байна гэдэг их сонин.

9.   "МАН ард түмний зүрхний гүнд оршдог нам" гэжээ. Нэг намын тогтолцоотой  үед хүссэн хүсээгүй "ард түмний зүрхэнд" оршдог байсан байж магадгүй. Одоогийн Хойд Солонгос шиг.  Гэвч Монгол өөр болсон шүү. Дээр хэлсэн дээ, ард иргэдийн хандлага өөр болж байна гэж. Тэгэхээр МАН ард түмний зүрхний гүнд оршихоо болиод уушигны гадна талд оршдог болсоноо мэдрэх болоогүй юу гэж асуумаар.  Авилгачдыг барьж, хулгайлсан мөнгийг нь буцааж  улсын орлого болгож  байгааг Оюун-эрдэнэ  "өшөө авалт" гэх нэрлэжээ. Тэгж ярьж байгаа бол энэ  авилгачдыг  барих нь буруу гэж байгаа юм байна.  Идсэн уусан, хулгайлсан, угаасан мөнгийг нь "буянаараа болог" гэж хэлээд орхих байсан юм болов уу?

10. 2000-2008 онуудад ч мөн ч их идсэн дээ, Ардын намынхан. Одоо  түрүүчээсээ дээлээ нөмөрч  байгаа. Ё.Отгонбаяр гэгч  "гэмгүй царайлсан"  нөхөр   гэхэд л  авгайнхаа нэрээр өчнөөн мөнгө "угааж" байсан байгаа биз дээ?  Ганц төсвөөс цалинтай,  "шударга" гэгдэх Ц.Нямдорж гэхэд л  сарын олон сая төгрөгийн түрээсийн байранд  тансаглаж суудаг байсан нь сэжигтэй бус гэж үү?  МАН-ын  "VIP" Сугар гэгч  юугаараа Японд байр худалдаж аваад, одоо шалгая гэхээр Цэцийн ширээн доор орж нуугдчихаад гарч ирдэггүй юм?  Энэ Ё.О., Сугар нар гэмгүй юм бол Элбэгдорж шиг саналаараа  албан тушаалаасаа түдгэлзээд хууль хяналтынханд шалгуулахгүй яагаад байгаа юм?  "Но" байгаад л шалгуулахгүй байгаа хэрэг!

Хүрэлбаатар ба Чойжилсүрэн (Мөнгөөр сонгогдсон гишүүд)
11. "Ардчилсан диктатур" гэж байдаггүй юм. Ардчилал ба Диктатур хэмээх хоёр ухагдахуун хоорондоо эсрэг тэсрэг утга илэрхийлдэг учраас нэг томъёолол болж хэрэглэгдэх ёсгүй.   Ардчилсан нийгмийн үед ард түмний "диктатур"  гэж л байдаг.  Ард түмэн "дарангуйлаад" эхлэхээр тэнд ил тод байдал, шударга ёс бий болсон гэсэн үг. Энэ байдал МАН-ын  нас залуу боловч сэтгэлгээ нь "хөгширсөн" Оюун-эрдэнэ мэтийн иймэрхүү залууст таалагдахгүй байгаа учраас АН диктатур тогтоож байна хэмээн эрх баригчид руу дайрч байна.  Сүүлийн 8 жилд МАН юу хийсэн юм? Хууль  бусаар, мөнгөөр санал худалдаж аваад Их Хуралд ороод ирчихсэн  Увсын  тойргийн хоёр  болох Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар одоо болтол ичихгүй сууж л байгаа. Туслахууд нь шүүхээр ороод  ял авчихсан, харин "хэргийн эзэн" болох энэ хоёр нөхөр  гэмгүй царайлаад малийгаад л явж байгаа ийм хачин дүр зургийг өнөөдөр  Монголоос харж байна. 

12. Улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгох саналын тухайд тэрээр хэлэхдээ "өрсөлдөгч намаа нухчин дарах санаа" илүүтэй явж байгаа гэсэн байх юм. Мөн ч холиох юм даа. Намыг хатуу гишүүнчлэлгүй болгоно гэдгийг арай ганц МАН-д хамаарна гэж ойлгоогүй байлтай.
"Хоёр том намын системийг доголдуулж, нэг намын системийг санаархаж байгаа нь ардчилсан багтай хүмүүсийн ард жинхэнэ диктатор маягийн хандлага нуугдаж байгаагийн илрэл" гэнээ.
Монгол  олон намын системтэй. "Хоёр том намын системтэй" биш. Хэдийгээр өнгөндөө ийм тэнэг  ч гэмээр юм ярьж байгаа боловч үнэндээ мань эрийн санаа зовоож байгаа цаад  асуудлыг тааж цөхөх юм алга. Хэрэв намуудыг гишүүнчлэлгүй болгочихвол  МАН-ыг дагаж далдганасан, карьер хайсан  олон хүмүүс, итгэл алдсан намаасаа татгалзах зориг хүрэхгүй яваа олон "үнэнч" гишүүд, намынхаа гишүүний батлахнаас "уяатай" бөгөөд дуртай дургүй "дүр эсгэж" яваа олон мянган иргэд "эрх чөлөөтэй" болж энэ намын дэмжигчдийн тоо эрс буурах учраас ухаан алдатлаа айгаад байгаа юм. Өнөөдөр МАН-ыг 100 давсан, заримдаа 200 давсан мянган гишүүнтэй гэх боловч энэ нь механикаар өсгөсөн тоо учраас хэрвээ намын батлах хэмээх  дөнгөнөөс нь чөлөөлчих юм бол намдаа үнэнч үлдэх хүн цөөхөн болох магадлал тун өндөр.
90 оноос хойш энэ намын гийгүүлсэн гавъяа, идсэн уусан, өөрсдийнх нь таргалсан, ард түмний турсан хоёрыг харьцуулаад бодохоор ингэхээс ч аргагүй. 90 оноос өмнөх асуудал бол өөр. Нэг намтай, өөр нийгэм байгуулж байв даа.

13. Оюун-эрдэнийн хэрэглэж байгаа үг хэллэг, яриа нь аргагүй л МАН-ын удирдлагад байгаа "бурхинуудын" хэлдэг үг. "Өшөө авалт", "айдаст автсан нийгэм", "хүч түрсэн дарангуйлал" гэх мэт. Аргагүй л тэднийхээ залгамж халаа гэдэг нь илт байна. Ийм нам өөрчлөгдөхгүй ээ. Ёстой татан буулгаад шинээр байгуулагдах боломжийг нь өгөх нь энэ намдаа ч хэрэгтэй, гишүүд дэмжигчид нэртэй хүмүүст нь ч хэрэгтэй.  Хэн нь хэн бэ гэдэг нь жинхэнэ ялгарч харагдана гэсэн үг. Амьгүй албат шиг хоосон тоогоор өөрсдийгөө хуураад яахав дээ.
Мөнгөөр УИХ-д ордог боломжийг хаалаа (Увсын Чойжилсүрэн, Хүрэлбаатар хоёр хамгийн сүүлчийн "амьд жишээ" болж түүхэнд нэрээ мөнхлөх хувьтай төрсөн азтай хүмүүс болж байх шиг), шүүхийн шинэтгэл явуулж элдэв завхрал, шударга бус байдлыг халах, нээлттэй байх боломжийг бий болгож, хуулийг мөрддөг, мөрдүүлдэг жишиг рүү орж,  авилгач, хулгайчидтай тэмцэж төрийн албыг хөрөнгөжих эх үүсвэр болгодог зуршлыг  халж, төсвийн эрх мэдлийг орон нутагт, иргэдэд шилжүүлж илүү нээлттэй, иргэдийн хяналттай нийгмийн тогтолцоог бий болгох алхмуудыг хийж байгаа нь "нэг намын дарангуйлал" арай биш байх аа. Авилгатай Тэмцэх  Газар жинхэнэ хараат бусаар ажиллаж, МАН, АН-ын гэж ялгалгүй том хувалзнуудыг барьж эхэлж байна. МАН-ын засаглалын үед хэзээ ийм байлаа?

14. Өөрөөс нь илүү юм хийгээд тоогдоод байгаа хүнийг нөгөө нэг нь атаархсандаа "үзэж чаддаггүй" нэг муухай зан байдаг. МАН "атаархсандаа" биш юм аа, харин "айсандаа" л ингэж аашлаад байх шиг. Нэр хүндээ нэгмөсөн алдаад, ташраараа дөрвөн удаа цэвэр тавиулчихсан хүмүүс бачимдах нь ойлгомжтой. Дахиж засгийн эрхэнд  хэзээ ч гарахгүй гэж бодохоос  дотор нь харанхуйлдаг биз. Монголын ард түмэн их итгэж, боломжийг олон удаа  өгсөөн, энэ намд. Сүүлдээ ч бүр луйвардаж, 4 иргэнээ  буудаж алаад жинхэнэ утгаараа  цусаар гараа угааж  засгийн эрхэнд гарчихаад дураараа дургиж байсан нь саяхан. Дахиад сонгууль болохгүй юм шиг, маргааш гэж өдөр байхгүй юм шиг аашилж байсан даа. Одоо болохоор олон сүржин үгээр иргэдийнхээ тархийг угаах гэж байгааг нь юу ч гэмээр юм? Ардын нэртэй боловч үнэндээ ардынхаа эсрэг, улсынхаа эсрэг л зогсож байна, энэ нам. Зүй нь зөвийг нь дэмжээд, бурууг нь шүүмжлээд, эрх баригч хүчинтэйгээ Монголынхоо төлөө хамтраад ажилласан бол ард түмэн сайнаар хүлээж авах байсан даа. Гэтэл үгүй юм аа. Эрх мэдлээ алдсан нэг л их ууртай хүмүүс.

15. Эдийн засгийн өсөлт 17% байснаа буурлаа л гэнэ. Тийм айхтар өссөн юм бол ард иргэдэд мэдрэгдэхгүй, наалдахгүй өнгөрдөг нь ямар учиртай юм? Хөөсрөлт  байсан гэж мэргэжлийн зарим хүмүүс хэлдэг нь ортой байж мэдэх. Гадны хөрөнгө оруулалт  их хэмжээгээр орж ирсэнтэй холбоотой энэ өсөлт "хөөсөрсөн" үзүүлэлт байсан бол зуурдын л юм байж. Харамсалтай нь МАН-ынхан эрх барьж байхдаа байгуулсан Оюутолгойн гэрээ хангалтгүй болсон бөгөөд энэ байдлыг засах гэж одоогийн эрх баригчдын хийж байгаа маргаан, гадаадын  хөрөнгө оруулалтын хуулинд оруулсан өөрчлөлт зэргээс болж гадаадын компаниуд хөрөнгө оруулахаа багасгаж , азнах болсон. Үүнтэй холбоотой гадны хөрөнгө оруулалт буурсан. Гэхдээ үүнийг АН засгийн эрхэнд гарсанаас болсон гэдэг нь утгагүй юм. Суурийг нь МАН тавиад, лайг нь АН одоо үүрч байна гэвэл ононо.

16. Дэлхийн нэр хүндтэй сургуулийн нэг болох Харвардад сурах боломж хүн болгонд олдохгүй. Тэр хэмжээгээрээ үнэтэй ч сургууль. Магистрийн сургалтанд сурч буй Оюун-эрдэнэ жишээ нь, 40 мянган доллар сургалтын төлбөрт, байр хоолонд 15 мянга, заавал авах ёстой эрүүл мэндийн даатгал, ном зэрэгт нийлээд 4 мянга, хувийн зардалдаа багаар  4 мянган доллар гэж бодоход нийт 63 мянган доллар  нэг жилд зарлагадах нь. МАН-аас дахиад олноор нь АНУ-ын болон бусад орнуудын их сургуулиудад хүмүүсээ явуулж сургана гэж байгаа. Мөнгөтэй нам ч энэ байтугайг санхүүжүүлэх хөрөнгө  байгаа. Саяын сонгуулиар сурталчилгаанд мөнгө хангалттай өгсөнгүй гэж идэвхтэн дэмжигч, намын гишүүд нь хэвлэл болон твиттерээр бөөн гомдол урсгаж гонгиносон. Зарим нь хувиасаа мөнгө гаргасан ч гэж байх шиг.  Аваргыг ялуулахгүй байх зорилгоор нам нь мөнгөө "хэмнэсэн" ч юм бил үү, хэн мэдлээ.

Ц.Мөнх-оргил
Уг нь ийм сайхан нэр хүндтэй сургуульд сурч байгаа хүмүүс аль болохоор ихийг мэдэж аваад Монголдоо ирээд тэр мэдлэгээ ашигламаар байгаа юм. Гэвч тэнд хичнээн ном заагаад ч МАН-ын "ягаан коммунистуудад" нэмэргүй бололтой. "Концепцийн ялагдал" гэдэг хачин юм ярьж байгааг нь хар л даа. МАН Харвардад хэдэн "коммунист" бэлдсэнийг бүү мэд. Лав л Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд байсан Ц.Мөнх-оргил төгссөн юм гэнэ лээ. Сайд хийж байхдаа л 2008 оны 7-р сарын нэгний үймээнээр 4 хүн "цааш нь харуулсан" хэрэгт холбогдсон бөгөөд улс төрийн ямар ч хариуцлага хүлээгээгүй, одоо намынхаа "нарийнийг" хийгээд л явж байгаа.  Иймэрхүү "харвардын коммунистууд" намаа шинэчлэнэ гэдэг худлаа. Ялангуяа залуучуудынх нь байгууллагын толгойлогч Оюун-эрдэнэ намынхаа ялагдлуудад огт хамаагүй юм шиг дүр эсгэж, өнгөрсөн хойно нь намынхаа дүрэм, "концепцийг" шинэчлэхгүй бол болохгүй нь гэсэн юм яриад мэдэмхийрч сууна.  Хариуцлага хүлээх ёстой хүний нэг.

17. Сэтгэлгээний өөрчлөлт хийхгүй бол МАН-ынхан бүгдээрээ гадаадад очиж номын дуу сонсоод ч нэмэргүй.  90 гаруй жилийн түүхтэй гэх боловч үнэндээ 1990 оноос өмнөх МАХН, түүнээс хойшхи МАХН буюу одоогийн МАН хоёр огт өөр намууд юм. Эхнийх нь час улаан байсан бол одоогийнх нь ягаан  болжээ. Хуучны час улаан коммунистууд эгэл биеэ огоорч эх орноо гэж "хэнхэглэдэг" байсан бол одоогийн ягаан коммунистууд энэ дарааллыг урвуугаар нь мөрддөг болсон гэж байгаа. Цэдэнбал, Батмөнх нарын зэрэг "улаан коммунистуудын "  "хураасан хөрөнгө" гэвэл хэдэн чемодан ном л байсан гэдэг. Сонирхлын  дарааллаа  зөв мөрддөг болсон цагт МАН шинэчлэгдсэн гэж ярихад болно. Тэр цаг хэр хурдан ирэх нь гагцхүү МАН-ын зөв үзэл санаатай, дэвшилттэй хэсэг хэр хурдан бөгөөд амжилттай ажиллахаас шалтгаална.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө