Хүүхдийн эрхийн Конвенцээс гарах уу?

Хүүхдийн эрхийн конвенц (ХЭК) гэж дуулсан биз дээ? Монгол Улс 1990 онд  тус конвенцэд нэгдсэн анхны орнуудын нэг болж байлаа. Сүүлд нэмэгдсэн Протоколуудыг ч мөн хүлээн зөвшөөрсөн улсын нэг.  Манай улсын хууль, журам нь Хүүхдийн эрхийн Конвенцийн зарчимд нийцэж байгаа. Гэвч нэг асуудал байна аа. Хэдийгээр бид тус Конвенцийг  дагаж мөрдөнө хэмээн зөвшөөрсөн боловч  амьдрал дээр мөрдөхгүй байна. Энэ бол хариуцлага хүлээх ноцтой зөрчил мөн!

ХЭК -д 18 наснаас доош насны хүмүүнийг ХҮҮХЭД гэж тодорхойлсон байдаг. Энэ Конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдсэн улсууд Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Конвенцийг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлж байгаа эсэхэд НҮБ-ийн дэргэдэх Хүүхдийн эрхийн Хороо (ХЭХ) хяналт тавьдаг. Энэ Хорооны бүрэлдэхүүнд дэлхийн өнцөг бүрийн улсууд багтсан байдаг.

Жилд нэг удаа энэ ХЭХ нь  НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3-р Хороонд тайлангаа тавьдаг. 3-р Хороо мөн ХЭХ-ны даргын дүгнэлтийг сонсох ба улмаар Ерөнхий Ассэмблей нь хүүхдийн  эрхийн тухай шийдвэр гаргадаг.

ХЭК-д нэгдсэн орнууд өөрийн оронд Хүүхдийн эрхийн нөхцөл байдал ямар байгаа тухай болон ХЕК-ийн хэрэгжилт, дэвшил  ямар байгаа тухай тогтмол  мэдээлж байх үүрэгтэй. Эдгээр мэдээлэл, тайлан Хорооны сайт дээр тавигдсан байна.

ХЭК-д юуг тусгасан байдаг вэ?

- Хүүхдийн эрх, хэрэгцээг зааж өгсөн
- Хүүхдийн ашиг сонирхлыг Конвенцод нэгдсэн улсууд хамгаалж, хангах ёстой.
- Хүүхдийн үндсэн эрхүүд, түүний дотор амьд явах эрхийг тунхагласан
- Хүүхдэд цаазаар авах ял оноохыг хориглосон

Ж.Бямбадорж даргатай Хүний эрхийн үндэсний комиссоос хурдан морь унадаг хүүхдүүдийн тухай судалгаа хийж , НҮБ-ын ЮНИСЕФ (Олон улсын Хүүхдэд туслах Сан) гэдэг байгууллагад тайлангаа гаргаж өгчээ.  "Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх" гэдэг нэртэй уг  тайлангийн удиртгалд , ХЭК-д нэгдсэн орнууд өөрсдийн хууль тогтоомжийг Конвенцын заалтанд нийцүүлэх үүрэг хүлээх ба Конвенцын заалтыг биелүүлээгүй тохиолдолд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг тэмдэглэсэн байна.
Уг тайланг энд дарж  уншаарай.

Товчхондоо уг судалгаанд хаврын уралдааныг онцолж гаргахыг зорилгоо болгожээ. Ухаандаа хаврын уралдаан бол аюултай учраас хорих нь зүйтэй, харин бусад цагт аюулгүй гэж ойлгуулах гэсэн оролдлого юм уу даа. Зуны цагт ч мөн хүүхэд мориноос ойчиж бэртдэг, амиа алддаг. Тэгээд ч насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулах нь хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай гэдгийг анхааруулж, энэ асуудлыг хүүхдийн эрх ашигт тааруулж шийднэ үү гэсэн олон улсын зохих байгууллагын сануулгыг үл хэрэгссэн байна. Зүй нь Хүүхдийн эрхийн конвенцийг зөвшөөрч гарын үсэг зурсан л бол үүргээ биелүүлэх ёстой гэдгийг төр засагтаа анхааруулж , хууль журмандаа зохих өөрчлөлт оруулахыг шахаж шаардах ёстой байгууллага юм шүү дээ. Гэтэл ийм юм бичээд сууж байдаг!

Дээрх тайланд ХЭК-д нэгдсэн орнууд гэрээний заалтыг  биелүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг дурдсан мөртөө зөвхөн хаврын уралдаан аюултай, бусад нөхцөлд унаач хүүхдийн насны хувьд гэрээний заалт, уламжлал хоёрыг нэг цэгт уулзуулж, уян хатан шийдэж болох юм ч гэх шиг жигтэй өгүүлбэр оруулсан байгаа нь угаасаа ХЭК-ыг дагаж мөрдөх сонирхол алгаа гэдгээ хэлээд байх шиг. Тэгвэл тэр гэрээнээсээ гарчих хэрэгтэй шд. Гарахгүй гэвэл гэрээний заалтуудаа нэгбүрчлэн биелүүлж хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байгаа бол хүлээх  хариуцлага гэж юм байх болов уу. Ямар хариуцлага хүлээлгэхийг олон улсын тэр байгууллага шийдэх биз ээ.  Эцэс сүүлд нь олон улсын тавцанд нэр нүүрээ барж зэм хүлээх болох нь дээ.

Ээлжит хохирогч хүүхэд
Арчаагүй төр засгаас болж хичнээн ч олон хүүхдээ нөгөө ертөнцөд илгээж, хэдийг ч тахир дутуу болгов доо. Хамгийн сүүлд гарсан мэдээгээр Хөвсгөлийн Тосонцэнгэлд мориноос ойчиж ухаангүй болсон хүүхэд хотод ирээд эмнэлэгт ухаан орсон гэнэ. Энэ тухай Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "бахархалтай" мэдэгдэж байна. Энэ явдлаас өмнөхөн Сүхбаатар аймагт нэг хүүхэд сунгааны үед мориноосоо ойчиж нас барсан тухай одоо УИХ-ын дарга болсон (тухай үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан) Г.Занданшатар гэдэг хүн мөн жишим ч үгүй мэдэгдэж байсан билээ. Өнөөдөр л гэхэд  Фэйсбүүк дээр тавьсан нэг мэдээнд   Хэнтийн Биндэрт очиж уралдаад 2 гараа хөлдөөсөн хүүхдийн тухай бичиж, зургийг нь тавьжээ. (дээрх зураг) Энэ мэтээр хүүхдийг хэлмэгдүүлдэг явдал үргэлжилсээр..

Өнгөрсөн жил 12 настай нэг хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг гарсан боловч өөрийнхөө морийг унаж байсан, эцэг эх нь гомдолгүй гэсэн гэдэг шалтгаанаар хэргийг хаасан гэнэ. ХЭҮК хэл ам хийсэн чинь шүүхээс эцэг эх нь тэнсэн ял өгсөн гэнэ. Өөрийн хүүхэд болохоор амийг нь хохироож болдог юм уу даа. Хөөрхий хүүхдүүд ч мөн ч их хохирч байна даа. Томчууд нь ч тоож байгаа юм алга. Хүүхдүүдээ хамгаалая гэхээр уламжлал гээд өөдөөс солиороод унадаг гаж сэтгэхүйтэй болцгоож ээ. Монголын эмгэнэл энэ болж байна!


Жич:

Би бээр хурдан морь унадаг хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай олон жилийн өмнөөс л бичиж  эхэлсэн байдаг. Эхэндээ хүүхдийн хамгаалах хэрэгслийг хангаад өгчихвөл амь нас, эрүүл мэндэд хал багатай гэдэгт итгэдэг байсан боловч яваандаа бодол маань өөрчлөгдсөн билээ. Хичнээн хамгаалах хэрэгсэл, дуулга малгай өмсөөд ч унаач хүүхдийн амь нас, биеийг хамгаалж чадахгүй гэдгийг ойлгосон доо. Мөн ямар цаг улиралд уралдуулах нь онцын ялгаагүй юм байна. Зун уралдаж байхдаа мориноос ойчсон ч гэмтэж бэртэх, амиа алдах эрсдэлтэй гэсэн үг. Тийм болохоор зөвхөн хаврын уралдааныг хориод асуудлыг шийдэж чадахгүй. Асуудлыг зөвхөн насанд хүрээгүй хүнээр унуулдагаа больсон цагт л шийдэж чадна. Ер нь хүний амь нас, эрүүл мэндэд халтай уламжлал гээчийг дэлхийд халах, өөрчлөхийн төлөө тэмцэл хүчтэй явагдаж байгаа. Арабын нэг оронд тэмээний уралдаанд мөн бага жинтэй учраас хүүхдээр унуулдаг байсныг хорьж, одоо унаачгүй уралдуулдаг болсон жишээ бий.
Олон жилийн өмнөөс бичиж эхэлсэн нийтлэлүүдээ цаг хугацааны дарааллаар нь орууллаа. Цаг заваараа сонирхоно биз дээ.

1.   2011 онд                               Хүүхдийн төлөө худлаа За гэхээ больцгоо
2.   2013 оны 3 сард                 ММСУХ донтоод байна уу?
3.   2013 оны 4 сард               Хүүхдийн амь хэдэн төгрөг вэ?
4.   2013 оны 5 сард             Хүүхдээр туг тахихаа болъёо!
5.   2013 оны 7 сард            Хүүхдийн амь чухал уу, уламжлал чухал уу?
6.   2013 оны 8 сард           ММСУХ дахин нэг хүүхдээр туг тахив
7.   2016 оны 3 сард            Хараал идсэн уяачид, морины эзэд минь ээ!
8.   2017 оны 3 сард             Хурдан мориноос унаж амиа алдсан 25 хүүхдийн гэгээн дурсгалд зориулав
9.   2018 оны 1 сард               Монгол морио басамжлаад байна уу?
10. 2018 оны 2 сард              Хүүхдүүддээ халтай Засгийн газар юм уу?
11. 2018 оны 3 сард                Хүүхэд тамлагчдыг шүүхэд өгье!
12. 2018 оны 11 сард               Хүчин ба хүүхдийн эрх

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө