Олон гахайтай болцгооё!

НИТХ-ын дарга Р.Дагва (зүүн талд) ба Нийслэлийн захирагч С.Амарсайхан
Автозам ашигласаны татварыг 5 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (НИТХ)  гаргасаныг эсэргүүцэж иргэд машинтай жагсаал хийсэн билээ. Хэдийгээр машинтай жагсаалд биечлэн оролцсон иргэд цөөхөн байсан боловч дийлэнх иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа нийтийн цахим сүлжээгээр (Фэйсбүүк, Твиттер г.м) болон бусад олон сувгаар илэрхийлж байсан юм. Замын татварыг нэмэх санаачлага гаргасан эрхмүүдээр НИТХ-ын дарга Р.Дагва ба Нийслэлийн захирагч С.Амарсайхан нарыг онцолж байна.

Тэгвэл НИТХ сая хуралдаад мөнөөх шийдвэрээ хүчингүй болгожээ. Ард түмэн эсэргүүцэж байгааг мэдэрсэн хэрэг. Уг нь далд санаа нь бол тэнэг иргэд нь жаахан үглэж байгаад номхрох байх гэж тооцоолсон байх л даа. Гэвч газар сайгүй бухимдаад ирэхээр яалт ч үгүй сандарч, нөгөөтэйгүүр 2020 оны сонгууль дөхөж байгаа болохоор иргэдээ хилэгнүүлэх нь буруу алхам гэдгийг ухаарсан биз дээ. Намын дарга нь ч бас тэгж анхааруулаад, татвар нэмсэн шийдвэрээ цуцлахыг тушаасан нь лавтай. 

 
Замын татвар нэмэхийг дэмжсэн НИТХ-ын баатрууд


Хэдэн жилийн өмнө одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын тухай юу ярьж байсан тухай бичлэг цахим сүлжээгээр явж байна лээ. Мань эрийн тэгэхэд татвар нэмэх аргаар төсвөө зузаатгах нь буруу хэмээн айхтар ярьж байсан байх юм. Өнөөдөр эрх баригчид 180 градус эргэчихсэн байна. 
Бас болоогүй эрх баригчид маань татварын нэмэлтээр орж ирэх ёстой байсан мөнгө бүтэхээ байсан учраас зам засах, шинэ зам тавих, дугуйн зам , замын ус зайлуулах суваг гаргах гэх мэт ажил хийгдэх боломжгүй боллоо шүү хэмээн нүхээ малтаж байх юм. Хэнийг хохироогоод байгаа юм бол? 

Бас болоогүй улс төржилтөөс болж хамаг ажил нурлаа гэж ичихгүй донгосож байх юм. МАН-ын өрсөлдөгч намаас эсэргүүцлийн ажил зохион байгуулсан гэж битүүхэн хэлж байгаа бололтой. Уг нь иргэд нийтээрээ л эсэргүүцсэн дээ. Ямар нэгэн намаас зохион байгуулсан гэж дуулаагүй юм байна.

Одоо эрх баригчдынхаа уурыг хүргэсэн юм чинь аятайхан замаар явалтгүй болжээ. Хагарч эвдэрсэн, нүх сүвээр дүүрэн замаар  донслоод л харайлгаад байж дээ.  Шинэ зам горьдолтгүй боллоо. 
Ер нь бол замтай холбоотой элдэв гомдол, хэл ам гаргалтгүй боллоо шүү. Хэрэв тэгэх юм бол өөдөөс чинь та нар мөнгийг нь өгөөгүй биз дээ гэж ам таглах нь. 

2020 оны сонгуулиар манай одоогийн эрх баригчид тэс өөр юм ярьчихсан явж байх вий. Зам харгуйг чинь хачин сайхан болгоно, хотыг маань хөгжүүлээд өгнө, ядуурлаас суга татаад гаргачихна, цалин хөлс тэтгэвэрийг чинь оцойтол нэмээд өгнө гэхчлэн үгээ олохгүй бурах биз. Тэр цагт л дахиад хууртав! 
Ээлжлэн эрх барьж байсан хоёр нам маань өнгөрсөн 30 жилд  яаж өөхөн молиго үмхүүлж, дараа нь салаавч үзүүлж байсныг бүү март! 

Тэд өнөөдөр сураагүй биш сонгуулийн хуулийг өөрсөддөө ашигтайгаар өөрчлөн  баталж өөрсдийгөө дахин сонгуулах арга мэх хийж байх шиг байна даа. Олон жил идсэн луйварчид цадахыг мэдэхгүй дахин цуслах гэж улайрах нь ойлгомжтой. Ядаж тэр гахайнуудыг бүгдийг зайлуулаад дараагийн ээлжийг хоолонд нь оруулая даа. Угаасаа бидэнд өөр сонголт байхгүй юм чинь. Өөр шинэ хүмүүст таргалах боломжийг нь олгоё. Цөөхөн танил болсон гахайнуудыг  дандаа тэжээж байхаар өөр шинэ гахайнуудад боломж олгоё. Олуулаа идвэл дээр биз дээ? Цөөхөн гахайтай байснаас олон гахайтай байсан нь дээр. Дараа нь бүгдийг нь нядлаад зарахгүй юу! Тэр цаг ирж л таарна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө