Ярих бичихээ цэгцлэе

Манайхан шиг  "Бид буруу ярьж, зөв ойлгодог" хэмээн өөрсдөөрөө "бахархдаг" үндэстэн дэлхий дээр байдаг болов уу? Бахархах ч биш байх л даа. Харин ч  эсрэгээрээ шүүмжилж, ёгтолж хэлсэн үг байх. Гэлээ гээд үүнийгээ засаж янзалж авах талаар дорвитой ажил хийхгүй явсаар л. Уг нь манай эрдэмтэн, багш нар, за тэгээд цаашилбал эцэг эхчүүд энэ тал дээр санаа тавьж, чиглүүлж байх  ёстой баймаар.

Зөв ярьж бичдэг жирийн Монгол хүнийг үйлдвэрээс бэлэн болоод гарсан "бүтээгдэхүүн" гэж бодвол, өнөөдөр манайд "гологдол бүтээгдэхүүн" маш ихээр үйлдвэрлэж байна. Өмнө нь ч ийм байсан. Хэдийгээр бид олуулаа уншиж, бичиж чаддаг мундаг улс гэж өөрсдийгөө хөөргөх боловч яг нарийн ухаад үзвэл "дефект" маш их. Шат шатандаа "үйлдвэрлэн" гаргаж байгаа "бүтээгдэхүүнүүдийн"  ихэнх нь чанарын шаардлага хангахгүй байна. Анхан шатных нь сургуулийн өмнөх, дунд шатных нь бүрэн дунд боловсрол авах үе, дээд шатных нь  их дээд сургууль төгсөөд гарч байгаа үеийн "бүтээгдэхүүн" гээд ойлгочиход болно.

Товчхон бөгөөд энгийн ганц нэг жишээгээр тайлбарлая.

Эхний шатанд ээж аав нар нь "хэлээ хазаж" ярьсаар байгаад хүүхдээ "хэлгий" хэлтэй  болгочихдог. Өлгийтэй байхаас нь эхлээд л дэлхий дээр хаана ч байхгүй "хачин хэлээр" харьцсаар сургуулийн насанд нь хүргэдэг. Өхөөрдөхөөрөө бид чинь ингээд өөрийн мэдэлгүй  "харь гаригийн" хэлээр яриад эхэлдэг хачин улс.  Гадны хэл мэддэг, гадарладаг хүмүүс бусад орны ижил насны хүүхдүүдийн хэлж ярьж байгаа түвшинг Монгол хүүхдийнхтэй харьцуулаад үзэхэд л хангалттай. Орос ч бай, Америк ч бай ялгаагүй,  хүүхдүүдийнх нь хэлж ярьж байгаа нь цэгцтэй, тэдний хэлийг гадарладаг хэнд ч гэсэн ойлгогдохоор байдаг бол ижил насны Монгол хүүхдийн яриаг Монгол хэл мэддэг гадаад хүн битгий хэл, бид өөрсдөө ч ойлгохгүй байх нь элбэг. Дээрээс нь нэмээд  "том хүний ярианд битгий оролц", "том хүнтэй ингэж ярьж болохгүй" , "хэрэггүй юм битгий шалгаагаад бай" гэх мэтээр их  "дарамталж" , "төвөгшөөдөг" учраас багачууд маань бүрэг гэж жигтэйхэн. Ингээд бидний өсвөр үе маань санаа бодлоо зөв бүтэн өгүүлбэрээр цэгцтэй илэрхийлэх чадваргүй "согогтой" болж, тэр хэвээрээ дараагийн шат руу шилжиж ирдэг.

Дараагийн шат буюу бүрэн дунд боловсрол олгох үед нь мөнөөх "согогтой бүтээгдэхүүн" маань засвар авах ёстой байтал эсрэгээрээ тэр чигтээ хаягддаг нь харамсалтай. Зөв бичих дүрэм заах боловч ярианы чадварыг хөгжүүлэх ажил орхигдсоноос өөрийгөө төвшин сайхан, зөв илэрхийлж чаддаггүй. Тэр ч байтугай  дурын өгөгдсөн сэдвээр зохион бичлэг (эссе) бич гэвэл шаардлага хангахаар  хийж чадах  хүүхэд ховор. Энэ бол хүүхдийн буруу биш, тийм "бүтээгдэхүүн" үйлдвэрлэж байгаа боловсон хүчин нь чадваргүй, технологи нь хоцрогдсонтой холбоотой. Зөв бичих дүрмээ мэддэг ч найруулаад бичих чадваргүй байдаг. Энд зөвхөн ярьж бичих чадварын тухай хөндөж байгаа гэдгийг бүү мартаарай. Тоонд сайн хүүхдийн тухай яриагүй шүү.

Гуравдахь шат буюу дээд боловсролтой болоод гарч ирсэн "бүтээгдэхүүнүүд" мөн л дийлэнх нь шаардлага хангахгүй. Дурын асуудлаар, хэн нэгэнд хандаад аятайхан өргөдөл бичиж мэдэхгүй, хурлын протокол хөтөлж чадахгүй "боловсон хүчнүүд" төгсөж гардаг. Мэргэжлээрээ ч мөн адил, өмнөх төгсөлтийн дипломын ажлыг хуулаад л дипломоо авцгаадаг. Гэхдээ энэ бол тусдаа сэдэв.

Ингээд 3 шат дамнаж "боловсорч" ирсэн бүтээгдэхүүний маань хэл ярианы болон бичгийн "гажиг" нь  ажлын фронт дээр гарсаны дараа  илэрч байгаа жишээг бид амьдралаас байнга харж байдаг. Том дарга нар, албан тушаалтнуудын энд тэнд өгсөн яриа, хэлсэн үг зэргийг нь анзаарвал ичиж үхмээр. Тэр ч байтугай сэтгүүлч нэртэй "мэргэжлийн" бичээч нарын хийсэн сурвалжлага, асууж байгаа асуулт, бичсэн нийтлэл зэрэг нь хүн "авах юм" байхгүй нь гутмаар.
"Мэргэжлийнх" нь хүмүүс ингэж байгаа юм чинь, "мэргэжлийн бус" муусайн дарга нар арга байж уу.
Сүүлийн үед "моодонд" ороод байгаа нэг бичилтийн маяг бүр "муу дээр муу, муухай дээр улцан" болгож байнаа. Энэ нь дуудлагаар нь үгийг галиглаж бичих маяг юм. Жишээ нь, "гэж байна" гэхийг "гэжийнэ" гэж бичих жишээтэй. Интернэтээр харьцаж байгаа хүмүүс чатлахдаа ихэвчлэн ингэж бичдэг өвчтэй болсоноос гадна бас нийтлэл бичдэг олон бичээч нар ч бас энэ өвчинд өртсөн байна. Алдарт Баабарт хүртэл халдварласан гээд бодохоор ямар айхтар "вирустэй өвчин" гэдэг нь харагдана. Энэ өвчин нь "хүндэрсэн" хүмүүс одоо Монголоор зөв бичиж чадахаа больсон байх магадлал өндөр  вий. Томчуудаас хүүхэд, өсвөр үеийнхэнд дамжин халдварлаж байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна. За тэр энд тэндхийн хаяг, шошго алдаатай буруу бичих, гадаад хэлээр хаягжилтаа хийх энэ тэр бол энэ өвчний үр дагавар, хүндрэхэд нөлөөлөх хүчин зүйлийн нэг өчүүхэн хэлбэр.

Одоо тэгээд яах ёстой гэж?

1. Шат шатандаа "бүтээгдэхүүнээ" сайн боловсруулж сурцгаая. Ээж ааваас энэ ажил эхлэнэ. Хүүхэдтэйгээ зөв, цэвэр ярьж хэвшицгээе. Болж өгвөл "хэлээ хазахаас" тэвчиж, бөөрөнхий хачин этгээд үг хэллэг хэрэглэхээс татгалзая. Хөлд ороод, ухаан санаа нь төлөвшиж эхэлж байгаа үеэс нь эхлээд "том хүнтэй" ярьж байгаа юм шиг харьцаж, харилцаж хэвших хэрэгтэй. "Хөөрхөн" гэдэг үгийг "хөөлхөн" гэж гуйвуулахаа болихоос эхлэе. Хүүхэдтэйгээ үеийн юм шиг харьцаж, санаа бодлыг нь асууж, яриулж, сонсож сурцгаая. Буруу хэлсэнийг нь өөгшүүлж өхөөрдөхийн оронд зөв хэлж, засаж сурцгаая. Нас бага гэж гололгүй аль болохоор байнга харилцан ярилцаж "буу халж" байя. Олон юм асуулаа гэж төвөгшөөлгүй, харин ч өлгөж аваад танин мэдэх гэсэн тэр хүслийг нь дэмжиж хөгжүүлж байя.

2. Сургуульд орсон хойно нь ярианы чадвар, бичгийн чадвар дээр нь онцгой анхаарч программ,  хичээлд нь өөрчлөлт оруулая. Өөрийнхөө сэтгэгдэл, санаа  бодлыг зөв илэрхийлж чаддаг, түүнийгээ цаасан дээр цэгцтэй, эхлэл төгсгөлтэй, утга учиртай, дэс дараатай  буулгаж чаддаг чадварыг олгож, хөгжүүлэх арга технологийг нэвтрүүлж, багш нараа сургаж дадлагажуулахаас  эхлэе. Дунд сургуулиа төгссөн хүүхэд суурь мэдлэгтэй болохоос гадна ярих, бичих өндөр чадвартай болсон байх нь цаашдаа улам сайн "боловсрох" үндсэн нөхцөл болдог учраас "дунд шат"  маш чухал.

3. Сүүлийн шатанд "бүтээгдэхүүн" маань төгс боловсроод гарах ёстой. Мэргэжлийн болон мэргэжлийн бус ямар ч сэдвээр, амаар болон бичгээр өөрийгөө зөв илэрхийлж чаддаг болж гарвал хаана ч гологдохгүй "борлогдох" сайн чанарын "бүтээгдэхүүн" болжээ гэж нүүр бардам хэлж чадна. (Магистр, докторын зэрэг авах сургалт бол мэргэжлийн хувьд гүнзгийрч байгаа хэрэг тул энэ сэдэвт их  ач холбогдолтой бус гэж үзлээ). Дипломоо яаж ийгээд нэг юм биччихээд хамгаалах шалгалт дээрээ аятайхан тайлбарлаад ойлгуулж чадахгүй байгаа оюутан төгсөж гараад яах билээ? Ийм бүтээгдэхүүн гаргаж байгаа сургалтын программд засвар оруулах хэрэгтэй. Ядаж эхний 2 жилийн суурь мэдлэгийн хичээл орох үеэр бичгийн болон ярианы чадвар эзэмшүүлэх нэмэлт кредит цагтай хичээл  программд нь оруулж өгөх замаар шийдэж болж байна. "Түүхий" болон "хагас боловсруулсан" олон бүтээгдэхүүн доод 2 шатаар дамжин ирж байгаа өнөөгийн нөхцөлд энэ нь  дээд шатныхаа боловсон хүчнийг "додомдох" нэг арга байж болох юм. Яваандаа байдал сайжраад ирэхийн цагт халаад хаячихад амархан.

Монгол хэлийг гайгүй сурсан гадаад хүн Монголоор ярьж байгаа Монгол хүний яриаг сонсоод ойлгох гэж зүдэрдэг байх гэж бодогддог шүү. Яагаад гэвэл, тэр хүн чинь дүрмээрээ зөв  бүтэц, найрлагатай өгүүлбэрүүдээс бүтсэн утга төгс яриа сонсохгүй шүү дээ. Алба, амины хэнбугай нь гэсэн зөв бүтэн, ойлгомжтой өгүүлбэр хэлхээд ярих нь ховор болсон  цагт аргагүй. Нэг өгүүлбэр эхлээд явж байснаа дундаас нь таслаад огт өөрөөр дахиад эхлэх, эсвэл залгуулаад өөр "хувилбараар" үргэлжлүүлж, дээр нь нэмээд хэрэгтэй хэрэггүй дэл сул үгнүүд "чимэг" маягаар оруулж, хар ярианы ба албаны хэллэг холиод "жонхуу" болгочихоор "жинхэнэ" Монгол хүн л ойлгохоос дүрмээр нь сурсан гадаад хүн яаж ойлгох вэ дээ. Бид ямар "дүрмээрээ" ярьдаг биш.

Далимд нь хэлэхэд, сонин сэтгүүл дээр бичиж байгаа юмнуудаа бас анхаармаар байнаа. Дүрмийн алдаатай, утга найруулга муутай, салаа утгатай бичлэгийг уншсан хүн ингэж бичдэг юм байна гээд л ойлгоод авчихна. Тооны тэмдэглэгээ бичлэг ч бас хүний толгой эргүүлмээр байгаа юм. Сүүлийн жишээ гэхэд л, Д.Одхүү начин 5,1 жилийн ял авчээ гэдэг мэдээнд байгаа энэ тоог 5 жил 1 сар гэж ойлгох уу, аравтын бутархай учраас "Тав аравны нэг жил" гэж ойлгох уу.  Эхнийхээр нь ойлгоно гэвэл  бичилт нь буруу мэт, дараагийнхаар утгаар бол 5 жил 1 сар биш, 5 жил 1 сар 6 хоног болчихоод байдаг. ТВ-ийн мэдээгээр бол 5 жил 1 сар гэж уншаад байгаа. Жижиг, том гэлтгүй энэ мэт алдаагаа засаж, зөв тэмдэглэж, бичиж, ойлгож сурмаар.
Баян Итгэлтийн "дундаа цэгтэй нь хээлтэй гүү" гэдэг тэмдэглэгээнээс салаад 22-р зуунд орох гэж яваа Монголчууд ийм байж болохгүй ээ. Ичих хэрэгтэй. Эрдэмтэн мэргэд маань дуугардаг, санаачилдаг цаг даа, уг нь. Хуучин Монгол бичгээр хэл бичгийнхээ соёлыг авч үлдсэн Өмнөд Монголын ахан дүүсээ элэглэж шоолохоосоо өмнө өөрсдөө бид энэ тал дээр хэрхэн доройтож эрэмдэг болж байгаагаа ухаарах цаг болсон шүү. Нэг л өдөр зэрэмдэг хэл яриатай, бичигтэй болчихсон сууж байх вий. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө