Газрын наймааны ганцхан жишээ

Богд хааны музейн эзэмшил газрын 40%-ийг нь зарчихсан байсныг иргэд сая л мэдэж бөөн шуугиан болж байна. Зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэл илэрхийлж эрх баригчдад захиа шаардлага хүргүүллээ. Анх 2001 онд энэ музейн эзэмшлийн газрыг 5.7 га гэж тогтоосноос өнөөдөр 2.3 га газрыг нь зарчихжээ. Газрын наймаа байхгүй юу! Тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудын хийсэн ажил.


 Одоо хэн тэгж зарав аа гэдгийг шалгах юм бол авилгын асуудал ил болж хэн нь үндэслэлгүйгээр, авилгаар хөрөнгөжсөнийг тодорхой болгох  нэг хэрэг илэрнэ. Тэгж хөөж шалгах эсэх нь л сонин байна. Тийм сонирхол хүсэл өнөөдрийн эрх баригчдад байх болов уу? АТГ үүнийг сонирхох болов уу?  Үүнд эргэлзэж байгаа учир нь тухайн үед өнөөгийн эрх баригчид засгийн эрхэнд байсанд  оршино. 2010-2012 онуудад 3 удаагийн захирамжаар 3 компанид Богд хааны музейн эзэмшлийн газраас тасдаж газар олгосон байна.

2008-2012 онуудад өнөөдрийн эрх баригч МАН , тухайн үед ялагдаж сөрөг хүчин болсон АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж байсан.Ерөнхий сайд нь одоо шоронд хоригдож байгаа С.Баяр. 2008 оны 7 сарын 1-нд сонгуулийн луйврыг эсэргүүцэж цугласан  иргэдийн  жагсаал эцэстээ үймээн болон хувирч (хувиргаж?) , улмаар 5 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан. Буудсан гэх цагдаа буруутаж ял авсан боловч "захиалагч"  буюу тушаал өгсөн этгээд олдоогүй өнгөрсөн билээ. Уг нь ёсоороо бол тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль Зүйн сайд байсан Ц.Мөнх-оргил, Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан гэгдэх ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга байсан Ч.Амарболд нар хариуцлага хүлээх этгээдүүд мөн юм. Ч.Амарболд хэдийгээр "Би тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байгаагүй, би мэдээгүй, надад хэлээгүй"  гэдэг боловч даргагүй байсан ЦЕГ-т Тэргүүн дэд дарга нь хамгийн том албан тушаалтан байсан байж таарах нь ойлгомжтой. Ч.Амарболд хорих ял авч, сая Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар генерал цолоо хураалгасан билээ.

С.Баяр хэдийгээр "Хэрвээ цагдаа хүн буудсан бол би хариуцлага хүлээнэ"  гэж хэлж байсан боловч дараа нь ямар ч хариуцлага хүлээгээгүй. Буудсан гэх цагдаа нар ял авсан. Тэрээр мөн "Оюутолгойн гэрээ буруутвал би толгойгоороо хариуцна"  гэж хэлж байсан. Өнөөдөр Оюутолгойн асуудал хурцаар яригдаж байна. Ажлын хэсгүүд гараад шалгаж байгаа. Хэрвээ асуудал гарвал Монголд хохиролтой нөхцлөөр гэрээг байгуул гэж үүрэг өгсөн тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр толгойгоо сайн дураараа тасдуулах болов уу гэдэг асуулт эргэлзээтэй. Учир нь тэрээр  Би хариуцлага хүлээнэ гэж хэлчихээд дараа нь бултдаг хүн гэдгээ өмнө нь харуулчихсан хүн учраас итгэхэд бэрх. Бардам ам, шалдан гуяа гэж хэлдэг дээ, ийм хүнийг.

Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн талбайгаас газар тасалж өгсөн тохиолдол зөндөө гарч хэл ам болж байсаныг хүмүүс сонсож байсан боловч хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэгчээр халаглаад л өнгөрдөг. Үүнтэй адил музейн газар руу халдаж дураараа зарж байжээ. Богд хааны музейн газраас тасалж өгсөн газрын хэмжээ, огноо, захирамжийн тоот зэрэг нь байгаа болохоор хэн гэдэг дарга гарын үсгээ зурсаныг олоход төвөггүй.

Газар өгсөн захирамжууд (эх сурвалж)




2010 оны 415 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр мутарлаж, гэрчилгээ олгож гэрээ байгуулахыг Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй-д даалгажээ.  Нөгөө төрийн албыг тарифжуулж наймаалах 60 тэрбумын хэргийн гол дүр болсон, нийслэлийн МАН-ын дарга асан алдарт Ц.Сандуй шүү дээ!  Захирамжийг ЭНД дарж үзнэ үү.
Энэ захирамжийн хавсралтад өгсөн мэдээллийг харвал Номуун гэрэл төвд өгсөн газрын анхны зөвшөөрөл бүр 2003 оноос улбаатай юм байна. Хавсралтын 82-р мөрний  хамгийн сүүлийн Өмнөх шийдвэр гэсэн баганад бичсэнээр газрыг анх 2003 онд 485 дугаар захирамжаар олгож байжээ. Тэр үед хэн Нийслэлийн засаг дарга байлаа? Миеэгомбын Энхболд! Одоогийн УИХ-ын дарга, 60 тэрбум "төслийн"  удирдагч. 

2010 оны 415 дугаар захирамжийн хавсралт

Дээрх захирамжаар мөн Интернэшнл медикал сентер ХХК-д газар олгосон байна. 2011 оны 539-р захирамжаар энэ компанид бас газар олгосон юм байна. (доорхи зургийг үзнэ үү. Өмнөх шийдвэр нь 2010 оны 477 тоот захирамжаар гарсан юм байна. Захирамж нь олдсонгүй)

2011 оны 539-р захирамжийн хавсралт
Богд хааны музейн газраас авсан  компаний нэг нь Ван Трейд ХХК . 2012 онд нийслэлийн Засаг даргын 492 тоот захирамжаар олгожээ. Захирамж нь ЭНЭ  байна.
Г.Мөнхбаяр захирагч мутраа зуржээ. Захирамж дээр нэг сонирхолтой баримт байна.  Хан Уул дүүргийн  шүүхийн шүүгчийн 2008 оны 7 сарын 4-ний өдрийн 513 дугаар захирамж, нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт , төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2012 оны 6-р сарын 8-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг  хянан үзээд... гэж бичсэн байна.

2008 онд шүүхээр шийдүүлж байсан гэдэг чинь тухайн газрыг авах авахгүй тухай асуудал маргаантай байсан хэрэг. Гэвч шүүхээс болон дээр дурдагдсан техникийн зөвлөл гэгчээс тухайн газрыг Ван Трейд компанид олгож болох тухайд нааштай шийдвэр дүгнэлт гаргаж байсан гэх хардлага төрж байна. Уг нь бусдын эзэмшилд (Богд хааны музейн эзэмшилд) байгаа газраас тасдаж авч байгаа үйлдэл юм л даа. Энэ "булаалтыг" дэмжиж байгаа энэ хоёр байгууллагын шийдвэр гаргагчид тус компаний эрхшээлд орсон байж мэдэх дүр зураг бууж байна. За тэгээд мөнгөтэй бол энэ байтугай газар олддог, ямар ч захирамж гаргуулж чаддаг, шүүхэд нөлөөлж чаддаг байсан юм биз дээ. Газрын наймаа гэгч нь жинхэнэ цэцэглэж, эрх мэдэлтнүүдийн хэтэвчийг зузаатгаж байсан үе. Насаараа төрийн албанд ажилласан бөгөөд нэг ч бизнес эрхэлж байгаагүй хүн өнөөдөр алх цохиод л сууж байна. Дансандаа хэдэн тэрбумын хөрөнгөтэй гэж байгаа. Банк дээрэмдсэн гэж дуулдаагүй. Тэгвэл яаж хөрөнгөжсөн байх вэ? Ойлгомжтой.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө