А.Мөнхбатын шоу буюу "Хар, цагаан жагсаалт"

А.Мөнхбат
"Жинхэнэ шударга, төрийн жолоо барьж чадах хүмүүсээ бид сонгож гаргана" гэж Монголын Залуучуудын Холбооны (МЗХ) Ерөнхийлөгч А.Мөнхбат их л нухацтай хэлж байна.
МЗХ-ноос "Хулгайчгүй Монголын төлөө" гэх хөдөлгөөнийг санаачилж, "Хар жагсаалт", "Цагаан жагсаалт" гэгчийг гаргана гэж  байгаа.

МЗХ-ноос санаачилсан "Хулгайчгүй  Монгол" хөдөлгөөнийг дэмжиж байна уу гэсэн асуултанд санал өгөгчдийн ихэнх нь дэмжихгүй гэжээ. (доор зураг үзнэ үү)
Өөрсдийнх нь сайт дээр тавьсан энэ санал асуулгын дүн эсрэгээр гарсан нь хачирхалтай.
Өнгөц дүгнэвэл "дэмжихгүй" гэж санал өгсөн иргэд  "хулгайч" нарыг өмөөрөөд ч байгаа юм шиг. Тэгвэл эрүүл ухаанаар бодож үзвэл эдгээр  "эсэргүү нар" бол "хулгайчдыг" дэмжиж байгаадаа биш харин Мөнхбат тэргүүтний энэ тэнэглэлд дургүйцэж, эгдүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн хэрэг. "Хар, цагаан жагсаалт" гаргана гэж  хайран цагаа барж байхын оронд сонгогч иргэдээ гэгээрүүлэх ажил хийвэл харин иргэдийн талархал хүлээх байсан болов уу. Улс төрийн анхан шатны мэдэгдэхүүн олгохоос өгсүүлээд мөнгөөр болон элдэв эд зүйлсэд хууртаж саналаа өгөх нь  ямар хор уршигтай болох тухай гэхчлэн  хэлж заах юм мундахгүй дээ. Үнэндээ иргэд маань нийгэм, улс төрийн мэдлэг тун тааруухан шүү дээ. Гудамжинд яваа хүмүүсээс Монголын төрийн бүтэц зохион байгуулалт, засаглалын эрх мэдлийн хувиарлалт гэх мэтийг асуугаад үзээрэй.

МЗХ-ны сайт дээрх санал асуулга

Мөнхбат нарын хэлж байгаагаар бол төр засгийн эрх мэдэлд хэдэн "хулгайчид" гарчихаад сүйд хийгээд байгаа юм аа даа, янз нь. Одоо ирэх сонгуулиар "хар", "цагаанаар" нь ялгаж салгах юм байх. Ямар шалгуураар яаж салгах гэж байгаа нь сонин. Одоохондоо хар, цагаан жагсаалтаа гаргаагүй бололтой. Иргэд дэмжиж байгаа л гээд байдаг. Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэдэг байгууллагууд дэмжиж байгаа юм гэнэ.

Хэдийгээр  МЗХ-ны сайт дээр "Хар ба цагаан жагсаалт гаргах журам" гэсэн хаяг байх боловч бас л нэг хоосон гарчиг байна. Бодвол журмаа хараахан гаргаагүй бололтой.
Мөнхбат болон түүний өрөөсөн дугуйнуудад хэлэхэд аливаа ажлаа хүнд ойлгомжтой, тодорхой болгож байж эхлүүлж сураач ээ гэе.
"Хар жагсаалт" гэснийг бодвол энэ жагсаалтанд "муу хүмүүс" орох бололтой. "Цагаан жагсаалтанд" бодвол цэвэр ариун, хиргүй тунгалаг нь орох юм биз дээ. Одоо байгаа төр засгийн албан тушаалтнуудыг "хар", "цагаанаар" нь ялгах нүсэр ажил хийгдэх юм шиг байна. Ямар шалгуураар ялгах вэ? "Хулгайч" гэдэг ангилалд ямар  хүмүүсийг оруулах вэ?  "Жинхэнэ шударга" хүмүүсийг яаж мэдэх вэ? Гэх мэтээр хийх ажил их байгаа бололтой. Санаачлагч Мөнхбат маань сахал үсээ ч засах завгүй ажиллаж байгаа нь илт байна. Ядаргаанд орчих вий дээ.

Мөнхбат тэргүүтэн асуудлынхаа гарал язгуур, шалтгааныг  олж харахгүй байна. "Цагаан хун" сонгогдсоныхоо  дараа   яагаад "хар хэрээ"  болж хувираад байнаа гэдгийг асууж тунгаах хэрэгтэй.  Хар хэрээ болгож хувиргахгүй ямар хаалт, зохицуулалт байж болох вэ гэдгийг бодож үзсэн үү?  Зүсээ нуусан хар хэрээнүүд төр засагт шургалахгүй байх ямар шалгуур, шүүр байвал зохистойг ярилцаж байв уу?  Иргэд сонгогчид маань  яавал "сайн, мууг", "хар цагааныг" ялгаж  салгаж  харах чадварт  суралцах вэ?

Өнөөдөр хиргүй тунгалаг, гар цэвэр, сэтгэл цэвэр гэж хэлээд орох хүмүүс маргаашнаас эхлээд л ахуй амьдралаа өөд нь татах, ах дүүсээ ажилд оруулах ажлыг үндсэн ажлынхаа хажуугаар эрчимтэй хийж эхлэхгүй гэх ямар баталгаа байна?  "Хулгайч" нэр зүүсэн эрхмүүд маань цагтаа бас л "Би бол цэвэр ариун", "Та нарынхаа төлөө нойр хоолгүй зүтгэнэ" гэж хэлээд л сонгогдоо байлгүй дээ. Цагаан хун байсан хүмүүс хэсэг хугацааны дараа зүс нь хувирч "хар хэрээ" болчихдог юм байна. "Цагаан жагсаалтанд" нэр нь бичигдэх "цагаан хунгууд" ирээдүйд "хар хэрээ" болохгүй гэх баталгааг жагсаалт гаргаснаараа Мөнхбат гаргаж өгөх юм уу? Үгүй л байхгүй юу! Тэгвэл эцсийн дүндээ энэ ажил юу болж хувирах вэ? Зүгээр л нэр бүхий хэдэн хүний нэр хүндэд халдсан, шантаажилсан, иргэдийг хутгаж үймүүлсэн, талцуулсан  ажил л болно. Жаахан бүтээлч бөгөөд хэрэгтэй тустай үйл хийж байвал  зүгээр байх юм даа. Даанч өөрийгөө "рекламдах" гэсэн хоосон жүжиглэлээс өөрцгүй  үйлдэл юм шиг харагдаад байна. Бодвол бас л дээшээгээ санаатай даг аа.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө