Хүүхдийн төлөө худлаа ЗА гэхээ больцгоо

1. Хурдан морь унадаг хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах
Хэвлэлд мэдээлсэнээр 1996 оноос хойш бүрэн бус мэдээгээр 18 хүүхэд хурдан морь унаж яваад уралдааны замд осолдож амь насаа алдсан гэжээ. Мөн 2003-2007 онуудад нийт 816 хүүхэд уралдааны замд мориноос унаж гэмтэж бэртсэн гэсэн мэдээ байна.
Сая л гэхэд 2011 он дөнгөж гараад хөдөө болсон багахан шиг морин уралдааны үеэр нэг хүүхэд осолдож нас барсан эмгэнэлт явдал гарлаа. Энэ тухай Өдрийн сонин хангалттай сурвалжлага хийж нийтлүүлсэнийг олж уншаа биз дээ.

Цөөхөн Монголчууд бид бие биенийхээ төлөө дуугарч, нэг Монголын амь зүй бусаар эрсдэхэд аюулын харанга дэлдэж хашгирч гуугачиж байх ёстой баймаар.

Морин спорт уяачдын холбооны мөрддөг журам энэ тэрийг сайн мэдэхгүй ч гэсэн лав морины хүүхдүүдийг толгойны хамгаалалт-тусгай зориулалтын малгайтай уралдах ёстой гэсэн дүрэм шаардлага байдаггүй юм шиг. Ийм заалт л тэр дүрэм горимдоо оруулж өгөөд тэрийгээ ягштал мөрдүүлж байвал болмоор юм шиг.
Гадаадад янз бүрийн морины уралдаан, тэмцээнүүд бишгүй болж харагддаг бөгөөд морь унаж оролцож байгаа хүн бүр л тусгай малгай буюу дуулга өмссөн байдаг.
Үнийн хувьд болон хийц загварын янз бүр л байдаг юм байна. (зурагнууд үзнэ үү)

2. Морь уралдах газар тэгш, элдэв саад тотгор байхгүй, ялангуяа жижиг мэрэгчдийн гаргасан нүх болон бусад ил далд аюул байхгүй байх ёстой гэсэн шаардлагыг Морин Спортын Холбоо зохих дүрэмдээ оруулж өгөх хэрэгтэй болж байна. Учир нь хүүхэдийн буруугаас биш, голдуу уралдах замд тааралдах ил далд элдэв замын байдлаас, жишээ нь оготны нүхэнд гишгэж гэх мэтээс., болж морь бүдрэх, эсвэл бусгах явдал гардаг учраас хүүхэд мориноос ойчдог. Тэрнээс багаасаа морь унаж өссөн хүүхдүүд зүгээр давхиж яваа мориноос барагтай бол унахгүй. Ингэхээр морь уралдах замын байдал чухал.
Одоо ч мянгат малчин олон болж хувийн бөгөөд бооцоотой морь уралдуулах болжээ. Энэ явдал хэдийгээр тэдний хэрэг боловч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж дүрмээ баримтлаагүй бол үүнээс үүдэн гарсан элдэв асуудлыг, тэр дотроо хүүхэд эндсэн асуудал гарвал, зохион байгуулсан этгээд, байгууллага хариуцлага хүлээхээр дүрмэндээ хийж өгвөл зохилтой. Ингэхгүй бол Морин Спортын Холбоонд мэдэгдсэн мэдэгдээгүй том жижиг олон уралдаан өвөл зунгүй, энд тэндгүй болж хүүхдүүд маань гар утасны төлөө, эсвэл унадаг дугуй шанд нь авна гэж уралдаад амь насаа алдсан хэвээр байх болно шүү.
3. Монголоос гаралтай биш, гаднаас авчирсан, эрлийз морьд олшрох хандлагатай болжээ. Эдгээр морьдыг бас уралдуулж байна. Гэхдээ эдгээр морьдыг жинхэнэ цэвэр монгол морьдтой цуг уралдуулах уу яах уу гэдэг дээр зөвлөлдөөд дээрх холбооноос тус тусад нь уралдуулая гэж шийдсэн бололтой. Тэр нь зөв байх.
Саяхан 3 сарын 17-ны Өдрийн сонин дээр нэг марзан зар тавьсаныг олж уншлаа:
УЯАЧДЫН АНХААРАЛД 3 сарын 13-нд болохоор зарлагдсан уралдаан нь Япон улсад болсон байгалын гамшигт үзэгдэл Цунами болон Төв аймаг дахь уралдааны зам битүү мөстөж халтиргаатай болсонтой холбоотойгоор хойшлогдсон болно. 1. Макс группын нэрэмжит уламжлалт соёолон насны морьдын уралдаан 2. Говь Хурх ХХК-ны нэрэмжит хязаалан насны морьдын уралдаан 3. Ану Сервис ХХК-ны нэрэмжит шүдлэн насны морьдын уралдаан 2011 оны 3 сарын 20-ны өдөр Төв аймагт болно. Жич: Цэвэр үүлдэр болон импортын морьд уралдахгүй! Зохион байгуулах комисс
Энэ зар дээр 2 марзан өгүүлбэр байна:
Японд болсон газар хөдлөлт ба Цунами Төв аймагт болох гэж байсан морины уралдаанд нөлөөлжээ. Хойшлуулах шалтгаан нь хангалтгүй санагдсан бололтой. Зөвхөн уралдааны зам мөстсөн учраас гээд биччихээр арай жулдаад байсан юм даг уу даа.
Нөгөө нэг алиа юм нь гэвэл, Цэвэр үүлдэрийн морьд уралдахгүй гэжээ. Монгол морь цэвэр үүлдэр биш юм уу?
Зөвхөн энэ зараас харахад л морины уралдаанаар манайхан бүрэн өвчилжээ. Тэр баяны, энэ мянгат малчны, тийм компаны нэрэмжит гэсэн цол тодотголтой уралдаанууд бараг жил тойроод явдаг байх нь. Тэр олон зуун морийг унаж байгаа хүүхдүүд хөөрхий. Ямар ч биеийн хамгаалалт, эдийн засгийн олигтой урамшуулал байхгүйгээр номер зүүсэн болоод, хэрэгтэй хэрэггүй эд зүйлс эсвэл багашаархан мөнгөнд хууртагдаад амиа золиослоод халуунд шарагдаж, эсвэл хүйтэнд хайрагдаж морин дэл дээр хийсгэж явна.
Эдгээр бяцхан морьтонгууд маань амьд явах эрхтэй бөгөөд насанд хүрсэн бид тэдний амьд явах эрхийг хангах ёстой бус уу? Энэ асуултыг Морин Спорт Уяачдын Холбоо, Хүүхдийн эрхийг хамгаалах төв болон бусад хамаатай байгууллагын удирдлагууд, хурдан морь унадаг хүүхдүүдийн эцэг эхчүүд, хурдан морьдын эзэд, тэдгээр морьдыг нь уядаг уяачид та нараас асууж байна!
Comments
Post a Comment