Хөлний 9 хуруу ямар үнэтэй вэ?

Хөлийн 10 хуруунаас нэг л эрхий хуруу үлджээ
2017 оны 1-р сарын 17-ны шөнө  Ж.Баярцогт хэмээх цэргийг ахлагч нь  дэглэсэний улмаас хөл нь хөлдөж, 9 хурууг нь тайрахаас аргагүйд хүрсэн харамсалтай явдал болжээ. Хүний хөлийн 10 хуруунаас 9-ийг тайрчихаар  хүний явж хөдлөх чадвар  яаж алдагдахыг төсөөлөхөд тийм хэцүү биш байх.  Баярцогтыг харуулаас буух цаг болоогүй байхад манаагаа хаяж явсан гэж ахлагч нь өөрийнхөө аргаар шийтгэсэн юм гэнэ. Ер нь армид цэрэг "дэглэдэг"  асуудал байсаар ирсэн, одоо ч байгаа юм байна. Ганц манайх ч биш, бусад оронд мөн ялгаагүй  байдаг.
Гэхдээ тахир дутуу буюу хөдөлмөрийн чадвараа алдаж эрэмдэг болтол нь ингэж тамлах ёс байхгүй. Дайн болоогүй байхад өөрсдийгөө ингэж жагсаалаас гаргаад байж таарахгүй биз дээ?

Харуулын ахлагч Энхцолмон гэдэг хүн "дэглэлт"  залхаалтаа хэтрүүлж, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан байна. Үүнийхээ төлөө тэр хүн  зохих цээрлэл хүртэх ёстой.
Хөөрхий залууг "Үйлдвэрийн осол"  гэсэн акт өгч албанаас нь чөлөөлжээ. Үйлдвэрийн осол гэнэ шүү! Ямар малынх нь шийдвэрээр ийм юм бичиж өгдөг байна аа?
Хохирогч цэрэгт 500 мянган төгрөг өгөөд л хаясан бололтой.
Энхцолмонгийн эхнэр хохирогч цэргийн ээжтэй уулзаж баахан гуйж гувшсан гэнэ.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, хүний биед ноцтой хохирол учруулсан Энхцолмон ял зэм хүлээх ёстой. Энэ нэгдүгээрт. Хоёрдугаарт, энэ залууд төрөөс нөхөн төлбөр өгөх ёстой.  Эрүүл саруул ирээд ийм эрэмдэг болсонд төр засаг буруутай. Ингэж холбогдох  этгээдүүдэд шийтгэл оногдуулах нь дахиж ийм хэрэг гаргахгүй байх сургамж болно.  Ийм хэрэг  гарсан явдалд  армийн удирдлага шууд хариуцлага хүлээх ёстой. Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч (Ерөнхийлөгч) нар хариуцлага хүлээх ёстой. Тэд төр засгийн удирдлага учраас  Монголын төр иргэнийхээ хохирлыг зохих хэмжээгээр барагдуулах ёстой гэж үзэж байгаа юм.

Хэрхэн яаж барагдуулвал зохистой вэ гэдэг нь дараагийн асуудал. Мэдээж мөнгөн төлбөр хэлбэрээр шийдэгдэх ёстой байх. Олон улсын жишиг ч мөн голдуу ингэж шийдсэн байдаг.  Харин  манайд  энэ асуудлыг шийдсэн тохиолдол байдаг эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч гэсэн шийддэг л болох хэрэгтэй. Ингэдэг байж л төр засаг иргэнээ анхаардаг, хамгаалдаг болох юм. Ер нь төр засаг иргэнийхээ аюулгүй байдал, эрүүл амьдрах, эрүүл мэндээрээ хохирохгүй байх нөхцлийг хангаж өгөх ёстой. Гудамжинд байдаг  траншейны худагны таглаа байхгүй үед хүүхэд болон том хүн тэр нүхэнд унаж бэртсэн тохиолдол гардаг л байсан. Тэр хохирсон хүмүүс төр засгийг шүүхэд өгч (энэ тохиолдолд хотын захиргаа ч юм уу) хохирлоо барагдуулах ёстой. Үүнтэй адил төр засгийн буруугаас болж эрүүл мэндээрээ хохирсон байлдагч мөн адил ингэж л хохирлоо төлүүлэх ёстой юм.

Гадны улсын туршлага, баримтаас сонирхож үзье.

 2010 онд АНУ-ын Нью Жерси мужид хотын тохижилтын албаны ажилчин мод тайрч байгаад өргөгч төхөөрөмждөө нэг хөлөө даруулсанаас болж тэр хөлийнхөө бүх хурууг тайруулсан. Хохирогч  залуу хотын захиргаа болон уг төхөөрөмжийг үйлдвэрлэсэн компани хоёрыг  шүүхэд өгсөн. Энэ хоёр хариуцагч этгээд хохирогч залууд  825500 (найман зуун хорин таван мянга таван зуун) долларын төлбөр төлжээ.

Сүүлийн 10 жилийн  хэргүүдийг судалж үзэхэд хөлийн нэг хурууны нөхөн төлбөрт дунджаар  119 мянган доллар төлж байсан гэнэ. Ер нь хөлийн хуруунууд дотроо том хуруу (эрхий хуруу) нь биеийн тэнцвэрийг хангаж, биеийн жингийн 40 шахам хувийг дааж явдаг гэсэн байх юм. Тэгэхээр эрхий хуруугаа алдах, жижиг хуруугаа алдах хоёр бол өөр өөр үнэлгээтэй байх нь ойлгомжтой.  Гэхдээ мэдээж тухайн тохиолдол, хэрэг бүр өөр байхаас хамаараад, мөн хаана ямар газар (мужид) байсан эсэхээс хамаарч үнэлгээ төлбөр нь янз бүр байдаг аж. АНУ-д хөлийн эрхий хуруугаа алдвал дунджаар 23 мянган доллар төлдөг гэнэ. Гэхдээ  муж бүрд өөр өөр. Жишээ нь Калифорн мужид 6 мянгыг төлж байхад Орегон мужид 90 мянгыг төлж байна.

Герман улсад гарын долоовор хурууны төлбөрт  7669 Евро төлж  байжээ. Орос улсад биеийн эд эрхтэнээрээ хохирвол ямар эрхтэнээсээ хамаараад өөр өөр үнэлгээтэй даатгал байдаг юм байна.  Ер  нь иймэрхүү зохицуулалт ихэнх орнуудад байдаг бололтой.
 

Хохирогч Ж.Баярцогт шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо үнэлүүлж хариуцагч этгээдүүдээс мөнгөн төлбөр авах хэрэгтэй. Одоогоор манай улсад энэ талын зохицуулалт, туршлага байхгүй учраас энэ тохиолдолд олон хүчин зүйлийг харгалзаж  өөрөө үнээ тогтоож нэхэмжлэх нь зөв.  Үүнд, эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол  үлдсэн насандаа хөдөлмөр эрхлээд олж болох байсан орлого, сэтгэл санааны хохиролын үнэлгээ зэргийг тооцох хэрэгтэй. Мэдээж манай оронд амьдралын өртөг, цалингий орлого, түвшин зэрэг нь  дээр жишээ авсан АНУ, Герман гэх мэт бусад орнуудтай харьцангуй өөр учраас  нэхэмжлэх мөнгөний хэмжээ мөн өөр байх нь ойлгомжтой.

Ер нь амь насны болон биеийн бусад эрхтэнүүдийг нэг бүрчлэн үнэлсэн даатгалын  систем манайд хэрэгтэй. Иргэн бүр энэ даатгалд хамрагдах юм бол элдэв осол, золгүй явдлаас болж эд эрхтэнээрээ хохирсон тохиолдолд зохих мөнгөн төлбөр авдаг болох юм.  Нийт  даатгуулсан үнийн дүнгийнхээ зохих хувиар эрхтэнээ даатгана гэсэн үг. Манайд зарим нэг компаниуд гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг боловч яг ингэж эрхтэн нэг бүрээр нь үнэлсэн систем байдаг эсэхийг мэдэхгүй байна.
Орос улсад жишээ нь, хөлийнхөө 2 буюу түүнээс дээш тооны хурууг тайруулсан тохиолдолд  500 мянган рублиэр даатгуулсан бол 60 мянган рубль авах жишээтэй.

Ямартай ч энэ хэрэг том сургамж болох ёстой. Иргэнийхээ эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан төр засаг хариуцлагаа хүлээгээд хохирлыг нь барагдуулах ёстой. Батлан Хамгаалах Яамны удирдлагууд цэрэг дэглэж, харгис хэрцгий тамлаж, бах таваа хангадаг энэ гаж уламжлалыг зогсоохгүй бол арай хэтэрч байна. Эрүүл бие бялдартай, шөрмөс чадалтай, хатуужилтай цэргүүд эх орноо хамгаалахаас биш ингээд тахир дутуу,эрэмдэг болгоод байх юм эх орныхоо төлөө байлдах нь байтугай энхийн цагт хөдөлмөр эрхлэх чадваргүй баахан эрэмдэг хүмүүстэй болох нь байна. Хатуужил суулгах, залхаан цээрлүүлж яргалах хоёр чинь шал тусдаа өөр юм гэдгийг армийн удирдлагууд, шат шатны дарга нар нь ахлагчаасаа эхлээд ойлгож авах  цаг аль хэдийн болжээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө