Маскаа зүүцгээ!
Хайртай Монгол орноо мандуулая хэмээн манай тамирчид гараа зүрхэн тушаагаа тавиад сэтгэл хөдлөн дуулж байна. Тэд эх орноо мандуулж байгааг бид бүгд харж даган баясаж байна. Бидэнд үүнээс өөр сэтгэл баярлуулах юм үнэндээ алга. Хэдэн тамирчид маань л улсынхаа нэрийг сайнаар гаргаж байна. Сая Токиогийн их дуулгын тэмцээнд манай жүдочид 4 медаль авч бараг бүх медалийг нь авсан Японы дараах байрыг эзэллээ. Ой ухааны дэлхийн аваргын тэмцээнд манай багийн тамирчид хамгийн олон медалийг нь хамлаа. Шинэ дэлхийн рекордийг тогтоосон гэнэ. Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд манай эмэгтэй чөлөөтийн шигшээ 3-р байранд орж мундаг амжилт гаргалаа. Энэ мэтээр Монголчуудыг ганц тайвшруулж байгаа зүйл бол манай тамирчид болж байна.
Харамсалтай нь өөр сэтгэл баярлуулах юм алга. Яддурлын түвшин нэмэгдлээ гэдэг мэдээ л байна. Монголчууд улам л доройтож байна. Тэр жил Ардын намынхан сонгууль луйвардсанаас болж иргэд үймээн дэгдээж олон хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн. 7 сарын 1-ний хэрэг шүү дээ. МАН-ынхан сохорсон биш завшив гэгчээр далимд нь улсаас мөнгө авч намынхаа байрыг шинээр бариад томсгоод авсан гэж байгаа. Одоо энэ нам эрх барьж байгаа. 16 оны сонгуульд 65 суудал авч санаанд оромгүй ялалт байгуулсан. Сонгогчидын саналыг татаж чадсан 3 үндсэн том шалтгаан байна гэж бодож байна:
- Ардчилсан нам эрх барьсан 4 жилдээ цөөнгүй эрсдэлтэй алхмуудыг хийсэн, алдаа ч гаргасан
- Ихэнх ажлуудыг нь харлуулж, муулах пиарыг сайн хийж чадсан (долларын ханш, гадаад өр, Чингис бонд, төмөр зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны зээл, хогийн ногоон уут г.м)
- Санал худалдаж авах, царцааны нүүдэл зэргийг ашигласан. Төрийн албан тушаал зарах 60 тэрбумын төлөвлөгөө хэрэгжсэн байх өндөр магадлалтай
16 оны УИХ-ын сонгуульд ялсан МАН 17 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Төрийн албан тушаал зарсан 60 тэрбумын бичлэгүүд ил болсоноос гадна засгийн эрх авангуут хийсэн ажил нь иргэдэд таалагдаагүй учраас сонгогчид нөгөө намаас (Ардчилсан нам) нэр дэвшигчийг (Х.Баттулга) сонгосон. Гадаад өрөөр айлгаад байсан МАН засгийн эрхэнд гарангуутаа нэмээд баахан зээл авчихсан. Төсвөө батлахдаа бас л алдагдалтай, үрэлгэн төсөв баталсан. Сангийн сайд нь төрийн албан хаагч бүрд халамж маягаар 300 мянган төгрөг буюу нийтдээ 55 тэрбум төгрөг халамжаар тараахаар оруулсан нь батлагдсан гэж байгаа. Шинэ унаа авах, тавилга авах гэх мэтээр хөрөнгө төсөвт оруулсан л гэнэ. Энэ мэтээр алдагдалтай төсөв баталчихаад гавъяа байгуулсан аятай сууцгааж байна даа, эрх баригчид.
Аминд тулсан ноцтой асуудлуудыг яаж шийдэх тухай алсын хараатай төлөвлөсөн зүйл огт алга. Өвлийн утааг яаж арилгах тухай ямар ч шийдэл алга. Нөгөө л улиг болсон зүйлээ ярьцгааж байна. Баахан агаар шүүгч цэцэрлэгүүдэд тавих бололтой. Энэ бол асуудлаа шийдэх арга биш. Маск зүүцгээ гэнэ. Бас л өнөө маргаашийн арга ядсан хэлбэрдэлт. Гэрээ сайн дулаал гэнэ. Улиг болсон уриа. Маш богино хугацаанд утааны асуудлыг шийдэх санаа, оноо огт алга.
Цахилгаанаар дулаалтаа шийддэг, хоол ундаа хийдэг болгож өөрчлөхөөс өөр хурдан бөгөөд үр дүнтэй шийдэл одоогоор байхгүй. Зарим хүмүүс орон сууцжуулах арга бол хамгийн зөв шийдэл гэж байна. Зөв, гэхдээ энэ бол хэтийн шийдэл. Өнөөдөр бид орон сууц бариад гэр хорооллын айлуудыг оруулж чадахгүй. Урт хугацаанд, их хөрөнгө оруулалт шаардсан ажил. Харамсалтай нь тэр цагийг хүлээж суух арга алга.
Арай эх оронч сэтгэл гаргаад, асуудлыг шийдэх хүсэл байсан бол эрх баригчид маань халамжинд 55 тэрбум болон тэвчиж болох элдэв зардлыг оруулахгүй , ирэх жил утааны асуудлыг шийдэхэд хөрөнгө төсөвлөж болох байлаа. Гэр хорооллын цахилгааны шугамыг шинэчлэх, даацыг нэмэгдүүлэх, айл өрхийн утас холболтыг чанаржуулж солих (хужаагийн хулхи утас их хэрэглэж байгаа), өрхүүдэд нэг стандартын бөгөөд шаардлага хангасан цахилгаанаар ажилладаг дулаан гаргадаг төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажилд гарах зардал тооцоогоо хийж төлөвлөж болох байлаа. 55 тэрбумыг ч үүнд нэмэрлэж болно шүү дээ. Энэ бол бага мөнгө биш. Хөрөнгө босгох, бүрдүүлэх олон арга бий. Хүсэл, санаачлага л дутаж байна.
Бусад оронд цахилгаанаар утааны асуудлыг шийдэх гээд зардал ихтэй учраас бүтээгүй гэж хэлэх хүн байна. Гэвч орон орны нөхцөл байдал өөр. Манай орны хувьд хүн ам цөөн бөгөөд утаа үйлдвэрлэгч хэсэг нь хотод хэдхэн цэгт төвлөрсөн . Гэр хорооллуудад нийтдээ 200 мянган өрх амьдарч байна гэсэн тооцоо байна. Олон сая өрхийн асуудал биш шүү дээ. Яваандаа ганц цахилгаан ч биш бас байгалийн хий зэрэг өөр эх үүсвэр нэвтрүүлж болох юм.
Ямартай ч гэр хорооллынхон орон сууцанд орж, гал түлдэг айл эрс багасах хүртэл ийм арга хэмжээ авахгүй бол иргэд маань хордоод дууслаа. Урагт нөлөөлж байна, уушиг зүрх бусад эрхтэнг муутгаж байна, хорт хавдар нэмэгдэж байна. Агаарын бохирдолт ургийн жинг бууруулж, дутуу төрөлт нэмэгдэж байна. Манайхны хийсэн судалгаагаар, нийслэлд нас барсан иргэдийн 33.8% нь агаарын бохирдлоос үүсэлтэй гэдгийг тогтоожээ. Гурван хүний нэг нь утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч улмаар амь насаа алддаг байна. Уг судалгаагаар, агаарын бохирдлыг дорвитой бууруулах буюу алга болгохгүй бол 2017-2024 он гэхэд 13000 (арван гурван мянга!) хүн нас барна гэсэн тооцоо гаргажээ. Ийм учраас яаралтай эрс арга хэмжээ авахгүй бол хүмүүсээ мянга мянгаар нь алдах нь. Ямар ч зардлаар хамаагүй энэ аргыг хэрэглэмээр байна. Үе үеийн эрх баригчид даанч ингэж сэтгэл гаргасангүй, одоо байгаа нь ч сэтгэл алга. Маск, агаар цэвэршүүлэгч ярьсан шиг сууна.
Эргээд бодоход, асуудал шийдэх гэхээр олон толгойтой атгаалжин Монгол улс олон толгойноосоо болоод асуудлаа шийдэж чадахгүй тарчилж байгаа юм шиг. УИХ гэх сүржин нэртэй 76 толгой, Ерөнхий сайд гэх бас нэг толгой, Ерөнхийлөгч гэх өөр нэг толгой байна. Ингээд бид чинь 78 толгойтой данхар Монгол болжээ. Хууль баталдаг 76 толгойгоо байг гэхэд засаг барьдаг нэг толгойтой болохгүй бол болшгүй нь. Ерөнхийлөгчийн засаглал тогтоож буух эзэнтэй буцах хаягтай болохгүй бол аливаад хариуцлага хүлээж, толгойгоо авахуулах хүн олдошгүй нь. Зарим Ерөнхий сайд нар нь АНУ-д олон байшин аваад л, оффшор данс нээгээд л, Ерөнхийлөгч байсан нэг нь гадны компаниас жилийн 100 мянган ногооны цалин аваад л сайхан тарган цатгалан л байна. Харин хөөрхий ард түмэн нь өнөө маргаашаа яая гээд өлбөрч сууна. Хааяа нэг идэх юм шидвэл (мөнгө өгвөл гэж унш) авч үмхчихээд л , сүүлээ шарвалзуулж (сонгуульд саналаа өгч гэж унш) байдаг. Ингээд дарлуулаад сурчихсан, дарлаад сурчихсан ядуу пролетари, баян олигархи хоёр зэрэгцэн амьдарч байна даа. Маскаа зүүцгээ! Олон юм бүү донсосцгоо! Юуны чинь хайртай Монгол орноо мандуулах, бид өөрсдийгөө МАНдуулах гээд ядаж явна гэж л хэлээд байх шиг...
Comments
Post a Comment