АНУ-ын үнэн төрх

Фэйсбүүкээр нэг бичлэг явж байна. Бичлэг дээр Алисон Хартсон гэгч эмэгтэй Арабын улсуудад сүүлийн үед болж байгаа хэрэг явдал болон АНУ энд ямар холбоотой тухай ярьж байна. Миний бодлоор энэ хүүхэн үнэн байдлыг палхийтэл хэлж байна. Ялангуяа өөрийн эх орон болох АНУ-ын удирдлагын барьж ирсэн болон баримталж буй бодлогыг үнэнээр нь шударгаар нь шүүмжилж байгаа нь бахархууштай.

Энд дарж видеог үзээрэй.

Орчуулга:

Алисон Хартсон
Сайн уу, бүгдэд нь мэнд хүргэе. Алисон Хартсон мэндчилж байна.
Бид Юэрика хотоос гараад Юкая хот руу явж байна. Өчигдөр Иемэн улсад Саудын Арабын  үйлдсэн бөмбөгдөлтийн тухай цаг ашиглаад хэдэн үг хэлье гэж бодлоо. Та нар бодвол сонссон биз ээ. Саудын Араб хурим болж байсан газрыг бөмбөгдсөнөөс болж  бэрийг оролцуулаад 50 хүний амь нас үрэгдсэн бөгөөд хүргэнийг оролцуулаад олон хүн шархдаж бэртсэн байна. 
АНУ энэ тухайд ямар байр суурь баримталж байна вэ? Тэгэхээр, саяхан Ерөнхийлөгч Трамп Саудын Араб улсад 1 тэрбум долларын зэр зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл өгсөн ба ингэснээр тэрээр  Иемэн улсын гэмгүй иргэдийг бөмбөгдөх боломжийг Саудын Арабт  олгожээ. 

Манай  империалист бөгөөд  бүлэглэлүүдээс тогтсон (корпоратист) улсын  хуурамч дүр төрхийг би хэзээ ч сайнаар бодож зөвтгөж чадахгүй байх. Саяхан Сири улсад химийн зэвсэг ашигласан халдлага болжээ. Сирийн Ерөнхийлөгч Ассад энэ халдлагыг өөрийнхөө иргэдийн эсрэг хийсэн тухай ямар нэгэн баримт нотолгоогүй байж   бид Сирийг бөмбөгдлөө. Хүн төрөлхтөний, хүний эрхийн эсрэг хийсэн маш харгис халдлага гэж бид шүүмжлэн,  өөрсдийнхөө үйлдлийг  зөвтгөсөн. Гэтэл Саудын Араб ийм үйлдлийг Иемэнд хийгээд, бид тэр боломжийг нь бидний татварын мөнгөөр авсан зэвсгээр үйлдэх нөхцлийг хангаж өгсөн  байгаа юм!

Бид хүмүүсийг хамгаалах, аврах ажиллагаанд хэзээ оролцох, оролцохгүйг хэн гээч нь, хэзээ шийддэг вэ гэдэг нь үнэхээр сонин байна. Тэгэхээр бид энэ дүрвэгсэд  гээчийг бий болгочихоод тэгээд дараа  нь буруу харчихаад тэднийг хүлээж авахаас татгалздаг. Ингээд дээрх халдлага, дайралтыг давж гарсан хүмүүст бид "За даа, манайд та нарыг хүлээж авах орон зай алга даа, бид өөрийнхөө улсуудыг бодох хэрэгтэй байна" гэж хэлдэг. Нээрэн гэж үү?

Бидний дунд энэ байдлыг эсэргүүцдэг цөөхөн хүмүүс Конгресст бий, Бёрни Сандерс, Тулси Габбард гэх мэт. Бид эдгээр үндэстэн улсуудыг зэвсгээр хангах, террористуудыг зэвсэглэх замаар гэмт хэрэг үйлдэх боломжийг бий болгочихоод, тэгээд хүссэн  үедээ нүүрээ буруулдаг явдлаа болих хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, Трамп сонгуулийн сурталчилгаандаа Ойрхи Дорнодоос гарах, Иемэнээс гарах, Сирээс гарах тухай ярьж байсныг Трампын төлөө санал өгсөн дэмжигчид санаж байгаа байх.  Гэтэл тэрээр одоо яг эсрэгээр нь  буюу Обама, Буш нарын хийж байсныг давтаж байна.  

Энийг бид зогсоох ёстой. Мэдээж энэ бол тийм амар биш, төвөгтэй асуудал. Яагаад гэхээр зөрчил мөргөлдөөний гинжин тойрог үүсчихсэн учраас тэр. Тэр тойрогт бид орчихсон явна. Зөрчлийн тойрогт орчихсон байдлыг бид жижиг загварт,  жишээлбэл гэр бүлийн хэмжээнд  төсөөлж үзье. Эцэг нь хүүгээ дарамталдаг байлаа гэж бодоход тэр зөрчлийг арилгахын тулд чи хөндлөнгөөс давхиж ороод гэр бүлийг тэр чигээр нь устгаж болохгүй биз дээ? Хэрэв тэгвэл юу болох вэ? Тэр гэр бүлийн хамаатан садан, хөрш гээд л бүгдээрээ өшөө авах аянд мордож дайн үүснэ. Үүнийг л бид макро түвшинд бусад орнуудтай хийгээд байна. Энэ бол зөрчил мөргөлдөөний  битүү тойрог юм. 

Үүнийг зогсоох шидэт саваа гэж байхгүй, гэхдээ бид яаж зогсоох ажлаа юунаас эхлэх вэ гэдгээ мэдэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид террористуудыг, бусад улсуудыг зэвсгээр хангахaa зогсоож, бидний зөв гэж үзсэн болон дуртай үедээ бусдын хэрэгт дураараа дайрч ордог, тулгадаг явдлаа болих хэрэгтэй. Үүнийгээ бид тодорхой бүлэг хүмүүсийг хамгаалах буюу бусдыг нь үл хамгаалах нэрийн дор, эсвэл тухайн дэглэмийг нь өөрчлөх болон бусдын сонгуулийн хэрэгт хөндлөнгөөс оролцох замаар хийж гүйцэтгэдэг.  Бид бусдын сонгуульд хөндлөнгөөс оролцчихоод хэн нэг нь бидний сонгуульд нөлөөлөх гэвэл бөөн юм болж орилолддог. Бид өөрсдийнхөө сонгуульд ч яг ийм байдлаар хандаж байгаа.  Ардчилсан намын Том Перес одоо Оросыг, Трампыг болон Викилийксийг сонгуулийн үйл явцад нөлөөлж, хөндлөнгөөс оролцон Хиллари Клинтоны эсрэг хуйвалдсан  хэргээр шүүхэд өгсөн байгаа. Тэгвэл Хиллари Клинтон Ардчилсан намтай нийлж Бёрни Сандерсийн эсрэг хуйвалдаж байсныг яахав? Энэ тухай хэн ч ярихгүй байна. Биднийг тэнэг гэж бодож байгаа бололтой.

Дайны эсрэг тэмцэж байдаг хүмүүс бол манай  империалист улсын хуурамч дүр төрхийн эсрэг олон арван жилийн турш тэмцэж ирсэн байдаг.  Бид зөвхөн гудамжинд тэмцэх нь хангалтгүй гэдгийг ухаарч мэдээд одоо сонгуульд хүчээ үзэж, хяналтыг гартаа оруулахын төлөө тэмцэх болно.  Бид хамтдаа хяналтаа тогтоож энэ бүх байдлыг эцэс төгсгөл болгохын тулд  Та бүхний санал дэмжлэгт их найдаж байна.

Жич тайлбар:

 Бёрни Сандерс  (Bernie Sanders) нь социал-демократ үзэлтэн гэгдэх АНУ-ын улс төрч. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор Ардчилсан нам дотор Хиллари Клинтонтой өрсөлдөөд шалгарч чадаагүй. Нам бус.
Дээрх бичлэгийг хийсэн Алисон Хартсон гэгч эмэгтэй бол  Сандерсийг дэмжигч бөгөөд Калифорн мужаас АНУ-ын Сенатад нэр дэвшиж байгаа юм байна.
Бусдын хэрэгт хошуу дүрж, дэлхийн цагдаа дүрд тоглох дуртай АНУ өнөөгийн энэ олон дайны эхлэлийг тавьсан тухай дээр өгүүлж байна. Дэлхийд нөлөөгөө тогтоох гэсэн империалист энэ гүрэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бусад үндэстэний цусыг урсгаж байна. Энэ улсыг мөн корпоратист гэж нэрлэж байгаа нь бас их учиртай. Корпорацуудын буюу ашиг сонирхол бүхий бүлэглэлүүдийн ноёрхол тогтсон гэж байгаа юм. Капиталистууд бол сонголт, өрсөлдөөн, чөлөөт зах зээлд итгэдэг бол корпоратистууд үүний эсрэг байдаг. Корпоратистууд өрсөлдөөнийг үздэггүй, тэд монополь ноёрхлыг тогтоодог. Үүгээрээ ялгаатай. АНУ ийм л болсон. Үүнийг дээр шүүмжилж байна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө