Хүүхдийн амь чухал уу, "уламжлал" чухал уу?

Хүүхэд мориноос ойчлоо
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь салбараас гаргасан мэдэгдэлд өгүүлсэнээр энэ жилийн наадмаар хурдан морь унасан хүүхдүүдээс 24 нь гэмтэж, орон нутагт болсон уралдааны үеэр 2 хүүхэд энджээ. Одоогийн байдлаар шүү!  Хайран хүүхдүүд минь! Бусдыг зугаацуулах гэж, хэдэн халтар төгрөгний төлөө биеэ бэртээж, амиа алдах ёстой байсан гэж үү? Аймгуудад баяр наадам, ойн байр үргэлжилж цаашид нийтдээ 47 удаагийн хурдан морины  уралдаан болохоор төлөвлөгдсөн байгаа гэнэ. Ингэхээр бэртэж, эндэх хүүхдийн тоо энэ жилдээ эцэслэгдээгүй байна гэсэн үг. Наадмаас өмнө ч хүүхэд эндсэн тохиолдол гарсан.
Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг  багийн наадмаар 7 настай хүү мориноос унаж нас баржээ. Ямар ч хамгаалах хувцас хэрэгсэлгүй байсан гэнэ. Архангай аймгийн Өгийнуур сумын наадмаар 9 настай хүү мөн мориноос унаж амиа алдлаа. Хүүхдийн амиар "туг тахих"  дараагийн аймаг, сум хаана  тодрох бол?!

ММСУХ-ы Ерөнхийлөгч М.Энхболд
Монгол орон даяар морин уралдааны хэргийг зохицуулан зохион байгуулж, удирдан чиглүүлж байх ёстой, үүрэгтэй Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ) гэж нэг байгууллага бий. Дарга нь Миеэгомбын Энхболд хэмээх (УИХ-ын гишүүн)  нөхөр байдаг. Энэ хүнээс бид асуух ёстой: -  Та болон танай байгууллагын удирдлагууд ажлаа хийж чадахгүй байгаагаас болж эрдэнэт хүүхдийн амь эрсэдсээр байна! Ажлаа хийж чадахгүй байгаа бол та суудлаа тавьж өгөөд эсвэл байгууллагаа татан буулгаж тараах санал гаргавал  яасан юм?  ММСУХ байгуулагдсанаас хойш, та Ерөнхийлөгч нь болсоноос хойш  хэдэн хүүхдийн амь "золив" оо? Одоо ухаарах  цаг чинь болсон бус уу? 

Хүүхдээр хурдан морь унуулдаг нь Монгол заншил, уламжлал гэж  хэлэх дуртай мугуйд хүмүүст  бас хэдэн үг хэлье:  Уламжлал мөн биш гэж маргавал хэн ч, юунд ч хүрэхгүй. Тийм учраас ганц л юманд хариулт өгөөдөх. Монгол хүн гэдэг "амьтан"  бол бидэнд олдох үнэлж баршгүй баялаг, үнэт капитал,  улс орон өсөн дээдлэх, хөгжих дэвжихийн баталгаа. Уламжлал нь чухал гээд үнэтэй капиталаа устгаад байх уу, эсвэл энийгээ  хайрлан хямгадаж ёс уламжлалдаа өөрчлөлт оруулах уу гэдэг л  сонголт байна.  Хүүхдээр хурдан морь унуулах, морь унаж хонь хариулах хоёр чинь тэнгэр, газар мэт ялгаатай гэдгийг эрхбиш мэдэж байгаа гэж найдая.

Машинтай зэрэгцэн хурдлах морин дээр 20 гаран километр зогсолтгүй давхина гэдэг яс нь бэхжээгүй нялх амьтанд хэцүү ажил. Дээр  дурдсан бурхан болооч хоёр хүү бол өсвөр насандаа явж байсан ээж, аавын нялх үрс байж. "Ажил хийж" мөнгө олоод аав ээжийгээ, өөрийгөө баярлуулах гэсэн хүүхдийн сэтгэл, хямдхан хөлсөөр морио унуулж түрүүлгэх эсвэл зүгээр уяач болж харагдах гэсэн сэхүүн зантангуудын саваагүйтэл, амьдралын шаардлагаар хүүхдээ хямдхан "хөлслүүлсэн" нүгэлтэй эцэг эхийн шийдвэр гэсэн ийм 3 сонирхол нэг цэг дээр нийлж тэр хүүхдүүдийг тэнгэрт халиажээ.

Бага насны хүүхдээр хурдан морь унуулдаг зуршлаа халах хоёр том үндэслэл байна:

А. Өсвөр насны хүүхдийн биеийн хөгжил гүйцээгүй, ид эмзэг үедээ байгаа учраас бэртэх, гэмтэх нь амархан. Хүүхэд байтугай эгзэг нь таарвал том хүн ч мориноос унаж амиа алдаж мэднэ. Яс мах нь эмзэг, бэхжээгүй учраас моринд өшиглүүлэх, гишгүүлэх болон морины давхиан дунд газар ойчих, чирэгдэх  зэрэгт  гэмтэл авах тохиолдол нь  насанд хүрсэн хүнийг бодвол хамаагүй өндөр бөгөөд үр дагавар нь ноцтой. Голдуу нуруу нугасанда, тархиндаа гэмтэл авч насан туршдаа тахир дутуу болох аюултай.

Б. Монгол улс олон улсын зохих гэрээнд нэгдэж орсон учраас үүргээ биелүүлэх ёстой. Хурдан морь унах явдал бол тодорхой хөлстэй, үүрэгтэй, гүйцэтгэлтэй нэг ёсны ажил хөдөлмөр мөн.  Бага насны хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь Монгол Улс  гэрээгээ зөрчиж байгаа хэрэг. Хүүхдийн эрхийн тухай Конвенц, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Конвенцүүд болон бусад баримт бичгүүдэд заасан хүүхдийн  хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, хориглох, хөдөлмөр эрхэлж болох доод насны хязгаарыг баримтлах зэрэг заалт, зарчмуудыг биелүүлэхгүй байгаагийн нэг тод баталгаа нь энэ.  Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай энэ "хөлсний ажлыг" тэвчишгүй хөдөлмөр гэхгүй юм бол өөр юу гэж нэрлэх юм?

Урьд өмнөх нийтлэлдээ дурдаж байсан саналаа дахиад л давтая:

1. Хурдан морийг насанд хүрсэн хүнээр унуулдаг болгож дүрэм журмаа өөрчлөх цөг болжээ. Хэдий болтол хүүхдийн амиар тоглох вэ?  Насанд хүрсэн хүнээр унуулахад  мэдээж моринд нэмэгдэл ачаалал өгөх нь тодорхой, тийм учраас уралдуулах замаа богиносгож зохицуулж болно. Ер нь тэгээд морины чадал, чансаа, тэвчээр жинхэнэ утгаараа шалгагдана.   Нөгөөтэйгүүр, морь уралдах зай багассанаар наадамчид  морь хүлээж "эвшээж" суух цаг богиносоно.
Дааган дээр харин тусгай зохицуулалт хийх хэрэгтэй.   За ямар ч байсан 12-оос доош насны хүүхдээр даага унуулахгүй гээд хязгаар тавьж өгөх нь дээр байх.

2. ММСУХ гэдэг байгууллагыг  жинхэнэ утгаар нь ажлаа мэддэг, эрх хэмжээтэй болгохгүй бол хэрэг алга. Тэр тусмаа Төрийн бус байгууллага учраас элдэв дарга цэргийн нөлөө гэхгүй өөрсдөө асуудлаа дотроо ил тод яриад шийдээд явдаг байх хэрэгтэй байна. Хүүхэд осолдоод байхад таг л байна шүү дээ. Оронд нь Гиннесийн рекорд яриад л сууж байна.  Энэ байгууллага олон нийтийнх биш хэдхэн компаний боссууд, Их Хурлын гишүүд, баячуудын "хувийн" газар болчихсон юм биш үү? Тийм биш бол хүний амь сүйдээд байхад дуугармаар юм? Тэдэнд хүүхдийн амь чухал биш, бизнес нь чухал бололтой.

"Сайн дурын  уяачид" ямар ч хамгаалах хэрэгсэл авч өгөлгүй морь унуулаад хүүхэд алж байна шүү дээ. Дашрамд хэлэхэд, уяачид нэртэй нэг л их бүчтэй малгайтай таахалзаж баярхсан  "Түгжилүүд" цагаа болохоор хэдэн төгрөг гаргаад чанартай, зориулалтын хамгаалах малгай, хэрэгсэл аваад өгчихөж чадахгүй гар нь татваганаад, аль хямд бөгөөд зориулалтын бус каск мэтхэнийг авдаг гэж байгаа. Тэр хариугүй чанаргүй хуванцар малгай яаж хүний тархи толгой хамгаалах билээ? Ганц өшиглөөд л бяц явна. Гадаад улсуудад  унаач (Жоки) нарын өмсдөг малгай бол бараг машин дээгүүр нь гарсан ч хагарахааргүй бөх материалаар хийсэн байдаг юм билээ. Чанар дагаад үнэ гэж овоо. Манай уяачид гэж 200 мянган төгрөгөн дээр таталдаж үхэх гэж байгаа хүмүүс бүр үнэтэйг нь сонсвол дотор нь харанхуйлах биз.

Хурдан морины унаачтай холбоотой энэ асуудлаа цэгцлээд, ирэх жилээс эхлээд хүүхдийн амийг эрсдүүлж нааддагаа больцгооё. Дүрэм журам бүх юмаа өөрчилж эрс шинэчлэл хийх цаг болжээ. Зохион байгуулалтын хувьд ч анхаармаар зүйлүүд байна. Хяналтыг хэн яаж тавих вэ, орон нутгийн удирдлагад бас давхар үүрэг хариуцлага хүлээлгэж байх уу зэрэг шийдэх асуудлууд байна. Хүүхдийн амийг эндэхэд ганц энэ нөхөр буруутай гээд уяачийг чирж аваачаад шоронд хийх амархан. Ингэснээр асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Дараа жилийн наадмаар дахиад нэг уяач, эсвэл хоёр, гурван уяач шоронгийн хаалга татах уу? Тэд яахав шорондоо ордог юм байж, өнчирсөн эцэг эх, ах эгч нар яах вэ? Монголын "эрхэм уламжлалын" золиос болоод үлдэх үү?
ММСУХ-ы удирдлагууд, олон тарган уяачид "уламжлалаа" хэвээр үлдээнэ гэж зүтгэж, олон юм хэлэх байх. Өөрсдийнхөө хүүхдүүдийг хурдан морь унуул гэвэл чадахгүй гэж хэлэх биз. Тийм "хүрэн зүрхтэй" улс зөндөө бий.

Гэхдээ миний санаа бол хүүхдээ л хамгаалах зорилго учраас энгийн ардын  хүүхэд  байна уу, эгэлгүй баян уяачийнх байна уу гэдэг нь чухал биш. Монголын үрс эндэж бэртэлгүй өсөж үржих ёстой гэдэг ганц юм л хэлээд байгаа. Үүнийг ойлгож дэмжих иргэд олон байгаа гэдэгт итгэж найдна.  Монголын үрсээс хороодог энэ зуршлаа өөрчлөхийн төлөө хүн бүр дуугараасай. Бид балчир үрсийнхээ амиар зугаацахдаа тулсан ард түмэн биш билээ.
Монголын маань үрс улам олон болтугай!!!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө