Оюутолгойгоор толгойгоо гашилгахуй

Оюутолгой төслийн тухай бид ид талцан хэрэлдэж байна. Зарим нэг улс төрчид энэ асуудалтай холбоотой шалгагдаж хоригдож байна. Монголчууд хоёр тал болон ил далд үзэлцэж, энэ төслийн хувь заяа яаж ч эргэж мэдэх байдал харагдаж байна.
Оюутолгой төслийг хэвээр нь үргэлжлүүлэх саналтай Монголчуудын хэлж байгаа гол үндэслэл нь бид энэ ордыг өөрсдөө ашиглах чадваргүй учраас гэж ярьдаг. Хүрз жоотуугаар газрын доор олон мянган метрт байгаа ашигт малтмалыг ухаж гаргана гэдэг бол боломжгүй зүйл гэж тэд шоолж байна. Магадгүй бидний өнөөдрийн мэдлэг түвшин, боловсон хүчний чадал чадвар, техник технологийн нөхцөл хангалтгүй байж болох юм. Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэдэг шиг энэ байдал өөрчлөгдөх нь ойлгомжтой. Хэтдээ бид ашиглах чадвартай болсон хойноо ухах нэг хувилбар байна, эсвэл яг өнөөдөр ашиглая гэж байгаа бол хэн нэгэн чадвар бүхий этгээдтэй харилцан ашигтай, ил тод, ижил түвшинд энэ төслийг хэрэгжүүлэх боломж байх ёстой.

Бидний эдийн засаг өсөж өндийхэд мөнгө хэрэгтэй учраас энэ төслийг хэрэгжүүлэх нь чухал гэдэг дээр ихэнх хүмүүс санал нэгдэх болов уу. Ингэж хэрэгжүүлэхдээ харин Монгол ба хамтрагч гадны хөрөнгө оруулагч хоёр харилцан ашигтай, ил тод байх нөхцлийг гол болзлоо болгох ёстой. Ингээгүй учраас л өнөөдрийн энэ гацаа, хэл ам үүсээд, төсөлд оролцогч талууд бие биенээ хардсан, харилцан үл ойлголцсон байдал үүсээд байна. Ордын эзэн улсын иргэд сэтгэл ханамж тааруу байна. Тийм байх шалтгаан гарч ирээд байгаа учраас л тэр шүү дээ. Хэрэв харилцан ашигтай, ил тод байсан бол хэн нь хэнийгээ хардах билээ? Тийм шалтаг гарах ч үгүй.

Рио Тинто-г дэмжигч талын бас нэг хэлж байгаа зүйл бол, хэрэв Рио Тинто төслөө зогсоовол Монгол улс ихээхэн төлбөрт орж, гадны компаниуд Монголд хөрөнгө оруулах явдал зогсоно гэж байгаа. Монгол улс төлбөрт унах эсэхийг хэлэхэд эрт байна. Мэдээж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэн нь, хэрхэн биелүүлсэнээс ихээхэн шалтгаалах байх. Хэрэв гэрээ нь аль нэг талд нь давуу байдал олгосон, аль нэг тал нь санхүүгийн аргаар давуу байдал олж авсан, хахууль авилгын асуудал гарсан зэрэг ноцтой үндэслэлүүд илэрч тогтоогдвол зөв бурууг шийдэхэд нөлөөлөх нь ойлгомжтой. Ганц компани Монголын төслөөс гарсанаар бусад орны компаниуд манайд хөрөнгө оруулахаа зогсооно, эсвэл багасна гэдэг бол зүгээр л хадны мангаагаар айлгаж байгаа аятай сонсогдож байна. Мөн хятадууд оронд нь орж ирнэ гэж айлгаж байгаа.

Рио Тинто-г шүүмжлэгч тал ямар үндэслэл гаргаж байгааг сонирхоё. Гэхдээ эхлээд шүүмжлэгч тал дотроо  хуваагдсан байгаа гэдгийг тодотгох нь зөв байх.  Төсөлтэй холбоотой байр суурь нь ялгаатай учраас хуваагдал үүссэн байна.
- Төслийг зогсоож Рио Тинто-г хөөж гаргах. Оронд нь өөр хөрөнгө оруулагчтай шинээр шударга эрх тэгш гэрээ хийж ордыг ашиглах, эс болбол ашиглахгүйгээр хойч үедээ үлдээх
- Төслийг гэрээнд өөрчлөлт оруулсаны дараа хэвээр үргэлжлүүлэх

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан  Оюутолгой гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг сая 3-р сард байгууллаа. Д.Дамба-очир гишүүн ахалж, Д.Тэрбишдагва дэд ахлагчаар томилогджээ. Гишүүд нь Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллах юм байна.  Энэ ажлын хэсгийн гаргах дүгнэлтийг бид бүгд сонирхож байгаа.
Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн  газрын үед  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд шалгалт хийх Ажлын хэсэг  байгуулагдан ажилласан. Сангийн сайд байсан Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээний (ХОГ) эхний үе шатны хэрэгжилтийн явцад баримтын шалгалт хийсэн. Энэ шалгалтаар олон зөрчил илрүүлсэн тухай тэр үед ярьж байсан боловч манай улс төрчид хэрэгсэхгүй орхисон учраас шаардлагатай арга хэмжээ авагдаагүй өнгөрсөн байна. Удалгүй Оюутолгойгоор оролдсон Н.Алтанхуяг "толгойгоо авахуулаад"  огцорсон. Залгамжлагч Ч.Сайханбилэг нь Рио Тинто-гийн талд ажиллаж  Ерөнхий сайдын хувиар Дубайд очиж нэмэлт төлөвлөгөө гэгчээр бүх зөрчлийг хүлээн зөвшөөрч, Монгол улсад хохиролтой байж мэдэх нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зураад ирсэн. Энэ тухай бүгд л шуугиж байна. Сая УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг энэ тал дээр ямар дүгнэл гаргах нь сонин байна.

УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж суух зуураа 2012 онд Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, олсон зөрчлийн тухай сэргээж нэг үзье.
Тэр үед Сангийн сайд байсан Ч.Улаан ба Д.Тэрбишдагва нарын хийсэн мэдэгдэл, хэвлэлийн хурал дээр ярьсан зүйл дотор ноцтой юу байв аа?
Хамгийн ноцтой нь 3.2 тэрбум долларын санхүүгийн зөрчил илэрсэн гэж байна. Энэ нь 2012-2014 оны тайланд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил. Ч.Улааны хэлсэнээр, энэ зөрчил бол анхан шатны баримтуудаар нотлогддог учраас зохиомол хилс гэж үзэх үндэсгүй юм. Энэ зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авахын оронд манай эрх баригчид, улс төрчид дүлий дүмбэ оргиод өнгөрөөсөн байгаа юм. Мэдээж эх орныхоо эрх ашгийн төлөө биш, гадны компанийг хаацайлах ямар нэгэн сонирхол олон улс төрчдөд байжээ гэж дүгнэж болох байх.

Ч.Улаан гишүүн хэвлэлийн хурал дээр юу ярьж байв аа гэдгийг нэхэн саная:

1. Оюутолгойн толгой компани болон түүний охин компаниудын зардлыг авчраад Монголын Оюутолгой компани дээр биччихсэн 200 сая доллар байна.

2. Ажил үүргийг давхардуулж бичээд 300 сая долларыг өгсөн.

3. Манайд өгсөн хандив тусламжаа зээл болгож бичдэг. 61 сая доллар хандив, тусламж гэж өгчихөөд зээл болгоод л өгсөн өдрөөсөө хүү тооцоод явж байгаа.

4. Өөрт нь огт хамаагүй газруудын үндсэн хөрөнгийг мөнгө гаргаад засчихдаг. Жишээ нь, Петровисийн нефтийн агуулахыг засаад тэр зардлаа Оюутолгойн хөрөнгө оруулалт гээд л биччихсэн. 3 тэрбум төгрөг.

5. Валютын ханш өөрчлөгдөж байгаа гээд их хэмжээний мөнгө зарцуулаад 39 сая доллар бичсэн байна, 10-12 оны хооронд. 11 сая доллар нь огт хэрэглэгдээгүй байхад зардалд тооцоод бидэнд  биччихсэн.

6. Бээжинд төлөөлөгчийн газар өөрсдөө байгуулчихсан. Тэгээд тэрнийхээ зардлыг манайд хөрөнгө оруулалт гээд биччихсэн. 30 сая доллар. Тэр нь  манайд огт бүртгэгдээгүй.

7. Хятадын нутаг дээр 55 сая доллараар цахилгаан дамжуулах шугам барьсан. Тэрийгээ манай зээл дээр биччихсэн. Монголд 220 киловаттын шугам барьдаг зардлаас Хятадад барьсан шугам  нь 3 дахин өндөр үнэтэй барьсан байна.

Энэ бүхэн зөвхөн Монголоос мөнгө саах зорилготой хийгдсэн. Нийт 1.8 тэрбум долларын зөрчил болж байгаа. Гэтэл үүнийг ямар ч зөрчилгүй сайхан байна гэж хүлээн зөвшөөрөөд Дубайн гэрээнд  гарын үсэг зурчихсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй.

Уг нь энэ их зөрчлийг (1.8 тэрбум доллар!) УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой байсан юм. Тухайн үед энэ мөнгө нийт хөрөнгийн 34%-ийг эзэлж байжээ. Эндээс харвал ямар их хөрөнгө үргүй зарж бидэнд өр болгож бичсэн гэдэг нь илт байна.
Энэ ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэнд санхүүгийн олон зөрчил дурдагдсан байна. Сая байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт хэдэн жилийн өмнө Засгийн газраас байгуулагдаж ажилласан Ажлын хэсгийн дүгнэлттэй хэр зэрэг мөргөх вэ гэдэг нь Монголчуудын сонирхож хүлээх ёстой зүйлийн нэг.

Ч.Улаан гишүүний өгсөн ярилцлагауудыг  энд , бас  энд  дарж уншаарай.

Харилцан ашигтай байх ёстой, шударга ил тод байх ёстой гэж шаардаад байгаан учир нь энэ. Дээрхээс харвал энэ шаардлагыг нөгөө тал маань огт үл хэрэгсэж дэндүү басамжилсан байдлаар хандаж ирсэн байна. Миний санаж байгаагаар, ХОГэрээндээ үйлдвэр ашиглалтанд орсон өдрөөс хойш 3 жилийн дотор Зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн үүргээ лав биелүүлээгүй байгаа. 2013 онд үйлдвэр ашиглалтанд ороод 5 жил өнгөрчээ. Энэ үүргээ биелүүлээгүйн төлөө Рио Тинто ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

Баримтын шалгалт хийсэн тэр цагаас хойш өнгөрсөн он жилүүдэд ямар зөрчил нэмэгдсэн бол? Монголын төр засгийг атгандаа оруулчихсан гэж бардам загнасан байдлаараа бол олон зөрчил нэмэгдэж илрэх байх. Хэрэв одоогийн Ажлын хэсэг худалдагдчихгүй, жаахан ч гэсэн эх оронч сэтгэл гаргаж үнэн зөвөөр нь шалгаж нягталж чадвал шүү дээ. Яахыг харах л үлдлээ.

 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө