Монгол Улс уламжлал нэрийн дор хүүхдийг хохироож байна

Хурдан морины уралдаан бол Монголчуудын эртний уламжлал боловч эрт цагт жижиг хүүхдүүдээр хурдан морь унуулдаг байсан түүх байхгүй. Монгол хүүхдүүд 4 ба 5 наснаасаа морь унаж сурдаг боловч энэ нь нүүдэлчин ахуй амьдралтай нь холбоотой. Гэхдээ өдөр бүр ахуй амьдралдаа морь унах, хурдан морь унах хоёр бол тэс өөр ялгаатай бөгөөд эрт цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулдаг байсныг нотлох эх сурвалж байхгүй байна. Иймээс хурдан морь хүүхдээр унуулдаг явдал бол шинэ уламжлал бөгөөд 1920-иод оны үеэр эхэлсэн болов уу. Хүүхдээр хурдан морь унуулах гол шалтгаан нь тэдний биеийн жин бага байдагтай холбоотой. Морины эзэд жин багатай хүүхдийг илүү сонирхох бөгөөд энэ нь нас балчир хүүхэд илүү сонгогдох боломжтой байдаг гэсэн үг. 
Ал-Жазийра (Al Jazeera- Катар улсад төв нь байрлах мэдээллийн компани)  өөрийнхөө сайт дээр сонирхолтой нийтлэл, мөн видео бичлэг тавьжээ.  Энд дарж үзнэ үү. 

Хэдийгээр Катар, Саудын араб, Египт, Арабын Эмират, Оман зэрэг улсууд шиг түгээмэл тархсан биш боловч Монгол улсад  бас тэмээ уралдуулдаг уламжлалтай.  Саудын Араб улсад тэмээг хүүхдээр унуулдаг байсан бол өдгөө роботоор орлуулдаг болжээ. Тэмээгээ хурдан тэшүүлэхийн тулд тэд нар өмнө нь жин багатай балчир хүүхдүүдээр тэмээ унуулдаг байжээ. Энэ зорилгоор "боол хүүхэд"  хэмээгдэх хүүхдийг зориуд өлөн зөлмүүн байлгадаг байсан бөгөөд ихээхэн шүүмжлэлд өртсөний дараа энэ уламжлалаа халсан байна. Сонирхолтой нь Монгол улсад хурдан тэмээг насанд хүрсэн хүн унадаг аж.

Тэгэхээр Монгол улсад тэмээ уралдуулах нь асуудал биш, харин хурдан морь уралдуулах нь асуудал болоод байна. Манай хүүхдүүдэд ямар муу үр дагавартай вэ? Маш муу үр дагавартай!
МУИС-ын профессор О.Мөнхсайханы бичсэнээр, жилд дунджаар 2 хүүхэд амь насаа алддаг гэнэ. Хурдан мориноос зуугаараа ойчиж, тэдгээрээс олон нь бэртэж, зарим нь хүнд гэмтдэг байна. Түүний нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу. 
Уралдааны явцад осолдож бэртсэн олон тохиолдлыг морины эзэд нуун дарагдуулдаг учраас  энэ тухай жил бүрийн мэдээлэл дутуу, бүрэн бус  гардаг байна. 

Мөнхсайханы олж авсан мэдээллүүд нь:

1996-2006 онуудад 17 хүүхэд амиа алдсан
2006-2008 онуудад 2 хүүхэд амиа алдсан
2012-2014 онуудад хүүхэд нас барсан 
(Зарим мэдээллээр, 2012-2014 онуудад 4 хүүхэд , 2015-2017 онуудад 6 хүүхэд амиа алдсан)

Үүний хажуугаар жил бүр 300 хүүхэд гэмтэж бэртдэг гэнэ. Уралдаж яваад унасан хүүхдийн тоо мэдээж үүнээс хамаагүй их байгаа. Тэдгээр 300 хүүхэд бэртлээсээ бол тахир дутуу болох учраас ирээдүйд баялаг бүтээгч, бүтээлч иргэн болж чадахгүй. Энэ бол эмгэнэл бөгөөд үүнээс бид сэргийлж чадна. Яаж?  Их амархан. Хүүхдүүдээр хурдан морь унуулахаа л болих хэрэгтэй. Гэвч бид энэ осолтой, аюултай,зарим үед үхэлд хүргэх энэ уламжлалаа хэрэгжүүлсээр байгаа бөгөөд ингэснээрээ тахир дутуу хүмүүсийн бүхэл бүтэн арми бий болгож байна.

Дүнжингарав 2018. Харанхуй бүрийд соёолон уралдаж байна
 Саяхан, энэ оны  3 сарын 18-нд болсон Дүнжингарав уралдаанд 16 хүүхэд мориноос унасанаас 3 нь эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Энэ гурвын нэг нь толгой гавалдаа хүнд гэмтэл авсан учраас  хэд хэдэн хагалгаанд оржээ.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ) гэдэг байгууллага хурдан морины уралдааныг зохион байгуулж, хариуцдаг. УИХ-ын дарга М.Энхболд энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан бөгөөд саяын Дүнжингаравын хэл амнаас болж Ерөнхийлөгчийн суудлаа өгсөн гэнэ. Гэвч энэ хүн өмнөх он жилүүдэд амь үрэгдсэн, тахир дутуу болсон хүүхдүүдийн өмнө нүгэлтэй этгээд. Ёс суртахууны хувьд алдаагаа хүлээгээд аль хэдийн зайлахаар барахгүй, хүүхэд унуулдаг гаж зуршлыг халах талаар санаачлах ёстой байсан боловч ганхийж ч дуугараагүй.

М.Энхболд. УИХ-ын дарга, ММСУХ-ны экс Ерөнхийлөгч
 Бид яах ёстой вэ? Хүүхдэд халтай энэ зуршлыг  бид болих ёстой. Бид уламжлал нэрийн дор хүүхдүүдээ гэмтээж, хохироож байна. Энэ бол зарим оронд байдаг эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтэнийг огтолж тайрдаг гаж уламжлал шиг зүйл юм. 
Хурдан морийг насанд хүрсэн, 18 буюу түүнээс дээш насныхан унадаг болгох хэрэгтэй. Монгол улсад хэдийгээр хүүхэд хамгаалах зориулалттай хуулиуд хангалттай байх боловч унаач хүүхэд ямар ч хамгаалалтгүй байна. Эдгээр хуулиудад  Хүүхдийн эрхийн тухай Конвенц буюу Гэрээнд заагдсан олон улсын стандарт, шаардлагыг хангалттай тусгаагүй.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллага 2015 онд үнэлгээ хийгээд 18 -аас доош насны хүүхдийг унаачаар ажиллуулахыг хориглох тухай зохих хуулиндаа өөрчлөлт оруулахыг Монголын Засгийн газарт хүссэн тухай ЭНЭ НИЙТЛЭЛ дээр дурдсан байдаг. Гэвч ММСУХ Засгийн газар болон УИХ-д хүчтэй нөлөө төлөөлөлтэй учраас энэ зөвлөлгөөг үл хэрэгссэн юм. 

UNICEF буюу НҮБ-ын Хүүхдийн Сан хэмээх байгууллага ч хүчин мөхөсдөж байгаа бололтой.
Хэдийгээр энэ байгууллага Монгол улсад  UNICEF Mongolia гэх төлөөлөлтэй  боловч хүүхдүүд маань эрсдэлд орсоор байна.  Хэрэв Хүүхдийн Сан тунхагладаг шигээ хүүхдийн эрхийг хамгаалах талаар юу ч хийж чадахгүй байгаа бол бид өөрсдийнхөө төрийн болон төрийн бус байгууллагуудаас нааштай хандлага хүлээх хэрэггүй биз ээ.

Монгол улс бол хүний эрхийн гэрээ болох Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг (Гэрээ) зөвшөөрч нэгдсэн НҮБ-ын гишүүн 196 орны нэг. Энэ Гэрээнд 18 наснаас доош насны хүмүүнийг ХҮҮХЭД гэж тодорхойлсон байгаа. Энэ Гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсэн орнууд олон улсын хуулийн дагуу уг Гэрээг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Ийм учраас Монгол улс мөн энэ Гэрээг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэвч бид энэ Гэрээний 19-ийн 1-д заасан "Оролцогч талууд хүүхдийг биеийн хүчний бүх  хэлбэрийн болон сэтгэл зүйн гэмт үйлдэл, гэмтэл, дарамтаас хамгаалахын тулд хуулийн, захиргааны,нийгмийн болон сургалтын бүх л талын арга хэмжээ авах үүрэгтэй" гэдэг заалтын эсрэг зүйл хийгээд байгаа юм.

Гэрээний хангалтыг НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын хороо хянах боловч харамсалтай нь энэ хороо ажлаа бас л хийхгүй байгаа мэт. Жил бүр дунджаар 2 хүүхэд амиа алдаж, хэдэн зуугаараа бэртэж гэмтэж байна! Энэ хороонд үүнээс өөр ямар нотолгоо хэрэгтэй юм? Гэрээнд нэгдсэн орнуудын Засгийн газрууд энэ хороонд хүүхдийн эрхийн байдлын тухай мэдээлж байх үүрэгтэй бөгөөд манай Загийн газар жинхэнэ байдлыг нуусан худал мэдээлэл өгдөг биз ээ. Энэ Конвенцыг (Гэрээг) дагаж мөрдүүлдэг ямар нэгэн арга зам байх ёстой бөгөөд  эс тэгвэл энэ Гэрээ нь ямар ч хэрэггүй, цаасан дээр бичсэн хоосон тунхаг болж хоцроно.

Хурдан мориноос унасанаас болж тахир дутуу болсон хүүхдийн түүхийг ЭНД ДАРЖ уншаарай. Бид унаач хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын тухай биш, харин хүүхдээр хурдан морь унуулахыг зогсоох тухай ярих ёстой юм. Ямар ч төрлийн, хийцийн хамгаалах хэрэгсэл, хувцас ямар ч хэрэггүй. Хүүхдийн яс, эрхтэн, бие нь өсөж төлжиж байгаа үедээ яваа учраас эрсдэлд оруулахгүй хамгаалах тухай л асуудал ярих ёстой юм.

Эцэст нь хэлэхэд, Монгол улс олон улсын хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хүүхдэд хортой аюултай энэ зуршлыг халах талаар юу ч хийхгүй байна гэж хэлж болохоор байна. Миний бодлоор бол зөвхөн НҮБ ба НҮБ-ын Хүүхдийн Сан л Монгол улсын Засгийн газар ба УИХ-ыг шахаж хөдөлгөж чадах бөгөөд харин иргэд болон төрийн бус байгууллагууд энэ зуршлыг халуулах тал дээр хүчин мөхөсдөнө. Хурдан морь эзэмшигч ба уяачидын худал ухуулганд автсан  олон иргэд бас энэ зуршлыг халахын эсрэг байгаа.
Хувийн зүгээс НҮБ ба НҮБ-ын Хүүхдийн Санг шаардлагатай арга хэмжээг авч манай улсын зохих хуулийн этгээдэд нөлөөлж, хүүхдүүдэд маань туслахыг уриалж  байна! 


 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө