Зөв гарц

Д.Дорлигжав
Д. Дорлигжав ойрын үед Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь Монгол Улсын хувьд зөв зам гэж ярих боллоо. Тэрээр хэвлэлийн хурал хийж, ТВ- үүдэд  ярилцлага өгчээ. Ийгл ТВ-д өгсөн ярилцлагыг энд онцолж байна. Дорлигжав анхны партизануудын нэг бөгөөд Ардчилсан Намын даргаар ажиллаж байсан ба төр, засгийн  өндөр албан тушаал хашиж байсан хүн.  Товч намтар нь гэвэл, 1959 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байсан, Монгол Улсын шадар сайд, Батлан Хамгаалахын сайд, Эрдэнэт үйлдвэрийн Гүйцэтгэх захирал,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий Прокурор, Хууль Зүйн сайдын алба хашиж байсан.
Д.Дорлигжав өөрийнхөө нэрийг удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд  нам дотроо дэвшүүлжээ. Нам дотроосоо гарах эсэх нь удахгүй тодрох биз ээ. Дорлигжавын уриа нь "Ерөнхийлөгчийн засаглалтай болсоноор төрийн алба улстөрийн намын дөнгөнөөс ангижрана" гэж байна.

Энд гол нь энэ хүний тухай  өгүүлэх гэсэнгүй, энэ хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд "рекламдаагүй" шүү гэдгийг эхлээд хэлье. Дорлигжавыг дэмждэг нь ч байна, хялайдаг нь ч бас олон бий. Хамгийн гол нь энэ хүний саналыг зөв гэж дэмжиж байгаагийн хувьд Ийгл ТВ-д өгсөн ярилцлагыг энд сийрүүлж тавья гэж бодсон юм. ЮүТюүб дээр тавьсан бичлэгийн холбоосыг мөн өглөө.

 https://www.youtube.com/watch?v=e0A1HscR7C8



Зочны цаг (Ийгл ТВ, Дорлигжавын ярилцлага,  товчилсон)

Хөтлөгч
- Та Ерөнхийлөгчийн засаглалтай, босоо тогтолцоотой удирдлагатай болох тухай ярьж байна. Та өнгөрсөн 27 жилд төр засгийн алба хашиж байсан хүний хувьд хэдий үеэс ийм босоо удирдлагатай тогтолцоог зөв гарц гэж харсан бэ?
Д.Дорлигжав
-Төрийн олон алба хашаад явж байсан хүний хувьд  бас юм эргэцүүлж бодно биз дээ? Хамгийн том бэрхшээл бол төрийн ажлыг хийхийн тулд хувийнхаа ажлыг амжуулах гэж байгаа юм шиг  аргаддаг, гуйдаг, арга эвийг нь олдог, зарим үед бүр муудалцдаг. Энэ бүхэн их юм бодогдуулсан. Миний ажигласанаар энэ тогтолцоонд том асуудал байна. Хүмүүс ярьдаг шүү дээ, за нэг нам нь гараад ирвэл гайгүй байх, манай нам юм чинь, эсвэл нөгөө тал нь гарвал гайгүй байх, эсвэл нэг гайгүй Ерөнхийлөгч гарвал гайгүй болох байх гээд энэ 27 жил хүлээзнэж харж ,нэг юм бодож л байсан байх. Би ялгаа байхгүй энэ бүхнийг харж байсны хувьд ер нь тэр нам, хүнээ солиод зарчмын ялгаа гарахгүй гэж бодож байна. Үүний цаад шалтгаан бол энэ төрийн тогтолцоон дотор байгаа юм. Энэ тогтолцоон доторхи  энэ төрийг хүчгүйдүүлэх, нэгнийхээ шийдвэрийг зогсоох,  эсвэл хувийн бодлоо түлхүү оруулах, мөн боловсон хүчний замбараагүй бодлого мэтийн энэ болохгүй бүхэн яагаад улс төрчдөөс, намаас гараад байдаг юм гэвэл тийм боломж олгосон хуулиуд манайд  байна. Тэрийг нь  хүмүүс зорьсон  зорилгодоо хүрэхийн тулд гарамгай ашигладаг.
Тэгэхээр юмны зангилаа асуудал гэж байдаг даа. Ингээд   тогтолцоондоо чанарын өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм байнаа гэдгийг харсан.

Хөтлөгч
- Таны ярьж байгаа асуудал чинь Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуультай зөрчилдөөд байгаа юм биш үү?
Д.Дорлигжав
- Яагаад?
Хөтлөгч
- Дур зоргын шинжтэй байгаа юм биш үү гэж
Д.Дорлигжав
- Энэ чинь санаачлага шүү дээ
Үндсэн Хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хууль гэж байгаа, Зөвлөлдөх санал асуулгын хууль гэж байгаа. Энэ хуулиудын хүрээнд л Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах эсэх яригдана л даа.

Хөтлөгч
- Аливаа асуудалд  судалгаатай хандвал зүгээр юм уу гэж бодоод байна л даа. Ерөнхийлөгчийн засаглал манайд тохирно гэдгийг  хөндлөнгийн судлаачид  нотолсон юм  байна уу?
Д.Дорлигжав
- Монгол орны амьдралыг хөндлөнгөөс, холоос хүн ирээд хэлж өгөхгүй л дээ. Хэрэггүй. Хамгийн том судалгаа бол энэ төрийн ажлыг залгуулах гэж янз янзаар аргаа барж явсан улсуудын дундаас гарна даа. Тэр дундаа энэ хуулийн мэргэжлийн хүмүүсийн дундаас гарна. Тэрнээс биш гадны нэг ухаантай хүн ирээд зааж өгөөд явна гэж байхгүй.
Үндсэн Хуулинд оруулах өөрчлөлт дотор Ерөнхийлөгчийн засаглалтай байх, эсвэл Ерөнхий сайдыг нэлээн хүчтэй болгох гэсэн ийм л хоёр хандлага явж байгаа. Тэгэхээр үүний сайн муу тал, аль нь Монголд тохирох эсэх тухай л ярилцах ёстой.

Хөтлөгч
- Яг Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоё гэхээр манай судлаачид, Үндсэн Хууль, засаглал судалдаг хүмүүсийн зүгээс нэг зүйлийг хэлээд байдаг л л даа. Тэр нь юу вэ гэхээр, нэг удирдагчтай байхаар гадны нөлөөнд орчих эрсдэл агуулдаг, тийм учраас парламентын засаглал  тохирно гэдэг.  Нөлөөнд автчих вий, дарангуйлагч гараад ирэх  вий гэдэг талаас нь.
Д.Дорлигжав
- Тэр судлаач гэдэг хүмүүсийг би гайхдаг. Тэр талаар хэдэн юм бичдэг хүмүүсийг судлаач гээд байх шиг байгаа юм. Ер нь юмны мөн чанарт хүрч, "а", "б" -гүй судалж, харьцуулж байгаа хүн их цөөхөн юм шиг байгаа юм.
Ерөнхий сайд юм уу, эсвэл Ерөнхийлөгчөд эрх мэдэл төвлөрүүлэх тухай  ярьж байгаа биз? Тэгвэл нөлөөнд орохын тухай аль нь ч ялгаагүй орно. Энэ бол үндэслэлгүй юм.
Төр эрх зүйн онолын талаас авч үзэх юм бол  Гүйцэтгэх засаглал (буюу Засгийн газар), Хууль тогтоох засаглал (буюу Парламент) , Шүүх гээд энэ 3 бүтэц бол нэг нэгнээсээ хамааралгүй байх ёстой юм. Гэтэл одоо УИХ-аас байгуулагдсан Засгийн газар чинь шууд л тэрнийхээ хараат болдог шүү дээ.

Тэгэхээр Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдож гарч ирээд Засгийн газраа байгуулаад явна, УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогдож гараад хуулиа тогтоогоод явахад энэ 2 нэг нэгнийгээ оролдоод явах боломж байхгүй.  Ер нь гүйцэтгэх засаглалаа нэг чигт нь болгоно гэдэг ерөнхий санаа зөв, гэхдээ Ерөнхий сайд дээр эрх мэдлийг төвлөрүүлсэнээр асуудлыг шийдэх чадахгүй. Яагаад гэвэл, цаана нь намууд хэвээрээ байгаа, нөгөө олон фракцууд хэвээрээ байгаа, тэр парламентаас сонгогддог хэвээрээ байж байна.
Тэгэхээр, Ерөнхийлөгч толгойлсон Засгийн газартай, босоо удирдлагатай , хариуцлагатай, ойлгомжтой төр засаг Монголд хэрэгтэй байгаа юм.

Ерөнхийлөгчийн Засаглалын хамгийн давуу тал бол энэ 3 сая хүн дотроосоо  хамгийн чадварлаг хариуцлагатай хүмүүсээ томилоод ажиллуулах боломж нь нээгдэж байгаа юм. Харин Ерөнхий сайд бол хэдийгээр хүчтэй болсон ч гэсэн ялгаагүй намын дарга л байна. Намынхаа бодлогыг явуулна, намынхаа хүмүүсийг ажилд авч эхэлнэ, цаанаас нь [өөрийнх нь намаас] ил далд шахаж эхэлнэ. Тэр энэнээс  гарч чадахгүй.

Би сэтгүүлчдэд хэлэхдээ, Ерөнхийлөгчийн засаглалын онцлог бол намын нөлөөлөлгүй Засгийн газартай байх юм аа, Ерөнхий сайд бол намын дарга бөгөөд намаас сонгогдсон хүн байх бол Ерөнхийлөгч нь  ард түмнээс сонгогдсон бөгөөд нам бусаар ажиллах юм аа гэсэн. Тэгэхээр энэ бол намын нөлөөллийг арилгах бас нэг арга болж байгаа юм.
Төрийн ажлын ихэнх завхрал, хариуцлагагүй байдал, хариуцлага тооцож чаддаггүй энэ бүх байдлын цаана нам, намын фракц бүлэглэлүүд  байгаа юм.  Монголын төр үүнээс өөрөө гарч чадахгүй.

Ардчилсан тогтолцоогоо хадгалая гэвэл энэ олон намын системийг байлгах хэрэгтэй. Гэхдээ яаж байлгах вэ, яаж төр засгийн бодлогыг үймүүлүүлэхгүй байлгах вэ, бүлгийн  ашиг сонирхолд автуулахгүй байлгах вэ гэвэл  тэр намаар дамжиж сонгогдож гарч ирсэн хүмүүс зөвхөн хууль тогтоох, батлах, Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн бодлогын чанартай бичиг баримтыг батлах хэлэлцэхдээ  намынхаа үзэл бодлоор талцаад батлах, тэрнээс биш гүйцэтгэх засаглалын  дотоод ажил  руу орж болохгүй.

Хөтлөгч
- Дарангуйлагчын ба гадны нөлөөнд орох тухайд
Д.Дорлигжав
- Дарангуйлагч бий болчихно гэдэг бол хамгийн энгий болхи эсэргүүцэл юм. Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлоод явдаг ардчилсан улс зөндөө бий. Тэнд яагаад дарангуйлал тогтохгүй байгаа юм? Тэгвэл тэнд дарангуйлагч бий болохгүй байх хуулийн зохицуулалт нь байдаг байхгүй юу. Энэ тэнцвэрийг хангадаг олон механизм байдаг ба үүнийг бид нар хийж өгөх ёстой.
Гадны нөлөөний тухайд, нөлөөлөхдөө хүрвэл Ерөнхийлөгч хүчтэй байсан ч нөлөөлнө, Ерөнхий сайд хүчтэй байсан ч нөлөөлнө, бүр томоор ярих юм бол 76 хүн байсан ч нөлөөлнө. Одоо ил далд нөлөөлж л байна. Энэ нөлөөллийг харж чаддаг төр засаг байна уу, үгүй юу, хараад энэний нөлөөнд автахгүй байж чадддаг төрийн хяналтын механизм байна уу үгүй юу, хариуцлагаа тооцож чаддаг төрийн механизм байна уу гэдэгт л асуудал байгаа юм.

Хөтлөгч
- Одоо УИХ дээр Зөвлөлдөх зөвлөл байгуулагдсан. 6 асуудлаар Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах эсэх тухай ард иргэдийг мэдээлжүүлээд, тийм үгүй гэдэг зөвшөөрөл авах тухай ажиллаж байгаа. Тэр өөрчлөлтүүдийг харах юм бол Ерөнхий сайдыг хүчтэй болгоё, танхимаа өөрөө байгуулдаг, чөлөөлдөг, харин Ерөнхийлөгчийг бол өргөтгөсөн парламент буюу  УИХ, аймаг дүүрэг хотын Иргэдийн хурлыг оролцуулаад 6 жилээр сонгодог байхаар өөрчлөх нь  нь зөв буруу эсэх тухайд иргэдэд   мэдээлэл өгөх гэж байна.  Ерөнхий сайдаа хүчтэй болгочихоод, их бага танхимтай болчихвол асуудал шийдэгдэхгүй юу?
Д.Дорлигжав
- Би түрүүн хэлсэн шүү дээ. Ерөнхий  сайдыг хүчтэй болгох нь хэдэн сайдыг өөрөө мэдээд томилох эрхтэй болох юм шиг ойлгоод байх юм. Ерөнхий сайдыг парламентаас сонгодог хэвээрээ байсан тохиолдолд тэр намын, фракц бүлэглэлийн  ил далд дарамт салахгүй ээ. Харин ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа  байгуулсан тохиолдолд тэр намууд тэр рүү орж чадахгүй.

Хөтлөгч
- Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад өнөөдрийн байдалд хүрэх гэж нэлээн үнэ төлсөн байдаг. Мөн улс төрийн тогтворгүй байдалтай  байсан байдаг. Манайх өнөөдөр эдийн засгийн ийм эмзэг  нөхцөлтэй байгаа цаг үед  улс төрийн тогтворгүй байдал руу яваад орчих юм биш үү?
Д.Дорлигжав
- Жинхэнэ улс төрийн тогтворгүй байдал  чинь өнөөдөр байгаа юм биш үү? Байсхийгээд л засгаа сольдог, эсвэл  огцорч байдаг, үгүй бол огцрохгүй гээд л бөмбийгөөд бүлэг фракц болгоны аманд ороод л, хийе гэснээ хийж чадахгүй яваа чинь хамгийн тогтворгүй, ойлгомжгүй байдал шүү дээ.

Хөтлөгч
- Иргэд бол нэг л зүйлийг хүсэж байгаа. Асуудлыг хурдан шийддэг байаасай гэж. Парламент дээр ямар нэгэн том төсөл, асуудлыг шийдэе гэхээр талцаад явдаггүй.
Д.Дорлигжав
- Ер нь бодит байдалд  жирийн иргэд байтугай, улстөрчид  хүртэл мухардалд орчихоод байна.  Ардчилсан нам дангаараа ялж үзлээ, Ардын нам дангаараа ялж үзлээ, АН-аас Ерөнхийлөгч гарч үзлээ, нөгөө намаас Ерөнхийлөгч гарч үзлээ, хоёулаа хамтраад МАНАН гэж цоллуулж үзлээ, тэгээд ялгаагүй л байгаа биз дээ? Ямар нэгэн юм болохгүй л байгаа хэрэг. Тэгэхээр тодорхой гарц, шийдэл хэрэгтэй байгаа байхгүй юу. Шүүмжлээд суугаад байх биш, яриад байх биш, тойруулаад байх биш шийдэх л хэрэгтэй. Ийм учраас би энэ шийдлийг санал болгож байгаа юм.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө