Цаасан малгай хэнд хэрэгтэй юм?

Ази дахь ардчилалын баян бүрд гэдэг тодорхойлолттой юм гэнээ, Монгол улс.
Д.Нарантуяа гэгч "Хөршүүдээ дуурайх вий гэсэн зовинол"  гэсэн бичвэртээ ингэж бичжээ. Тэгээд хөршүүд нь Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд тэд нарыг дуурайж Монгол бас Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй гэсэн санаа  цухалздаг болсон нь энэ авгайн санааг зовоож байгаа юм байх. Тэр тусмаа Оросууд Путинээ дахин сонгож, Хятадууд Ерөнхий даргаа насаар нь сонгох санал гаргаж байгаа нь Монголд нөлөөлөх вий гэж зовниж байгаа бололтой. Энд дарж  уншина уу.

Ардчилалын баян бүрд гэдэг нэр хэн ч зохиосон юм бүү мэд. Бодвол энэ авгай гаргасан байх. Их л сонин хэллэг байна. За тэр нь яахав, тийм чухал биш. Хамгийн гол нь Монгол улс ардчилалын баян бүрд гээч нь мөн үү гэдгийг эхлээд авч үзье. Үүний тулд эхлээд АРДЧИЛАЛ гэх засаглалын хэлбэрээ мэдэж авах хэрэгтэй. Ардчилалын үндсэн 4 тулгуурууд нь,

- засаг төрөө шударга,чөлөөтэй сонгуулиар сонгодог
- улс төрийн болон нийгмийн амьдралд иргэдийн идэвхтэй оролцоо
- иргэдийнхээ хүний эрх, эрх чөлөөг хангах
- бүх иргэдэд адил үйлчлэх хуулийн тогтолцоо юм.

Тэгвэл Монголд энэ бүхэн хангагдсан уу? Цаасан дээр буюу тунхаг хэлбэрээр бол хагас дутуу бичигдсэн юм бий. Харин амьдрал дээр бол шал эсрэгээрээ. Засаг төрөө шударгаар чөлөөтэй сонгодог уу? Санал худалдаж авдаг, булхай хийдэг, сонгуулийн болон бусад холбогдох хуулиудыг зөрчдөг учраас энэ үзүүлэлт лав хангагдахгүй.
Хоёрдахь үзүүлэлт буюу улс төрийн ба нийгмийн амьдралд иргэд нь идэвхтэй оролцдог гэдэг үзүүлэлт бас л хангалтгүй байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах нь цензуртай, сонгуулийн оролцоо муу бөгөөд зөвхөн мөнгө, эд бараанд нь болж саналаа өгдөг буюу худалддаг. Гуравдахь үзүүлэлт бас хангалтгүй. Хүний эрх, эрх чөлөө байнга зөрчигдөнө. Засаг нь иргэдээ буудаж алсан хэрэг хүртэл гарсан. Сүүлийн үзүүлэлт бас л хангагдаагүй. Хууль иргэдэд тэгш бус үйлчилдэг. Хуулийнхан худалдагдсан, шударга бус учраас шударга ёс гэж байхгүй болсон.

Дахин хэлэхэд, энэ бүхэн цаасан дээр гоё сайхнаар бичигдсэнээс өөр юмгүй. Гадны хүнд уншуулахад үлгэр жишээ гэмээр л санагдах байх, амьдрал дээр бол өөр зураг харагддаг.
Эндээс үзвэл Ардчилалын баян бүрд гэж хэлэх нь дэндүү гоёдсон, үнэн байдалд нийцэхгүй тодорхойлолт гэдэг нь харагдаж байна.  Ингэж өөрсдийгөө хуурах, худлаа магтах ямар хэрэгтэй байдаг юм? Дүр эсгэх нь зарим хүнд хэрэгтэй байдаг байж магадгүй. Хоолоо олох арга хэрэгсэл нь ч юм бил үү, хэн мэдлээ.

Инээдтэй нь, Парламентын засаглалыг  Үндсэн Хуулиндаа тунхаглаад 25 жил болоод сайхан болоогүй, харин ч уруудсаныг олж харах мэлмий нь сохорсон хүмүүс энэ засаглалын хувилбар хамгийн сайн нь бөгөөд одоо жаахан янзлаад засчихвал цаашаагаа дардан замаар жаргах ухааны юм донгосцгооно. Юуг нь ч засаж сайжруулах  гээд байгаа юм? Юуг нь боловсронгуй болгох ёстой юм? Хэдий болтол ч тэсэх ёстой юм, бүү мэд.

Ухаанд нь ухна үхсэн хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүний дарангуйлалд ороод диктатор бий болчих юм шиг ярих нь даанч өрөвдөлтэй.  Иргэдээ гэгээрүүлэх ажлаа хийж ирээгүйн гай, үр дагавар юм даа. Ерөнхийлөгчийн засаглал чинь бас л ардчилсан засаглал юм шүү дээ. Ардчилалын үлгэр жишээ гэх дуртай АНУ чинь Ерөнхийлөгчийн засаглалтай юм шд. Ерөнхийлөгчийн засаглалд  Парламентын засаглалаас давуу чанар, сайн тал олон бий. Энэ тухай ЭНДЭЭС  дэлгэрэнгүй уншаарай.

Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол Засгийн тэргүүнийг маань хойд, урд хоёр хөрш амархан атгандаа оруулаад Монгол улс амархан хараат болно гэж хадны мангаа гэдэг шиг тэнэг юм ярьдаг сэхээтнүүд их байнаа. Энэ хүмүүс одоогийн тогтолцоог хэвээр байлгаж хувийн ашиг сонирхлоо гүйцээх таатай нөхцлөө хадгалж үлдэх сонирхолтой байж магадгүй. Тэгээд л тал талаас нь харх шиг мэрж идэх санаатай. 25 жил мэрүүллээ дээ,одоо болно.

Ер нь бол Ерөнхийлөгч маань Засгийн газрын тэргүүн л байна. Одоогийн Ерөнхий сайд шиг, гэхдээ эрх мэдэл нь арай илүү. Бусад орны байдлаас харахад Ерөнхийлөгч нь улс орны эрх ашиг хөндсөн, гадны улс этгээдтэй холбоотой аливаа томоохон асуудал дээр ганцаараа шийдэх эрхгүй, харин хууль тогтоогчидтой (манайд бол УИХ ) зөвлөлдөж зөвшөөрөл авч байж шийддэг юм билээ. Энэ бол зөв. Харилцан хяналт тавина гэсэн үг. Нэг хүн дураараа тонгочоод, улсаа "зарах", эсвэл улс орондоо хохиролтой шийдвэр гаргах, наймаа хийх аюулыг хуулиараа зохицуулаад хаагаад өгчих учраас ийм асуудал гарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш маань, эсвэл өөр нэг улс манай Ерөнхийлөгчийг атгандаа оруулаад (хахууль өгөөд эрхэндээ оруулаад) нэмэргүй байх нь. Яагаад гэвэл ийм том асуудал УИХ-аар заавал дамжиж зөвшөөрөгдөх учраас тухайн гадны этгээд нөгөө 76 дивтаатыг бас худалдаж авах хэрэг гарна. Гэвч энэ бол бараг боломжгүй учраас бидэнд давхар хамгаалалт байгаа гэж ойлгож болно.

Ерөнхийлөгч бол хаан биш. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгоно. Ерөнхий сайд нэртэй намын дарга хэрэггүй болно гэсэн үг. Хариуцлага тооцох хүн тодорхой болно. Төр засгийн албан тушаалуудыг намаас сонгогдсон Ерөнхий сайд намынхаа гишүүдэд бялуу шиг хувааж өгөх, худалдах явдал алга болно. Ард түмнээс сонгогдсон (намаас бус) Ерөнхийлөгч бие дааж гарсан учраас өөрийнхөө багийг аль чадвартай гэсэн хүмүүсээс сонгож бүрдүүлнэ. Намын нэрээр чадваргүй хоосон цээжнүүд төр засгийн алба хашдаг явдал устана. Төрийн боловсон хүчнийг намууд үймүүлж, сольж хольдог асуудал байхгүй болно. Давхар дээлтэнгүүд үүрд алга болно.

Монголчууд тэртээ зуунд нүүдэлчин соёлын онцлогоос болж тархай бутархай, салангид бие даасан маягаар амьдарч ирсэн ард түмэн. Олон овог аймгууд байхдаа бүгдээрээ санал  нэгдээд сайн дураараа нийлж Монгол гүрнийг байгуулаагүй юм. Цөмөөрөө одоо салангид байхаа больцгооё, нэгдэцгээе гэж тал талаас давхиж ирээгүй юм шд. Монголчуудын заяа түшиж, нэгэн баатар төрөн гарч бүх аймгуудаа нударгаар нэгтгэсэн юм. Нэг гарт зангидуулсан Монголчууд хүчирхэг байж дэлхийд мандсан түүхтэй. Энэ маань юуг хэлээд байна вэ гэвэл, Монголчуудыг жаахан хатуу гараар, нэг толгойгоор удирдвал юуг ч бүтээж чадна, харин олон толгойтой, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байвал мөхөж доройтдог гэдгийг нотолж байгаа юм.

 Хатуу гар гэдэг нь заавал диктатор, дарангуйлагч байна гэсэн үг биш, харин бурууд хатуу, зөвд зөөлөн, шударга чанд хүн гэсэн утгатай.  Угаасаа тэгэхгүй бол чихгүй толгой шиг улс шүү дээ, бид чинь. Хуулийг сахиулдаг, мөрдүүлдэг, хариуцлага үүрүүлдэг, ажил хийлгэдэг л хүн байх хэрэгтэй. Бид өөрсдийнхөө муу, дутагдлыг мэддэг л байх, гэхдээ хоёр сонголтоос бурууг нь сонгоод 25 жил эх захгүй тонгочлоо. Буруутан нь цагаадаж, зөв нь буруутдаг ёс тогтжээ. Цөөн хэд нь хагартлаа баяжиж (өөрсдийн сайнд биш шүү, хулгай хийж, луйвардаж), бусад нь тартагтаа тулжээ. Нам гээч бүлэглэл олноор байгуулж, цөөхөн ард түмнээ хэдэн хэсэг хувааж өмчлөөд өөд өөдөөс нь турхирч уралцуулдаг болсон нь талцах дуртай Монголчуудын дайран дээр давс нэмж асгасан хэрэг болсон.  Хажууд нь эсэн бусын шашин дэлгэрч, мухар улсыг улам мунхруулж толгойг нь эргүүлж, номхон дорой болгосон доо.

Хэдий болтол ингэж арчаагүй царайлж, боолын амьдралаар амьдрах вэ? Хоёр хөрш чинь дэлхийн гүрнүүд болчихлоо. Нэгэн цагт тэд нар бидэнд татвар төлдөг байж билээ. Одоо бид нар тэд нарт татвар төлж, бэлтгэн нийлүүлэгч хавсарга муж болсон байна. Сэрж ухаарах цаг болсон л баймаар. Яачихсан улс гэхээрээ ингээд хүлцээд байдаг юм бэ? Уралцахаа болиод, удирдагчаа сонгоод, улс шиг улс болох сонирхол байна уу?

 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө