Хараал идсэн уяачид, морины эзэд минь ээ!
![]() |
Мориноосоо ойчсон унаач хүүхэд |
![]() |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг |
![]() |
ММСУХ-ын тэргүүн М.Энхболд |
2015 онд 423 хүүхэд мориноосоо ойчжээ. Үүнээс лав 5 хүүхэд хүнд бэртсэн мэдээ байна. 3 хүүхэд нас барсан. Мөн оны Дүнжингаравт 11 хүүхэд мориноосоо ойчиж 1 хүүхэд цээжиндээ бэртэл авч байжээ. 2016 онд болох морины уралдаанууд 2 сарын 28-нд Төв аймагт болсон Дүнжингараваар эхэлж 16 хүүхэд мориноосоо ойчиж, дөрөв нь хүнд бэртсэнээс хоёр нь хөлөө хугалсанаар гараагаа эхэллээ. Сайханбилэгийн баталсан хуваарь ёсоор 3 сарын 6-нд болох Хангайн бүсийн уралдаан (Өвөрхангайд), болон бусад бүсчилсэн уралдаанууд, Их хурд зэрэг дараалсан олон уралдаан дээр хэдэн хүүхэд мориноосоо ойчиж, бэртэж, амь насаа алдахыг хэн мэдлээ.
Цастай, цасгүй ялгаагүй ямар ч үед хүүхэд мориноос унах эрсдэл бий. Гэхдээ мэдээж цас мөстэй үед эрсдэл нь хамаагүй илүү. Тэгэхээр өвлийн уралдаанд хүүхэд эндээд, зуны уралдаанд ийм юм от болдоггүй гэж туйлшрах нь тэнэг хэрэг. Хэргийн учир нь хүүхдээр хурдан морь унуулдагт л байгаа юм. Морь унаач маань дэндүү балчирдаад байнаа. Яс үс нь бэхжээгүй нялх амьтдыг хурдан адгуусны нуруун дээр тавиад явуулж байгаагаас л хамаг хэрэг үүдэж байна. Ийм учраас унаачийг сольмоор байна. Унаачийг сольсонтой холбоотой уралдаан явуулах дүрэм журам, нөхцлийг өөрчлөх шаардлагатай болно. Хувийн саналаа болгооё:
1. Хурдан морийг насанд хүрсэн хүнээр унуулдаг болох
Сайн тал: мориноос унах эрсдэл бага, унасан тохиолдолд гэмтэл авах магадлал бага
Муу тал: унаачийн жин нэмэгдэх учраас моринд нэмэлт ачаалал өгнө
2. Морины ачаалал нэмэгдсэнтэй холбоотой эмээл хэрэглэхийг болих (зайдан унах)
3. Дээрх шалтгаанаар уралдах зайг өөрчлөх (багасгах)
Унаачийн жин нэмэгдэх учраас дааганы уралдааныг болих шаардлага гарах байх. Ер нь хурдан морины уралдааныг яваандаа мэргэжлийн буюу бизнес хэлбэр рүү оруулах болбол нэлээн өөрчлөлт зохицуулалт хийх хэрэгтэй болно. Ялангуяа эрлийз морь (яваандаа цэвэр удмын ?) Монголчуудын морин уралдааны бизнест орж ирж байгаа өнөө үед морин тойруулгын уралдааныг ч бий болгох шаардлага гарах биз. Энэ бүхнийг дагаад морины уралдаанд бооцоо тавьдаг болно. АНУ-д Монгол эзэнтэй, Монгол уяачийн сойж бэлтгэсэн Mongolian Saturday (Монголын Бямба гариг) гэдэг нэртэй морь нэгэн том уралдаанд түрүүлж шуугиан тарьсан тухай саяхан мэдээлж байсан даа. Унаачийн нас заасантай холбоотойгоор бие жижиг, хөнгөн бөгөөд моринд сайн эрчүүд их эрэлт хэрэгцээтэй болох биз ээ. Монголд тийм эрчүүд мундахгүй олдох нь ойлгомжтой. Дээр нэр дурдсан "Америк" морийг унасан унаач нь нас гүйцсэн залуу боловч бие жижигхэн, хүүхэд шиг нөхөр харагдана лээ.
"Гадаад" морьдын тухайд тойруулгын уралдаан шинээр зохион байгуулж, харин Монгол морьдынхоо уралдах зайг богиносгох шаардлагатай болно.
Эцэст нь хүн амьтны хараал идэж байхаар манай уяачид, морины эзэд "хувьсал" хийх талаар нухацтай ярина байгаа. Эс тэгвэл үр удмаар чинь зүхэж байна шүү. Бөө мөргөлчид олширч байгаа өнөө цагт хараалгуулаад байх нь таатай биш л баймаар. Хувийн зүгээс би уламжлал энэ тэр яриад хүүхдээр хурдан морь унуулахыг хэвээр нь үлдээе гэж зүтгээд байгаа малуудад 2 зүйл хэлчихье:
- Өнө эртнээс хүүхдээр ингэж өвөл зунгүй хурдан морь унуулж байсан ямар түүхэн эх сурвалж бичиг, ном судар байнаа?
- Ямар нэгэн хортой, хохиролтой үр дагавар бүхий аливаа хуучин заншил, уламжлалыг халах нь тухайн үндэстний эрх ашиг шаарддаг нь мэдээжийн ойлгомжтой зүйл учраас мухар сохроор "уламжлал" гэж хэвээр хадгалах биш харин иймэрхүү зуршлыг үтэр даруй болих шаардлагатай. Улс үндэстний эрх ашиг, сонирхлыг урьтал болгож байгаа хэрэг юм. Бидний ирээдүй болсон бяцхан жаалууд маань тархины гэмтэлтэй, тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг хүн болж өсөх ёсгүй. Бид эрүүл бөгөөд эрхтэн бүтэн иргэдтэй байж хөгжинө. Бид бас цөөхүүлээ байж , "уламжлал" нэрээр ирээдүйн иргэдээ бага насанд нь булшилмааргүй байна.
Энэ сэдэв бидний хэлдгээр ёстой "улиг" болж байгаа сэдэв. Гэвч төрийн түшмэдийн чих хатуу, сэтгэл дутуу, сонирхол үгүй учраас ямар ч арга хэмжээ авахгүй байна. Дээрээс нь энэ бизнесийг эрхлэгчид, дэмжигчдийн шунал, бэртэгчин зан энэ зохисгүй "уламжлалыг" халахад саад болж байна. Гэвч ард иргэд маань тэдгээр бэртэгчин хүйтэн цустангуудыг орох газаргүй болтол нь чичлээд өгвөл бас хүн юм болохоор санаа бодол нь өөрчлөгдөх магадлал бий. Хэрэв ингээд ч засал авахгүй бол ерөөсөө дэмжихээ л больчихмоор байна. Ардууд минь нялх балчир хүүхдүүдээ хэдэн халтар төгрөгний төлөө амийг нь эрсдүүлж хурдан морь унуулахаа больчих хэрэгтэй. Мөн өөрсдөө тэр уралдаан гэгчийг нь очих үзэхээ болих хэрэгтэй. Хүн гэдэг ямар үнэтэй эрхэм чухал баялаг гэдгийг ойлгодог, мэддэг хүмүүс нь төр засгийн эрх барьдаг болсон цагт энэ харгис "уламжлал" өөрчлөгдөх нь ойлгомжтой. Харин уяачид, эзэд нэртэй бүлэг донтонгуудын эрх ашгийг урьтал болгодог, тэдэнд үйлчилдэг өнөөгийнх шиг төр засгийн үед хүүхдүүд маань хохирсоор байх нь. Гэхдээ иргэд маань дээр хэлсэнчлэн өөрсдийнхөөрөө "арга хэмжээ" авах л ганц арга одоохондоо байх шив дээ.
p.s. Энэ сэдвээр би хэдэн ч удаа бичиж байсан. Сүүлийнх нь бичилтийн линкийг доор өглөө.
Энд дарж уншаарай.
Comments
Post a Comment