М.Энхболд Ерөнхийлөгч болох юм уу?

М.Энхболд (МАН-ын дарга)
Миеэгомбын Энхболд. Эрх барьж байгаа нам (МАН) энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдын нэрийг дэвшүүлэх гэж байгаа тухай шуугиж байна. Олны үг ортой гэдэг шиг магадгүй л юм. Санал асуулгаар хамгийн өндөр оноо авлаа л гэнэ, Ийгл ТВ саяхан  "Бүрэн зураглал"  гэдэг нэвтрүүлгээрээ рекламдаж байна.  Мэдээж МАН-ыг дэмжигч улаан хувьсгалчид болон амь амьдралаа золиослоход бэлэн амиа хорлогчид , намын гал улаан батлахтангууд энэ нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Эдгээр хүмүүс энэ нийтлэлийг уншиж уураа барахгүй байхыг зөвлөе.

Тэгвэл энэ хүн Ерөнхийлөгч байх шалгуурыг хангаж байна уу гэдгийг энд  хөндлөө. Юуны өмнө энэ хүн Монголын төр засагт олон жил төрөл бүрийн алба хашиж ирсэн учраас түүний тухай сайн муу элдэв шуугиан сонин хэвлэл, интернэтээр нэг хангалттай байгаа бөгөөд тэрхүү мэдээллүүд дээр үндэслэж байгаа шүү гэдгийг хэлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч байх хамгийн том шалгуур юу вэ?  Энэ асуултанд олон янзаар хариулж болно л доо. Миний өгөх ганц хариулт бол нэр цэвэр байх ёстой гэдэг шалгуур. Нэр цэвэр байх гэдэг дотор олон юм багтанаа. Муу нэр сонсож байгаагүй  байх ёстой л гэсэн үг юм даа.  Энэ шалгуураар М.Энхболдыг  шалгаж үзье.

1. Төрийн албыг мөнгөөр үнэлж, сүлжээний бизнес лугаа адил пирамид хэлбэрээр санхүүжилт босгож төрийн эрхийг хууль бусаар авахыг зохион байгуулж, удирдаж явуулсан намын дарга М.Энхболд

За энэ бол баримттай (бичлэг нь олон нийтэд ил болсон) учраас маргах хүн   гарахгүй биз ээ. (Дээр өгүүлсэн дэмжигчдээс бусад хүмүүсийг хэлж байна)
Хэрвээ төр засгийн удирдах бүх албан тушаалуудыг ингээд зарчихаж болдог юм бол сонгууль явуулаад яах юм? Шударга сонгууль явуулдаг ардчилсан улс гэж дүр эсгээд хэрэггүй. Жинхэнэ ардчилал, шударга ёс бага боловч байдаг улсад ингэж баригдсан улстөрч болон улс төрийн нам нүүрээ хийх газар үгүй болж даруйхан суудлаа тавиад зайлдаг юм. Худалч, хулгайч ч гэсэн бас ичих нүүртэй байдаг байх нь. Манайд бол үгүй юм аа. Ширэн нүүрлэчихээд л гүлдийгээд байдаг.



Ганцхан энэ баримт бол энэ хүн Ерөнхийлөгч болох нь байтугай нэрээ дэвшүүлэх нүүргүй хүн гэдгийг баталж байна. Ичихгүй нэрээ дэвшүүлэхийг "зөвшөөрч"  хачин юм болох вий.
Дашрамд хэлэхэд, би удахгүй тэр мөнгө босгодог бичлэгийг англи орчуулгатайгаар SODON блог дээрээ (англи хэлтэй хүмүүст зориулсан) тавих болно. Дэлхийн хүмүүс МАН болон намын дарга М.Энхболд гэж ямар мундаг албан тушаалын наймаачин болохыг мэдэж аваг.

Авилгатай Тэмцэх Газар (АТГ) дээрх 60 тэрбум босгох тухай бичлэгийг шинжлээд эвлүүлэг байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм гэнэ лээ. Дүрс, видео бичлэг мэтийг эвлүүлж болох боловч хүний дуу хоолойг эвлүүлнэ гэж байх уу?  Гэтэл уг бичлэгийн гол баатар Ц.Сандуй (сонгуулийн дараа Нийслэлийн ИТХ-ын дарга болсон) уг бичлэг алдагдсаны дараахан ийм ярилцлага болсон, гэхдээ нэлээн дээхэн үед хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.  Хэргийн эзэн хэргээ хүлээсээр байтал энэ бол хэрэг биш байна гэж шийддэг АТГ, Улсын Ерөнхий Прокурорыг ажлаа шударгаар хийж байгаа гэж хэлэх үү? Мань Сандуй сүүлд нь хэлсэнээсээ бухаж, миний дуу хоолой биш байна гэж гүрийгээд өнгөрсөн дөө. Шаардлагатай бол суурин дээрээ хэд ч хувирч чадах ийм хүмүүс, ийм намд итгэхэд хэцүү. Эвлүүлсэн гэх хэрэгт 2 хүнийг барьж аваад байцааж байгаа юм гэсэн. Энэ байтугай хэрэгт "эзэн"  олддог хойно. Ямар ч жүжиг тавигдаад байгааг чөтгөр л мэдэх байх.

2. Газрын наймаачин хочит М.Энхболд

Энэ цол гуншинг мань эр дээхэн үед Хотын дарга байхдаа (1999- 2005) авсан байдаг. Өнөөг хүртэл ингэж дуудуулаад л явж байна. Муу нэрийг хусаад ч арилахгүй гэдэг энэ.
Монгол газар компаний захирал Мянганбаяр гэгч гардан гүйцэтгэж , ар талд нь нууц ноёнтон байдлаар  хотын дарга М.Энхболд, хотын менежэр Бадамжунай ажилладаг тухай  зөндөө л шуугидаг байсан боловч тэгсгээд замхраад өнгөрдөг байсан гэж энд  бичжээ. Мянганбаяр хотын чухал чухал газруудыг авах сонирхолтой хүмүүстэй уулзаж тохиролцоод мөнгөө авах ба нууц ноёдодоо зохих хувийг нь хүргэж, тухайн газрыг олгосон шийдвэрийг гаргуулж гэрчилгээ юмыг нь авч өгдөг гэнэ. Алтжин компанийн захирал Алтжинд (түүний олон охин компаниудад) гэхэд л 63 ширхэг газар олгосон гэрчилгээ байх ба бүх гэрчилгээн дээр доод талд нь хотын дарга М.Энхболд, хотын менежер Ж.Бадамжунайн гарын үсэг байдаг аж.
Мөн Спорт Цогцолборын барилгатай холбоотой  яригдаж байсан 450 сая төгрөгийн авилгын хэрэгт М.Энхболд, Ж.Бадамжунай нар холбогдож байсан.
Засаг дарга М.Энхболд 2003-2004 онуудад одоогийн Дүнжингарав хорооллоос зүүн тийш Амгалан  хүртэл хоосон байсан 970 га газрыг ганц Мон-Уран компанид бөөндөж "бэлэглэсэнээр"  газрын жижиглэнгийн худалдаа гаарсан тухай  "De facto"  Д.Жаргалсайхан бичиж байна. (энд дарж уншина уу)
Жаргалсайханы үг хэлсэн видео бичлэгийг энд орууллаа.



3. Төрийн албыг төрлийн алба болгосон М.Энхболд

Мэдээллийн хэрэгслүүдэд (жишээ нь,  энд үзнэ үү) бичсэнээс үзвэл, энэ нөхөр өөртэйгөө садан болон садан бус  боловч бизнесийн холбоотой  хүмүүсийг төр засгийн албан тушаалд очиход нөлөөлсөн гэж байна.
Жишээ нь,  Эрүүл мэндийн шинэ сайд А. Цогцэцэг түүнтэй худ ургийн холбоотой бол , олон жил Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Монголын Морин Спорт, Уяачдын Холбооныхоо (ММСУХ)  зарим хүмүүсийг  төрийн түшмэл болгожээ. Тухайлбал, ММСУХ-ын нарийн бичгийн дарга байсан П.Сэргэлэн гэгч   Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд, мөн тус холбооны дэд Ерөнхийлөгч байсан Ш.Лхамсүрэн  Барилга Хот Байгуулалтын дэд сайд болжээ.

4. Мөнгө угаах бизнест нэр холбогдож магадгүй М.Энхболд

УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Тянь Жинь хотод хувьдаа үлэмж хэмжээний га газар худалдаж авсан байж болзошгүй мэдээлэл байна гэж Оффшор!!! Ард түмний онц түр зөвлөлийн (АТОЗ) Facebook group-ийн хуудсан дээр бичжээ. ( энд үзнэ үү)

Дээрх жишээнүүдээс  харахад сайн гэхээсээ олон муу нэр дуулж, холбогдож явсан энэ хүн цэвэрхэн хүн биш байж мэдэх сэжиг байна.  Утга учиргүй, үндэслэлгүйгээр  энэ олон  жил М.Энхболдыг элдвээр хэлээд, хочлоод явдаг Монголчууд бүгдээрээ мэдрэл нь муудчихаагүй баймаар. Тэгэхээр нэг юм байгаад байгаа биз? Олны үг ортой гэдгийг дахиад хэлчихье.
Уг  нь сонгодог парламенттай улс оронд болбаас ялсан намынх нь дарга Ерөнхий сайд болж, засгийн газраа тэргүүлээд,намынхаа бодлогыг хэрэгжүүлээд явдаг ёстой. Гэвч энэ нийтлэлийн гол баатар маань хэдийгээр намын дарга боловч Ерөнхий сайд болсонгүй, харин УИХ-ын дарга болжээ.  Мань эр ч өмнө нь нэг удаа Ерөнхий сайд хийж байсан л даа. Тэгээд дахиад засгаа тэргүүлээд аж ахуйгаа өөд нь татаад явах боломжтой атал яагаад тэгсэнгүй вэ гэдэг асуулт гарч байна. Дахиж Ерөнхий сайд болохоосоо уйдсан юм болов уу, эсвэл зарим газар бичиж байгаачлан, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод Ерөнхийлөгч болчих санаатай ийм алхам хийсэн юм болов уу? Намбарын хүүхдээс  би юугаараа дутдаг юм, төр засгийн 3 өндөрлөгийн оройд  гурвууланд  нь  хүрэх юм хуна гээд шийдчихсэн юм болов уу?
Би лав саналаа өгч чадашгүй нь. Авилгыг цэцэглүүлсэн нэгнийг аль байдгаараа л эрхлүүлсэн дэг. Одоо дахиж нэгийг давраах эсэхээ та нар шийдсүгэй!

Жич
М.Энхболд ММСУХ-ны Ерөнхийлөгч байх үед морь унаач хүүхдийн амь эрсдэж байсан тухай болон тэдний аюулгүй байдалд хэрхэн хандаж  байсан тухай бичсэн нийтлэлийг энд дарж, мөн энд , бас энд , эндээс уншаарай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө