Хүүхдийн эрх яръя гэвэл хувьсгал хийх хэрэгтэй

Э.Чулуунчимэг
...Чиний минь сэтгэл хувиран одохгүй
   Нэг л зангаараа зөвхөн надтай...
хэмээн дуучин Э.Чулуунчимэг дуулна. ''Бид хамтдаа''  нэртэй дуу нь. Харамсалтай нь тэр хүний амьдрал ийм байсангүй. Түүний нөхөр Б.Болдын сэтгэл нь хувиран оджээ. Тэрээр эхнэр хүүхдээ хаян Чулуунчимэгийн ''сайн'' найз, дуучин Х.Мөнгөнцэцэгийг сонгож шинэ бүл зохиосон билээ. Таван жилийн хамтын амьдрал ингээд ''будаа'' болжээ. Хэн хохирох вэ? Хамгийн түрүүнд хүүхэд л хохирно.

Тэр хоёр маань олны танил, хайртай хос байсан учраас мэдээж хэн бүхний анхаарал татах нь ойлгомжтой. Их ч шуугисан даа. Миний хувьд ч бас л харуусаж байлаа.
Уншигчид маань надаас  ''Чи яагаад одоо энэ тухай бичих болов?''  гэж асуух байх л даа. Хүний амьдрал бусдад хамаагүй гэдэг. Мэдээж, гэхдээ энэ хүмүүсийн амьдралаар жишээ авч хүүхэд хэрхэн хохирогч болдог  тухай  ярих гэсэн юм л даа. Гэр бүл салалт  бол Монголд ноцтой асуудал болж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн  эрх зөрчигддөг хэрэг гарсаар байна. Тэгэхээр энэ тухай өргөн сэдвээр ярилцая.

Сүүлийн жишээ гэхэд  энэ оны 3 сард хойд эцэгтээ зодуулж 10 удаа хагалгаанд орсон хүүгийн тухай мэдээ цацагдаж, хүн бүр л жигшиж байсан билээ.  Ухаан алдтал нь зодож маш хүнд бэртээсэн гэсэн, тэр араатан.
Хоёр жилийн өмнө хойд эцэгтээ хүчиндүүлсэн 5 настай охины тухай хэрэг олныг цочроосон. Ийм жишээ олныг дурдаж болно. Бид чинь даанч юмыг амархан мартаж орхидог дэндүү хэнэггүй улс юм. Дээдэс нь ч урьдчилсан арга хэмжээ авч , хууль дүрмээ чангалж, мөрдүүлдэггүйгээс ийм асуудал гарсаар байна.
 
2018 онд Дорноговийн Замын Үүдэд амьдардаг этгээд 14 настай дагавар охиноо хүчиндэж жирэмсэн болгосон хэрэг гарсан. Энэ донтон өөр нэгэнтэй хамтарч хүчинддэг байсан бөгөөд охин 5 сартай жирэмсэн болсон хойно хэрэг нь илэрсэн бололтой.
Мөн 2018 оны 4 сард Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны иргэн 23 настай залуу согтуурсан үедээ 9 настай дагавар охиноо хүчиндсэн хэрэг гарсан.

2017 онд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд оршин суугч иргэн өөрийнхөө эхнэр ба 4-11 насны гурван хүүхдээ хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон хэрэг гарсан. Энэ гэр бүлийн нэг гишүүн болох 14 настай охин тухайн үед зугтаж чадсаны ачаар амьд үлдсэн юм. Тэр охин дараа нь мэдүүлэхдээ сүүлийн 4 жилийн туршид хойд эцэгтээ хүчиндүүлдэг байсан тухай ярьсан байдаг.

2017 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газрын дарга О.Алтансүх өгсөн ярилцлагандаа тухайн онд 17 охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг бүртгэгдсэн тухай хэлж байжээ. Он дуусаагүй байхад өгсөн ярилцлага. Он дуустал хэд болж өссөн нь бүү мэд.
Үүнээс өмнөх жилүүдэд ийм төрлийн гэмт хэрэг гарсан тухай мэдээ хөөж үзвэл зөндөө л байна. Өнөөдөр ч ийм хэрэг далд үйлдэгдэж байгаа. Хохирч байгаа охид, хөвгүүд ил гарч, илчилж чадахгүй зовж байгаа нь ойлгомжтой.  Тэдний амсаж байгаа дарамтыг хэн ч төсөөлөхгүй. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гэмтнийг шийтгэх, ард иргэддээ зохих хууль дүрмийн тухай сурталчлах ажлыг төр засгаас маш хангалтгүй хийж байна. Тийм учраас хойд эцэг нь дагавар хүүхдээ хүчиндэх явдал тасрахгүй гарсаар. Зөвхөн эмэгтэй хүүхэд ч биш, хөвгүүд ч мөн хүчирхийллийн золиос болж байна.

Б.Болд хаяад явсан охиныхоо  хамт
Дуучин Б.Болд охиноо орхиод явсан нь үнэн. Тэр хөөрхий охин хойд эцгийн гар харах нь бас үнэн. Э.Чулуунчимэг насаараа ганцаараа явна гэж байхгүй. Тэгсэн чинь өнөө сайн эр маань охиноо хойд эцгийн гар харахыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн гэнэ. Ха ха ха. Тийм бол яах гэж хаяж явсан юм? Мань эр 2017 онд өгсөн нэг ярилцлагандаа Бид хоёрыг салахад хүргэсэн хүчтэй шалтгаан байгаагүй гэсэн байдаг. (Эндээс уншина уу)
Багахан үл ойлголцолоос болсон гэнэ. Багахан үл ойлголцлыг зохицуулж шийдэж чадахгүй хүүхдээ золиосолж байгаа хүнийг юу гэж ойлгох вэ? Ичихгүй худлаа хэлэх юм даа. Мөнөөх ярилцлаганд тэрээр Х.Мөнгөнцэцэгтэй ямар ч холбоогүй, зүгээр л жирийн сайхан найз гэж хэлсэн байдаг. Эхнэр хүүхдээ хаяад ''жирийн  сайхан найз''-тайгаа суугаад хүүхэдтэй болсон нь бас үнэн юмдаг.

0
(зүүн гараас) Э.Чулуунчимэг(хуучин эхнэр нь) , Х.Мөнгөнцэцэг (шинэ эхнэр нь) , Б.Болд 
Б.Болд мэтийн хамелеонуудаас болж хүүхдүүд хохирдог. Адгийн наад зах нь амьдын хагацал амсдаг. Сэтгэл зүйн хувьд маш том цохилт болдог. Гэвч хамелеонууд үүнийг тоодоггүй. Тэр ч байтугай тэд нар хаяад явсан үр хүүхдээ тэтгэж дэмждэггүй нь олон. Манайхны хэлдгээр Хүүхдийн тэтгэлэг  өгдөггүй олон хамелелонууд бий. Уг нь тэд хаяад явсан хүүхдээ насанд хүртэл нь тэтгэх ёстой. Харамсалтай нь манай улсад үүнийг хэрэгжүүлж мөрдүүлдэггүй учраас олон өрх толгойлсон эхчүүд амьдралаа авч явах гэж зовдог.  Өрх толгойлсон эмэгтэйчүүд Монголд хэд байдаг вэ?  Үндэсний Статикийн газраас гаргасан мэдээгээр 2019 оны байдлаар 72 мянган өрх толгойлсон эмэгтэй байна. Дахиад хэлье: Далан хоёр мянга!!!Далан хоёрын ард 3 тэгтэй!!! Эдгээр эмэгтэйчүүд маань хүүхдийнхээ тэтгэлэгийг авч чаддаг болов уу?

Хүүхдийн тэтгэлэг авах асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж байна. Ерөнхийдөө салсан аав ээж хоёр хоорондоо тохиролцоод гэрээ байгуулах замаар хүүхдийнхээ тэтгэлгийн хэмжээ, хугацаа зэргийг тогтоох боломжтой юм байна. Тэгж чадахгүй бол шүүхэд өргөдөл гаргаж, уг асуудлыг шүүхээр шийдүүлнэ. Тэтгэлэгийн хэмжээг хэрхэн тогтоох тухай мөн хуулинд заажээ. 11 хүртэл настай хүүхдэд тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50%-иар, 11-16 хүртэл настай бол амжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээгээр тэтгэлэг тогтооно гэжээ.

Энэ төрлийн харилцааг зохицуулдаг энэ  хуулинд  инээдтэй гэмээр бөөрөнхий бөгөөд яаж ч тайлбарлаж болох ойлгомжгүй бөгөөд засаж өөрчилмөөр заалтууд зөндөө байдаг юм байна.  Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн 4.4 дэх заалтанд ''Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална'' гэж заасан байна. Энэ заалтанд байгаа ашиг сонирхол гэдэг нь яг юуг хэлээд байгаа юм? Огт ойлгомжгүй битүү хэллэг. Хуулийн хэллэг, нэр томъёо тодорхой бөгөөд ойлгомжтой, салаа утгагүй байх ёстой. Мөн хуулийн 4.5.-д ''Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх,  ашиг  сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ'' гэжээ.  Энэ заалтанд мөн л ''эрхэмлэнэ'' гэдэг бөөрөнхий утгатай үг хэрэглэжээ. Зүй нь ''хамгаалах ёстой'' гэсэн бол зөв байх байсан юм. Ёстой гэдэг үг бол заавал биелүүлэх гэсэн утга. Иймэрхүү хууль бичиж, баталж  суудаг мунхагуудаас ичих ч багадна. Молигодуулж сонгосон бидний хохь юм уу даа.

Өрх толгойлсон эмэгтэйчүүд маань чадах ядахаараа хаягдсан хүүхэддээ тэтгэлэг олж авах гэж хөөцөлддөг. Зарим нь мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж юу ч олж авч чаддаггүй ч байгаа байх. Би өөрийнхөө  амьдрал дээр хүртэл ийм тохиолдолтой таарч байлаа. Манай хамаатны нэг хүүхнийг нөхөр нь хаяад өөр хүнтэй гэр бүл болоод явсаны дараа хаягдсан 2 жаахан хүүхэддээ тэтгэлэг хөөцөлдөөд тогтоолгосон боловч авч чадахгүй байсаар хуучин нөхөр нь бурхан болоод дууссан юмдаг. Хэдийгээр шүүхээр тэтгэлгийг нь тогтоосон боловч тэтгэлэг төлөх ёстой этгээд нь ажилгүй гэдэг шалтгаанаар төлөхгүй бултаж олон жил болсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байгууллага ч яаж ч чаддаггүй юм билээ. Иймэрхүү жишээ зөндөө бий. Тэтгэлэг төлөгч нь ажил орлоготой байсан ч ажилгүй гэж хэлээд л яваад байдаг.  Түүнийг нь төрөөс шийдэж чаддаггүй. Эцсийн дүндээ хүүхэд л хохироод үлддэг.

Хэдийгээр энэ хуулийн 49-р зүйлээр Тэтгэлэг нөхөн гаргуулах, 50-р зүйлээр  Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлагыг зохицуулсан боловч даанч хэрэгждэггүй нь гачлантай. Жишээ нь, 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс,бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэжээ. Бас л нэг учир битүүлэг, ойлгомжгүй заалт. Хэн нь тэр цалин хөлс,бусад орлогоо нуун дарагдуулж байгааг илрүүлэх юм? Хаягдсан эхнэр нь  өөрөө хүүхдээ чирээд экс-нөхрөө тагнуулдах уу? Эсвэл энэ заалтанд байгаа холбогдох байгууллага нь олж илрүүлэх үү? Холбогдох байгууллага гэдэг нь ямар этгээдээ хэлээд байгаа юм? Тагнуулын Ерөнхий Газар арай биш байлтай. Цагдаа юу? Энэ цагдаагийн үүрэгт ажил мөн үү? Ямар байгууллагыг хэлээд байгааг чөтгөр л мэдэх байх даа. Тийм байгууллага гээд заагаад өгчихөж болдоггүй юм уу?  Хохирогч хүүхдийн төлөө эх нь явж чадахгүй (янз бүрийн шалтгаан байж болно биз?) бол өмнөөс нь хөөцөлдөж бүтээж өгдөг төр засгийн нэг нэгж байх ёстой. Гэвч манай хууль тогтоогчид ''холбогдох байгууллага'' гээд л таавар шиг юм зохиочихжээ.

Иймэрхүү цоорхойтой, ойлгомжгүй хуулиас болж өрх толгойлсон эмэгтэйчүүд, түүний цаана хүүхдүүд их хохирч байна. Үүнийг УИХ-д суусан эмэгтэй гишүүд даанч нэг тоохгүй юм даа. Тэд эсвэл бурхан багш гээчийн төрсөн өдрөөр амрах тухай хууль , үгүй бол өвөл хурдан морины уралдаан явуулах тухай хууль өргөн бариад л гүйж явна. Эсвэл ямар нэгэн аж ахуйн нэгжид төрийн сангаас зээл бүтээж ''буян'' болцгооно. (Сонирхвол эндээс  уншаарай). Тэгээд бас болоогүй,  эмэгтэй гишүүний квотыг нэмэх хэрэгтэй гэж дүвчигнэнэ. Иймэрхүү гэр бүлийн болон хүүхдийн эрхтэй холбоотой  хууль дүрмээ эргэж харж, засаж сайжруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, өрх толгойлсон ядарсан эхчүүд, бяцхан үрсийнх нь төлөө дуугарч, ажиллахын оронд шал хэрэггүй хууль санаачилж, ажил хийсэн дүр эсгэж явдаг ийм эмэгтэй гишүүдээр ч яах юм билээ.

Интернэт дээр нэгэн өрх толгойлсон эмэгтэйн сэтгэгдлийг олж уншлаа. Тэрээр, ''Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоод бараг 3 жил болж байна. Тэтгэлэгийг өгч чадахгүй байгаа хүнд авах ямар арга хэмжээ байна? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очихоор тэр хүнээ яг хаана юу хийж байгааг нь мэдээд ирвэл аваад өгье гэдэг. Яах ёстой вэ?'' хэмээн бичжээ. Энэ эмэгтэй шиг цөхрөнгөө барж, яаж ч чадахгүй мухардсан хүн зөндөө бий.  Энэ чинь л нөгөө хууль нь ойлгомжгүй, цоорхой бичигдсэн учраас хэрэгжилт нь мухардаж байгаагийн тод жишээ шүү дээ. Хохирогч эмэгтэйг өөрөө  экс-нөхрөө тагнаж мөрдөх ажиллагаа явуулж, хаана ямар ажил хийж байгааг нь олж илрүүл гэдэг гэнэ дээ. Хуулиндаа энэ ажлыг хариуцах этгээдийг тодорхой зааж өгөөгүйгээс ийм мухардалд оруулж байгаа юм.

''Эмэгтэй хүний үнэргүй'' эмэгтэй гишүүд
Энэ бүхний цаана эцсийн эцэст  хүүхэд хохирч байгаа гэдгийг  эрх баригчид, хууль тогтоогчид ойлгож байгаа болов уу? Харваас үгүй л юм шиг байна даа. Тэгээд л аман дээрээ хүүхдийн эрх гээд л хоосон чалчихыг яана? Ялангуяа УИХ-д суугаа эмэгтэй гишүүд даанч эмэгтэй хүний үнэргүй сүгнүүд юм. Тэд л уг нь хамгийн түрүүнд иймэрхүү асуудлыг хөндөж, шийдэж, дуугарч байх ёстой хүмүүс. Гэвч тэд бол арилсан дотортой, шуналын бирдүүд ажээ. ЖДҮ-ийн сангаас зээл авах, нөхөр сүүдрээ гадаадад консулаар явуулах л тэдний сонирхол, мөрөөдөл бололтой. Одоо ид шуугиад байгаа ажлын байрны бэлгийн дарамтын тухай хөндөж, санаачилж байгаа юм ч алга. Нэг л их худлаа буруушаасан улс. Одоогийн УИХ-д 13 эмэгтэй гишүүд байгаа. Олонхи нь хэл аманд өртсөн, элдэв нэр хоч зүүсэн, амьтны хараал зүхэл идсэн л хүмүүс байна. Ийм сүгнүүдийг зайлуулах хэрэтэй. Өмнөх Их Хуралд бас ч гэж юм хийдэг эмэгтэй гишүүд байсан санагдана.

2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2- д, ''Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонрхлыг тэргүүн ээлжинд хамгаалах'' гэж заасан байгаа.  Энэ заалт мөн  хэрэгжихгүй, зөрчигдөж байна. Дээр дурдсан Гэр бүлийн тухай хуулинд ч мөн хамгаална гээд л заачихсан байгаа. Ингээд л цаасан дээр баахан хамгаална, хангана гэсэн хоосон тунхагууд байдаг. Хуулийг хоосон тунхаглах гэж гаргадаг юм уу гэж асуумаар. Хүүхэд хамгаалахтай холбоотой хуулиуд багадаагүй. Хүүхэд хамгааллын тухай хууль ч гэж байна. Хамгийн гол нь эдгээр хуулиудад засаж өөрчлөх, сайжруулах зүйл заалт, ойлголтууд олон байна. Зарим хуулинд нь гарц, шийдлүүдийг нь зааж өгөөгүй харагдана. Амьдрал дээр эдгээр хуулиуд мөрдөгдөхгүй, мөрдүүлэхгүй байна. Тэгэхээр  ийм хуулиуд байгаад хэрэг байна уу?  Хамгийн сүүлд ганц жишээ татаад энэ нийтлэлээ дуусгая:

2016 он 2 сард  батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.1-д,  Монгол Улс олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг удирдлага болгоно гэж заасан байна. Мөн залгуулаад 2.2-д, Хүүхэд хамгаалал нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц , мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ гэсэн байна.

2.2-д ''...мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс сэргийлнэ'' гэсэн байгаа биз? Хурдан морины унаач хүүхдэд энэ заалт хамгийн их хамаатай! Тэр хүүхдүүд амь нас, эрүүл мэндээ эрсдүүлэн  хурдан морь унадаг. Морины эзэн буюу уяач нь морийг нь унаж өгсөний хөлсөнд цөөхөн төгрөг, эсвэл цүнх, унадаг дугуй мэтийг өгдөг. Энэ бол мөлжлөг! Нөгөөтэйгүүр, НҮБ-ийн зохих байгууллагууд ба тэдгээрээс мөрдөж буй гэрээнүүдэд хүүхдийн мөлжлөгийг хориглосон бөгөөд мөн хүүхдээр хурдан морь унуулах явдлыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцсон байдаг. Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд тэдгээр гэрээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн боловч үнэндээ үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа юм. Энэ тухай би өмнөх нийтлэлдээ зөндөө л хөндсөн.
Дотооддоо  байтугай олон улсад хүлээсэн үүргээ л биелүүлэхгүй ийм л төр засагтай улс шүү дээ, бид. Энэ бол бид буруу замаар л яваад байна гэдгийн нэг нотолгоо. Эрс өөрчлөлт хийж байж л энэ бүх гажуудлыг засаж чадна.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө