Бяцхан хүүхдүүдээр зугаацна л гэнэ

Өвөл хаврын улиралд (11 сараас 5 сар хүртэл) хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 57-р тогтоол гэж бий. Энд дарж үзнэ үү

Хүйтэн нойтон, халтиргаатай үед хурдан морь унах нь хүүхдэд аюултай гэж үзээд гаргасан шийдвэр гэж хүн бүр л ойлгож байгаа. Балчир хүүхдүүдээ хамгаалсан арга хэмжээ, гэхдээ бусад үед нь хүүхдээр унуулах нь хэвээрээ учраас хүүхэд бүрэн хамгаалагдсан гэж хэлэх боломжгүй. Уг нь хүүхдээр хурдан морь унуулахыг бүрмөсөн хориглох ёстой юм. Энэ тухай өмнө нь зөндөө л бичиж байсан даа. Харамсалтай нь үүнийг эсэргүүцэх хүмүүс зөндөө байна аа. Би багаасаа уралдаад ирсэн, үхээгүй л байна гэх. Зарим нь мориноос ойчих бол байдаг л асуудал гэж ярих. Ингэж ярьж байгаа хүмүүс мориноос ойчиж үхээгүй, бэртээгүй байж болно л доо, гэхдээ өөр олон хүүхэд хохирсон байдаг юм. Тэр хүүхдүүдийн хохь уу тэгээд? Янз бүрийн тоо мэдээ явж байдаг. Ялангуяа ойчиж бэртсэн хүүхдүүд (буюу тэдгээрийн эцэг эх, морины эзэн, уяач нь) тэрийгээ нуудаг учраас бодит тоо гаргах боломжгүй байдаг. 

1996-2017 онуудад болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд бурхан болжээ! Жил болгон бараг 2 хүүхэд ''цааш нь харуулдаг'' байсан байгаа биз? Цааш нь харуулдаг гэж бичиж байгаа нь учиртай. Яагаад гэвэл томчууд маань хүүхдээр хурдан морь унуулах нь эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж санаатай хийдэг учраас ингэж бичих нь зүйд нийцнэ.
Томчуудын шууд буруугаас болж амиа алдсан 40 хүүхдээс гадна азаар амьд үлдсэн боловч насаараа зэрэмдэг болж эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүд мянгаар тоологдож байна!

Мориноос ойччихоод азаар шалбархайтай хоцорсон хүүхдүүдийг оруулаагүй шүү. Ноцтой бэртэл авч, насан туршдаа ямар нэгэн эмгэгтэй, тахир дутуу болсон хүүхдүүдийн тухай ярьж байна:
2016 онд мориноос унаж бэртсэн хүүхэд 2199 байсан бол  2017 онд энэ тоо 2223 болж нэмэгдсэн байна. Эдгээр хүүхдүүдийн 60% нь тархиндаа гэмтэл авчээ. 25% нь дээд мөчиндөө бэртэл авсан бол 10% нь доод мөчиндөө, үлдсэн нь цээж нуруундаа гэмтэл авчээ. Тархины гэмтэл бол маш аюултай гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Хамгаалах малгай өмсөөд ч бүрэн хамгаалж чадахгүй.  Хувь заяаны эрхээр төрөлхийн  тахир дутуу төрсөн хүмүүсийн армид  жил бүр 2000 хүн нэмж байна гэхэд болно. Энэ олон хүүхдүүд маань уг нь эрүүл, боловсролтой иргэн болж насанд хүрээд улсдаа баялаг бүтээгч болох ёстой биз? Хөдөлмөрийн чадвараа алдсан энэ хүмүүс улс орондоо тус болохоосоо илүү дарамт болдог нь үнэн биз?

Засгийн газраас хориглосон тогтоол гарсан байгаа гэдгийг дээр дурдсан. Гэтэл саяхнаас энэ хоригийг цуцлах заалтыг хуулинд оруулах талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар санаачилсан тухай мэдээ тарлаа. Энэ 4 гишүүн Үндэсний Их Баяр Наадмыг  тэмдэглэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан гэнэ. Тэр төслийнх нь  8.12 заалтанд  Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ны өдөр ''Ерөөл өргөх''  нэртэй уралдаан зохион байгуулах тухай оруулжээ. Уг нь 5 сар хүртэл хурдан морины уралдааныг хориглосон биз?


(зүүн гараас) Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, Ж.Бат-эрдэнэ
Мөн унаач хүүхдийн насыг 14 болгож өөрчлөхөөр тусгасан гэнэ. Ер нь насанд хүрээгүй хүнээр буюу хүүхдээр хурдан морь унуулдагийг болиулах хэрэгтэй. 12 ч бай, 14 ч бай ялгаагүй хүүхэд нас. Өөрөөр хэлбэл, яс бие нь бэхжиж гүйцээгүй, хэврэг нас гэсэн үг. Бяцхан хүүхдээр хурдан морь унуулдаг нь манай уламжлал биш ээ! Зарим нэг нь эртний уламжлал, заншил гэж бурдаг. Хаана тийм баримт байна? Ардын засгаас хойш бий болгосон заншил гэж боддог.  За ямар ч байсан хүүхдээ хамгаалдаг, хайрлах ёстой юм бол зугаа цэнгэлдээ ашиглаж, амь нас эрүүл мэндээр нь тоглодог гажиг заншлаа болих хэрэгтэй. НҮБ-ийн байгууллагууд ч хүүхдээр хурдан морь унуулахыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцдог. Даанч манай Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)  гэж юу ч хийж чаддаггүй байгууллага нэг байна. ХЭҮК-ийн тухай энд бичиж байжээ. 
Цагаандаа цайсан донтонгууд сүүлдээ бүр унаач хүүхдийг эд бараа аятай хөлсөлдөг, түрээслэдэг болжээ. 


Твиттер дээр тавигдсан мэдээ
Хүүхдийг хайрладаг хүн бүр хүүхдээр хурдан морь унуулдаг заншлыг халах тухай дуугарах хэрэгтэй.  Моринд хөнгөн гэж л ийм юм зохиосон байх, гэвч Монгол морь бол хүүхэд унадаг пони биш ээ. Насанд хүрсэн том хүн унаад хошуу дамнаад зогсолтгүй давхидаг байсан мундаг адуу. Тийм болохоор насанд хүрсэн хүн унаж болохгүй гэж донгосдог хүмүүс бол Монгол морио доромжилж, басаж байна гэхэд болно. Тэгэхээр насанд хүрсэн хүнээр унуулаад, уралдах зайг нь шаардлагатай бол өөрчлөөд зохион байгуулж болно. Ингэж чадвал бид олон зуун, мянган нялх үрсээ эрүүл бөгөөд бие бүтэн өсгөж, эх орондоо хэрэгтэй бүтээлч иргэд болгож өгөх болно. Үүний тулд хүн бүр дуу хоолойгоо хүргэж, шаардаж баймаар байна даа. 

Жич. Хүүхдээр хурдан морь унуулах асуудалтай холбоотой зарим нийтлэлүүдийн холбоосыг энд өглөө. Сонирхож уншина уу.

https://bodonchor.blogspot.com/2018/11/blog-post_23.html

https://bodonchor.blogspot.com/2018/04/blog-post.html

https://bodonchor.blogspot.com/2018/02/blog-post_26.html

https://bodonchor.blogspot.com/2018/01/2017-390.html


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө