Баатар уу, урвагч уу?

Э.Бат-үүл
Э.Бат-үүл баатрын "нохой шуугиулсан" нэг нийтлэлийг уншаад адармаар санагдлаа. Тэр нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай. Уг нийтлэл "Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан "Их баривчилгаа" нь Оюутолгойг булааж авах гэсэн гадны захиалга" нэртэй тавигджээ. Нийтлэлийн гол санаа нь хэлмэгдүүлэлт эхэлж байна, ногоон малгайтнуудын сүнс амилж байна гэсэн утгатай.

Хоёр Ерөнхий сайд нарыг хуурч аваачаад бариад хорьчихсон юм гэнэ. Тархиа угаалгасан ард түмэн "Шууд цаазал!" гээд орилоод байгаа юм байх. Энэ бүхэн гадны захиалгаар хийгдэж байгааг Бат-үүл мэдэж байгаа гэнэ. Харин гадны ямар улсын захиалгаар хийгдэж байгааг хэлсэнгүй. Зүгээр л гадны захиалга гээд хэн ч хэлчихэж чадна. Гэхдээ баатар маань мэдэж байгаа байх л даа. Цаг нь болохоор хэлэх байх. Цаг нь арай болоогүй бололтой. (Хэзээ тэр цаг нь ирэхийг хэн ч мэдэхгүй) Уншигч та бүхэн тэр нийтлэлийг уншаад дүгнэлтээ хийж байгаа биз ээ.

Би энд өөрийнхөө бодлыг хэлье. Бат-үүл гуайн хэлж байгаагаар Оюутолгойг ямар нэгэн аргаар Рио Тинто компаниас булааж аваад дараа нь гадны өөр нэг улсын компанид өгөх ажиллагаа явагдаж байгаа юм гэнэ. Булааж авлаа гэж бодоход ямар улсад тэр багц нь очих вэ? Хятад уу, Орос уу? Эсвэл өөр улс юм болов уу? Баатар маань өөрийнхөө нийтлэлд орос школтой Нирун хочтой Батсайхан гэгчийг хар пиар хийсэн гол хүн нь гэж нэр цохжээ. Ерөнхийлөгч Баттулга өөрөө орос эхнэртэй бөгөөд Оросын талыг баримтлагч гэж яригддаг. Эндээс дүгнэвэл, Бат-үүл баатар маань гадны захиалга гэдгээрээ Орос улсыг сэжиглээд байж магадгүй гэж таамаглаж болохоор байна.

Тэгэхээр Орост ч бай, эсвэл өөр улсад (компанид) ч бай Оюутолгойн багцын (Рио Тинтогийн) эзэмшил шилжихийн эсрэг буюу түүнийг Рио Тинто-д хэвээр нь үлдээхийн төлөө пиардаж байгаа Монгол улсын баатрыг эх орныхоо ашиг сонирхлыг хамгаалж байна гэж үзэх нь зөв үү, буруу юу? Миний бодлоор бол эх орных нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас хүмүүс хэл ам хийгээд, Оюутолгойн гэрээг хийсэн тухайн үеийн эрх мэдэлтнүүдэд хэрэг үүсгээд хорьчихоод байгаа юм биш үү? Бат-үүл гуай үүнийг хэлмэгдүүлэлт гэж нэрлээд байгаа юм.

 2009 онд байгуулагдсан Хөрөнгө Оруулалтын Гэрээнд (ХОГ) зааснаар бол үйлдвэр ашиглалтанд ороод бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэнээс хойш 3 жилийн дотор зэс хайлуулах үйлдвэр, 4 жилийн дотор Цахилгаан станц барих үүрэг хүлээсэн боловч Рио Тинто алийг нь ч хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үг. (Цахилгаан станц барих үүргээ 2014 онд байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах Гэрээ гэдгээр цуцалж орхисон.) 2013 онд үйлдвэр ашиглалтанд ороод бүтээгдэхүүнээ экспортонд гаргаж эхэлсэн биз? Тэгвэл 2016 он гэхэд зэс хайлуулах үйлдвэртэй, 2017 онд цахилгаан станцтай болчихоод, урд хөршөөс цахилгаан авахааргүй болсон байх байлаа.

За тэгээд ТЭЗҮ-д тооцоолж гаргасан зардал (хөрөнгө оруулалтын хэмжээ) нь нэмэгдээд байдаг. Илүү зардлын тооцоо учир битүүлэг бөгөөд нууц. Отгонбаяр сэтгүүлчийн бичсэн нийтлэлд энэ тухай дурдсаныг ЭНДЭЭС уншина биз дээ. Ер нь манай улсын нэртэй чадалтай хүмүүс Оюутолгойн гэрээг тааруухан гэрээ болсон бөгөөд сүүлд хийсэн нэмэлт, Дубайн гэрээ гэх мэт, нь манай улсын эрх ашгийг дордуулсан тухай ярьж бичиж байна. Тэр хүмүүс тэнэг биш л байх. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай , Ч.Улаан,Ц.Даваасүрэн нарын олон хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. 2015 онд УИХ-ын гишүүн Ч.Улаан өгсөн ярилцлагадаа ямар асуудал дээр бид алдсан буюу засаж сайжруулах тухай тодорхой ярьсан байдаг. Ярилцлагыг ЭНД ДАРЖ  уншаарай. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн өгсөн ярилцлаганд тодорхой асуудлууд хөндсөн байдаг. ЭНДЭЭС уншаарай.

Оюутолгой төслийг аль аль талдаа үр өгөөжтэй, шударга явуулая гэдэг л асуудал ярьж байгаа болохоос биш, Рио Тинто-г хөөж гаргая гэсэн хүн байхгүй байх. Үүнийг мушгиж, гадны захиалга гэж сүр Данзан царайлахаа болимоор юм. Америкчууд Оросуудыг манай Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж , дотоод хэрэгт оролцлоо гэж шуугиан болгож сүржигнэдэг шиг л юм болоод байх шиг. Эрхбиш тусгаар улс юм болохоор бид чинь өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж дуугарах ёстой биз? Буруу алдаатай тохиролцоо хийж, улсдаа хохиролтой гэрээ хийсэн бол буруутнуудыг шийтгэх нь бас зөв биз? Эх орноо боддоггүй харь сэтгэлтэй эрх мэдэлтнүүдийг өмөөрч, хэлмэгдүүллээ гэж хаа өнгөрсөн цаг үеийн, нэг намын дарангуйллын үеийн хэлмэгдүүлэлттэй эн зэрэгцүүлэн сүржигнэх хэрэг юунд байв?

Ногоон малгайтнууд гэж орилохоо болихгүй бол хань чинь Бат-үүл гуай таныг сэтгэцийн эмнэлэг рүү чирээд явах байх шүү. Та өөрийнхөө байдлыг анзаарахгүй, мэдэхгүй байж болно, хөндлөнгийн хүмүүс харж анзаарч байна. Коммунизм, хэлмэгдүүлэлт, Зөвлөлтийн колони, ногоон малгайтан гэж хэт их бодож, хар дарж зүүдэлсээр байгаад шизофрентэй болж, нэг юмаа байнга давтдаг өвчтэй болчихсон юм шиг байна. Ар гэрийнхэн нь, ах дүүс нь анхаараасай.

Хэрвээ эмнэлэгт үзүүлээд оюун ухаан, сэтгэхүй нь хэвийн гэж тогтоох юм бол баатрын энэ увайгүй зан цаанаа том зорилготой байх сэжиг төрөхөөр байна. Рио Тинтогийн эрх ашгийг улс орныхоо эрх ашгаас дээгүүр тавьж байгаа хүнийг юун Баатар гэж дуудах, харин УРВАГЧ гэж цолломоор бус уу? Таны өмөөрөөд байгаа С.Баяр 2008 онд 5 хүн буудаж алсан гэдгийг мэднэ биз? Жинхэнэ ногоон малгайтнуудын үйлдлийг найз чинь тэгэхэд гаргасан бус уу? Гэвч Бат-үүл гуай найз Баярыгаа ногоон малгайтан гэж дуудаагүй юмдаг. АНУ-д 7 байшин сууц авч, охиныхоо найз охиныг эхнэрээ болгож "нялх ногоо зулгаасан" найзыгаа "шар сэмжилсэн хулгайч" биш, харин сэргэлэн жаатай эр гэж бодож явдаг байх нь.

Ажиллах хүч шаардлагатай томоохон төслүүдэд Монголынхоо цэргүүдийг оролцуулж, цалинтай ажил хийлгэж мэргэжилтэй болгоё гэдэг санал гаргахад цэргүүд дайчилж коммунист зан гаргалаа гэж загнасан мөртөө хятадын цэргүүд Монголд ирж Багануурт цахилгаан станц барих гэж байхад юу ч дуугарахгүй байгааг юу гэж ойлгох вэ? Монгол цэргүүд цалин аваад бүтээн байгуулалтанд оролцож болдоггүй яачихсан юм?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг бас миний мэдэхийн л лав улсад хохиролтой хоёр удаагийн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой хүн. Эхнийх нь, тэрээр Алтанхуягийн Засгийн газарт ЗГ-ийн Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байхдаа нөгөө хэл амтай төмөр замын нэмэлт санхүүжилт болгож гаднаас босгож ирсэн хөрөнгийг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэлгүй, санаатайгаар хав дарж үхүүлж байсан нүгэлтэн юм. Хэрэв тэр санхүүжилтийг хэлэлцүүлээд батлаад өгсөн бол өдийд хоосон далантай биш, бүтэн төмөр замтай сууж байх байсан юм. Эс үйлдлээрээ тэр том төслийг гацаасан этгээд. Яагаад гэдгээ тэр нөхөр өнөөдөр үнэнээр нь хэлж улайх ёстой.

Хоёрдугаарх нь, алдарт Дубайн гэрээ (төлөвлөгөө гэж нэрлээд байгаа). Энэ нэмэлтийг хийснээр Монголчуудын Оюутолгойгоос ашгаа авах хугацаа олон жилээр хойшилсон гэдэг. Үүнийг олон хүн хэлж байгаа. Шалгаад хэрэв үнэн бол энэ нөхөр бас л эх орныхоо эрх ашгийг Рио Тинтогийнхоос доогуур тавьсан гэж дүгнэж болно. Тэр жил Цензургүй яриа нэвтрүүлэг дээр хөтлөгч Мөнхбаясгалан түүнээс "Та эх орондоо хайртай юу?" гэж асуусан чинь учиргүй тэвдэж "Та яагаад надаас тэгж асууж байгаа юм?" гэж байж билээ. Одоо бодоход Мөнхбаясгалангийн асуултанд мань эр их цочирдож байжээ.

 С.Баярцогтын тухайд бас л хэл амтай нөхөр. Хэрвээ Рио Тинтогоос авилга аваагүй бол мөнгө угаасан байж болзошгүй дүр зураг харагдаад байгаа. Гэхдээ мэдээж зохих газрууд нь шалгаад тогтоох биз. Тэрээр хэлэхдээ, Монголын нэгэн баян этгээд миний оффшор дансанд олон сая доллар хийсэн гэж ярьсан нь Швейцарийн хуулийнханы мэдэгдсэнээс зөрж байгаа. Швейцарийн хуулийнхан Баярцогтын дансанд хийсэн мөнгө нь Хятадын иргэний данснаас ирсэн гэдгийг тогтоосон. Тэгэхээр, хэн нэг нь худлаа яриад байна. Баярцогт уу, Швейцариуд уу? Хөгжил дэвшил, хууль дүрэм чанга, нарийн, ёс зүй өндөртэй Швейцарийн хуулийнхан худлаа хэлэх магадлал тун бага даа. Оффшор дансан дахь мөнгөө Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бичихээ "мартсан" манай Баярцогт худлаа хэлсэн байх магадлал илүү өндөр гэж бодож байна.

Баригдсан бусад хүмүүс (Жастын Батхүү гэх мэт) бүгд л ямар нэгэн асуудалтай болоод л хоригдож шалгагдаж байгаа нь ойлгомжтой. Өнөө цагт ямар ч үндэслэлгүйгээр барих, хорих явдал бараг үгүй болсон. Хуулийнхан, шүүхийнхэн хэн нэгнийг хэлмэгдүүлж хохироодог буюу хохироосон явдал байдгийг үгүйсгэхгүй боловч энэ нь түгээмэл биш, хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал болохоос биш Бат-үүл гуайн сүржигнээд байгаа шиг үзэл суртлаас, нийгмийн тогтолцооноос улбаатай хэлмэгдүүлэлт биш юм. Тэгэхээр баатрын хийгээд байгаа харьцуулалт бол тун мунхаг явдал. (Мэдээж санаатайгаар бас ингэж харьцуулж сүрийг бадруулж болно л доо)

Эцэст нь дүгнэж цэгнэвэл, баатар маань харин өөрөө гадны захиалгаар ажиллаад байгаа юм шиг санагдаад явчихлаа. Рио Тинто компани бол хэмжээний хувьд том, далайцтай компани боловч бас тийм цэвэр ариун амьтан биш аж. 2011 онд Африкийн Гвиней улсын төмрийн ордтой холбоотой гэрээлэгч этгээдэд олон сая долларын хахууль өгч байсан хэргийг 2017 оноос эхлэн шалгаж эхэлсэн байна. Гвиней улсын экс сайд байсан нэг нөхөр Рио Тинто надад хахууль өгөх гэж оролдсон гэж мэдүүлж байжээ. 2009 онд Шанхайд байрлах Рио Тинтогийн байрнаас 4 ажилтанг нь хахууль өгсөн, тагнуул хийсэн хэргээр баривчилж байжээ. Тагнуул хийсэн ялыг нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд харин хахууль өгсөн хэргээ бүгд хүлээсэн байна. Австралийн иргэн 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж. 2011 онд Рио Тинтогийн  удирдлага Том Албаниз, толгой санхүүч Гаи Эллиот нар Мозамбик улсын нүүрсний ордыг бодит үнээс нь хэтрүүлсэн үнээр худалдаж авсан үйлдэлдээ албан тушаалаасаа огцорцгоож байжээ. Үүнийгээ хувьцаа эзэмшигчдээсээ нууж байсан нь илэрсэн байна. Хамаагүй бага үнэлгээтэй (нөөц бага, чанар муу нүүрстэй) тус ордыг 3.7 тэрбум доллараар худалдаж авсан гэнэ. Хожим Рио Тинто мөнөөх ордыг 50-хан сая доллараар зарсан байна.

Тэгвэл манай эрх мэдэлтнүүд, нөлөө бүхий улс төрчид бас Рио Тинто компанитай хэтэвчээрээ холбогдчихсон юм биш биз? Тэгээд ногоон малгайтнууд хэлмэгдүүллээ гээд чанга чанга орилоод нохой шуугиулаад яваа юм болов уу?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө