Ерөнхийлөгч хэн болох вэ?
Ерөнхийлөгчийн барих Төрийн тамга |
Гэвч одоо сонгууль нэгэнт дөхсөн учраас Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийг хөндөх хугацаа ч байхгүй, УИХ-д суудалтай намуудад тийм хүсэл ч байхгүй.
Тийм болохоор одоо байгаа нөхцөл байдалд эрүүл ухаантай, намд донтох өвчинд автаагүй жирийн сонгогч яаж хандах ёстой вэ гэдэг тухай ярилцая.
Жирийн сонгогч бид юун дээр анхаарах ёстой вэ?
1. Хэн нэгэн улстөрчийг сонгохгүй байя.
2. Намуудыг хүнээ дэвшүүлэхдээ нам бус, олонд нэр хүндтэй хүн олж дэвшүүлэхийг шахаж шаардая.
Мэдээллийн хэрэгслээр явж байгаа хов живийг харахад олонд улиг болсон, урьд өмнө нь элдэв хэл аманд өртөж байсан, муу нэртэй луу данстай, дарга дарганцаруудын нэрс сонсогдож байх юм. МАН-аас намынх нь дарга (одоогийн УИХ-ын дарга) М.Энхболдын нэрийг дэвшүүлэх нь ойлгомжтой гэлцэнэ. Энэ хүнийг хотын дарга байхдаа газрын наймаа хийж байсан гэж ярьцгаадаг. Хамгийн сүүлд тараагдсан аудио бичлэгээр мань эр сонгуулийн 90 тэрбум төгрөг яаж босгох тухай Сандуй (одоо хотын ИТХ-ын дарга) нартай ярилцаж байсан нь олонд ил болсон. Төрийн албыг үнэлж борлуулах тухай ярьж байна шүү дээ. Энэ чинь авилгал оршин тогтнох үндсийн үндэс болж байгаа юм. Ийм нам ямар хүнээ дэвшүүлэх нь ойлгомжтой. Намынхаа даргыг зулгуйдаж гаргах биз. Дарга нь ичихээ байсан, нам нь ч цайчихсан нам шүү дээ.
Бас Энхтүвшин, Хүрэлсүх нарын нэр ч тууж явах шиг. У.Хүрэлсүх авилгын хэргээр шалгагдаж байсан, ордон дотор нэг гишүүнээ шанаадаж унагаж байсан нөхөр. Эр бяраараа түрээ барьж, аархдаг сагсуу залуу даа. Ардын зохиолч Б.Лхагвасүрэн, МАН-ын дипломатич П.Анужин хоёр Хүрэлсүхийг МАН-ын нарийн бичгийн дарга байхад нь зулгуйдаж "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оруулж байсан даа. Юу хийсэн, яасан гэж энэ сагсуу нөхөр Монгол туургатанд алдар нэрээ мандуулж, бахдуулж байсан алдартангуудтай эн зэрэгцэнэ вэ? Нэвтрүүлэг бэлтгэгчдийн зулгуйдалт гэхээс өөр тайлбар олдохгүй нь. Мөн түрүүчийн сонгуульд хүч үзэж байсан Б.Бат-эрдэнэ аваргын нэр ч сонсогдоно.
За ямар ч байсан энэ намын эрхэм дээдсүүд дотор Ерөнхийлөгч болгочихмоор хүн алга. Үзээд буцаагаад өгъе гэсэн ч алга.
Нөгөө гол өрсөлдөгч болох Ардчилсан Намын (АН) хувьд ч мөн төстэй дүр зураг харагдана. АН-ын хувьд хуучны сайн муу нэртэй улстөрчдөөсөө биш харин ард түмэндээ нэр хүндтэй, нас намбатай эрхэмийг сонгож нэрийг нь дэвшүүлэх хэрэгтэй.
Ерөнхийлөгч маань ард түмний эв нэгдлийг хангагч, нам бус, ард олондоо хүндлэгдсэн, амьдралын хат суусан, ухаалаг нэгэн байх ёстой. Тэгээд ч удахгүй Ерөнхийлөгчийн эрх хязгаарлагдмал болж, илүү бэлэг тэмдгийн шинж чанартай болох учраас намууд өөрийнхөө талын улстөрчийг гаргахыг оролдохоо болих хэрэгтэй. Сонгогдсон хүн нь ч гэсэн дараа нь "намаасаа түдгэлздэг" алиа хошин шог жүжиг тоглох шаардлагагүй болно.
Иймээс нэр дэвшүүлэх эрхтэй 3 намуудад уриалах нэгэн зүйл байна:
Та нар үтэр даруй Монгол улсын Ерөнхийлөгчөд нэрийг нь дэвшүүлэх нам бус, арддаа нэр хүндтэй, хүндлэгдэж танигдсан, нас намбатай, амьдрал үзсэн, нас тогтсон эрхмийн эрэлд мордсугай. Та нарын сонгож авсан 3 эрхмийн дотроос сонгогч олон бид нэгийг нь шилсүгэй...
Энэ бол эх орныхоо эрх ашиг, ард түмнийхээ сонирхлыг хангахад та нарын хийж чадах хамгийн энгийн бөгөөд чухал үйл хэрэг шүү. Эс тэгвэл та нарыг ард иргэдээ улам талцуулж, ард түмнийхээ эв нэгдлийг бутаргаж, улсынхаа ирээдүйг үл огоорч, зөвхөн намынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг арчаагүй атгаг санаатай бүлэг хүмүүсийн нэгдэл юм байна гэж хэлэхээс аргагүйд хүрэх болно.
Жич: Бидэнд Ерөнхийлөгчөөр сонгочихоор ухаантай номын буурлууд цөөнгүй бий. Тангадын Галсан, Дөнгөтийн Цоодол, Д.Урианхай гээд л. Тэдний сэтгэл бохирдоогүй, ухаан зүгширч, амьдрал үзсэн, эрдэм төгс ахмадууд. Намууд санаа аваасай.
Comments
Post a Comment