Хууль гууль болох учир шалтгаан буюу бүх завхралын эх үүсвэр юу вэ?

Манайд хууль  журмыг хэрэгжүүлдэг, мөрдүүлдэг, дагадаг хүн, газар гэж алга. Энэ нь хоёр шалтгаантай гэж бодож байна.

1. Хуулийг бичихдээ тухайн асуудлыг мухарлаж шийдэх боломжгүй хийдэг. Мөн утга санаа нь яаж ч тайлбарлаж болохоор салаа утгатай бичигддэг.
2. Хуулийг мердүүлэгч тал (хууль хяналтын байгууллагууд, этгээд) хуулийг хэрэгжүүлэх тал дээр ажлаа муу хийдэг буюу ялгавартай ханддаг. Ингэхдээ зэрэмдэг хуулийг ашиглаж, үзэмжээрээ тайлбарлаж мөрдүүлдэг.
Хоёрдахь шалтгаан нь эхнийхтэйгээ шууд уялдаатай.

Хамгийн сүүлийн шинэ жишээ бол Авилгатай тэмцэх газрын (АТГ)  одоогийн дарга нарыг солих тухай Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн  саналыг  УИХ хэлэлцэхээс татгалзсан явдал. Хууль Зүйн Байнгын Хороогоор оруулаад л нэгдсэн хуралдаанд хэлэлцэх шаардлагагүй гээд унагаалаа.

Одоо ажиллаж байгаа Х.Энхжаргал нь өмнө нь ажиллаж байсан Н.Ганболд өөрийнхөө хүсэлтээр хугацаагаа дуусахаас 1 жилийн өмнө ажлаа өгөх хүсэлт гаргасны дараа томилогдсон хүн. Хүний оронд томилогдсон учраас Х.Энхжаргалын хугацаа аль хэдийн (2017 онд) дууссан гэж нэг тал нь хэлж байхад АТГ-ын дарга 6 жилээр томилогддог учраас 2016 онд томилогдсон Х.Энхжаргал 2022 он хүртэл ажиллах ёстой гэж нөгөө тал нь мэтгэнэ.

Хэрвээ АТГ-ын удирдлагыг солих,  халах, томилох тухай зохих хуулиндаа хоёрдмол санаагүй, мухарлаж шийдсэн нэгмөр утгатай заалт оруулсан байсан бол ингэж хэрэлдэхгүй байх байлаа.
Өөрөөр хэлбэл, хэрвээ АТГ-ын дарга удирдлага ямар нэгэн шалтгаанаар хугацаагаа дуусахаас өмнө ажлаа өгвөл залгамжлагч нь өмнөх хүнийхээ үлдсэн хугацаагаар ажиллах юм уу, эсвэл хуулинд заагдсан 6 жилээ шинээр эхлээд явах юм уу гэдгийг л тодорхой заагаад өгчих ёстой байсан юм.

Ийм жишээ  зөндөө гарч хэрүүлийн алим болдог. Хуулийг зөв, хоёрдмол санаагүй бичиж чадахгүй байгаа манай 76 мэргэн жараахай ямархуу чадвартай хүмүүс вэ гэдгийг эндээс харж болно. Ганц энэ удаагийн бүрэлдэхүүн ч биш, бас өмнө нь жараахай байсан бүх хүнд энэ дүгнэлт  хамаарна. Яагаад гэхээр бид жинхэнэ мэргэн жараахайнуудаа сонгож чаддаггүй учраас тэр.Улс төрийн  Нам гэгч үл үзэгдэх биетийн төлөөлөл болсон шаардлага хангасан хангаагүй хамаагүй эрээвэр хураавар баахан хүмүүс сонгож орхидог. Тэд нар нь хууль үйлдвэрлэх гэж гурилдах нь ойлгомжтой. Гаргасан зэрэмдэг хууль ингээд амьдрал дээр дандаа гацаа, хэрүүл үүсгэж улс орны урагшлах явдалд саад тээг болдог. Ингэж бид нам гэдэг юмны алиа салбадайнуудыг томилсоныхоо горыг амсдаг.

Иймэрхүү зэрэмдэг хуулиар зэвсэглэсэн хууль хэрэгжүүлэгч этгээд (хууль хүчний байгууллагууд) амьдрал дээр хуулийг үзэмжээрээ тайлбарлаж хэрэгжүүлдэг. Эндээс нөгөө мөнгөтэй, эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүст хууль нэг өөр үйлчилдэг, мөнгөгүй ядуу болон жирийн иргэдэд бас нэг өөр үйлчилдэг гэсэн гомдол үүсэлтэй. Ижил хэрэг дээр хоёр өөр шийдвэр гарна гэсэн үг.

Хүн гүтгэж нэр төрд нь халдсан олон хэрэг гардаг. Шүүхээр ороод уучлал гуйх, залруулга хийх шийдвэр гарсан тохиолдолд буруутан этгээд хэн байхаас хамаараад үйлчлэл нь өөр өөр байх жишээтэй. Хэрвээ ямар нэгэн сонин хэвлэл дээр хэн нэгнийг гүтгэвэл шүүхийн шийдвэрээр уучлал гуйж залруулга хийдэг. Эс тэгвэл торгуулдаг. Хэвлэл мэдээллийнхэн, сайтууд тэр журмаараа залруулга гаргаж уучлал гуйдаг бол манай эрх мэдэлтнүүд шүүхийн шийдвэрийг нулимдаг. Тэгж нулимсаныхаа төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй.

Тэр жил УИХ-ын гишүүн Ц.Нямдорж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайд байхдаа гадныхантай нууц гэрээ байгуулсан гэж гүтгээд шүүхээс уучлал гуй гэдэг тогтоол авсан боловч өнөөг хүртэл хэрэгсэхгүй үл тоож байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг гүтгэсэн хэрэгт унаж шүүхээс мөн уучлал гуй гэсэн шийдвэр гарсан боловч одоо хүртэл биелүүлээгүй л байна. Эдгээр хүмүүс шүүхийн шийдвэр биелүүлэхгүй ингээд л яваад байж болдог байх нь. Уучлал гуй гэсэн шийдвэрийг биелүүлэхгүй бол яах тухай хуулиндаа юу гэж заасан байдаг вэ? Бодвол торгууль  оноох заалт байдаг байх. Тэгвэл дээрх хоёр эрхэмд торгууль оногдуулсан уу?

Манай эрхэм гишүүд шүүхийн шийдвэрийг үл тоохоос гадна хууль дуудсан цагт очно гэж байхгүй. Нөгөө хуулийн өмнө хүн бүр тэгш байна гэж тунхагладаг бол шал худлаа гэдгийг өөрсдөө үлгэрлэж харуулдаг хүмүүс дээ. Ц.Нямдорж сая бас Тагнуулын Ерөнхий Газар дуудагдаж очсон юм билээ. Цаадуул нь мэдүүлэг авъя гэсэн юм уу даа. Мань эр хуулийг хүндэтгээд очсон гэж байгаа, тэгсэн мөртөө мэдүүлэг өгөхгүй гэж хэлчихээд яваад өгсөн гэнэ. Томорч байгаа юм шүү. Мэдүүлэг өгөхгүй юм бол яах ч гэж очсон юм. Хуулийг хүндэтгээд гэдэг нь бас л нэг хоосон сүржигнэл юм даа.

Хууль хүчний байгууллагыг үл тоомсорлох, доромжлох явдал бол замбараагаа алдсан гэхэд болно. Замын цагдаад салаавч гаргана, байцаалт өгөхгүй мөрдөн байцаагчийн өөдөөс салаавч үзүүлнэ гэх мэт. Сүүлийн үед дунд хуруу их моодонд орж байгаа. Хас банкны гэгдэх талх хочтой Ч.Ганхуяг төрийн ордон руу чиглүүлж байгаад заналтайгаар салаавч гаргаж байв даа. Намбарын хүү Энхбаяр хоригдож байхдаа өлсгөлөн зарлаад эмнэлгийн орон дээрээс салаавч үзүүлж байлаа. УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Ш.Сайхансамбуу, С.Жавхлан нар салаавч гаргаж нэрээ мандуулж байсан даа. Ер нь бол салаавч гаргах нь эсэргүүцлийн хурц хэлбэр бололтой. Сүүлд харин С.Зориг агсны эхнэр Булган гэгч авгай "барууны маягаар" дунд хуруугаа гаргаж олныг бишрүүлэв.

Ямар дүгнэлт хийж болох вэ? Хууль хүчнийхэн нь нэр хүндээ алджээ. Хууль журам нь салаа утгатай, дутуу дулимаг хийгддэг учраас гуйвуулах, завших нь элбэг болжээ. Тийм учраас дээрээ ч , доороо ч хуулийг хүндэтгэхээ больсон байна. Гаргаж байгаа хуулиндаа ч байна,  гүйцэтгэж  байгаа хуулийнханд ч байна. Явж явж хамаг асуудлын эх ундарга нь хууль үйлдвэрлэдэг эрхэм гишүүд болж таарлаа. Тэд нарын хийсэн гологдол бүтээгдэхүүн (хууль) хамаг улсад гай болж байна. Гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гологдол хүмүүсийг (эрхэм гишүүн гэж авгайлдаг) яагаад тэгвэл сонгочихсон юм бэ?

Намууд гэдэг олон бүлэглэл эрх мэдлийн төлөө иргэдийн тархийг угааж өөрсдийнхөө хүмүүсийг хүчээр сонгуулаад сурчихсан байна. 28 намын аль нэгэнд нь харъяалагддаггүй "эзэнгүй" (нам бус гэж нэрлэгддэг)  иргэдийг уруу татахын тулд мөнгө төгрөг тараах зэрэг арга хэрэглэнэ. Ингэж л шаардлага хангасан хангаагүй элдэв амьтас Их Хурлын эрхэм гишүүн гэх сэтэртэй болж, хууль үйлдвэрлэх ажлаа хийсэн болж оромдоно. Эндээс харвал, хамаг хэрэг бидний хуваагдалаас үүдэлтэй гэж хэлж болохоор байна. Нам гэдэг хуваагдал бидэнд хагарал, хэрүүл, саад тотгороос өөр сайныг авчирсангүй ээ. Өөр гарц тэгвэл байна уу? Намгүйгээр бид төр засгаа байгуулаад улсаа аваад явчихаж чадахгүй гэж үү?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө