Дараагийн Ерөнхийлөгч Т.Галсан

Тангадын Галсан
Би бодлоо. Монгол улсын Ерөнхийлөгч бол Монгол түмний эв нэгдлийг хангагч байх  ёстой гэж бодвол дараагийн Ерөнхийлөгчөөр бид аль нэг намын улс төрч биш харин ард олондоо хайрлагдсан, танигдаж хүндлэгдсэн эрхэмийг сонгох нь зүйтэй санагдана. Энэ эрхэм бол эрдэмтэн буурал Т.Галсан юм. Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт энэ буурал маань 1932 онд төрсөн , одоо 85 насыг зооглож буй, ухаан цэлмэг, бие тэнхлүүн, нэг удаагийн Ерөнхийлөгчийн албыг байтугай хоёрдахь удаагаа ч хаачих чадвартай нэгэн гэж бодном. Тэрээр төрийн энэ өндөр албыг хашихад амьдралаар бэлтгэгдсэн, хэн нэгэн 45-тай эсвэл 55-тай жулдрайгаас хол илүү  ухаалаг бодгал юм. Тэр хүнд одоо Монголынхоо төлөө зүтгэх чин хүсэл л бий. Тэр хүнд өөр бусад шунал атаа үгүй.  Тэр хүн үздэгээ үзсэн, хийдгээ хийсэн. Үлдсэн амьдралаа Монгол түмнийхээ сайн сайхны төлөө зориулахад бэлэн бөгөөд боловсорсон  хүн.

Хэрэв бид аль нэг намын, хэн нэгэн улс төрчийг сонговол тэр нөхрийг сонгох гэж Монголчууд хоорондоо нэг талцана, сонгосон хойно нь сайнаар болон муугаар хэлж бас нэг муудалцана. Өөрөөр хэлбэл ингэж сонгогдсон шинэ Ерөнхийлөгч маань анх сонгогдохоосоо эхлээд л буун буутлаа ард түмнээ хоёр хэсэг болж талцуулсаар байгаад  дуусах юм байна гэж ойлгож  болно. Сонгогдсон хойноо намаасаа түдгэлзэнэ гэдэг бол зүгээр л нэг алиа шог. Ийм учраас л бидэнд хэн нэгэн улс төрч хэрэггүй, харин амьдралын ухаанд суралцсан, эрдэм боловсрол төгс оюунлаг хүнийг сонгох шаардлага гарч байгаа юм.

Нэгэнт Сонгуулийн хуулиар УИХ-д суудал бүхий намаас нэр дэвшүүлнэ гээд заачихсан болохоор Т.Галсан гуайн нэрийг дэвшүүлж чадах  хуулийн этгээд нь АН, МАН, МАХН гурав юм. Тийм учраас энэ далимыг ашиглаад дээрх гурван этгээдэд хандаж байна. Хэн түрүүлж дуугарсан нь хожно шүү гэдгийг эхлээд сонордуулчихая. Тэр нам ч төдийгүй, бүх Монгол Улс хожно. Т.Галсан гуайн нэрийг дэвшүүлсэн намын нэр хүнд адаглаад өсөхөөс гадна улс орондоо хийж байгаа том буян болно гэдэг нь маргаангүй. Өнөөдөр бидэнд эв нэгдлийг хамгаалагч  хэрэгтэй байна. Нам эвслээрээ хуваагдаж талцах нь хэрээс хэтэрсэн өнөө цагт хамгийн чухал нь эв нэгдэл. Аль нэг намын уяаны гөлөг, хэн нэгэн улс төрч ард олноо талцуулж хагаралдуулахаас өөрийг хийж чадахгүй. 

Хэтдээ Монгол Улсын Ерөнхийлөгч маань эрх мэдэл хомс  болж, жинхэнэ утгаараа билэг дэмбэрэлийн Ерөнхийлөгч болох учраас  намууд заавал өөрсдийнхөө хүнийг гаргах гэж  улайрч ард олноо хэрэлдүүлэхээ  болиосой. Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай өдгөө ид ярилцаж байна. Хууль санаачлах эрхийг нь лав хасах бололтой. Одоо нэр дуулдаж байгаа хүмүүсийг харахад Ерөнхийлөгчөөр сэтгэл түвдэлгүй сонгочихоор хүн алга. Бүгд л элдэв нэр зүүсэн, хэл аманд орооцолдож байсан, эсрэг талынхандаа нүдэнд орсон хог, шүдэнд хавчуулагдсан мах шиг үзэгдсэн хүмүүс байгаа харагдана. Ийм хүмүүс, ийм намууд хол явахгүй ээ. Нэг удаа буян болоод, ард олондоо хайрлагдсан энэ хүнийг Ерөнхийлөгчөөр нэрийг нь дэвшүүлээсэй. Ард түмэндээ хайрлагдсан, нэр хүндтэй ийм хүн л Монгол түмний эв нэгдлийг хангаж чадна гэдгийг намчирхдаг донд автаагүй эрүүл ухаантай хүн бүхэн л ойлгох энгийн юм шүү дээ.
Нэр дэвшүүлэх онцгой эрхтэй дээрх гурван намуудын удирдлага, гишүүд энэ саналыг маань болгоож тунгаана биз ээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө