Сүүнд ус , бензинд керосин холино

Хольцтой бензин , түлш зардаг тухай бөөн хэл ам болж байна. Болохоос яахав. Бензин, дизелийн түлшинд өөр  нефтийн бүтээгдэхүүн (өөр зориулалтын бодис бололтой) хольж хийгээд зардаг гэх 17  шатахуун түгээх газраас дээж авч шинжлээд үнэхээр хольцтой байсныг тогтоосон гэнэ. 25 ТВ -ийн 25 цаг нэвтрүүлгээр Монголын Шатахуун Хэрэглэгчдийн Холбооны (МШХХ) гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр энэ тухай ярьж байна. Дээж авсан газруудын бензинийг 8 цаг  байлгахад тундас үүсэж байсан гэнэ. Шинжилгээгээр октаны тоо нь мөргөхгүй өөр гарч байсан гэнэ. Жишээлбэл, 92 маркийн бензиний дээжинд октаны тоо нь 92 биш харин  түүнээс бага юм уу их гарч байжээ.

МШХХ-оос хэвлэлийн хурал хийж байна
МШХХ 4 сарын 24-нд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд, Гаалийн Ерөнхий Газрын дарга нарт хандаж шаардлага өгч байжээ. Тэр шаардлагадаа  хилээр орж ирж байгаа нефтийн нэмэлт бүтээгдэхүүний борлуулалтанд шалгалт хийх, шатахуун хэрэглэгчдийг хохироосон аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох   тухай бичжээ. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэгт нь керосин, нафта, тенхикийн керосин, алкалит зэрэг 22 нэр төрлийн бодис  ордог юм байна. Олон мянган тонноор нь оруулж ирдэг юм байна.

Манай шунал нь дэндсэн наймаачдын хийдэг ажил ч мөн л дөө. Хяналт, шалгалт, хариуцлага муу улсад энэ байтугай хэрэг гарна. Бидэнд хамгийн ойрхон жишээ бол сүү наймаалагчид маань сүүндээ ус хийж арвижуулаад зардаг явдал гэдгийг хүмүүс мэднэ. Шатахуун борлуулагч компаниудын шунал нь дэндээд, сүүнд ус хольдог шиг, бензиндээ керосин хийчихсэн хэрэг.

Хамгийн хачирхалтай нь ийм хольцтой бензин түлш зардаг станцууд нь тодорхой хаяггүй гэж байгаа. Ямар ч нэр усгүй, зүгээр л ШТГ гээд биччихсэн газрыг зохих байгууллагууд нь мэддэггүй юм уу, мэдсэн ч нүдээ  аниад яваад байдаг юм уу? Нүдээ анидаг бол гар нь хүндэрсэн учраас л хамт хуйвалдаж байгаагаас зайлахгүй. Авилга цэцэглэсэн улсад ч ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болно гэдэг чинь энэ дээ.

Одоо дээрх 17 ШТГ-аас бензин авч машиндаа хийж байсан хэдэн хэрэглэгчийн машин тэрэг хэзээ эвдэрч таг суух бол оо? Мэдээж хольцтой бензин хийснээс болж бензиний шахуургаас (насос)  эхлээд л моторын дотор эд ангид гэмтэл, доголдол үүсч, томоохон үзлэг засвар шаардагдана. Эдийн засгийн хувьд багагүй хохирол амсах нь ойлгомжтой. Хэн энэ хохирлыг төлөх вэ? Хэрвээ шатахуунаас болж эвдрэл гэмтэл үүссэн нь тогтоогдвол үүсэх хохирлыг хуурамч бензин борлуулж байсан бүх газрууд хариуцах ёстой. Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас шалгалт хийж ийм хольцтой бензин түлш зарж байсан бүх газрыг илрүүлэн тогтоож, хохирол амссан бүх жолооч нарын хохирлыг хувааж төлүүлэх шийдвэр гаргаж шуурхай ажиллаж шаардлагатай байна. Нэн даруй хийхгүй бол хэрэглэгчид хуурамч шатахуун авч хохирсоор байх нь байна шүү. Хуурамч шатахуун зарж байсан газруудын үйл ажиллагааг даруйхан зогсоож, цаашид ийм бизнес хийх эрхийг нь хүчингүй болгох нь шударга ёсонд нийцнэ. Мэдээж өндөр төлбөр торгууль тавих нь зүйд нийцнэ. Ингэж хатуу арга хэмжээ авахгүй , зүгээр л торгоод ч юм уу өнгөрөх юм бол дараа дараагийн бизнес эрхлэгчид иймэрхүү муу аргаар орлогоо арвижуулах шуналын сэдэл нь алга болохгүй.

Монголын 3 лабораториос ирүүлсэн хариунд бензин түлшинд нэмэлт бодис хийсэн байсан нь тогтоогдсон гэж байгаа. Одоо гадаад улс руу (Орос, Хятад) дээжний хариуг хүлээж байгаа юм байх. Ингэж хүлээж байх хооронд чинь хэрэглэгчид нөгөө хуурамч бензинийг авсаар л байна биз дээ? Тэр 17 ШТГ-ыг нэн даруй байршилтай нь тодорхой зарлаж, тэндээс шатахуун авахгүй байхыг анхааруулахын оронд гадаадаас шинжилгээний хариу иртэл хүлээнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? МШХХ тэр газруудыг яагаад зарлахгүй байна?  Нэр хаяггүй ч гэсэн байршлаар нь хэлээд анхааруулж болно биз дээ? Хэрэглэгчдээ хамгаалж байгаа юм бол. Мөн  зохих байгууллагуудад нь (Цагдаа, Хэрэглэгчдийн Эрх Ашгийг хамгаалах газар гэх мэт) хандаж яаралтай үйл ажиллагааг нь таслан зогсоохгүй бол ийш тийш нь бичиг явуулаад үр дүн гарахгүйгээс  гадна хугацаа алдана. Монголынхоо 3 лабораторийн шинжилгээний хариунд итгэхгүй байгаа нь бас л эмгэнэлтэй хэрэг. Бензин тосыг бол манайхан ялгаж салгаад шинжилчихтэйгээ болсон улс шүү дээ уг нь. Өөрсдийгөө дандаа доош нь хийх юм даа.
Тэр шинжилгээгээр муу гарсан 17 ШТГ-ыг одоохондоо зарлахгүй, бизнесийн нэр хүндийг нь бодож байна гэх мэт алиа яриагаа боль. Ийм бохир бизнес хийж байгаа хүмүүст нэр хүнд гэж угаасаа байгаа юм уу?

Манайд шуурхай ажиллаж чаддаггүй нэг тийм дутагдал байна. Хувийнх нь ч тэр, хувьсгалынх нь ч тэр. Иргэд маань бас тун хойрго, идэвхгүй бөгөөд өөрсдийнх нь эрх ашиг ноцтой хөндөгдөж байхад дүлий оргиод л таг чиг. Уг нь жагсаад цуглаад хэл ам хийгээд эхлэх ёстой байсан юм, гэвч ямар ч реакци харагдахгүй байна. Баахан хүний машин эвдрээд суусан хойно гэнэт толгой руу нь шаах юм биз дээ. Тэр цагт бүх юм оройтсон байх вий. Бохир бизнесчид ул мөр, нотолгоогоо аль хэдийн арилгаад , цэвэр мултрах арга саамаа олчихсон байх болов уу. Бид чинь хэзээ тэмцэж сурна даа бүү мэд. Уг нь боломж, нөхцлийг нь аль 20 гаруй жилийн өмнө бий болгоод өгчихсөн юм шд.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө