"Пит"-ийн тухай хөөрөлдөхүй
Питбулл төрлийн нохойнууд |
Питбулл нь албан ёсны үүлдрийн нэр биш, харин ижил төстэй шинж чанартай, биеийн бүтцээрээ хоорондоо адил төстэй нохдын ерөнхий нэр томьёо юм. "Эмч" гэдэг шиг л ерөнхий нэр. Эмч дотроо хүүхдийн, дотрын, эмэгтэйчүүдийн гэх мэтээр ялгардаг шиг Пит бас дотроо олон янз байнаа.
Гол таних тэмдэг, онцлог нь тачир үс, булчинлаг бадируун бие, хүчирхэг эрүү бүхий том толгой юм.
"Американ Стафордшэ Терьер", "Американ Питбулл Терьер", "Стафордше Терьер", "Американ буллдог" зэрэг үүлдрүүд болон тэдгээрийн эрлийз, ижил төстэй ноход бүгд "Пит" гэдэг нэрэнд хамаарна.
Терьер (Блак энд Тан- Бор халтар терьер) |
Ийнхүү зорилготой үржүүлгийн үр дүнд жижгэвтэр булчинлаг биетэй, аймшиггүй зоригтой, хатуужил тэвчээр сайтай, том дөрвөлжин данхар толгойтой Питбулл (буюу Пит) гэх "шинэ үүлдэр" бий болжээ...
Булл бэйтинг шоу |
Буллдог (цагаан) |
Тэмцээн явуулах газарт бухын эвэрний угнаас эсвэл хүзүүвчнээс бэхэлсэн эргүүлэгтэй 10 метр орчим урт бөхөөхөн уяагаар шон юм уу гадаснаас уяна. Бух гадсаа тойрон 10 м радиустай тойрог дотор чөлөөтэй эргэж тойрох боломжтой байна. Нохой болгон бухын хоншоорноос зууж авч чадахгүй учраас мөн ч олон тооны нохой бухын эвэрт сүлбүүлж, гэдсээ хүүлүүлж, ясаа бяцлуулж, эсвэл бяц даруулж алуулж байсан байх юм. Хүчтэй, догшин бух, ялангуяа нүдэнд нь нунтаг хар чинжүү (перец) цацчихаар бүр улангасан уурладаг аж. Тэмцээний үеэр зөвхөн нохой ч биш, нохдын эзэд ч бас бухын эвэрт нь өлгөгдөн агаарт шидэгдэх, гэмтэх тохиолдол их гардаг байжээ.
"Хархдах" тэмцээн (талбайн голд жижиг нохой харх барьж байна) |
Англиас Америк тив рүү суурьшигчид нохойгоо авч очоод нохой зодооныг үргэлжлүүлэн "хөгжүүлж" ирсэн аж. Нохой зодоонд голдуу Пит булл буюу буллдогийн төрлийн нохойнууд "оролцдог". Хэдийгээр хууль бус болоод удаж байгаа боловч өнөөг хүртэл нохой зодооныг ашиг олох зорилгоор нууцаар явуулдаг хэрэг мэр сэр гарсаар. Хамгийн их шуугиан тарьсан хэрэг 2007 онд шүүхээр шийдэгдэж, АНУ-ын Жеоржиа мужийн Атланта хотын (Америк хөлбөмбөгийн) багийн гол тоглогч Майкл Вик 23 сарын хоригдох ял авч торгууль төлж байжээ. Вик спортын амьдралаа орхиход хүрч "Атланта Фалконс" багтайгаа хийсэн 10 жилийн 130 сая долларын гэрээгээ цуцлуулж байсан бөгөөд "Найк" (NIKE ), "Адидас" (ADIDAS) компаниуд Виктэй байгуулсан гэрээгээ түдгэлзүүлж, нэрийн барааны дэлгүүрт зарагдаж байсан түүний нэртэй бүх барааг буцаан татаж байсан аж. Мөн Америкийн Үндэсний Хөлбөмбөгийн Лиг (NFL) өөрийн вэбсайт дээр зарагдаж байсан Майкл Виктэй холбоотой бүх барааг борлуулахыг зогсоож байсан юм. Викийн эзэмшлийн газар дээр мөрийтэй нохойн зодоон зохион байгуулдаг байсан бөгөөд Вик өөрөө 40 мянган доллар хүртэл хэмжээний мөрий тавьдаг байсан гэдэг. Эзэмшлийн газраас нь нийт 66 нохой хурааснаас 55 нь Питбулл байсан гэдэг. Зодоонд ялагдаж, бараг үхлүүт болсон нохойг гүйцээж алаад тэндээ газар булдаг байсан нь илэрч 10 гаруй нохойны араг яс олж тогтоосон байдаг.
Вэст Виржиниа мужаас сонгогдсон ахмад Сенатч Роберт Боерд энэ хэрэгтэй холбогдуулан хэлсэн үгэндээ, "Нохойн зодоон бол хамгийн адгийн бөгөөд зэрлэг байдлын илрэл болсон тэвчишгүй хэрцгий, харгис үйл явдал юм. Тэгэхээр хэн нь жинхэнэ араатан бэ гэдгийг бодох хэрэгтэй. Ринг дотор байгаа нь уу, рингний гадаа зогсоод турхирч байгаа нь уу?" гэжээ. Үнэн үг. Ялангуяа нохой зодооныг Монголд "хөгжүүлж", ивээн тэтгэж, зохион байгуулж, нохойтойгоо оролцож байгаа бүх "нохой сонирхогч" нэртэй нохой тамлагч нарт энэ үг маш их хамаатай!
Америкийг нэгэнтээ "байлдан дагуулж" байсан энэ нохой өнөөдөр олон хот, мужид "оршин суух" эрхээ хасуулаад, эсвэл тодорхой болзолтойгоор хязгаарлагдмал эрхтэй амьдрах боломжтой, "асрамжийн газраас" хүмүүсийн өргөж авах хамгийн дургүй бөгөөд хамгийн их "унтуулдаг" (тариа хийж амийг нь таслах) нохой болж хувирчээ. Нэр хүнд нь "шалдаа бууж", хүмүүс өхөөрддөг биш эсрэгээрээ айдаг, тойрч явдаг болжээ. Ямар тахил нь буруу өрөгдчихөв өө гэдэг асуулт гарч ирнэ биз?
Нохойндоо биш юм аа. Бусад олон үүлдрээс ялгарах дайчин зориг, хүч чадлыг нь буруу зорилгоор ашиглаж, хөгжүүлж ирсэнд л байгаа юм. Энэ чанаруудыг нь ашиглаж зодооны "тэмцээнд" оролцуулан мөнгө олох хэрэгсэл болгож, зориудаар түрэмгий, догшин болгож "хүмүүжүүлсэний" гайгаар "хэрэгт холбогдох нь" олширч, үүний улмаас олонд муу нэртэй болж ирсэн байна. Пит тэжээж байгаа хүмүүс нохойгоо хүнтэй болон бусад гэрийн амьтантай (нохой, муур г.м) "зөв боловсон" харьцдаг болгож сургах тал дээр огт анхаардаггүй учраас "таньдаггүй" нохойтой таарамж тун муутай, гэрийн муур барих, тэр ч байтугай хүн рүү дайрах, барих тохиолдол гарах нь ихэсчээ. Хүүхэд барьсан тохиолдол олширсон байна.
Монголд хууль эрх зүйн орчин боловсронгуй болоогүй завсрын энэхэн үеийг далимдуулж нохой зодоон гэх "тэмцээнийг" зохион байгуулж , ашиг орлогын эх үүсвэр болгон ашиглах явдал гарах болжээ. Улсын циркийн манеж дээр нохой зодолдуулж хүүхэд багачуудгүй "цус үзэж" улайрч байв даа. Зодолдохдоо сайн гэх үүлдрүүдийг оруулж ирэх болсоны жишээ нь өмнө өгүүлсэн "Кавказ" болон "Дундад ази" хэмээх нохойнууд юм. Угтаа бол тэдгээр үүлдрүүд нь "малч нохдын" бүлэгт багтдаг. Одоо "Кангал" орж ирж байгаа бололтой.
Нохой зодооныг хөгжингүй орнуудад амьтан тамлаж байна гэж үздэг учраас хорьсон байдаг. Манайд мөн хориглосон хууль гаргаж зохицуулахгүй бол дараа нь замбараагүй байдлаа засах гэж тэрнээсээ их зардал, ажил болох аюултай. Нохойн зодооныг өөгшүүлдэг, сурталчилдаг хүмүүс, вэбсайтууд ажиллуулдаг хүмүүс цөөнгүй байгаа нь харамсалтай. Нохой сонирхогч, нохойнд хайртай хүмүүст зориулсан гэх сайтууд үнэндээ харгислал, амьтан тамлалыг дэмжиж өөгшүүлж байна гэхэд хилсдэхгүй.
Тийм сайтуудыг хүнлэг бус чанар, амьтан зовоохыг сурталчилсан шалтгаанаар хорих хэрэгтэй юм. Гэхдээ мэдээж эхлээд хууль эрх зүйн нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд энэ тал дээр манай хууль тогтоогчид анхаарахаас гадна, нохой, амьтанд хайртай иргэд маань санаачлага гаргах шаардлагатай байна. Голдуу хятадын вэбсайтанд тавигдсан нохойн зодоонтой янз бүрийн видео бичлэгүүдийг энд тэндээс олж тавьсан сайтууд:
http://dotno_niaz.blog.gogo.mn/index.html
http://hotoch-banhar.weebly.com/
http://www.chono-erleg.com/
Зөв хүмүүжилтэй нохой ямар ч том биетэй, гарал үүсэлтэй байсан олны дунд хэл ам хийхгүй биеэ "зөв боловсон" авч явж чаддаг. Сайхан ааштай, дөлгөөн нохой бол таних танихгүй хэний ч хайрыг татдаг байхад ууртай, ярдаг нохой хүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэдэг. Ингэхээр хамаг асуудал нохойны үүлдэр, гарал, биеийн хэмжээндээ биш, харин эзэнд нь байгаа юм. Эцсийн дүндээ эзэн хүн бүх хариуцлагаа үүрдэг учраас нохой тэжээнэ гэдэг бол тоглоом биш, эсрэгээрээ хариуцлагатай "ажил" юм. Иймээс гэртээ нохой тэжээх шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодох хэрэгтэй.Ямар үүлдрийн нохой тэжээх вэ, ямар хоол унд, байр сав хэрэгтэй вэ, энгийн командуудыг яаж зааж сургах вэ гэх мэтийн асуултанд хариу өгөх ном, лавлах уншиж, шийдвэрээ зөв гаргах нь хожим амаа барихгүй, нохойгоо зовоохгүй, хэн хэн нь сэтгэл хангалуун хамтдаа амар сайхандаа жаргах үндсийн үндэс болно. Нохой хүний нөхөр гэдэг үнэн үг. Нохойгоо хүний нөхөр байлгахын тулд эзэн нь өөрөө эхлээд "хүн" байх хэрэгтэй юм шүү.
Comments
Post a Comment