Хүүхдүүддээ халтай Засгийн газар юм уу?

Николас Крүүз
Саяхан 2018 оны 2-р сарын 14-нд АНУ-ын Флорида мужийн Паркланд хотын ахлах сургууль дээр аллага боллоо. 17 хүн нас барсанаас 14 нь тус сургуулийн сурагчид байсан юм. 3 нь сургуулийн ажилтан багш нар байсан. Шархадсан хүний тоо 16. Аллага үйлдсэн этгээд нь Николас Крүүз гэгч 19 настай залуу бөгөөд өмнө нь тус сургуульд сурч байжээ.  Хэрэглэсэн зэвсэг нь AR-15 гэх хагас автомат буу. Олноор нь хөнөөх ийм аллагууд АНУ-д зөндөө болдог. Ялангуяа сургууль дээр ийм аллага үйлдэх нь моод болсон. Тэр болгонд л Америкчууд талцаад л хэрэлдэж эхэлдэг. Гэвч өдийг хүртэл шийдэл олж чадаагүй л хэрэлдсээр л. Нэг хэсэг нь олон угсарч буудаж болдог, спортын зориулалттай том бууг иргэдэд зарах, эзэмшихийг хориглох хэрэгтэй гэдэг бол нөгөө тал нь буу эзэмших эрхийг хөндөж болохгүй гэсэн Үндсэн Хуулийн 2-р өөрчлөлтийг иш татаж эсэргүүцдэг. Тэд буунд буруу байхгүй, харин сэтгэцийн өвчтэй, эсвэл муу хүмүүсийн гарт  буу зэвсэг очсоноос болж ийм аллага гарч байна гэж үздэг. Хоёр тал хэрэлдсээр байх хооронд иргэд, хүүхдүүд үрэгдсээр.

Яг иймэрхүү  үзэгдэл бас Монголд болдог. Хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцдэг ба дэмждэг хоёр тал болчихоод бид олон жил хэрэлдэж байгаа. Эсэргүүцдэг тал нь насанд хүрээгүй хүнээр буюу хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй бөгөөд энэ нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр тул хориглох ёстой гэдэг бол нөгөө тал нь хүүхдээр хурдан морь унуулах нь үндэсний уламжлал учраас хориглож болохгүй гэдэг. Энэ хооронд хурдан морь унаач хүүхдүүд хохирсоор, бэртсээр, амь үрэгдсээр.

АНУ-д хууль тогтоогчид лоббид автсан, буу эзэмшигчдийг нэгтгэж тэдний ашиг сонирхлыг, буу үйлдвэрлэгчид, бууны бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлдөг холбооны (NRA буюу National Rifle Association) талд ажиллаж, тэднийг хамгаалж байдаг учраас ямар нэгэн бууг зарах, эзэмшихийг хориглох шийдвэр гарна гэдэг бол бараг л үлгэр.

М.Энхболд Наадмын их насанд  түрүүлсэн хар моринд хадаг зүүв
Тэгвэл Монголд хурдан морь эзэмшдэг, сойдог (сойлгодог гэх юм уу), зардаг, авдаг морины хорхойтонгууд УИХ-д цөөнгүй байдаг. Зарим нь ч одоо гишүүнээ больсон байх. Ц.Цэнгэл, Г.Батхүү, Д.Дондог, Ч.Улаан, Су.Батболд , Б.Наранхүү, Ц.Даваасүрэн, Д.Бат-эрдэнэ гэх мэт.  Одоогийн УИХ-ын дарга М.Энхболд  нь улсын манлай уяач бөгөөд олон жил Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны (ММСУХ) тэргүүнээр ажилласан хүн. Тийм болохоор манай хууль тогтоогчид хүүхдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргана гэдэг бол бас л үлгэр бололтой.  Уламжлал нэрийн дор хурдан морь уяачдын ашиг сонирхлыг л хамгаална. Хурдан морь уяачдад бол аль болох хөнгөн ачаа морины нуруун дээр байх тусмаа морь нь эцэж цуцахгүй давхина гэдэг ахар бодлоос өөр сонирхол байхгүй.

Хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцэгчид энэ жил өвлийн уралдааныг зохион байгуулахыг хориглохыг шаардсан боловч Засгийн газраас молиго үмхүүлсэн шийдвэр гаргаж тохуурхлаа. Өвлийн уралдааныг явуулахыг зөвшөөрөөд харин 12-оос доош насны хүүхэд унуулж болохгүй гэж даажигналаа. 12-оос дээш насны хүүхэд хурдан морь унаж яваад ойчиж бэртвэл, амь насаа алдвал хамаагүй  гэж үзсэн бололтой. 18 наснаас доош хүнийг хүүхэд гэж үздэгийг саная. Тэгвэл Засгийн газрын шийдвэрийг юу гэж ойлгох вэ? Хүүхэд бол хүүхэд.

AR-15 буу
Дээр харьцуулж дурдсан хоёр асуудлыг шийдэх ганцхан шийдэл бий. Тэр бол хориг тавих явдал. АНУ-д олон угсардаг, хүчтэй, том бууг иргэдэд зарах, эзэмшихийг хоригловол тийм буу ашиглаж хядлага үйлдэх боломжгүй болно. Гар бууг ийм зорилгоор ашиглаж болох ч автомат буу шиг олон угсрахгүй учраас онож тусах нь хамаагүй бага. Ялангуяа энгийн иргэн гар буугаар буудаад тэр болгон онох нь ховор. Мэдээж олон гар буу ашиглаад, буудах чадвартай бол хүн олонтой газар хядлага үйлдэх аюул бий. Харин AR-15 буу бол  хагас автомат горимоор минутанд 45 угсрах ба бүрэн автомат горимоор минутанд 400 хүртэл сумаар шүршиж чадна. Үүнтэй төстэй Оросын АК-47 буу хагас автомат горимоор минутанд 40 сум, бүрэн автомат горимонд минутанд 100 сум, дээд тал нь минутанд 600 сум шүрших хүчин чадалтай.  Ийм буугаар зүгээр чиглүүлээд л шүршээд байхад л онох магадлал хамаагүй өндөр байдаг. Тийм учраас ийм төрлийн бууг хориглох нь олноор нь хядах боломжийг багасгах боломжтой гэж үздэг байна. Гэвч Америкчууд энэ асуудлаа яаж шийдэх нь тэдний хэрэг. Мэдээж галт зэвсэг буюу элдэв төрлийн бууг бүрмөсөн хоригловол ийм эмгэнэлт явдал гарах нь эрс багасах буюу үгүй болно. Доорхи зураг дээр  саяхан Флорида мужид  болсон аллага 9-д бичигдсэн байна.
(Аллага болсон газар, он, нас барсан хүний тоо , хэрэглэсэн зэвсэг)

АНУ-д болсон хамгийн олон хохирогчтой аллагууд
Бид тэгвэл хүүхдүүдээ яаж эрэмдэг зэрэмдэг болгохгүй, нялх балчир насанд нь хорвоогоос зүй бусаар явуулчихгүй хамгаалж чадах вэ? Нэг ч гэсэн хүүхэд эрүүл бүтэн өсөж, улсдаа бүтээлч иргэн болж, ирээдүйд эцэг, эх болж үржих ёстой. Энэ бол Монгол улсын үнэт капитал. Тэр газар дорхи алт мөнгөнөөс илүү чухал эрдэнэс. Хурдан мориноос ойчиж амиа алдах яах вэ, тэр замын осолд орж амиа алдаж байгаа хүүхдүүдийн тухай яриач гэж барьцаж байгаа ч юм шиг хачин тэнэг юм ярьдаг хүмүүс байна. Ийм ухаан муутай морин спорт сонирхогчид их байна. Ямар байдлаар  хохирох нь хамаагүй, хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэнд хайран учраас нэг ч гэсэн аюулыг зайлуулах нь чухал. Замын ослоор осолдож байгаа хүүхдийн тооноос хамаагүй бага учраас сүртэй юм биш гэсэн утгатай ярьж байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ?

Хурдан морины уралдааныг хориглох гэсэн нэг ч Монгол хүн байхгүй. Харин  цэнгэл наадамдаа хүүхдүүдээ эрсдэлд оруулахаа больж, насанд хүрсэн хүнээр унуулж уралдуулж байя л гэж байгаа юм. Бусад орнуудад томчууд л унаж уралддаг юм билээ. Том хүн унахаар Монгол морь уралдаж чадахгүй гэж байгаа бол эндүүрч байна. Монгол морио дэндүү басамжилж байгаа хэрэг биш үү? Хуучин цагт шилийн сайн эрчүүд гэж хошуу дамнуулан адуу хөөж хулгайлдаг хүмүүс байв даа. Мөрөө баллахын тулд амралтгүй шахам л олон цагаар өдөр шөнөгүй давхидаг байсан юм гэнэ лээ. Тэсвэр тэнхээгүй, чадалгүй морьд ингэж давхих уу?  Морин өртөө гэж бас байв даа. Шуудан мэдээг морин өртөө байгуулан өртөө бүрийн хооронд тусгай элч зогсолтгүй давхиж дамжуулдаг байсан. Өртөө бүрд морио солиод л давхина. Хүүхэд унуулж мэдээ дамжуулдаг байсан гэж дуулаагүй.
Бусдын жишгээр хурдан морийг насанд хүрсэн хүнээр унуулж байя. Унаач буюу жокей гэдэг нь  бие хөнгөнтэй хүн байвал мэдээж сайн талтай. Насанд хүрсэн бөгөөд бие хөнгөн хүн хаа мундах вэ дээ.

Америкчууд буу зэвсгээ хувиараа эзэмшдэгийг болиулчихвал амиа алдах хүний тоог эрс багасгах боломжтой. Бууны соёл буюу буу эзэмших нь Америкийн уламжлал гэдэг юм билээ. Тэд бууныхаа уламжлалыг хэвээр хадгалаад жил бүр хэдэн хүн буудуулж үхсэнийг тэмдэглээд, бүртгээд сууж байх эсэх нь тэдний асуудал.
Харин Монголчууд бид хүүхдүүдээ хурдан морины нуруун дээр суулгаж явуулдагаа больчихвол жил бүр хэдэн хүүхдээ  бэртээж, бүр амийг нь зольдог асуудлыг шийдэх боломжтой. Бид уламжлал нэрийн дор хүүхдээр хурдан морь унуулдагаа зогсоочихвол энэ эмгэнэлт явдлыг эцэс болгож чадна. Энэ бол бидний мэдэх, шийдэх асуудал. (Өөр бусад шалтгаанаар хүүхэд өсвөр үе маань хэлмэгдэж хохирдог бол тэр болгоныг арилгахын төлөө явах ёстой. Энэ бол төр засгийн үүрэг. Хүүхэд төрийн хамгаалалтанд байх ёстой биз?). Ер нь хүний амь нас,эрүүл мэндэд аюултай уламжлалаар ч яах юм билээ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх
ММСУХ хүүхдийн эрх ашгийг өөрсдийн эрх ашгаас дээгүүр тавьж, төр засагтай хамтран өөрчлөлт хийх цаг болжээ. Хүүхдийн амь нас,эрүүл мэндээр дэнчин тавьж зугаацна гэдэг бол эх оронч биш, байж болшгүй үйлдэл гэдгийг ухаарах болоогүй  гэж үү? Энэ Засгийн газар хэний төлөө ажиллаад байна аа? Хүүхдүүдийн эсрэг, уяачдын төлөө ажиллаад байгаа юм уу?
Эх оронч байж, ард түмнийхээ төлөө Ерөнхий сайд байна гэсэн амлалтаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мартсан бол үүгээр дахин нэг сануулчихая. Хэлсэндээ хүрч, эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдээ зэрэмдэг болох, амь насаа алдахаас хамгаалаач! Энэ тийм хэцүү юм уу?
Өвлийн  хурдан морины уралдаан явуулах шийдвэрээ цуцалж, улмаар хүүхдээр хурдан морь унуулах явдлыг бүрмөсөн хориглох шийдвэр гаргаж буян болохыг хүсье. Ирээдүй үе чинь энэ гавъяаг чинь мартахгүй талархах болно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө