Хүний Эрхийн Үндэсний Комисс хэнд хэрэгтэй юм ?

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр яллагдсан хүмүүсийг сэтгэл санааны дарамтанд оруулах ,  бие махбодийг нь яргалах аргаар хилс ял хүлээлгэж шийтгэсэн тухай бөөн шуугиан дэгдлээ. Яргалал үйлдэж, дарамталж байгаа тухай бичлэгийг манай дивтаатуудад  үзүүлжээ.
Үзсэн дивтаат болгон нь л толгойгоо сэгсрэхийг бодоход их л эвгүй бичлэг байгаа бололтой. Уг нь хэр баргийн юманд толгой сэгсрэх хүмүүс биш билээ.

Ж.Бямбадорж, П.Оюунчимэг
Энэ шуугиан гарахтай зэрэгцээд Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)  гэнэт нойрноосоо сэрж , Ж.Бямбадорж дарга комиссийнхоо нэг гишүүнийг дагуулан яаран сандран хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийлээ. Гол зорилго нь  арьсаа авч үлдэх явдал байсан гэж харагдаж байна. Ухаандаа, бид ийм хэлмэгдүүлэлт, дарамт яргалал байдаг гэдгийг аль эртнээс мэдчихээд хэлж ярьдаг байсан боловч хэн ч тоодоггүй байсан гэдэг санааг л хэлэх зорилготой байж л дээ. Ингэж гонгиноод байх юм бол энэ байгууллагын хэрэг гэж юу байна? Энэ байгууллагын зорилго юу юм? Тэр зорилгоо биелүүлэхийн тулд хөлөө эцэх газар хүртлээ явах ёстой бус уу? Даанч тэгж явдаггүй бөгөөд Зөвлөмж нэртэй баахан цаас үйлдвэрлэчихээд цалин аваад сууж байдаг аж. Тэр Зөвлөмж гэгчийг нь нохой ч тоож шиншилдэггүй бололтой.

ХЭҮК-ийн төсөв хэд байдаг вэ? 2019 оны төсөв нь 1 тэрбум 83 сая 344 мянга 600 төгрөг байна. Энд дарж үзнэ үү. Үүнээс цалин, нэмэгдэлд  615 сая 394 мянган төгрөг зарцуулах юм байна. Нийт 49 ажиллагсадтай бөгөөд үүнээс 4 нь удирдах ажилтан, 4 нь үйлчлэх ажилтан аж. Үлдсэн 41 хүн нь ажлын алба гэгчид нь харъяалагддаг гэнэ.
Анх 2000 онд ХЭҮК-ийн тухай хууль батлагдсанаар 2001 онд байгуулагдаж байжээ. Одоогийн удирдлагад Ж.Бямбадорж (дарга), П.Оюунчимэг (гишүүн), Н.Ганбаяр (гишүүн) нар багтдаг аж.

ХЭҮК-ийн үүрэг нь санал гаргах, зөвлөмж өгөх, санал өгөхөөс хэтрэхгүй юм байна. Уг нь тунчиг чухал байгууллага гэж ойлгохоор боловч хуулиараа бол ямар ч эрх мэдэлгүй бүтэц аж. Хүний эрхийг хангах, хангуулах нь тухайн улс ардчилсан эсэхийг нь тогтоох нэг хэмжүүр болох учиртай. Энэ хэмжүүрийг зохистой түвшинд барьж байгаа эсэхэд хяналт тавьдаг, алдагдсан тохиолдолд засаж залруулах  эрх мэдэлгүй ийм байгууллага тэгвэл цаашид байх шаардлага байна уу? Тэр жил бүрийн төсөвт аваад байгаа 1 тэрбум төгрөгийг  нь амин чухал ямар нэгэн бүтээн байгуулалтандаа зарцуулая. Харин ийм байгууллага байх хэрэгтэй гэж үзэж байгаа бол хуулинд нь өөрчлөлт оруулж, лоозонгийн шинжтэй хоосон тунхаглалын оронд бодитой ямар эрх үүрэг эдэлж болох тухай нарийн тодорхой зааж өгөх хэрэгтэй. Төр засгаас, хууль шүүхийн байгууллагаас хүний эрхийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авч, эрх нь зөрчигдөж хохирсон иргэнээ яаж хамгаалах, нэр төрийг нь яаж сэргээх болон хохирлоо төлүүлэхэд ямар туслалцаа үзүүлэх ёстой гэдгийг хоёрдмол утгагүй оруулж өгөх ёстой. 

Одоо мөрдөгдөж байгаа ХЭҮК-ийн тухай хуулинд жишээ нь ингэж заасан байна:

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1-д "Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн" 

Дээрх заалтаас харахад "...хүний эрхийг сахин хамгаалах...байгууллага мөн" гэсэн байна. Яаж хамгаалах юм гэдэг нь байхгүй! Зөвлөмж гаргаж хамгаална гэж үү? Тэр зөвлөмжийг нь хэн тоож байгаа юм?  Тоодог байсан бол жил бүр Зөвлөмж нэртэй цаас бичиж, хүний эрх зөрчигдөж байна, эрүүдэн шүүж байна гэж улиглах шаардлагагүй байлаа. Иймэрхүү хоосон лоозонгоо болимоор байгаа юм.

Хүний эрх, эрх чөлөө алдагдсан, түүний дотор эрүүдэн шүүх үйлдэл илэрсэн даруйд арга хэмжээ авч таслан зогсоох нь байтугай нүдэн дээр нь Засгийн газар нь олон улсын бас нэг гэрээг зөрчөөд байхад ямар ч арга хэмжээ авахгүй, санаачлагагүй явж ирсэн нь үнэн юм. ХЭҮК-ийн нүдэн дээр Монголын нялх үрс эндэж байхад энэ комисс Зөвлөмж гаргахаас өөр юу ч хийж чадахгүй байна. Уламжлал нэрийн дор насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулж амь нас, эрүүл мэндийг нь хохироож байхад ямар ч эрхгүй комисс байгаад хэрэг алга. Эрхгүй байж болно, гэхдээ санаачлагагүй байж болохгүй. Хүүхдийн Эрхийн Конвенц зөрчигдөөд байхад л Засгийн газрыг шахахын оронд  Зөвлөмж гаргаж өгдөг гээд суугаад байж таарахгүй. Засгийн газрыг НҮБ-д өгөх хэрэгтэй. Гэрээнд нэгдсэн орнууд гэрээгээ зөрчвөл зохих хариуцлага хүлээх тухай заасан байдаг. Тэр заалтынх нь дагуу ажлаа хий л дээ. Сэтгэл, санаачлага хоёр маш их дутаж байна даа танд, Бямбадорж дарга гуай!  Ажлаа хийвэл хийсэн шиг хий, хийж чадахгүй бол суудлаа тавьж өг дөө. Хэдэн хүүхдийн амь нас эрсдэж, тахир дутуу болсон хойно ухаарах вэ?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө