Чацга царайлаад явах уу даа, болих уу даа

Үндсэн Хуулинд өөрчлөлт хийж, засаглалынхаа тогтолцоог өөрчлөхгүй бол тун явуургүй болжээ гэдгийг Монголчууд ойлгож ухаарч эхэлжээ. Яамай даа. Парламент нь дарангуйлсан, хамаг ажилд оролцож хошуу дүрсэн байдлаар хол явахгүй нь тодорхой боллоо. Эрх мэдэл муутай, хүчгүй Ерөнхий  сайд тавьчихаад тэр хүнээ байн байн хуйвалдаж унагаад олон ч засгийг сольсон баялаг туршлагатай улс билээ, бид. Эцэс сүүлд нь Ерөнхий сайд руу буруугаа чихээд цэвэрхэн сугарч үлддэг "76 толгойтой атгаалжин хар мангастай"  билээ, бид. Энэ мангасын  хандыг дарж, ажлаа өөрийнхөө санасанаар хийх эрх мэдэлтэй гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй болох цаг нь болжээ. Энэ учрыг сануулж  хөхөө донгодоод эхэлсэн байна.

Монголчуудын зан үйл, уламжлал, ахуй, суртахуун, ёс жаягийг бодолцож тунгаавал, бидэнд уг нь олон толгойны хэрэг алга. Зохихгүй гэдгийг  нь түүхээрээ баталсан улс. Төрийн тэргүүн, засгийн тэргүүн гэж 2 толгой байх хэрэг алга. Эрх мэдэл, нэр нөлөөгөө булаацалдаад, дээрээс нь ард олныхоо толгойг эргүүлээд байх юм. Ерөнхийлөгч ба Ерөнхий сайд гэсэн хоёр толгойг яриад байна л даа. Хэн нь "том"  бэ гэвэл хүн бүр янз бүрээр л хариулах байх. Хэн нь ямар үүрэгтэй, яг ямар ажил хийдэг, юу хариуцдаг вэ гэхээр бас л янз бүрийн хариулт сонсох болно. Гудамжинд гараад л замд тааралдсан энгийн иргэдээс асуугаад үзэхэд л мэдэгдэнэ.

Тэгвэл  улс орны эдийн засгийн байдал, ард түмний ахуй амьдрал сайжрах, муудахад хэн нь буруутай, нөлөөтэй, хариуцлага хүлээх ёстой вэ гэхэд мөн л түмэн янзын хариулт хэлнэ. Баталгаатай шүү. Ингэтлээ ард бидний толгой эргэж самуурчээ. Хэн нь биднийгээ удирдаад байгаа юм бүү мэд, адаг сүүлд нь хэнийх нь толгойг авч хариуцлага тооцох юм бас бүү мэд. Хэргийн эзэн, хэнгэрэгийн  дохиур нь сүүлдээ аль нэг нам болж хувирдаг. Тэр нам гээчтэй нь хариуцлага тооцоод толгойг нь авъя гэхээр болдоггүй.  Ингээд л үнэгний сүүлэнд хууртсан анч нохой шиг хад мөргөөд таг зогсдог байхгүй юу. Олон ч удаа хад мөргөсөн дөө. Лав 25 жил мөргөсөн байх. Ингэж  чулуу мөргөсөөр байтал энэ улс орон, ард түмэн хэцүүдлээ. Мулгуу биш л бол одоо нэг нүд нь нээгдэж толгойд нь юм бууж байгаа байлгүй дээ. Даанч дээ.

Тэгэхээр одоо нэг толгойтой болж жаахан эмх цэгцэндээ орцгооё оо.  Тэр нэг толгой нь Ерөнхийлөгчийн толгой байх нь зөв биз ээ. Гэхдээ мэдээж одоогийн хуулиар бичигдсэн Ерөнхийлөгч биш шүү дээ. Жинхэнэ эрх мэдэлтэй Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй байна. Манайхны зарим нь  Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол тэр хүнийг гадныхан гартаа хийчих учраас аюултай гэж цэцэрхдэг. Тийм юм гэж юу байхав дээ. Парламент буюу УИХ гэж нэг байгууллага байна шүү дээ. Гадаад улстай хамаатай том асуудлуудыг Ерөнхийлөгч ганцаараа шийддэггүй харин тэр УИХ гэдэг шүүлтүүрээр хэлэлцүүлж байж зөвшөөрүүлдэг байхаар л хуулиндаа хийгээд өгчихвөл болох нь тэр.  АНУ зэрэг Ерөнхийлөгчийн засаглалтай оронд ийм л зарчим үйлчилдэг. Дотоод ахуйн асуудлаа харин Ерөнхийлөгч толгойгоороо хариуцаад хийгээд явдаг, үүний тулд өөрийнхөө багийг өөрөө бүрдүүлдэг номтой. Ажлаа муу хийвэл Ерөнхийлөгч толгойгоороо хариуцна гэсэн үг.  Хариуцлага тооцох эзэн нь бэлхэн байна шүү дээ. Тийм болохоор элдэв намд хариуцлага тооцно гэж хий үзэгдэл, сүнстэй харьцаж байгаа юм шиг хачин ший жүжиг тоглох шаардлагагүй боллоо гэсэн үг.
Манайхан өнөөгийн энэ уруу дорой байдлаа ямар нэгэн нам гэх хий үзэгдэл рүү нэг чихээд л , зарим нь ямар ч эрх мэдэлгүй (гүйцэтгэх засаглалын тэргүүн биш  ) Ерөнхийлөгч рүү дайраад л, хүн бүр лүү үсчээд байдаг согтуу хүн шиг аяг гаргадаг.  Одоо ингэх шаардлагагүй болно.

News.mn  сайт дээр тавьсан санал асуулгаар, Та ямар засаглалыг дэмжих вэ гэсэн асуултны 3 сонголтоос Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ гэдэг хариулт ихэнх саналыг авчээ. Одоогийн байдлаар нийт 7000 хүн санал өгсөнөөс 3200 нь Ерөнхийлөгчийн засаглалыг, 1700 нь 2 танхимтай парламент, 2200 нь хүчтэй гүйцэтгэх засаглалыг сонгосон байна.  Хүчтэй гүйцэтгэх засаглал гэдэг нь эрх мэдлийг нь өргөжүүлсэн Ерөнхий сайд (одоогийн засаглалын сайжруулсан хувилбар юм уу даа)- тай болохыг хэлээд байгаа бололтой. Ингэж гурилдаад хэрэггүй биз дээ. Өөрчлөлт хийвэл хийсэн шиг хийгээд Ерөнхийлөгчийн засаглалаа сонгоод явмаар байна. Хоёрын хооронд өнгөн засал хийгээд нэмэргүй. Эрх мэдэлгүй, билэг дэмбэрэлийн Ерөнхийлөгч гэж бас нэг ам тэжээмээргүй байна.  Ерөнхий сайд гэдгийг үгүй болгоод, засаглалын  эрхийг Ерөнхийлөгчид шилжүүлэх зохицуулалт өөрчлөлтийг Үндсэн Хуулиндаа хийх хэрэгтэй. УИХ нь хуулиа хэлэлцэж баталдаг, хууль тогтоох үүрэгтэй бөгөөд шаардлагатай бол улс орны ашиг сонирхол хөндөгдсөн томоохон асуудлаа хэлэлцээд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд явдаг, харин Ерөнхийлөгч нь бусад бүх асуудлаа хариуцаад явдаг байдлаар зохицуулж хуульчлаад бүх юмаа шинээр эхлээд явцгаая.

Хоёр танхимтай Парламенттай болох эсвэл 76 толгойтой нэг танхимтай хэвээрээ байх эсэх нь нэг их чухал биш болов уу. Учир нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн болох Ерөнхийлөгч нь үндсэндээ УИХ-аас хамааралгүй этгээд болох учраас хууль тогтооход 76 хүн байна уу, 760 хүн байна уу гэдэг нь онц нөлөөтэй биш. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгохдоо нэр дэвших, дэвшүүлэх боломжийг нээлттэй болгож өгөх хэрэгтэй. Зөвхөн УИХ-д суудалтай намуудаас биш, бас Монгол улсын иргэн бөгөөд шаардлага хангасан хэн ч нэрээ дэвшүүлэх боломжтой байхаар хуульчлах нь шударга бөгөөд Үндсэн Хуулинд заасан иргэн хүний  сонгох ба сонгогдох эрхийг нь эдлүүлэх боломжийг хангаж өгч байгаа хэрэг юм. Одоо бол тэр эрх нь хаагдсан учраас зөвхөн УИХ-д суудалтай намууд өөрсдийнхөө хүнийг дэвшүүлж, иргэдийн чөлөөтэй сонгох, сонгогдох эрхийг боомилж байна. Иргэн хүн нэрээ дэвшүүлж болохгүйгээс гадна аль нэг намын хүний төлөө заавал саналаа өгөх ёстой болж, өөрөөр хэлбэл албадсан  сонголт хийх болчихоод байгаа юм. Саналаа өгөхгүй (аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй учраас) гэж шийдвэл  сонгох эрхээ боомилуулж байгаа хэрэг болчихож байгаа биз?

Хэрвээ нэр дэвших эрхийг нээлттэй болгож өгвөл мэдээж олон нэр дэвшигч гарч ирэх магадлал өндөр учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг 2 шаттай явуулаад л асуудлыг шийдчихэж болно. Сонгуулийн нэгдүгээр  шатанд хамгийн олон санал  авсан 2 нэр дэвшигч дараагийн хоёрдугаар шатанд халзаа үзээд л хэн ялсан нь Ерөнхийлөгч болно гэсэн үг. Харин хоёр танхимтай Парламент ч манайх шиг цөөхөн хүн амтай оронд бараг дэмий биз дээ. Одоо байгаа 76  орон тоог л  эдийн шунал багатай, эрдэм ухаанд сурсан, амьдрал үзсэн, нас намба хашир туршлагатай хүмүүсээр дүүргэх  л асуудал байгаа юм. Тэрнээс биш олон цөөндөө ч биш байх аа.  Нам дагаж салбаганасан,амьдрал үзээгүй нас балчир, эдийн шуналтай нусгай баньд, хүүхнүүдийг сонгодогоо больчих хэрэгтэй. Мөн мөнгөөр зодож, нэр сүр олж авах, од болох гэсэн сагсуу юмнуудыг бүү шагайлга. Иймэрхүү юмнуудаас УИХ-ыг хол байлгаж чадвал хууль тогтоох байгууллага нь жаахан цэвэрших болно.  Тэгээд ахуйн ажлаа Ерөнхийлөгчид даатгаацгаая. Ерөнхий сайд гэдэг илүү орон тоог халъя.

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж судалж байгаа хүмүүс ажиллаж байгаа л гэнэ. Бүх ард түмнээс бас санал асуулга авах бололтой. Тэр үед л иргэн бүр үгээ хэлж идэвхтэй оролцоосой. Эцсийн эцэст энэ чинь бид бүгдийн ашиг сонирхол, улс орны ирээдүйтэй холбоотой  чухал асуудал шүү гэдгийг л ухамсарлах хэрэгтэй байна. Хэрвээ бид өөрсдөө дуу хоолойгоо гаргаж өөрсдийнхөө хувь заяаг гартаа авч, шаардлагатай өөрчлөлтийг хийхгүй бол энэ байдлаараа бид улам л доройтох болно. Доройтоно гэдгийг сүүлийн 20 гаруй жил яст мэлхийн хурдаар явсан байдал, зарим талаараа ухралт гарсан байдлаас харж дүгнээд байгаа юм шүү.  Хэрэв ингэж эрс өөрчлөлт хийж, шинээр эхэлж чадахгүй бол одоогийнхоо хувь заяатай эвлэрээд л , элдэв юм ярьж гомдол мэдүүлэхгүй, дуугүйхэн шиг "чацга царайлаад" явцгаавал таарна.  Олон толгойтой байсан цагт Монголчууд өөдөлж, сэхэж байгаагүй. Үүнийг л  санацгаа. Тэгээд шийдвэрээ гарга.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө