Хоёрдахь ''харайлт'' нь бас л бүтэлгүйтсэн үү?


Парламент Телевизээр сая Сонгуулийн тухай хуулийн талаар хуульч, судлаачдыг  оролцуулж ярилцлага хийжээ. Аргумент хэлэлцүүлгийн ээлжит нэвтрүүлэг юм байна. Уг ярилцлагад хуульч Д.Үүрцайх, хуульч Х.Номингэрэл, хуульч В.Удвал нар оролцжээ.
Энэ холбоосоор орж үзээрэй:
  https://www.facebook.com/ParliamentTVMon/videos/2158621874445929/

Ярилцлагыг үзээд төрсөн сэтгэгдлээ ерөнхийд нь өгөөд, тэгээд дараа нь зарим оролцогчдын хэлсэн тодорхой үгэнд хариу болгож өөрийн бодлоо бас бичлээ.

Ерөнхийдөө дээрх 3 оролцогч маань Парламентын засаглалыг хамгаалагч нар гэдгийг ойлголоо. Мэдээж мэргэжлийн хүмүүс учраас онол дүрмийг нь сайн судалсан л байх, гэхдээ аливаа асуудалд хандахдаа дан онол дүрэм ярихаас гадна амьдрал бодит байдлыг бас харгалзаж бодолцох нь эрүүл ухаалаг хандлага юм. Гэвч харамсалтай нь эдгээр хуульчид бодит нөхцөл байдлыг харгалзаж үзэж байгаа юм огт алга. Харин ч хувь тэнцүүлсэн (пропорционал) сонгуулийн арга нь Парламентын засаглалыг бэхжүүлэхэд , намуудыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ярьж байна. Сонгуулийн ямар арга, хэлбэрийг сонгох нь тухайн орны онцлог болон бусад хүчин зүйлээс шалтгаалахаас биш ямар засаглалтай орон бэ гэдгээс хамаарах ёсгүй. Өөрөөр хэлбэл, Пропорционал эсвэл мажоритар, эсвэл энэ хоёр аргын холимог хувилбараар сонгууль явуулах нь  засаглалын хэлбэр (Парламентын эсвэл Ерөнхийлөгчийн) ямар байхаас хамаарах  учиргүй. Парламентын засаглалтай бол сонгуулийн ийм хувилбарыг сонгох ёстой, харин Ерөнхийлөгчийн засаглалтай бол нөгөө хувилбарыг сонгох ёстой гэсэн дүрэм байхгүй ээ. Энэ арга нь муу, тэр арга нь сайн гэсэн юм байхгүй. Сонгуулийн нэг тогтолцоог  нь муулаад (нэвтрүүлэгт оролцогч нар мажоритар аргыг муулаад байгаа юм), нөгөөг нь (пропорционал аргыг) сайн гэж яриад байгаа явдал бол  засаглалын хэлбэрээ (Парламентын эсвэл Ерөнхийлөгчийн) буруу сонгосноос үүдэлтэй алдаа дутагдал бүхнийг сонгуулийн арга руу чихээд байгаатай холбоотой.

Сонгуулийн арга нь (пропорционал эсвэл мажоритар, эсвэл холимог) буруу байсан учраас бүх юм бүтэлгүйтээд байнаа гэсэн  хандлагаар цэцэрхэж сууна. Энэ  гурван хуульчдын хэлж байгаагаас харвал, пропорционал системээр сонгуулиа явуулдаг байсан бол өдийд намууд нь төлөвшөөд улс орноо хөгжүүлээд сайхан болох байсан аж. Ийм гэнэн хүүхэд шиг сэтгэдэг судлаачидтай байна гэж бодохоор л гол харлах юм. Даанч дээ. Жаахан том зургаар нь харах ухаан алга уу? Бүх асуудал засаглалын хэлбэрт л байгаа юм. Сонгуулийн арга хэлбэртээ биш! Би товчхон тайлбарлах гээд үзье:

Парламентад (УИХ-д) сонгогдож гишүүн болох гэж хэн дуртай нь яагаад үхэн хатан зүтгэнэ вэ? Мөнгөтэй нь мөнгөө харамгүй цацаж, мөнгөгүй нь мөрөөддөг, тийм биз?  Цаас номтой ноцолддоггүй, ''номын бус'' хүмүүс (бөхчүүд, дуучид, жүжигчид, яруу найрагч, эмч гэх мэт) яагаад тийшээ орох гэж улайрна вэ? Чадвар, мэдлэг, боловсрол дутуу, нас нь хүүхдээрээ шахуу хүмүүс, амьдралын туршлагагүй эсэн бусын зөндөө хүмүүс өрсөлддөг.   Сэтгэл зүрх байж болох; хүн муулах гэсэнгүй, гэхдээ тэмээ тэнгээрээ гэдэг байх аа? Хууль тогтоох байгууллага шүү дээ! Хууль бичиж, хэлэлцэнэ гэсэн үг. Уг нь эрдэм мэдлэгтэй, амьдралын арвин туршлагатай, нас тогтсон эрдэмтэн мэргэд цуглаж, ухаанаа уралдуулж байж хууль журмаа баталдаг, улс орныхоо амин чухал асуудлаар мэргэн зөв шийдвэр гаргадаг байх ёстой биз дээ? Гэтэл тийм биш ажээ.

УИХ бол газар асгасан элсэн чихэр лугаа адил болсон бөгөөд түүн дээр шавах ялаанууд бол тийшээ орох гэж зүтгэдэг, гишүүн болохыг горилогчид болой.
Одоо яагаад УИХ ''элсэн чихэр''  болчихдог билээ гэдэг асуулт гарна. Яагаад гэвэл УИХ чинь гүйцэтгэх засагтайгаа (Засгийн газартайгаа)  нэг хөнжилд байдаг учраас мөнгөний үнэрээр эсэн бусын ялаанууд шавалддаг юм. Засгийн газар бол мөнгөний уурхай. Аз нь гийгээд Засгийн газрын сайд болчих юм бол (давхар дээл өмсөх гэж ярьдаг) тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг. УИХ-ын гишүүн бөгөөд аль нэг яамны сайд гэсэн хос албан тушаалтай болно.  За сайд болж чадахгүй ч гэсэн УИХ-ын гишүүн болсон байхад огцом хөрөнгөжих зөндөө л боломж гарна. ЖДҮ сангаас компанидаа зээл авч өгөх, мөн компанидаа тэндэр, концесс олж авах гэх мэтээр. Эсэн бусын ялаанууд УИХ руу зүглэдэг ганц шалтгаан ердөө л энэ шүү дээ.

Хэрвээ хууль тогтоох бүтэц (УИХ-ыг) ба гүйцэтгэх засаг (Засгийн газар) хоёрыг салгаад тусад нь болгочих юм бол УИХ-ын гишүүд засгийн мөнгө рүү хошуу дүрэх боломжгүй болох бөгөөд давхар дээл устах учраас УИХ-ын гишүүд яамны сайд болж мөнгөтэй шууд харьцдаг явдал үгүй болно. УИХ-ын гишүүн болчихоод хөрөнгөжих, баяжих боломжийг нь байхгүй  болгочих юм бол  нөгөө олон ялаанууд тийшээ зүглэхээ болино биз? Тэгсэн цагт ард түмнээ төлөөлж УИХ-д сонгогдох нь нэр хүндийн хэрэг гэж ойлгосон, мөнгөний төлөө биш ард түмнийхээ төлөө бичиг цаастай зууралдахаас үл эмээх эрдэмтэн мэргэд тэнд суудаг болно.

Засгийн газрыг ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байгуулан толгойлж улс орны эдийн засаг, өдөр дутмын аж ахуйн ажлаа хариуцаад явна. Үүнийг л Ерөнхийлөгчийн засаглал гээд байгаа юм. УИХ нь хууль тогтоох болон улс орны эрх ашиг хөндөгдсөн томоохон асуудал дээр шийдвэр гаргадаг, Засгийн газар нь аж ахуйн ажлаа хийгээд явдаг бөгөөд тус тусдаа харилцан хамааралгүй боловч бас харилцан хяналт тавих зохицуулалттай байдаг. Ингээд шийдчихвэл үнэндээ ямар аргаар (пропорционал эсвэл мажоритар) сонгууль явуулах нь онцын ялгаа үнэндээ байхгүй болно. Яагаад гэвэл нөгөө эсэн бусын ялаанууд чинь үзэгдэхээ болино.
Ингэж том зургаар нь, үндэс углуургаар нь ухаж сэтгэхгүй байна, энэ гурав. Ганцхан Парламентын засаглалыг сохроор шүтээд, Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд пропорционал сонгуулийн арга л тохирно гэж сурталдах ''судлаачид'' маань тун ахар бодож байна!

Одоо дээрх хуульчдынхаа зарим хэлсэн үгтэй холбоотой өөрийн бодлоо хэлье.

Д.Үүрцайх: Парламентын ардчилалаа бэхжүүлье гэдэг бол гол зорилго. Парламентын ардчилал бол Монгол Улсын оршин тогтнох баталгаа юм байна. Ингэж байж бид авторитар дэглэмтэй хоёр их гүрний дунд тусгаар тогтнолтойгоо, ардчилалтайгаа, эрх чөлөөтэйгөө хөгжил цэцэглэлтэнд хүрэх боломжтойгоо үлдэх болно. Энэ бол нийтийн зөвшил болсон гэж үзэж болно.

Миний бодол: Парламентын ардчилалаа бэхжүүлье гэж байна. Бодвол Парламентын засаглал маань ардчилсан засаглал бөгөөд үүнийгээ улам бэхжүүлэх шаардлагатай гэж байгаа бололтой. Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглал чинь бас ялгаагүй  ардчилсан засаглалдаа ордог гэдгийг тэд мэдэх л ёстой. Ерөнхийлөгчийн засаглал сонговол ардчилал үгүй болно гэж л хэлээд байх шиг. Тэгэхээр эд нар маань  Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг үзэл бодолтой хүмүүс юм байна. Эсрэг байж болно, гэхдээ Парламентын засаглал бол ганцхан  ардчилсан засаглал гэж угаас мэдлэг хомс иргэдээ төөрүүлж болохгүй л дээ. Нөгөө ёс зүй гэдэг юм чинь тэд нарт алга. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ёстой гэх мэт гоё яриа нь ч худлаа болж таарлаа. Энэ нөхөд ердөө л тархи угааж байна.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн засаглал бол нэг хүний дарангуйлал бөгөөд ардчилал байхгүй болж, хөрш орнууд маань ганц Ерөнхийлөгчийг маань урвуулаад авчихвал бид тусгаар тогтнолоо алдаад, эрх чөлөөгүй, бусдын колони болно гэсэн ухуулга хийж байна л даа.  Парламентын засаглалын хэлбэр нь Ерөнхийлөгчийн засаглалаас илүү дээр гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн гэж байна. Ингэж олны нэр барьж, түмнийг төлөөлж худлаа ярих хэрэггүй л дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол тусгаар тогтнолоо алдана гэж яаж  хэлж чадаж байнааа? Гайхмаар!  Ер нь бол Парламентын засаглалтай яваад 30 жил болоход Монгол улс хөгжсөн нь үгүй бөгөөд харин ч эсрэгээрээ уруудан доройтож байгаа нь үнэн бодит байдал. Үүнийг харахгүй сохорчээ эд нар. Гурван Монгол хүний нэг нь ядуу болсон байна. Ганц энэ үзүүлэлт л үүний нотолгоо. Авторитар дэглэмтэй Хятад, Ерөнхийлөгчийн засаглалтай Казахстан улсууд биднээс хол тасраад алга болжээ. Харин бид улам ухраад л, ядуураад л, хийж чаддаг байсан юмаа ч хийж чадахаа больж, ганц салбараас (уул уурхай) хамааралтай, нэг улсаас хараат эдийн засагтай  болсон байна. Хуучин цагт бид Оросоос хараат байсан, одоо Хятадаас хараат болжээ.

 Д.Үүрцайх: 18- 30  насны 452 мянган залуус сонгуульд оролцдоггүй гэсэн судалгаа байдаг гэнэ.

Миний бодол: Энэ олон залуус нэг л өдөр бий  болчихоогүй, 90 оны хувьсгалаас хойших он жилүүдэд явагдсан үйл явцын үр дүнд хуримтлагдаж үржсээр нэг мэдэхэд бараг хагас сая болжээ. Сонгуульд саналаа өгдөг  сонгогчдын тоо аажмаар буурсаар өдий хүрсэн хэрэг л дээ. Тэгвэл яагаад саналаа өгөх сонирхолгүй болчихов оо? Тэдний итгэл алдарчээ. Төрд итгэх итгэл, төрийг ээлжлэн барьж ирсэн намуудад итгэхээ больсон байна. Яагаад? Аль нэг намын далбаан дор нэр дэвшиж, элдэв аргаар гарч ирсэн төрийн түшээд болон төр засгийн эрхийг барих нам нь улс орноо өөд нь татаж, ард түмнээ сайхан амьдруулах үндсэн үүргээ умартаж, зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсэн учраас сонгогчид итгэл алдарчээ. Ялангуяа залуучууд. "Хэн нь ч гарсан адилхан"  гэдэг үг их танил сонсогдож байгаа биз? Цөхөрсөн хүмүүсийн амны уншлага болсон үг дээ. Засаглалынхаа тогтолцоонд  механик өөрчлөлт хийхгүйгээр энэ байдлыг сайжруулах арга байхгүй ээ! Өөрөөр хэлбэл, Парламентын засаглалыг халж Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоож эрс өөрчлөлт хийхээс нааш юу ч өөрчлөгдөхгүй.

Д.Үүрцайх: - Хүчтэй гар хүсэж байгаа хүмүүсийн улс төрийн соёл, боловсрол маш дор түвшинд байна. Тэр хүмүүс маргааш өөрсдөө потенциальный хохирогч болж мэднэ гэдгээ ойлгохгүй байгаа юм. Путин шиг хүн сонгож аваад л тэр нь дэг журам тогтоох юм гэнэ. 

Миний бодол: Хүчтэй гар гэдэг нь хэн нэгэн дарангуйлагч гэдэг утгаар хэлж байгаа бололтой.
Яагаад дарангуйлагч гэдэг утгаар хэлж байна вэ гэвэл Үүрцайх өөрөө энэ нэвтрүүлэг дээр хэлсэнчлэн "Маргааш энэ дарангуйлагчийн үр хүүхэд эсвэл дарангуйлагчийн цүнх баригч, залгамжлагч нар миний хүүхдүүдийг цустай нь хольчихоод шоронгийн хонгилоор чирээд явж байх вий гэдэгт санаа зовж байна" гэдэг үгнээс нь илэрхий байгаа юм.
Уг нь номын дуу сонсож, хуульч хэмээх хэргэм чимэгийг нь зүүгээд л явж байгаа хүн дээ. Тэр тусмаа энэ хүн бусдыг гэгээрүүлэх эрхэм үүрэг хүлээсэн баймаар. Харамсалтай нь харин бусдын харанхуй  (улс төр, нийгмийн боловсрол, мэдлэг хомс) байдлыг далимдуулж илт гуйвуулсан буруу ташаа ойлголт өгч байх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн засаглалыг дарангуйлагчийн засаглал гэж ойлгуулах оролдлого хийж байна!
Парламентын гэх энэ засаглалын хэлбэрийг Монголд таарахгүйг ойлгож мэдэрсэн хүмүүс засаглалынхаа хэлбэрийг өөрчлөх нь одоогийн дампуу байдлаас гарах нэг гарц гэж үзээд, Парламентын засаглалаа халж Ерөнхийлөгчийн засаглал тогтоох нь зүйтэй гэж ярьж бичиж байгаа. Гэтэл энэ хүн Ерөнхийлөгчийн засаглалыг хадны мангаа болгож иргэдийг айлгаж, төөрөгдүүлж байна. Уг нь ардчилсан засаглал маань 2 төрлийнх л байдаг: Парламентын ба Ерөнхийлөгчийн.
Ардчилсан Парламентын засаглал нь 30 жилд Монголд хэрэгжээд бүтэлгүйтсэн. Нотолгоо нь өнөөгийн бидний байгаа царай. Парламентын засаглалд хууль тогтоох (УИХ) ба гүйцэтгэх (Засгийн газар) хоёр нь холилдоод, өвөр түрийндээ ордог ёстой. Парламентад олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайд болж Засгийн газраа толгойлдог бөгөөд УИХ-д буй намынх нь гишүүд яамны сайд болж давхар дээл өмсөж болдог.  Энэ чинь тохирохгүй юм байна гээд тэгвэл Ардчилсан Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонгоё гэж иргэд санал дэвшүүлж байна. Ерөнхийлөгчийн засаглалын үед хууль тогтоогч (УИХ) ба гүйцэтгэх засаг (Засгийн газар) хоёр тус тусдаа салангид оршиж, үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдож, засгийн газраа тэргүүлнэ. Хууль тогтоогч нар маань  давхар дээл өмсөх (Засгийн газарт орох) боломжгүй.
Үүрцайх хуульчийн хүүхдүүдийг цустай нь холиод шоронгийн хонгилоор чирэх үзэгдэл  ардчилсан Ерөнхийлөгчийн засаглалын үед гарах ёсгүй. Одоогийн ардчилсан Парламентын засаглалын үед ч гарах ёсгүй.  Харин харамсалтай нь Үүрцайх нарын шүтээд байгаа Парламентын засаглалын үед ч иргэдээ эрүүдэн шүүх, хилс хэрэгт хэлмэгдүүлэх,олон улсын хил дамнуулан хулгайлж авчраад шоронд үхүүлэх, гудамжны үймээнийг далимдуулж иргэдээ олноор нь буудан хороох, бөөнөөр нь хэлмэгдүүлэн  хорьж дэглэх, эрх бүхий  этгээдүүд ил тодоор эрээ цээргүй иргэдээ шоронгоор айлгаж сүрдүүлэх зэрэг ардчилсан гэгдэх нийгэмд гарах ёсгүй зүй бус явдал ихээр тохиолдож байгааг хуульч маань юу гэж тайлбарлах юм бол доо. Тэгэхээр энэ маань юуг харуулж байна вэ гэвэл, Үүрцайх хуульчийн хүүхдүүдийг  өнөөдөр ч цустай нь хутгаад шоронгийн хонгилоор чирээд явах аюул энэ шүтээд байгаа засаглалын үед чинь бодитоор оршиж байнаа гэсэн үг. Үүнийг тэр хүн ойлгох хэрэгтэй.

Х.Номингэрэл
Х.Номингэрэл: Хүн төрөхдөө улс төрийн боловсролтой төрдөггүй бөгөөд энэ боловсролыг төр олгох ёстой. Бодит байдал дээр энэ 30 жилийн хугацаанд сонгогчдын боловсрол дээр анхаараагүй учраас би сонгогчдыг буруутгахгүй. Ямар ч сонголт хийгээд, аль ч намыг сонгосон байсан бодитоор миний амьдралд өөрчлөлт ороод, авилга алга болно гэдэг итгэл хүмүүст байхгүй байна. Тэгэхээр энэ итгэлийг сэргээх асуудал их чухал. Яаж итгэлийг нь сэргээх вэ гэвэл төрөө зөв бүрдүүлэх хэрэгтэй. Төрөө зөв бүрдүүлэхийн тулд зөв сонгуулийн тогтолцоо хэрэгтэй. Тийм учраас л би пропорционал эсвэл холимог систем байх ёстой гээд  байгаа юм. Дэлхий нийтийн байдлыг харвал дарангуй дэглэм маш их тэлж, хүчирхэгжиж байна. Монгол өөрөө геополитикийн хувьд ямар нөхцөлд оршдог билээ. Энэ бүхнийг бодоод бид зөв сонголт хийх цаг үедээ ирчихээд байгаа юм.

Миний бодол: Сонгогчдын боловсролын тухайд Номингэрэл зөв хэллээ. 30 жилд төр засаг нь иргэдээ гэгээрүүлэх ажлаа орхигдуулсан нь үнэн. Ер нь бол санаатай ч ингэсэн гэж үзэх хардлага бий. Яагаад гэвэл, иргэд сонгогчид нь харанхуй байх тусмаа тархийг нь эргүүлж, угаахад амархан шүү дээ. Юу ч гэж бурсан хамаагүй, хөөрхий сонгогчид маань үнэмшээд л явчихна. Бас ядуухан байх тусмаа сайн. Яагаад гэвэл хэдэн төгрөг өгөөд л саналыг нь худалдаад авчихна. За энэ бусармаг бүхэн чинь явж явж нөгөө засаглалынхаа хэлбэр дээр буцаж очно.  Учир нь бусармаг үйлдлийг бусармаг хүмүүс л хийдэг. Бусармаг хүмүүс гэдэг нь нөгөө элсэн чихрийн үнэрээр (мөнгөний үнэрээр гэсэн ч болно) УИХ-д шургалах гэсэн ялаанууд байхгүй юу! Энэ ялаанууд чинь УИХ-д орохын тулд юугаа ч хайрлахгүй цацдаг юм, яагаад гэвэл тэд чинь орсон хойноо тэр байтугай алт эрдэнэс дээр буух  учраас шүү дээ.
Тэгэхээр төрөө зөв байгуулах гэж хачин юм ярихаа болиод цаад учир шалтгааныг нь ухах гээд үзэх хэрэгтэй. Сонгуулийн арга (тогтолцоо) ямар байх нь үнэндээ чухал биш. Парламентын засаглалтай (УИХ, Засгийн газар хоёр нь холилдсон) байсан нөхцөлд УИХ-аас мөнгөний үнэр салахгүй. Мөнгө үнэртэж байгаа УИХ-д орох гэж уралдах эсэн бусын ялаанууд алга болохгүй. Тэгэхээр төр яаж цэвэрших юм? Төр цэвэр байж чадахгүй бол сонгогчдын итгэл яаж сэргэх юм?  Пропорционал системээр сонгууль явуулбал төр цэвэршинэ гэж яаж хэлж чадаж байна аа? Дан пропорционалаар явуулсан ч гэсэн намын жагсаалтаар орж ирсэн намчингууд чинь засгийн мөнгөн дээр найрладагаараа найрлана. Давхар дээл өмсдөгөөрөө өмсөнө. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар хоёр нэг хөнжилд хэвээрээ л байгаа шүү дээ. Дахиад хэлье: Парламентын засаглалтай үед УИХ, Засгийн газар хоёр нэг хөнжилд байна, харин Ерөнхийлөгчийн засаглалтай бол энэ хоёр тусдаа байна аа. Төрийг цэвэрлэх ганц арга бол сонгуулийн аргаа пропорционал болгох биш, засаглалынхаа хэлбэрийг л солих арга юм. Ерөнхийлөгчийн засаглал тогтоож, хариуцлага үүрэх эзэнтэй болгоно гэсэн үг.
Геополитик гэж том том юм ярихаа болимоор юм. Эхлээд улс орноо яаж төвхнүүлэхээ ярих хэрэгтэй. Манайх шиг хоёр том гүрний дунд байгаа улс геополитик яриад байх шаардлага байх ч юм уу, үгүй ч юм уу. Геополитик чинь том гүрнүүдийн тоглодог тоглоом байх шүү. Бид Швейцарь улс лугаа адил төвийг сахисан гадаад бодлого бариад л, аль нэг эвсэлд орохгүй байхад л болно. Бидний том байсан үе ард хоцорсон. Одоо тэгэхээр хэмжээндээ таахалзаж, элдэв бусын хэрэг явдалд хошуу дүрэлгүй мөрөөрөө байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол аюултай гэдэг ойлголт  тархинд нь их гүн сууж дээ, зайлуул. Уг нь хаан сонгох гээгүй юм шүү дээ. Ерөнхийлөгчийг чинь хянаж байдаг УИХ гэдэг  байгууллага үүргээ гүйцэтгэж чадаж байвал айж чичрээд байх шаардлага байхгүй. Дээр нь хараат бус шүүхийн бүтэц нь ажиллаж байхад ''хаант засаг'' тогтох боломжгүй л дээ.

В.Удвал 
В.Удвал : Хятад орон яагаад авилгаасаа салав аа гэвэл толгойлж байгаа хүн нь "Авилгатай тэмцэх гэхээр нам маань хэцүүдэх гээд байдаг, тэмцэхгүй гэхээр улс орон маань хэцүүдэх гээд байдаг, гэхдээ улс орны эрх ашгийг бодвол тэмцэхээс аргагүй"  гэж хэлээд тэмцсэний дүнд авилгын мөнгө улс орны хөгжилд зарцуулагдаж сүүлийн жилүүдэд их амжилтанд хүрч чаджээ. Бид ийм л зүйлд бид хүрэх шаардлагатай юм аа.

Миний бодол: Удвал хуульч маань Үүрцайх нарын олон хүний үзэн яддаг хүнд гар гэгдэх этгээдийг магтаад байх шиг. Хятадын удирдагч бол авторитар дэглэмийн толгойлогч мөн. Нэг ёсны ''дарангуйлагч''  л даа. Гэхдээ улс төрөөс бусдыг зөвшөөрнө гэсэн зарчимтай. Тоталитар дэглэмийг бодвол илүү уян хатан юм уу даа. Хэрвээ Хятадууд манайх шиг Парламентын ардчилсан засаглалтай байсан бол олон намуудад хуваагдсан, хоорондоо хөлөө жийлцсэн, хэн нь илүү идэж уух вэ гэж уралдсан, засаг нь тогтворгүй, аягүй бол дотроо үймээн самуун ихтэй, баян ядуугийн хоёрхон туйлтай, ард түмний дийлэнх нь үгээгүй хоосон, улс орны хөгжил нь дэлхийд тэргүүлэх байтугай Африкийн орнуудын зиндаанд нилээн доогуур жагсаж байх байсан биз ээ. Гэвч тэд ''зөв''  замыг сонгосон учраас дэлхийд тэргүүлэх хүчтэй улс болж, иргэд нь дэлхийгээр зугаацаж чадах хэмжээний чинээлэг болж чадсан байна. Энэ зөв зам гээд байгаа нь жинхэнэ цэнгэлийн манлайд хүрэх замын дунд дамжих ёстой шат дамжлага байсан ч байж магад. Энэ шатыг туулаад дуусахын алдад жинхэнэ ардчилсан, эрх чөлөөтэй орон болж, хүний эрхийг дээдэлсэн, улс төрийн ардчилалыг хангасан ардчилсан улс болох цэг дээрээ очих нь дамжиггүй.  Тэр цэг дээр очих нөхцөл, шаардлагыг авторитар дэглэмээр дамжиж хангах ёстой байсан юм болов уу даа. Хятадын дараагийн буюу эцсийн цэг дээр очих үеийн дэглэм бол ардчилсан Ерөнхийлөгчийн засаглал байх биз ээ. Өмнөд Солонгос мөн л эхэндээ цэргийн дэглэмээр явж байгаад л яваандаа цэнгэлийн манлайд хүрсэн гэдэг.
Харин манай улс Парламентын засаглалыг авч хэрэглэхээс өмнөх шатыг алгасаад харайчихсан юм. Харайж явахдаа хамраараа газар шаагаад уначихсан хэрэг. Тэр өмнөх шат гэдэг нь Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр байсан юм.  Бид чинь морьтойгоо аливаа замыг товчлоод харайгаад сурчихсан улс биз дээ? Олон жилийн өмнө Капитализмыг алгасаад Феодализмаас шууд Социализм руу харайгаад орчихсон билээ. Түүн шиг бид 30 жилийн өмнө тоталитар дэглэмээс ардчилсан дэглэм рүү шилжихдээ Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг авахгүй  Парламентын засаглалын хэлбэрийг сонгосон нь алдаа болжээ. Бид Парламентын засаглалыг авч хэрэглэх зиндаанд хүрч өсөж бойжих хүртлээ Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонгож авах байсан юм. Ийнхүү бид хоёрдахь удаагаа том ''алгасалт'' хийснийхээ горыг одоо амсаж байна.

Төгсгөлийн үг:

Хэрвээ энэ засаглалын хэлбэрийг халж чадахгүй бол Монгол улс хөгжинө гэдэг нь үлгэр болно. Яагаад гээч? Яагаад гэдгийг өнгөрсөн  30 жилийн Парламентын засаглал харуулаад өглөө. Гудамжаар багтаж ядан холхих  хуучин машин, өндөр байшингуудаар улсын хөгжлийг хэмжихгүй ээ. Улсын хөгжлийг ард түмний амьдралын түвшингээр л хэмжинэ. Ард түмний дийлэнх нь өрөнд баригдаж өнөө маргаашаа арай ядан аргалсан, гудамжинд гарч гуйлгачин болсон энэ бодит байдал бол Парламентын засаглалыг сонгосон нь алдаа болжээ гэдгийн нотолгоо. Болохгүй юмыг болно гэж яриад, хөгжил цэцэглэлтийн баталгаа болно гэж бурах хуульчид маань үнэхээр мулгуу харагдаж байна даа. Зөвхөн энэ хэд ч биш, маш олон улс төрч нэртэй луйварчид, намчингууд одоогийн энэ засаглалаа хэвээр нь хадгалах сонирхолтой байгаа. Яагаад гэвэл энэ нь тэдэнд ашигтай. Тийм ч учраас сая Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа жаахан засвар хийсэн болоод л Парламентын засаглалаа хэвээр нь үлдээлээ. Дахиад 8 жил бид Үндсэн Хуулинд гар хүрэх эрхгүй болсон, хуулиараа.

Засаглалын хэлбэрийг солихдоо Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах  замаар хийдэг учраас ирэх 8 жилд энэ тухай ярилтгүй болсон. Ингээд 2 удаагийн сонгуульт хугацааны дараа (8 жилийн дараа) Монголчуудын амьдрал ямар байхыг харах л үлдлээ. Тэр цагт бидний амьдрал дээрдсэн байна гэж яагаад ч төсөөлөгдөхгүй байна. 30 жил Парламентын засаглал хэрэгжүүлээд хөгжөөгүй уруудаж яваа Монголчууд 8 жилийн дараа огцом дээшлэнэ гэдэг бол бас л үлгэр. Хайран  хугацаа. Дахиад 8 жил алдлаа. Бид өөрсдөө арчаагүй үхээнц, идэвхигүй, бэртэгчин учраас өөрчлөлт хийж чадахгүй эрх баригчдын аманд багтаж, тэдний аяар л утсан хүүхэлдэй шиг хөдөлж байна. 2028 онд Монголчууд ухаарч сэхээрэх болтугай гэж л найдах л үлдлээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө