2028 он хүртэл авралгүй болсон шүү

Төр улсаа авч явж байгаа байдал, арга барил болохгүй байна аа гэдгийг амтай болгон ярьж байна. Болохгүй байна аа гэдгийг  өнөөгийн Монголчуудын байгаа байдал, амьдралын түвшин, төр засгийн чадавхи, чансаа, үйл ажиллагаа гээд олон юмаар нотлогдож байна. Энэ тал дээр бараг хүн бүр санаа нийлж байгаа байх. Бараг 30 жилийн хугацаанд ямар өөрчлөлт, ямар үр дүн гарав аа гэж. Үр дүн буюу бидний хүрсэн түвшин маань хүн бүрийн нүдэнд ил байна. Тааруухан дүн тавьж байна. Тэгвэл яавал онц дүн тавих түвшинд хүрч чадах вэ гэдэг асуулт гарна.

Улиг болсон зүйлээ давтаж яриад хэрэггүй л дээ. Тухайлбал, хүнээ сольё, шүүхээ шударга болгоё гэдэг ч юм уу, эсвэл хахууль авч байгаа учраас тэр хүмүүсийг л сольчихвол болчих юм шиг ярьдаг. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл адгийн шаарнуудаа сонгоод ирсэн учраас бүх юм уруугаа явчихжээ, тэгэхээр одоо л жинхэнэ өөгүй шударга хүмүүсээ сонгоё ч гэж байх шиг.
Тэгвэл өдий 30 жил олон сонгууль явуулахдаа яахаараа дандаа муу хүмүүсээ сонгоод байсан хэрэг вэ гэдэг асуулт гарна. Гэтэл тийм байсан гэж хэлэх нь утгагүй юм. Аль сайн гэснээ л сонгодог байсан байх. Мэдээж олон хүн дотор муу нь байж болох юм. Тэгвэл яагаад бидний сонгож ирсэн  сайн хүмүүс нь адгийн шаар болчихдог билээ?

Сонгогддог хүмүүс маань ихэнх нь намаар дамжиж гардаг.  Гарсаныхаа дараа тэдгээр хүмүүс маань нэг олдсон боломжоо ашиглаж өөрийн болон бусад хамаатныхаа, ах дүүсийнхээ амьдралыг сайжруулая гэж бодно. Нөгөө талаар сонгогдохын тулд намдаа хандивласан болон сонгуульд зарцуулсан мөнгөө эргүүлж олож авахын тулд боломж болгоныг ашигладаг юм. Нөгөөтэйгүүр, тэдгээр хүмүүс маань дахиж сонгогдох боломж олдохгүй ч байх магадлал байгаа учраас хүрд эргүүлэх боломж олдсон дээр нь хувийн эрх ашгаа эхэнд нь тавьдаг.
Энэ бодлого санааг нь хэрэгжүүлэх таатай боломж нь байдаг учраас тэдэнд төвөггүй байдаг. Энэ таатай боломжийг одоогийн тогтолцоо нь бий болгодог. Энэ тогтолцоог Парламентын засаглал гэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ ба Засгийн газар хоёр нь холилдчихсон байдаг учраас нэгэнт л УИХ-д орж чадвал мөнгөний авдарт  хуруугаа дүрэх боломжтой болдог гэсэн үг.

Иргэд маань сонгуульд хэдийгээр бие дааж нэр дэвших боломжтой боловч сонгогдох боломж, магадлал тун бага байдаг. Харин намын нэрээр дэвших юм бол чиний төлөө санал өгөх намын гишүүн нэртэй олон сонгогч бэлэн байдаг. Тэдгээр сонгогч нар бол ''сургуультай нохой'' юм. Тэгэхээр зоос  л байвал өөрийн намын гишүүн-сонгогчоос гадна нам бус буюу гуйвж дайвдаг хэсгээс өөрийнхөө талд цөөнгүй тооны сонгогч урвуулах боломжтой. Үүнийг санал худалдаж авах гэж нэрлэнэ.
Тэгэхээр нам гэдэг бол диваажинд хүрэх шат гишгүүр нь болдог.
Нам ч багагүй ач холбогдол өгч нэр дэвшигчээ алтан гургалдай болтол нь сурталчилж дэмжинэ. Хэрвээ сонгогдвол намд нь ашигтай. Олон суудал авч чадвал төр засгийн эрхийг барих том бялуугаар шагнуулна. Ялсаныхаа дараа бялуугаа хуваана. Өөрөөр хэлбэл, ялсан намын гишүүд ажилтай болж бялуунаас хүртдэг. Нөгөө намын буюу ялагдсан намын гишүүн-албан хаагчид бултаараа ажлаасаа халагдана. Энэ гинжин урвал зогсолтгүй явагдана.

Парламентын засаглалын нэг гаж үзэгдэл бол ялсан намынхан хоорондоо ясаа булаалдаж хагаралдаад өөрсдийнхөө байгуулсан засгаа унагадаг явдал. Өөр нэг ээлж нь  бялуунаас хүртэх гэж түрүүнийхээ ээлжийг зайлуулдаг. Шинэ Ерөнхий сайд, шинэ сайдууд, шинэ төрийн албан хаагчид ажлаа хүлээж авна. Нэг нам дотроо ээлжилж хоолонд орж байгаа нь энэ шүү дээ.
Дараагийн сонгуулиар нөгөө нам нь ялчихвал хуучин эрх баригчдын хийсэн нүглийг яг давтдаг. Ингээд энэ битүү тойрог тасрахгүй үргэлжилж, үд дүнд нь ард түмэн, улс орон нь хохирдог. Ард түмэн бол нэг чонын амнаас нөгөө чонын аманд орж сонгуулиас сонгуулийн хооронд талхиулдаг.

Энэ тойрог үзэгдэл буюу битүү цикл олон удаа давтагдсан өнгөрсөн 30 жилийн  хугацаанд мөнөөх ээлжилж эрх барьж байсан эрх баригчдын үр хүүхдүүд аль боломжийн улс орны нэр хүндтэй сургуулиудад сурч мэргэжил эзэмшиж бэлтгэгдсэн байх бөгөөд эцэг эхийнхээ залгамж халааг авахад бэлэн болжээ. Тэд аль хэдийн хөл нь дөрөөнд хүрч төр засгийн байгууллагуудад байр сууриа олж авсан байна. Мэдээж эрх баригчид одоогийн энэ ''сайхан тогтолцоог'' өөрчилж солино гэж байхгүй. Тэгэхээр одоогийн энэ байдлаараа дахиад 30 жил явахад 3 хүний нэг нь биш, 3 хүний 2 нь ядуу болсон байх биз. Саяын Үндсэн Хуулийн нэмэлтээр эрх баригчид энэ тогтолцоогоо дараагийн 8 жилд лав хадгалж үлдэх арга замаа хийчихсэн. Тийм учраас 2028 хүртэл Үндсэн Хуулинд гар хүрэх эрхгүй болсон. Парламентын засаглалыг сольж, Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглана гэвэл Үндсэн Хуулиндаа өөрчлөлт хийх ёстой бөгөөд ийм боломж 2028 он хүртэл хаагджээ.

Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол дарангуйлагч бий болно гэж цэцэрхдэг хүмүүс  бол зүгээр л муулахын тулд муулж байгаа юм. Тэд Ерөнхийлөгчийн засаглалтай боловч тааруухан яваа улсуудаар жишээ авч ярьдаг. Тэгвэл сайн яваа улсууд бас байна аа.Тэгэхээр энэ жишээ юуг нотолж байна вэ гэвэл, Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол бас сайнаар явж болдог юм байна шүү гэдгийг харуулаад байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол хоёр хөрш маань манай Ерөнхийлөгчийг дуудаж аваачаад урвуулах, эсвэл дарамтлаад өөрсөддөө ашигтай, Монголд хохиролтой шийдвэр гаргуулчих юм гэнэ. Тийм дураараа юм гэж хаана ч байхгүй. Тийм боломж ч байхгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн засаглалтай үед Парламент буюу УИХ нь улс орны эрх ашигтай холбоотой бөгөөд гадаад оронтой хийгдэх томоохон гэрээ хэлэлцээрийг хянаж хэлэлцдэг. Тухайн гэрээ хэлэлцээр хийх эсэхийг Ерөнхийлөгч дангаараа биш, харин УИХ-аар зөвшөөрсөний дараа эцсийн байдлаар хийгдэж хүчин төгөлдөр болдог ёстой. Тийм учраас ганц Ерөнхийлөгчийг худалдаж аваад урвуулчихна гэдэг бол ямар ч боломжгүй. Ард нь УИХ гэдэг том даваа, хяналт  байдаг юм.

УИХ бол хууль тогтоох байгууллага бөгөөд төрийн эрх барих дээд байгууллага. Ерөнхийлөгч төрийг дангаараа төлөөлөхгүй. Гадаад улсад Монгол Улсыг төлөөлөх боловч дээр хэлсэнчлэн дангаараа том асуудлыг шийдэх эрхгүй. Тэр хүн Засгийн газраа толгойлж, аж ахуйн ажлаа хариуцаж явдаг ёстой. Эрх мэдлийн ийм хувиарлалт, зааг ялгаа нь хэн нь юу хариуцдагийг тодорхой зааг ялгаатай харуулж өгдөг учраас иргэд хэн ямар хариуцлага, үүрэг хүлээж байгааг мэддэг.
Өнөөдөр бид УИХ-ыг бүрэн зөвөөр нь байгуулж чадахгүй байна.  УИХ-д ямар хүмүүс байх ёстой вэ? Нас төлөвшиж тогтсон, амьдралын баялаг туршлагатай, эрдэм мэдлэгтэй хүмүүсээ УИХ-д сонгодог байх хэрэгтэй. Одоогийн манай УИХ-ын гишүүдийг ажвал амьдралын ямар ч туршлагагүй, дипломноос өөр үзүүлэх юмгүй, нас балчир учраас хацар дээрх нус нь арилаагүй, гэр бүл зохиогоогүй ч хүмүүс байна. Гадны улсын Парламентын гишүүдийг харахад нас тогтсон, мэдлэг боловсрол өндөр хүмүүс байх юм.

УИХ ба Засгийн газар нь нэг хөнжилдөө орсон энэ Парламентын тогтолцоог халж Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол УИХ ба Засгийн газар хоёр нь өрх тусгаарлана. Нэгэнт УИХ нь Засгийн газраас тусдаа болчих учраас УИХ руу элдэв хувийн бодол өвөртөлсөн, мөнгө харсан хүмүүс орох явдал зогсоно. Яагаад гэвэл зарцуулсан мөнгөө эргүүлж олж аваад, бас дээр нь мөнгө ихээр олох боломжгүй болох учраас тийшээ мөнгө цацаж орох гэж зүтгэдэг тэнэг амьтан олдохоо болино. Ямар хүмүүс УИХ-д өрсөлдөх вэ гэвэл улс орондоо өөрийн  мэдлэг туршлагаа ашиглаж хувь нэмрээ оруулах гэсэн эрдэмтэн мэргэд, асар баялаг туршлагатай бөгөөд УИХ-д сонгогдож хууль батлалцах нь нэр төрийн хэрэг гэж үздэг эх оронч сэтгэлтэй, ухаан суусан хүмүүс байх юм. Тэд ухаанаа уралдуулж өрсөлдөх учраас сонгогчид гоё чамин амлалт, худлаа донгодохыг сонсох зовлонгоос ангижрана. Эрдмийн хүмүүс гэдэг нь бичгийн хүмүүс юм. Эдийн засагч, нийгмийн ухааны мэргэд, хуульчид гэх мэт. Тэд бол бичгийн цаас харахаараа сэрэл нь хөдөлдөг, үзэг барих донтой, ширээний ард суучихаад бичиг цаастай холилдож, нухаж суухдаа, цаасан дотор умбаж байхдаа жаргалаа эдэлж, таашаал  кайф авдаг хүмүүс юм. Тэд нэр хүндийг эрхэмлэдэг хүмүүс юм. Тэд бол нэр төрөө мөнгөнөөс дээгүүр тавьдаг оюунлаг хүмүүс юм.

Ингээд ирэхээр Парламент буюу УИХ гэдэг төрийн дээд байгууллага цэвэрших бөгөөд ''номын цагаан өтнүүд'' л ажилладаг газар болно. Тэд бол ёс зүйтэй хүмүүс учраас аль нэг намын эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж асуудалд хандахаас илүүтэй улс орны эрх ашгийг эхэнд нь тавьж асуудлаа ярьдаг болно. Ингэхээр тэдний баталж гаргасан хууль нь амьдралд ойр, бодитой, улс орны эрх ашигт нийцсэн байж чадна.

Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь өөрийнхөө багийг бүрдүүлж ажилладаг. Хэрвээ аль нэг намаас нэр дэвшиж сонгогдсон бол намаас түдгэлзэх ёстой. Тэр хүн багаа бүрдүүлэхдээ намын харъяалалыг нь харгалзахгүй хамгийн шилдэг хүмүүсийг сонгох болно. Хэрвээ өөрийн намын нөхдийг тухайн албанд тэнцэх эсэхээс үл хамааран томилоод, дараа нь тэд нар нь  ажлаа хийж чадахгүй, ажлаа унагаах юм бол эргээд бүх буруу, хараал зүхэл Ерөнхийлөгчийн толгой дээр л бууна. Мулгуу ерөнхийлөгч л ийм зүйл хийх байх. Тэгээд ч тэр Ерөнхийлөгч албан тушаалдаа удаан тэсэхгүй бөгөөд аль муугаараа дуудуулаад л огцрох юм уу эсвэл хугацаагаа дуусгана. Дахиж ард түмнийхээ нүүрийг харах эрхгүй болно. Магадгүй Монголд ч тайван амьдрах аргагүй болох биз. Харин нам бус бөгөөд бие даагч хүн Ерөнхийлөгч болбол тэр хүнд бүр л амар байх нь ойлгомжтой. Намын шахалтанд орохгүйгээр хамгийн шилдэг хүмүүсээр өөрийнхөө багийг бүрдүүлж ажиллахад харьцангуй дарамтгүй, чөлөөтэй байх сайн талтай.

Ажлаа сайн хийж ард түмнийхээ амьдралыг, улс орноо өөд нь татаж чадаж байвал тийм Ерөнхийлөгчийг ард түмэн дахин сонгохыг хүсэх нь ойлгомжтой. Харин хуулиараа тухайн хүн хэдэн удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж болохыг зааж хязгаарлах нь буруу гэж бодно.   Андуураагүй бол одоогийн хуулиар тухайн хүн нэг удаа л улирч сонгогдох эрхтэй. Гэвч сайн бодож тунгаавал, ажлаа сайн хийж байгаа хүнийг нэг удаа улируулаад дараа нь ''халаад хаячихаж'' байгаа нь хэр зөв зохицуулалт вэ?  Ажлаа сайн хийж байгаа хүнийг халдаг юм уу? Харин ч улам дэвшүүлдэг биш билүү? Гэвч ажлаа сайн хийж байгаа Ерөнхийлөгчийг дэвшүүлнэ гэж байхгүй, харин улируулан сонгож болох боломжтой байх хэрэгтэй гэсэн үг. Мэдээж албанд байгаа Ерөнхийлөгч сонгуульд бусдын адил оролцож ард түмнээр ажлаа шүүлгэнэ. Ард түмэн тухайн Ерөнхийлөгчийг ажлаа сайн хийж байна гэж л дүгнэж байгаа бол дахин сонгох эрхтэй байх нь зөв. Хэрэв 2 удаа улируулан ажиллуулчихаад Ерөнхийлөгчөө хуульд заасан ёсоор ''тэтгэвэрт'' гаргаад дараа нь нэг шинэ баагий сонгосон чинь өнөөх нь өмнөх Ерөнхийлөгчөөсөө муу ажиллавал яах юм? Хүн хүний арга барил, удирдах чадвар, мэдлэг ухаан  адилгүй биз дээ? Тэгэхээр хуулиараа хэдэн удаа улирч болохыг зааж хязгаарлах нь буруу бөгөөд өөрчлөх ёстой зохицуулалт гэж бодож байна.

Зарим иргэд маань Ерөнхийлөгчийн засаглалтай байна уу, Парламентын засаглалтай байна уу ялгаагүй адилхан гэнэ. Хамгийн гол нь зөв хүмүүсээ л сонгох хэрэгтэй гэнэ. Ингэж өөрсдийгөө хуураад яахав дээ. Бид чинь 30 жил зөв сайн гэсэн хүмүүсээ сонгож ирсэн биз дээ? Гэтэл тэр сонгосон хүмүүс чинь та бидний амьдралыг дээшлүүлж, улс орноо хөгжүүлж чадсан билүү? Үгүй юм аа. Сонгогдсон хэд маань суга баяжиж, сонгосон бид нь суга ядуурсан биз? Худлаа гэвэл төрийн түшээдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүрээр нь харьцуулаад хараарай. УИХ-ын гишүүний цалингаар тэгж суга баяжих боломж бий юу? Юу л бол.
Сонирхуулахад, 2019 онд АТГ-аас мэдээлсэнээр хамгийн өндөр орлоготой УИХ-ын гишүүнээр Б.Дэлгэрсайхан (2.8 тэрбум),  Л.Болд (1.2 тэрбум), Ж.Мөнхбат (1 тэрбум) нар тодорчээ.
Бараг бүгдээрээ компанитай, хувийн бизнестэй юм байна. Хорь гучин компанитай гишүүн ч манай 76 дотор байна. УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалангийн орлого 2017 онд 22 сая байсан бол 2018 онд 12 тэрбум болж суга өссөн байна. Л.Элдэв-очир гишүүний орлого 2017 онд 22 сая байснаа 2018 онд 13 тэрбум болж өссөн  байх жишээтэй. Хараад байхад бид чинь бизнесийн гүйлгээ ухаантай хүмүүсээ л сонгоод байсан юм шиг. Тэд маань өөрсдийгөө хөгжүүлэхэд л гүйлгээ ухаанаа ашигладаг байсан юм уу даа. Сурсан юмыг чинь сураар боож ямар болох биш дээ. Бизнесмэн  хүнийг сонгож болохгүй гэвэл хүний сонгох, сонгогдох эрхийг боосон болно. Тийм учраас бизнесийн биш номын хүмүүсийг хууль тогтоох байгууллага руу тэмүүлдэг тогтолцоог л тогтоох ёстой гэж яриад байгаа юм. Энэ тогтолцоо бол Ерөнхийлөгчийн засаглал юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засгаа УИХ-аас салгаж чадвал УИХ-аас мөнгөний үнэр үнэртэхээ болино. Мөнгөний үнэр алга болчихвол мөнгөнд дуртай бизнесмэнүүд маань тийшээ орох гэж зүтгэхээ болино. Бүдүүлгээр ингэж тайлбарлавал арай ойлгомжтой юм уу даа. Харамсалтай нь ингэж өөрчлөх боломж 2028 он хүртэл хаагдсан.

Нэгэнт 2028 он хүртэл Үндсэн Хуулиа өөрчилж чадахгүй болсон болохоор тэр болтол яаж тэсэх вэ гэдгээ ярих нь зөв байх. Удахгүй 2020 оны сонгууль болно. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн дотор 58 луйварчин байна гэж ярьж байна. ЖДҮ дэмжих сангаас сая тэрбумаар нь зээл авчихсан, хувийнхаа ББСБ-аараа дамжуулан мөнгө угааж байгаа, албан тушаалын байдлаа ашиглаж банкуудаас олон зуун сая, тэрбумаар нь зээл авчихсан, өөр элдэв аргаар өөртөө давуу байдал бий болгож албан тушаалаа чулуу болгосон сайн эрс, эмс тэнд малийгаад сууцгааж байгаа. Тэд 2020 оны сонгуульд мөнгийг баруун солгойгүй цацаж орох нь тодорхой. Түрүүчээс нь гурил, бараа тарааж байгаа сурагтай.

Энэ шаарнуудыг яаж дахин сонгохгүй байх вэ? Тэд мэдээж намынхаа нэрийн өмнөөс нэрээ дэвшүүлнэ. Тийм учраас МАН , АН ба МАХН гэдэг харъяалалтай нэр дэвшигчийн нэрийг  огт дугуйлж болохгүй. Ер нь бол бие даагч нэр дэвшигчийг сонгох хэрэгтэй. Хэрэв байхгүй бол дээрх 3 намаас өөр намаас нэр дэвшигчийг сонгох нь зөв. Ингэснээр өөр шинэ хүмүүс сонгогдох боломжтой болно. Алийн болгон дээрх 3 намынхныг тэжээх вэ дээ. Бусад нь бас идэг л дээ. Цөөхөн гахайг олон жил тэжээснээс тоог нь олшруулж олон гахайтай болъё л доо. Тэртэй тэргүй 2028 он хүртэл юу ч өөрчлөгдөх боломжгүй болсон шд.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө