Нямдорж Алтан хоёр ямар холбоотой вэ?

Д.Миеэгомбо
Цензургүй ярианы ээлжит зочноор хуульч Д.Миеэгомбо оролцжээ. Ярилцсан асуудлууд нь,

- Үндсэн Хуулийн Цэцийн 2 гишүүний хугацаа дууссан боловч албаа үргэлжлүүүлэн хашсаар байгаа тухай,
- УИХ-ын гишүүн, Хууль Зүй,Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж үнэгүй байранд амьдардаг нь хууль зөрчиж байгаа тухай,
- У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бусаар байгуулагдсан тухай

Саяхан дөрвөн залуу хуульчид, Миеэгомбо, Жавхлант, Мөнхзул, Алтангэрэл нар хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хурал дээр дээрх асуудлуудын тухай ярьсан.
Хуульч Алтангэрэлийн гаргаж тавьсан асуудал нь Хүрэлсүхийн засгийн газар хууль зөрчиж байгаа тухай юм. Учир нь хэдийгээр УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэж заасан боловч одоогийн Засгийн газрын гишүүд нь 100% УИХ-ын гишүүн байгаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн төрийн эрх мэдлийн бүтцүүд биеэ даасан тусдаа байх зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байгаа юм байна.

Ганцхан энэ жишээ л парламентын тогтолцоо ямар булхайтайг харуулж байна. Нөгөө хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалууд чинь бие даасан, харилцан хянасан бүтэц байж чадах боломжгүй болсон гэсэн үг. Ялсан нам нь Парламентад олонхи болоод, намынхаа даргаар ахлуулсан Засгийн газрыг байгуулчихаар чинь  (сайдууд нь бүгдээрээ УИХ-ын гишүүн) хууль тогтоох ба гүйцэтгэх засаглал хоёр чинь нэг тогоонд орчихож байгаа юм. Сайд болох дуртай УИХ-ын гишүүд хуулиндаа ийм заалт оруулчихаад ичихгүй давхар дээл өмсөөд ямбалж байна.
За тэгээд дээрээс  нь шүүгчдээ атгандаа оруулчихвал нөгөө хяналт, засаглалын тэнцвэр энээ тэрээ бол үлгэр шүү дээ. Манай ухаантай дивтаатууд ийм л байдлаар манийгаа "удирдан залж" ирсэн байгаа юм. 25 жил дураараа тонгочлоо доо. Үр дүн нь юу болов? Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр нь хоорондоо холилдож нийлээд аль нь  мэдэгдэхээ байсан, хараат бус байх шүүх засаглал нь худалдагдчихсан ийм л болж хувирсан байна. Үүнийг засах ганц арга нь тогтолцоогоо өөрчлөх буюу Ерөнхийлөгчийн  засаглалыг  сонгох явдал юм. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засгаа байгуулаад тэргүүлээд явдаг, УИХ нь хууль тогтоох ажлаа хийдэг, шүүх нь хэнээс нь ч хараат бусаар сонгогдож ажлаа хийдэг байвал жинхэнэ засаглалын тэнцвэр, хяналт бодитоор хэрэгжих учиртай.

Г.Алтан (Алтжин компанийн захирал)
УИХ-ын гишүүн ба ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж олон жил орох оронгүй (гэхдээ мэдээж оочих аяга бол байлгүй дээ) явж ирсэн бөгөөд нэгэн сайн санаат таньдаг хүн нь өөрийнхөө мэдлийн түрээсийн байранд үнэгүй суулгаж иржээ. Мань эр зөвхөн ашиглалтын зардлыг нь (усны, хогны мөнгө гэх мэт) төлөөд л амьдарч байгаа гэж ярьдаг. Хэрвээ би найзынхаа байранд ингэж үнэгүй сууж байсан бол намайг хэн тоож нохойг хэн саах вэ дээ.  Харин Ц.Нямдорж бол жирийн иргэн биш, төр засгийн өндөр албан тушаалтан хүн.  Ийм ялгаатай учраас тэр хүний хөдөлгөөн, үйл ажиллагаа хуулиар заагдсан хүрээнд явагдах ёстой.  Гэвч  харамсалтай нь эрхэм хуульч залуусын баримталж байгаа хуулиудын заалтууд Нямдоржийг буруутгахад хүчин мөхөсдөж магадгүй харагдана.
Сайдын сууж байгаа байр нь тансаг зэрэглэлийн бөгөөд сарын түрээс нь 3-12 сая төгрөгөнд  хэлбэлздэг аж.  Яг хэдэн саяын байранд суугаа нь тодорхой биш аж. Гэхдээ хамгийн багаар бодоход л 3 сая юм байна. 
Байрны эзэн нь Эм-Си-Эс компани ч биш Алтжин компаний Г.Алтан гэдэг хүн юм гэнэ.

Ямар хуулийн ямар заалтууд сайдыг ороож болохыг харъя:

1. УИХ-ын тухай хуулийн 37.1.2-д зааснаар "бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж  бусдаас шан харамж авах", 37.1.3-д зааснаар "гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах", 37.1.4-д зааснаар "гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах", 37.1.9-д зааснаар "аливаа байгууллага иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн  зүйлсийг хувиараа авах",

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.1-д зааснаар "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан  бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно", 16.4-д зааснаар "Гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний  үнэ хөлс тухайн албан тушаалтны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн  тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй"

Дээрх заалтуудаас харвал, 16.4-д заасан заалтаар Нямдорж сайдыг дэгээдэж магадгүй боловч байрандаа үнэгүй суулгах нь үйлчилгээний нэг хэлбэр мөн эсэхийг нотлох шаардлагатай болно. Ер нь энэ асуудал манай улсын хууль дүрмүүд ямар бүрхэг, хоёрдмол утгатай, нэгмөр мухарласан биш, эсвэл дутуу дулимаг бичигддэгийг дахиад нотлон харуулж байна. Ямар нэгэн хэрэг гарахад л хэрэглэх хуулийн заалт нь байхгүй, байсан ч  яаж ч тайлбарлаж болохоор бичигдсэн байдаг нь тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох, ял хариуцлагаас мултрах боломжийг тухайн холбогдох этгээдэд олгодог. Алтан авгай, "Би Нямдорж гуайд үйлчилгээ үзүүлээгүй ээ, зүгээр л дэмжиж хүндэлж явдаг хүн учраас байрандаа үнэгүй суулгаж байгаа юм аа"  гээд хэлчихэд л болох юм байна. Чи үйлчилгээ үзүүлсэн л  байна даа гээд тулгах юм уу? Тодорхой биш, эсвэл дутуу хагас хуулийн заалт ингэж хэнд ч хэрэггүй хог болдог байхгүй юу!  Төгс төгөлдөр хууль анхнаасаа батлана гэж юу байхав, гэхдээ асуудал гарсан үед нь хөнгөн шуурхай өөрчлөлт, нэмэлтээ хийгээд явбал уг хууль маань улам л төгөлдөржөөд явна гэсэн үг л дээ, уг нь. Одоо байгаа байдлаараа бол манай хууль тогтоогчдод тийм сонирхол хүсэл байдаг эсэх нь эргэлзээтэй харагдаж байна.

Н.Жанцан (Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн)

Үндсэн Хуулийн Цэцийн 2 гишүүний ажиллах хугацаа (6 жил) нь дууссан боловч хугацаагаа сунгаад ажиллаад байгаа гэнэ. Н.Жанцан, Д.Наранчимэг гэдэг хоёр нөхөр суудлаа өгөх сонирхолгүй, 6 жил нь дууссан боловч хугацаагаа сунгаад 7 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Ерөнхийлөгч шинэ хүнийг санал болгох ёстой боловч УИХ баталж сонгодог учраас хугацаа нь хэтэрчихсэн хүмүүсээ халж, шинээр хүмүүс томилох тухай хууль тогтоогчид санаа тавьж байгаа ч юм алга бололтой.
Цэц маань өөрөө бас хуулинд заасан хугацаандаа асуудлаа хэлэлцэж шийдвэрээ гаргах үүргээ биелүүлдэггүй тухай Миеэгомбо хуульч ярьж байна.
УИХ-ын гишүүн Наранхүүг эргүүлэн татах тухай асуудал хөндөж өгсөн өргөдлийг Цэцийн гишүүн Жанцан хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд буцаасан гэнэ. УИХ дотроо өөрөө шийдэх асуудал гэсэн юм уу даа. Гэвч УИХ-ын гишүүний асуудал хөндөж байхад Цэцийн гишүүн Жанцан энэ бол  УИХ-ын мэдэх асуудал гэсэн нь мөн л хуулийг яаж ч тайлбарлаж болдгийг харуулж байна. Нэг чуулганы 103  цагийн хуралдаанд 2 цаг л суусан Наранхүү гишүүн сонгогчдынхоо төлөөлөл болж чадаж байна уу ,  ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх барих эрхийг боогдуулж байна уу гэдгийг асуух ёстой.
Цэцийн гишүүн Жанцан маань УИХ-ын гишүүн Наранхүүд хөөргөө зарсан юм байна. Тийм болохоор Жанцан хөөргийг нь авсан Наранхүүд яаж таагүй хандаж болох билээ? Ашиг сонирхлын зөрчил байгаа биз ? Тийм ч учраас Жанцан татгалзсан байх л даа.

Шударга ёсыг эрхэмлэдэг залуу хуульчид ингэж тэмцэж байгаа нь бахархууштай. Ингэж байж л нийгэм зөв голдрил руугаа орох байх. Гэхдээ үндсээр нь бас өөрчлөх шаардлагатай зүйлүүд зөндөө байна. Засаглалынхаа хэлбэрийг өөрчлөхөөс авахуулаад л . Зэрэг зэрэг л хийх хэрэгтэй


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө