Хэнээр "азарга" тавих вэ?

Сүүлийн томоохон сонгуульд дөрөв, тав дараалан ялагдсан МАН  шинэчлэл хийх хэрэгтэй гэж ярьж эхэллээ. Шинэчлэгдэж байна л гээд байдаг, яасан ч дуусдаггүй юм. Аль 90 оноос л "шинэчлэгдэж" эхлээ биз дээ?  УИХ-ын гишүүн Лундаажанцан "Азаргаа байн байн солиод байвал гүү сувайрдаг" гэж байна.  Намын даргаа солих нь дэмий гэж байгаа бололтой.  Адуу малд азаргыг нь ойр ойрхон солиод байвал гүүнүүд нь таашаадаггүй байж мэдэх юм. Тэд чинь хэдийгээр мал ч гэсэн жаахан ч гэсэн дасах сэтгэл гэж нэг юм байдаг байлгүй дээ.  Харин намын дарга "азаргыг" хэд ч сольсон яав л гэж. Намын "гүүнүүд" (гишүүд гэж унш) ямар "сувайрна" гэж байх биш.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа тус намын залуу гишүүд нь  шинээр "азарга" тавья  гэсэн санал дэвшүүлж байгаа сурагтай.  Одоогоор "сүргийн манлай" Энхтүвшин өөрөө чухам юу бодож бясалгаж суугаа нь нууц байна. 
Ер нь МАН-ын үе үеийн "хөгшин азарганууд" байр сууриа тавьж өгөх угаасаа дургүй байдаг.  Тийм ухамсар, жудаг байхгүй гэсэн үг. Намын удирдлагад байгаа, "хачиг" шиг наалдаад суучихсан  хэдэн егзөрүүдээсээ салахгүйгээр шинэчлэл энээ тэрээ гэж мянга яриад хэрэггүй л дээ. Тэр хэдийгээ шахаж зайлуулахгүй бол ээлжлээд л "азарга" болчих санаатай анаж суудаг улс. Тэдэнд намын хувь заяа, нэр хүнд бол чепуха юм.

За би нэгэн сайн эр болж хэрхэн  "азарга тавих"  талаар МАН-ынханд үнэгүй зөвлөгөө өгье.  Хамгийн гол нь "азаргаа" сайн шинжих хэрэгтэй.  Намчирхаж тургидаггүй, нас залуу, худал ярьдаггүй, гар нь цэвэрхэн, авгайтай байж болох боловч авгай нь банкинд олон дансгүй, төлөв даруу, шударга, дутагдлаа хүлээх чадвартай, уур нь хүрсэн үедээ хэн нэгнийг цохиод унагамаар байсан ч биеэ барьж чаддаг, казино тоглох дургүй, эх орноо намынхаа дээр нь тавьдаг, ажлын туршлагатай , боловсролтой байх шаардлага тавих нь зүйтэй. За тэр салтаа нь уужим байх эсэх нь нэг их сонин биш шүү. Ямар наадамд уралдуулах гэж байгаа биш, нам удирдуулах гэж байгаа болохоос.

С. Бямбацогт
Намаа шинэчлэх залуус "Шинэчлэе" гэдэг хөдөлгөөн байгуулаад ажилдаа оржээ.  Намынхаа даргыг буюу "шинээр тавих азаргаа" олон нийтийн санал асуулгаар шийдье гэжээ. За энэ ч юу л бол. Намын дарга хэн байх тухайд олон нийт ч сайн мэдэхгүй байх аа, харин улсын Ерөнхийлөгчийн тухайд бол өөр асуудал гэхсэн. Тэгээд ч энэ бол намын "дотоод асуудал" билээ.
Миний хувьд  бол мэдэх юм алга. С.Бямбацогт гайгүй "азарга" болж мэдэх залуу гэмээр. За тэр Ж.Сүхбаатар бол ёстой хэрэггүй  нөхөр  юм билээ. Ерөнхийлөгчөө "хөгийн хог" гэж доромжилдог хүнээр "азарга" тавих юм бол гарсан "үр төл" нь эцгийгээ л дуурайна.
Муу сайн ч улсын Ерөнхийлөгч хүнээ ингэж хэлэх нь зохисгүй, тэр тусмаа Их Хурлын гишүүн байсан, намдаа том албан тушаал хашдаг хүний хувьд.  Улсынхаа Ерөнхийлөгчийг доромжилж байгаа хүн төр лүүгээ нулимж байна гэсэн үг. Учир нь Ерөнхийлөгч гэдэг хүн чинь төрөө төлөөлдөг юм.  Уг нь дажгүй өсөх ирээдүйтэй нөхөр байна гэж боддог байсан шүү, миний хувьд.

Я.Содбаатар гэж жигтэйхэн намчирхдаг сонин нөхөр байна. Сүхбаатарын өрөөсөн дугуй. Номтойбаяр ч мэдэхгүй ээ, хэл амтай л нөхөр юм шиг. Аав нь 1 тэрбум төгрөгөөр мань эрд  дэд сайдын суудал  "худалдаж" авч өгсөн гэдэг яриа бий. Ж.Энхбаяр гэж бас ам л нээвэл буруутдаг, "том баасан", усан нүдэлсэн залуу бий. Улсын нууц задруулсан хэрэгт орох шахаж байсан, дархан цаазтай газар нисдэг тэргээр ан хийж таашаал авдаг хоббитой. У.Хүрэлсүх гэж бас нэг давилуун сагсуу хүн бий. Булчингийн хүчийг шүтдэг нэгэн. Нэр дурдагдсан эдгээр залуус одоо байгаа хууццуулынхаа залгамж халаа гэхэд хилсдэхгүй мэт. Нэг нөхөр онлайн сэтгэгдэл үлдээхдээ тэд нарыг "зулзаган коммунистууд" гэж нэрлэсэн байна лээ. Бараг л оносон болов уу. 

Ё.Отгонбаяр
МАН-ынхан хамгийн түрүүнд нэрийг нь баастсан авилгачдаас салах хэрэгтэй. Одоо бол тэд нарыгаа өмөөрөөд байхаас өөрийг хийхгүй байгаа. Юм л бол биесээ өмөөрч "манай намынханыг алагчилж шүүлээ"  гэж гомдоллоно. Илэрсэн, баригдсан нь МАН-ынх болохоор яах билээ? Бусадтай барьцдаг хүүхэд шиг аашилцгаах аж. Ийм байдлаар явахгүй ээ. Ё.Отгонбаяр болон Сугар нараас эхлээд хэл амтай байгаа гишүүдээ шалгуулах хэрэгтэй.  Тэд нарыг тэр  нуугдаад байгаа халдашгүй эрх дархаа өгөөд шалгуул гэж шаардахаас МАН-ын шинэчлэлийн ажил эхэлнэ.Дутагдлаа хүлээж сурахаас шинэчлэл эхэлнэ. Хамгийн энгийн жишээ бол УИХ-ын сонгуулийн дараа намын бүлэг байгуулах асуудал дээр өөрсдөө алдаа хийснээс болж одоогийн нөхцөл байдал үүссэн гэдгээ шударгаар хүлээх хэрэгтэй. Бидний буруу байж ээ гээд хэлчих зориг гаргах хүнийг шинэчлэгдэх ирээдүйтэй этгээд гэж үзэхэд болно. Тийм залуу гишүүн байвал одоо гараа өргөөд хэлэх цаг болсон. Алийн болгон хөгшчүүдийнхээ үгээр явах вэ?

Сонгууль дууссаны дараа намын бүлэг байгуулах тухай УИХ-ын даргад бичгээр мэдэгдэх дүрэмтэйг мэдсээр байж тэр дэгээ мөрдөлгүй хугацааг нь хэтрүүлсэнээс болж МАН намын бүлэггүй хоцорсон. Дараа нь МАН  юу гэсэн тайлбар хийснийг бүгд мэдэж байгаа.  Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж манай намын бүлгийг бүртгэхгүй хэлмэгдүүлж байна гэсэн. Үндсэн Хуулиар тийм эрх олгогдсон ч үүсэх эрх нь өөрөө тодорхой дэг журмаар заагдсан байдгийг үл тоож, сонгуулийн ялагдлын шок, уураа барьж дийлээгүй учраас өөрсдөө алдаа гаргасан. Дээр нэр дурдсан С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар үүнийг сайн мэдэж байгаа боловч зориуд тэмээг ямаа болгож яриад байгаа юм. Ийм залуус намаа шинэчлэх үү? Ийм энгийн алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол ямар ч "залуу азарга" тавиад хэрэг байна уу?

Сэтгэлгээний эрс шинэчлэл хийж чадахгүй бол МАН ирээдүйгүй болсон гэхэд болно. Энэ намд элссэн олон залуучууд сайндаа биш, намын нэрээр карьер хөөж, эд хөрөнгө, алт мөнгөнд хүрэх гэсэн атгаг санаа өвөрлөж орсоныг тааж цөхөх юмгүй. Намын нэрээр албан тушаалд хүрсэн нөхөд нүдэн дээр нь "бондойгоод" ирэхээр чинь хүмүүс тэр зүг рүү хошуурна  биз дээ? Хүний шунал гэж хязгааргүй юм болохоор зарим нь шуудайлаад ч багтаахааргүй их мөнгө "хураажээ." Шунал ихэдвэл шулам болдог гэгчээр зарим нь "шулам" болоод шорон явж байна. Засаг солигдсоных цаашид ч олон "шуламнууд" баригдах биз. Тэр тоолонгоор харин МАН  баригдсан шуламнуудыг намынхаа эгнээнээс "үлдэн хөөх" хэрэгтэй. Энэ акц чинь бас нэрээ цэвэрлэж байгаагийн тод илэрхийлэл  болно. Авилгачгүй нам болохын төлөө, алт мөнгөнд хүрэх гишгүүр байхаа болихын төлөө явах хэрэгтэй.

Шударга байж, тэмээг тэмээгээр нь, ямааг ямаагаар нь хүлээн зөвшөөрч сурахаас эхэлцгээ. "Тусгаар тогтнолын ордон" гэх утгагүй нэртэй том "савны" хэрэг алга. Улсдаа тушаагаад оронд нь хэр таарсан байшин заалгаж авсан нь дээр. Бүр салж чадахгүй үхэж хатаад байгаа бол тэр байшинг бариулахад зориулж улсаас авсан 10 тэрбум төгрөгийг буцааж тушаах хэрэгтэй. Уг нь бол аливаа нам ашгийн бус байгууллага байх ёстой. Гэвч МАН  энэ байшингаа  мөнгө олох хэрэгсэл болгожээ. Саяхан л гэхэд  улсын хөрөнгөөр барьсан "Лениний музейг" өгөхгүй гэж хичнээн гэдийв! Бас л түрээсэлж мөнгө олдог хэрэгсэл болгочихсон байсан даг. Энэ мэт "ялихгүй" юмнаас МАН-ын шинэчлэл жинхэнэ үү, хуурамч уу гэдэг нь танигдана. Бусад намуудтай адил түвшинд, ижил гараанаас гарах нь шинэчлэлийн нэг шалгуур ч байж мэдэх. Бүр татан буугдаад шинээр зохион байгуулалтанд орох нь ч зөв байж магадгүй. Эс тэгвэл хуучин коммунист нэрнээсээ ч салж чадахгүй, шинэчлэгдэж ч чадахгүй ад болсоор эцэстээ "дампуурах" муу ёрын хувь заяа хүлээж байх  вий. Сайн бодоцгоо. Хэнээр "азарга" тавих вэ? "Азарга" их чухал шүү!    

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө