Амралт багадаагүй
Есүс Христ |
Хүүхдүүд хэмээх бяцхан хүмүүс бол баярлуулж байх ёстой бурхад юм.
''Хоролмаа'' хочтой нэгэн эмэгтэй гишүүн Бурхан багшийн их дүйчин өдрийг амралтын өдөр болгох хууль санаачилж саяхан УИХ-аар албан ёсоор батлууллаа. Христын төрсөн өдөртэй адилхан баярын өдөр болгож байгаа юмдаг уу даа. Уг нь манай улсад 1990 оноос хойш тэмдэглэж эхэлсэн боловч амардаггүй байсныг нь сая ийнхүү бүх нийтийн амралтын өдөр болгосон байна.
Будда |
2018 онд гэхэд л дүйчин өдөр нь 4 сарын 29-нд, 5 сарын 29-нд, 5 сарын 22-нд гэхчлэн орон бүрд өөр өөр өдөр болж байсан бол 2019 онд 5 сарын 19-нд, 5 сарын 18-нд, 5 сарын 12-нд,
6 сарын 17-нд тохиож байсан байх юм. 2020 онд харин 5 сарын 7-нд (Сингапур, Шри Ланк, Индонез улсуудад), 5 сарын 6-нд (Мянмар, Камбож), 4 сарын 30-нд (Хятад), 6 сарын 6-нд (Вьетнам), болон 6 сарын 5-нд (Бутан) тэмдэглэхээр ''төлөвлөгдсөн'' бололтой.
Цагаан сар буюу сарны тооллоор шинэ жил тэмдэглэдэг өдрүүд Монголд, Хятадад болон бусад оронд өөр өөр байдагтай төстэй юм уу даа. Гэхдээ шинэ жилийг хэзээ ямар өдөр тэмдэглэх нь тухайн орны хэрэглэдэг хуанли буюу цаг тооллын бичиг, тооцоолдог арга техникээс шалтгаалж улс болгонд өөр байх нь ойлгож болох асуудал боловч хэн нэгэн хүний төрсөн өдөр юм бол тогтмол нэг өдөр л баймаар. Христ гэдэг хүний төрсөн огноо бол жил бүрийн 12 сарын 25 байдаг биз дээ?
За ингээд ''Хоролмаа'' эгч тэргүүтэй 10 гишүүний (Н.Амарзаяа, Б.Бат-эрдэнэ, Д.Лүндаажанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва) буянаар бас нэг амралтын өдөртэй боллоо бид. ''Цаг наргүй, нойр хоолгүй, шургаж ойчтолоо'' ажиллаж байгаа бидний Монголчуудад амралтын өдөр маш хэрэгтэй юм байна гэж эрхэм гишүүд маань гярхай ажигласан байх л даа.
Одоо бидний ардууд хуулиараа жил бүрийн 5 сарын 15-нд амрах нь ээ. Ямар аргаар тооцоолоод 5 сарын 15-ны өдрийг сонгосоныг Будда л мэдэх байх. Дээр дурдсанчлан бусад орнууд мөн л өөр өөрийн аргаар Будда гэдэг хүний төрсөн огноог тооцож гаргасан бололтой.
Үнэндээ тэр хүний хэзээ төрсөн нь сонин биш, харин тэр өдрийг ажлын бус өдөр болгож нийтээр нь хүчээр амрааж байгаад л гол учир байгаа юм.
Ер нь бол яг үнэндээ бидэнд амралт, зугаалга багадаагүй. Харин ч эсрэгээрээ бага амарч, их ажиллах хэрэгтэй цаг үедээ яваа улс. Хөгжлийн тодорхой өндөр түвшинд хүрээд, иргэд маань баян чинээлэг болсон хойно амарч жаргах нь зүй ёсны хэрэг юм. Чинээлэг болсон хятадууд мянга мянгаараа дэлхийгээр хэсэн зугаалж явна. Ирэх онд хичнээн сая иргэнээ ядуурлаас гаргана ч гэнэ үү. Айлын хүүхдүүд ийм сүрхий. Бид чинь байрандаа хий эргээд л, зарим талаараа бүр ухраад явчихсан байх жишээтэй.
Манай мунхаг дээдсүүд үнэхээр мунхаг гэдгээ ганцхан энэ жишээн дээр л харуулж байна. Ухаантай байсан бол амралтын өдөр нэмж бий болгох хууль зохиож батлахгүй байсан юм. Харин ч эсрэгээрээ ажлын өдрийг 6 болгож, ажлын цагийг эрт эхлүүлж (төрийн ажил эрт эхэлдэг байх хэрэгтэй) , цаг хугацааг аль болохоор үр бүтээлтэй ашиглах нөхцлийг хангах хууль журам боловсруулж батлах ёстой байсан юм. Дээдэс маань ер нь улс орноо аль болохоор хурдан хөл дээр нь босгож, хөрш орнуудтайгаа эн зэрэгцэж очих хүсэлтэй байна уу гэдэгт эргэлзмээр. Ажлын нэг өдөр алдана гэдэг чинь ямар их ажил амжуулах, баялаг бүтээх үнэт цаг хугацааг алдаж байна гэдгийг ойлгохгүй байна уу, эсвэл зориуд хорлоод байна уу? Зүгээр л сайн нэр олж, буянтай ажил хийсэн дүр эсгэж байгаа юм болов уу? Өнөөдөр төрийн ажил үд хавьцаа эхэлдэг гэж ярьдаг. Бусад орнуудад хүмүүс үдийн цайндаа орж байхад манайхан ажлаа дөнгөж эхэлж байх жишээтэй. Ингэж ажиллаад бид хөгжих үү? Ямар ухаанд нь ухна үхсэн улс гэхээрээ ийм байдаг байна аа? Урагшгүй ноёнтой ухаангүй албатууд болжээ, бид.
Comments
Post a Comment