Шинэ оны босгон дээрх бодол

Шинэ он гарах дөхөж байна. Өнгөрсөн хугацаанд  Монгол улсад маань юу болоод өнгөрөв өө?  Сайн сайхан дуулгах юм алга даа. Монгол Ардын Нам 2016 оны сонгуульд ялж олонхи болоод дураараа тонгочиж, дунд чөмгөөрөө жиргэсэн он жилүүд  болж өнгөрлөө. 60 тэрбумын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, зорьсон зорилгодоо хүрсэн эрх баригчид маань ЖДҮ дэмжих санг хоосолж, ялсан намын сүр хүчийг үзүүлэв. 60 тэрбумын операцад хамрагдсан хүмүүс намаа цээжээрээ хамгаалж тас гүрийж үнэнчээ баталж хоолтойгоо үлдсэн боловч гардан зохион байгуулж удирдсан Ц.Сандуй  (Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга байсан, Нийслэлийн МАН-ын  хорооны дарга асан) , А.Ганбаатар (МАН-ын гишүн, Шинэ хаад группын захирал) нар шүүхээс ял авч золиосонд нь явсан билээ. Гол толгойлогч нь болох М.Энхболд (УИХ-ын дарга асан) цэвэрхэн мултарч чадсан нь үнэн, гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг биз?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшийг гэр хорооллынхонд ''шахаж'' агаарын бохирдлыг шийдэх арга хэрэгжүүлсэний үр дүнд агаарт үзэгдэх утааны хэмжээ багасч, цэвэршиж байна гэлцэнэ. Гэвч мөнөөх түлшийг хэрэглэх явцад угаартаж хордсон тохиолдол олон гарч, тэр ч байтугай хүний эрдэнэт амь үрэгдсэн харамсалтай явдал гарлаа. Шахмал түлшийг буруу хэрэглэснээс болж хордож үхсэн хэмээн талийгч хүмүүсийг  буруутгаж, үхсэний хохь болоод өнгөрч байх шиг байна. Уг нь нийтийг хамарсан ийм томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаа төр засаг нь иргэддээ эхлээд мэдээлэл сайн хүргэж, уг арга хэмжээг хэрэгжих нөхцөл байдал, иргэдийнхээ  аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлаж, сургалт мэдээллийг сайн хийх ёстой баймаар. Агаар илүү тунгалаг болсон мэт харагдах боловч албан ёсны байгууллагын агаарын хэмжилтийн үзүүлэлтээр хүхэрлэг хийн агууламж нь ердийн байх ёстой хэмжээнээс хэд дахин их байна гэж гарч байна гэнэ. Хүмүүс гадуур явахаар толгой өвдөж байна гэлцэнэ. Хүхэрлэг хий их өндөр байх нь эрүүл мэндэд бас ноцтой аюултай гэнэ. Цаг хугацааны явцад ямар хор хохирол учруулахыг таашгүй.

Хуучин оноо бид FATF (Financial Action Task Force) байгууллагын үнэлгээгээр саарал жагсаалтанд орсон ''амжилтаар'' үдэж байна.  Энэ олон улсын байгууллага нь дэлхийн санхүүгийн системд хохирол учруулдаг  мөнгө угаах, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх болон үүнтэй хамаатай үйл ажиллагаатай тэмцэх хуулийн болон зохицуулалтын үр дүнтэй арга хэмжээ, стандартыг тогтоох, түгээх зорилготой. Үүнтэй холбоотой зөвлөмж гаргаж гишүүн орнуудаа хэрхэн мөрдөж байгааг хянадаг. Манай улс FATF-ын жинхэнэ гишүүн биш боловч APG (Asia-Pacific group on Money laundering) буюу Мөнгө угаахтай тэмцэх Ази-Номхон далайн бүлэгт элсэж, FATF-ын зөвлөмжийг дагах үүрэг хүлээсэн юм. Гэвч үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас 2013 онд Саарал жагсаалтанд орж байсан бөгөөд 2019 онд дахин орсон бололтой. Энэ удаа гурван үндсэн шалтгаанаас болсон хэмээн бичиж байна:

1. Хойд солонгосын иргэд Монголд ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд энэ мөнгө Хойд Солонгост янз бүрийн төслийн санхүүжилт болж байна.
2. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээнээс 1.5 дахин их мөнгө Эдийн засгийн  ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн явцад илэрсэн. Үүнийгээ тайлбарлаж чадаагүй. Татвараас гадуур маш их мөнгө эргэлдэж байгаа нь мөнгө угаадаг байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байна.
3. Монголд үйл ажиллагаа явуулдаг 540 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 2000 гаруй Хадгаламж, зээлийн хоршоо байдаг боловч энд ямар ч хяналт байдаггүй.
Энэ бүхнийгээ тайлбарлаж, засаж янзлахгүй бол мөддөө тэр Саарал жагсаалт гэгчээс гарч чадахгүй бололтой.

Эхний шалтгаан нь ойлгомжтой бөгөөд шийдэхэд амархан. Хойд Солонгосын ажилчид, бизнесийг Монголд хориглоход л асуудал шийдэгдэнэ. Хоёрдахь асуудлын тухайд гэвэл манай банк санхүүгийнхэн л тайлбарлаж чадна. Мөнгө угаадаг байх магадлалтай. Гуравдахь асуудал бол цэгцэлж болох зүйл. Уг нь! Манай баячууд, эрх мэдэлтнүүд, улс төрчид маань улсын сангаас (ЖДҮ гэх мэт) маш бага хүүтэй мөнгө зээлж аваад өөрсдийнхөө хувийн Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ), Банк бус санхүүгийн байгууллагаар (ББСБ) дамжуулан өндөр хүүтэй зээлж ард түмнээ шулдаг гэж ярьдаг. Мөнгө хүүлж баяждаг арга шүү дээ. Үүнийг янзлана гэвэл эзэд нь их л эсэргүүцэж бөөн юм болох байх даа. Тэгэхээр бараг худлаа биз дээ. Ингээд Сааралаасаа гарч чадахгүй Хар жагсаалт руу гулсаж орох биз, яваандаа.

Үндсэн Хуулийн Цэцийн дарга нь гадаад улс руу албан ажлаар явж байхдаа онгоцны үйлчлэгч Солонгос эмэгтэйн бөгсөнд зөвшөөрөлгүй хүрсэн гэгдэх асуудлаар бөөн шуугиан болж, Өмнөд Солонгос улс золтой л манай улстай дайн зарласангүй. Манай дарга Солонгост баахан ээрэгдэж байцаагдсан гэнэ. Монголдоо ирээд  өөрийнхөө саналаар ҮХЦ-ийн даргаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөнийг нь ҮХЦ-ийн гишүүд нь хэлэлцээд 100%-ийн саналаар чөлөөлж гэнэ ээ. Гэхдээ даргаасаа буусан ч ҮХЦ-ийн гишүүн хэвээрээ үлдэж байгаа юм байх. Өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэхийг бодоход буруу хийсэн гэмээ хүлээж байгаа гэмээр. Гэтэл би буруугүй гээд энд тэнд яриад явах юм. Муусайн Солонгосууд хүнийг ор үндэсгүй гүтгэх хэмжээний ёс суртахууны доройтолд орсон улс гэж бодохгүй байна. Тэгэхээр манай Д.Одбаяр даргад учир байна даа.

Эх орныхоо нэрийг дэлхийд гутаагчид Д.Одбаяр даргаас өөр бас зөндөө байна аа. Манай улсыг гадаадад төлөөлөн суух дипломатууд маань мөн л хямдхан баяжих хязгааргүй хүсэлдээ автан орон дамжсан хууль бус бараа тээвэрлэж байгаад баригдлаа. Дипломат халдашгүй байдлаа ашиглан янжуур тамхи зөөдөг байсан бол хар тамхи зөөдөг болжээ. Түрүүчээсээ Германд шүүхээр ороод ял эдэлж эхэлсэн бол нэр бүхий цөөнгүй этгээдийг Польшийн цагдаа эрэн сурвалжилж байгаа гэнэ. Энэ тухай нийтлэлүүд зөндөө:   https://updown.mn/98383.html  ,  https://news.mn/r/2151785/  гэх мэт.
Гэвч эрх баригчид маань хаацайлаад л, хамгаалаад л өнгөрөх бололтой. Өөрсдийнх нь гар хөл орооцолдсон байдаг биз ээ. Гадаад ертөнцөд эх орныхоо нэрийг гаргаж байгаа хүмүүс бол спортынхон л байна. Ийм болохоор энэ бичвэртээ  Бөртэ чоно-2019 шагнал авсан М.Анхцэцэгийн зурагаар гангарлаа. Мундаг тамирчин шүү!

2019 оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин М.Анхцэцэг
Шинэ он гарах гээд шинэ жилээ тэмдэглэцгээгээд их л хөл хөдөлгөөн болж байх шиг. Оны шилдэгээ тодруулж шагналын хур бууж байна. Шилдэг улс төрч гэдэг гуншин бас өгөх сурагтай. УИХ-ынгишүүн Т.Аюурсайхан  Шилдэг улс төрч гэдэг гуншинд нэр дэвшүүлэх жагсаалтаас нэрээ хасаж өгөхийг хүсэж Твиттер дээр жиргэсэн тухай мэдээ дуулдана. Ард түмнээ ядууруулж, улс орноо Саарал жагсаалтанд оруулж, олноороо ЖДҮ дэмжих сангаас эрх мэдлээ ашиглан хямдхан зээл аваад өндөр хүүтэй хүүлж байгаа, луйварчин хулгайч нэр зүүж, ард түмнийхээ хараал зүхлийг хангалттай сонсож байгаадаа ичсэн юм байлгүй дээ. Нэг ч гэсэн гишүүний ичих булчирхай нь ажилласан бололтой. За тэгээд сураагүй биш дээ, манай эрх баригчид өөрсдийгөө ичихгүй өргөмжилж шагнуулцгаах нь ойлгомжтой.

Эцэст нь, анхааруулж сэрэмжлүүлэх үүднээс хоёр үг хэлье. Шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр нөгөө л архидан согтуурах нь хэрээс хэтэрч элдэв осол бэртэл авах, амь насаа ч алдсан харамсалтай мэдээ дуулдаж байна. Баяраа тэмдэглээд харих замдаа тасарч унаад хөл гараа тайруулж байгаа тухай мэдээгээр ярьж байна. Амь насаа алдсан тохиолдол гарлаа. Гудамжинд хөлдөж үхсэн гэнэ. Биеэ хянах чадваргүй болтлоо согтсон нэгнээ унаа машинд суулгаж өгөөд, эсвэл цуг яваад гэр оронд нь эсэн мэнд хүргээд өгч байгаач ээ! Нэгнийгээ хайрлаж, сэрэмжилж байя!  Хоёр хөл нь түфль гуталтайгаа хөлдсөн эмэгтэй хөлөө тайруулах гээд эмнэлэгт хэвтэж байгааг зурагтаар харлаа. Гадаа согтуу хөлдөж үхсэн эрэгтэйн ар гэрийнхэн уйлахыг харлаа. Даанч дээ! Хайран хүмүүс минь ганц өдөр согтуурч цэнгээд л хөлгүй болж байна, хорвоогоос явж байна. Согтуу хүн өөрөө гайгүй байнаа, яваад харьчихаж чадна гэдэг бол худлаа шүү. Гадаа салхинд гараад л ухаан алддаг юм. Тийм учраас нэг нэгнийгээ анхаарч байх хэрэгтэй шүү!
За тэгээд сайхан баярлаарай! Шинэ оны мэнд!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө