Баабарын дотор орж үзэх юмсан

Б.Батбаяр (Баабар)
Нийтлэлч  Баабар Монголын эдийн засгийн Чуулга 2018 -д оролцож үг хэлжээ. "Эх оронч үг" гэдэг гарчигтайгаар өөрийнхөө сайт дээр тавьсаныг ЭНД ДАРЖ  уншина уу.
Баабарыг эх оронч гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ заримдаа санаатай, санаандгүй нь мэдэгдэхгүй "тэрс" юм ярих нь бий.  Ардчилсан хөдөлгөөн үүсэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулсаныг хэн ч үгүйсгэж чадахгүй бөгөөд Монголын түүхэнд нэр нь бичигдсэн хүний нэг.

Нийтлэлч маань Монголчууд тэнэг учраас ажил хийлгэдэггүй, цуурхагчид ба гүтгэгчид эх орноо хорлож байна гээд  Оюутолгой төслийг болон түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан хүмүүсийг өмгөөлсөн санаа хэлжээ. Тэнэг байх, боловсрол гэгээрэл муутай байх хоёр маш том ялгаатай л даа. Монголчууд өнөөдөр боловсрол мэдлэг (улс төр ба эдийн засгийн г.м.) муутай гэдэг нь үнэн. Төрийн бүтэц, тогтолцоо, засаглалын хэлбэр гэх мэт сэдвээр шалгалт авбал бүгд л унах байх. Ямар сайндаа л Засгийн газрын хийх ажлыг Ерөнхий сайдаас биш Ерөнхийлөгчөөс шаардаж байх вэ дээ. Энэ бол тэнэгийнх биш, харин боловсрол гэгээрэлгүйнх.
Харин Монголчууд тэнэг гэвэл өөрсдийгөө доромжилсон болно. Баабар өөрийгөө яалаа гэж доромжлох вэ дээ. Бодвол Оюутолгойн тухайд өөрөөс нь өөрөөр сэтгэж, бичиж, ярьж байгаа хүн бүхэн тэнэг гэдэг ангилалд багтаж байгаа байх л даа. Энэ ангилалд Ерөнхий сайд Бямбасүрэн гуай ч багтана. Энэ үгийг хэлхэж байгаа би ч багтана.

Тэгвэл Баабараас асуух асуулт байна. Нэг юм эхлээд тодотгох хэрэгтэй байна. Оюутолгойг зогсоож хаах хэрэгтэй гэдэг байр суурьтай бүлэг хүмүүс бий, гэхдээ эдгээр хүмүүс Оюутолгой төсөл анх яригдаж байсан шигээ Монголд үр ашгаа өгөхгүй буюу бага өгөөд байгаад бухимдаж ийм санаа хэлж байгаа гэж ойлгож байна. Харин дийлэнх иргэд маань энэ төслийг зогсоох тухай биш, харин харилцан эрх тэгш шударга, харилцан ашигтай байх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Үүний тулд гэрээг дахин харж үзэх, шаардлагатай бол шинэчлэх, нөгөө тал амласан үүргээ хэрэгжүүлэх   хэрэгтэй гэсэн зүйл ярьдаг. Энэ чинь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л дуугарч байгаа биз дээ?  Ийм зүйл ярихаар тэнэг болдог байж таарахгүй байх аа.

Баабарын хэлээд байгаа шиг Монголчуудад ухамсрын шанаа хэрэггүй ээ. Энд яригдаж байгаа асуудал хүний ухамсартай түй ч хамаагүй. Харин оюуны хөрөнгө оруулалт, гэгээрэл бол хэрэгтэй. Иргэдээ гэгээрэлгүй харанхуй байлгаж ирсэн төр засгаа хараах ёстой байсан юм, тэр.  Харанхуй иргэдээ харанхуй чигээр нь байлгах сонирхол үе үеийн төр засагт байсан хэрэг. Харанхуй хүмүүсийн толгойг эргүүлж саналыг нь авахад амар гэж бодохгүй юу даа. Тэгээд л мөнхөд эрх мэдэлд заларч байх хэтийн муу санаатай арчаагүй бэртэгчин шаарнуудын хийж ирсэн ажил л даа. Одоо гор нь ингэж гарч байгаа юм.
Гадныхан бол ийм улсын иргэдийг сүрэг хонь явж байна гэх хараад тэр сүргийг хариулж яваа эзэдтэй нь (улс төрчид, албан тушаалтан гэж унш) тохиролцоод л (авилга өгдөг, тэтгэдэг гэж унш) хэргээ бүтээчихдэг юм шүү дээ. Хонин сүрэг яаж ч майлаад хэн ч үл тооно.

Баабар "бэртэгчин"  байсан боловч энэ чуулган дээр үг хэлсэн өдрөөс хойш бэртэгчин байхаа болилоо гэсэн байна. Тэрээр  хонин сүрэг эх орноо мөхөл рүү чирж байгааг харсаар байж дуугарахгүй байгаа үй олон бэртэгчингүүдийн нэрийн өмнөөс нүгэлтнүүдийн (хонин сүрэгийг хэлж байна) нүгэлт үйлдлийг харсаар мэдсээр байж хэлэхгүй яваад байгаа бэртэгчингүүд илүү нүгэлтэнгүүд шүү гэж  анхааруулсан байна. Ингэж хэлээд  Баабар тэр бэртэгчингүүдийн жагсаалтаас хасагдаж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Эх орондоо хайртай, эх оронч учраас ингэлээ гэсэн байна. Урьд нь мэдсээр байж дуугүй , бэртэгчин царайлаад яваад байж л дээ. Жаахан алиа мэдэгдэл болж уу, үгүй юу?

Олон улсад танигдсан гэх Рио Тинто компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь яагаад ч өмөөрч, зөвтгөх асуудал  биш. Аль 2014 оноос л татварын асуудал бий болсон. 2013-2015 онуудад Оюутолгой төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад татвар дутуу төлсөн, санхүүгийн зөрчил гаргасан гэж аудитын шалгалтыг үндэслэн Татварын Ерөнхий газраас 150 сая долларын татварын акт тавьжээ.

Мөн гаалийн улсын байцаагчийн тавьсан 2016 оны актыг үл зөвшөөрч заргалдаад ялагдсан. Шүүхээс Оюутолгой компанийг 2013-2015 онуудад Хятадаас авсан эрчим хүчний үнийн дүнд оногдох гаалийн татвар болох 861 сая төгрөгийг  торгуулийн хамт  төсөвт нөхөж төлөх, цаашид энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 тэрбум төгрөгийг Галийн байгууллагад төлж байх шийдвэр гаргасан.

Дээрх хоёр жишээнээс харахад л энэ компанид итгэх арга алга. Биднийгээ элэг бариад байгаа юм уу? Шалгалт хийсэн манай хүмүүс энэ компанийг гүжирдэж хэлмэгдүүлээд байна уу? Шүүхтэйгээ нийлээд үү?  Оргүй хоосоноос дээрх дүн тоог гаргана гэж байхгүй байх. Рио Тинто мөн эсэргүүцэж олон улсын шүүхэд хандана гэсэн байна. Одоо тэнд бүх цаасаа барьж очоод л шүүлгэж дээ.

Оюутолгойн гэрээг би уншиж үзсээн. Баабарын хэлж байгаа шиг хүн ойлгохгүй айхтар хэцүү бичигдсэн юм биш л байна лээ. Тэр гэрээгээр нөгөө талын хүлээсэн 2 том үүрэг байна. Энэ нь зэс хайлуулах үйлдвэр барих, мөн Цахилгаан станц барьж эрчим хүчээ дотоодоос  авах тухай.
Оюутолгой үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 4 жилийн дотор зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн амлалт хоосон болж хувирсан. Цахилгаан станц барихыг амлалтаа сүүлд байгуулсан нэг тохиролцоогоор хугацаагүй хойшлуулж чадсан. Манай талын арчаагүйнх. Эсвэл гар хүндрүүлээ биз дээ.
За тэгээд өмнөх Засгийн газар, Сангийн яамны хийсэн шалгалтаар их хэмжээний мөнгөн дүнтэй (1.8 тэрбум ам.доллар!) санхүүгийн зөрчил илэрсэн л гэсэн. Он оны тайлангаа холбогдох газруудаар хянуулж баталгаажуулдаггүй л гэнэ. Гэх мэтчилэн.

Одоо УИХ-аас Ажлын хэсэг гараад шалгалт хийж байгаа. Баабарын бичсэнээр 300 орчим шалгагчид язганаж байгаа. Язганаж байгаа гэж эгдүүцэх хэрэг юу байна? Шалгах ёстой болоод шалгаж байгаа юм. Шалгаад юу гарч ирэхийг нь харъя л даа. Монголчууд гэмгүй шударга  бөгөөд буянтай компанийг хэлмэгдүүлээд байна уу, эсвэл үнэхээр биднийгээ элэг бариад дээрэлхээд байна уу гэдгийг удахгүй харна. Дубайн гэрээ гэгчээр Сайханбилэг Монгол улсад хохиролтой заалтуудыг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан бол улсын эрх ашгийг хөсөрдүүлсэн ялд унана биз?  Ямар заалтууд байгааг Улаан гишүүн судлаад мэдчихсэн гэж ярилцлага өгсөнийг уншаарай. Энд дарж  уншина уу.

Оюутолгой зогсвол багш нар цалингүй болно гэж айлгах хэрэггүй л дээ. Рио Тинто компанийг хамгаалж иймэрхүү сүрдүүлэг хүртэл хэрэглэж байгаа эх оронч Баабар маань тус компаний үйл ажиллагатай холбоотой ямар асуудлууд гараад байна гэдгийг эхлээд уншиж судалсан л баймаар. Гэтэл ингээд цээжээрээ хамгаалаад байгааг сайн ойлгохгүй юм. Рио Тинтогоос мөнгө аваад байхааргүй боломжийн бизнес эрхэлж байгаа гэж боддог шд. Эсвэл найз Баярыг нь бариад хорьчихсонд бухимдаад байгаа юм уу?  Баабарын дотор орж үзэх юмсан. Төслийн дагуу Монголд орж ирсэн, гарсан мөнгө, Монголын компаниудтай хийсэн гэрээ, ажил, бий болсон ажлын байр, улсад төлсөн татвар хураамж зэрэг нь Рио Тинто сайндаа хийчихсэн зүйл биш, байх л ёстой үзэгдэл. Ямар ч компани байсан ялгаагүй байх ёстой, хийх ёстой, хийгдэх ёстой  ажлууд. Олон статистик тоо дурдаж гайхамшиг болгож дөвийлгөх хэрэггүй л дээ.

Буруу байвал засаад явах ёстой, харин буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гүрийгээд байвал эзэн айлын дургүй хүрнэ. Дургүй нь хүрсэн айл өөдгүй зан гаргаж байгаа зочноо хөөгөөд явуулчихаж мэдэх вий. Айлын эзэнд хүндэтгэлтэй ханддаг байвал өөр зочин урихад юу нь болохгүй гэж. Гэр орноо түймэрдэхгүйгээр жоомоо устгаж болно шд. Бас шударга явдлыг тогтооход улс орон мөхдөг биш харин илааршдаг, хөгжиж дэвжих үндэс суурь хөрс бий болдог  учиртай.

Жич. Оюутолгойн тухай саяхан бичсэн нэг бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө