Педофилийг 18 жилээр "шагнажээ"

Дагавар охиноо хүчиндсэн хойт эцэгт сая 18 жилийн хорих ял өгчээ. Баянзүрх дүүргийн шүүх ийм шийдвэр гаргажээ. Хохирогч охин 6 настай. Ял авсан педофил (бага насны хүүхэд хүчирхийлэгч) 18 жил болоод шоронгоос гараад ирнэ. Гарч ирээд дахиад л ийм хэрэг хийнэ.
(Эндээс уншаарай).
Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой гаж донтонг Педофил гэж нэрлэдэг. Ийм донтонгууд эмчилгээ авдаггүй. Энэ сэтгэцийн өвчин  эдгэршгүй гэдэг.

Ийм хүчирхийлэлд өртсөн, хохирсон бага насны хүүхэд сэтгэл зүйн хувьд насан туршийн шарх авдаг. Сэтгэл зүйн шарх нь хожмын амьдралд нь нөлөөлнө.  Энэ шарх илаарших магадлал тун бага, яагаад гэвэл хохирогч энэ аймшигт явдлыг хэзээ ч мартаж чаддаггүй.
Ерөнхийлөгч Баттулга хүүхдийн амийг хэрцгийгээр хөнөөсөн педофилийг цаазалж байх саналыг зохих газраар хэлэлцүүлж байгаа. Иргэд энэ саналыг дэмжиж байгаа боловч зарим иргэд эсэргүүцэж, Монгол улс олон улсын гэрээнд нэгдэж орсон учраас буцах арга байхгүй гэж үздэг. Энэ тухай өмнөх нийтлэлдээ бичсэнийг сонирхоно биз дээ. Энд дарж уншаарай.

Ерөнхийлөгчийн саналтай нэг байгаа хүмүүсийн нэг нь би. Бага насны хүүхдийг хүчирхийлээд, амийг нь зэрлэгээр хөнөөсөн бол шууд л цааз өгөх хэрэгтэй. Харин хүчирхийлсэн хэрэг үйлдсэн бол (амь насыг нь хороогоогүй)  бүх насаар нь хорих ял өгөх нь зүйтэй гэх бодолтой хүмүүс байдаг. Тэгвэл нэгэнт л эдгэршгүй гаж өвчтэй бөгөөд нийгэмд аюултай хүнийг насаар нь хорьж, тусгай газар байрлуулж, хооллож ундлах ямар шаардлага байна? Энэ бүхэнд чинь улсаас тодорхой зардал гаргах болно. Тэр зардал чинь бусад иргэдийн татварын мөнгөөс гардаг. Ингээд бодохоор нэг балчир иргэнээ бие махбодь, сэтгэл зүйн насан туршийн шархтай болгочихоод, тэгээд бас тэр педофилийг насаар нь тэжээх юм уу?

Бусад орнуудыг дуурайж хөлөө хөлдөөгөөд яах вэ. Улс орон бүр, ард түмэн өөр өөрийн онцлог ахуй, соёл, зан үйлтэй. Тэгээд ч аливаа нэг улс тусгаар улс л юм бол дотоод асуудлаа өөрсдөө шийдэх бүрэн эрхтэй. Бид гадны улсын хэрэгт оролцож, зөв бурууг нь шүүх эрхгүй. Үүнтэй адил бусад орон ч гэсэн бидний сонголтыг хүндэтгэж элдэв дарамт шахалт үзүүлэх ёс байхгүй. Бид хүн ам багатай улс. Ирээдүйн үр хүүхдээ хамгаалж байж бид ирээдүйгээ эрүүл, аюулгүй, сэтгэл өөдрөг өсгөж чадна. Ингэж өссөн балчирууд маань бидний залгамжлагч.  
Хүүхдүүдээ хамгаалахын тулд, ийм эрсдэлд өртүүлэхгүйн тулд педофилийг эртнээс таньж мэдэх, илрүүлэх чадварыг иргэддээ сайн зааж, сурталчлах хэрэгтэй. Ингэж байж хүүхдүүдээ хохирохоос сэргийлж, хамгаалж чадна.

Ер нь бусад орнууд педофилийг цаазлана гэхээсээ илүү насаар нь юм уу, олон жилээр хорих бодлогыг түлхүү баримталж байна. Үүнээс гадна педофилийг тусгай тариагаар тарьдаг юм байна. Энэ тариа нь бэлгийн ажил хийх сэрэлгүй болгох, үрийн эс боловсруулалтыг  эрс бууруулдаг. Эр бэлгийн эс нь хос төмсөгөнд бүрэлдэж бий болдог. Хэрвээ бид педофилийг мал шиг засна гэвэл хоёр төмсгийг нь авна гэсэн үг. Бяруу засаад төмсгийг нь чанаж идэж л байсан биз дээ?  Амт гэж янзтай шүү дээ! Хүүхэд хүчирхийлэгчийг засах хэрэгтэй, эсвэл бэлэг эрхтэнийг нь тасдаж хаях хэрэгтэй гэж хүмүүс бухимдлаа илэрхийлдэг. 13-р зуунд байсан бол ч хамаа алга. Өнөө цагт тэгж төмсөгийг нь авах, эсвэл боовыг нь тасдах арга хоцрогдсон. Тэрний оронд тариа тарьж  гормон, эсийг  нь бууруулах нь дээр байх. Гэхдээ энэ тариаг педофил байж магадгүй гэж сэжиглэгдсэн, илчлэгдсэн, өөрөө энэ гажигтайгаа мэдээд тусламж хүссэн хүмүүст хийх хэрэгтэй. Харин гэмт хэрэг хийчихсэн хойно нь хийгээд ямар утга байх билээ? Хэрэг хийсэн бол ялыг нь өгөөд л заазлах хэрэгтэй.

Дотоодын педофилээс гадна гадаад орнуудаас секс-жуулчин гэж нэрлэгддэг педофилүүд дур хүслээ гүйцээх гэж ирэх аюул байгааг анхаарах хэрэгтэй. Бага насны буюу насанд хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орох гэж өндөр хөгжилтэй орноос, АНУ-аас буурай орнууд руу секс-жуулчид ихээр зорчдог гэнэ. Манай хуулийн байгууллагынхан энэ асуудлыг анхаарч хяналт шалгалтаа сайжруулаасай.
Ер нь хүчирхийлэлд өртсөн балчир хүүхэд, охидын эрхийг огоорч педофилүүдийн  эрхийг чухалчилж байгаа хүний эрх, хүнлэг ёс  ярьж дөвчигнөх хүмүүс  цаазаар авах нь хүнлэг бус, тариа хийх нь хүний эрхийг зөрчиж байна гэж донгосцгоож байна. Тэгвэл  хүчирхийлэлд өртөж насаараа хохирч байгаа жаахан хүүхдүүд бас халдашгүй эрхтэй гэдгийг битгий мартаарай.

Педофилийг яаж таних вэ? Яаж хүүхдээ сэргийлэх вэ?
Гаж донтонг таньж илрүүлэхэд мэдээж эцэг эхчүүдийн хувьд хэцүү байдаг. Хэн ч байж болно. Ялангуяа хүүхдийн итгэлийг авсан, сайхан сэтгэлтэй гэмээр, хүүхдэд дотно нэгэн хэн ч педофил байж мэдэх учраас ийм хүнийг танихад төвөгтэй байдаг. 

1. Судалгаагаар педофилүүдийн 30% нь хохирогч хүүхдийн гэр бүлийн ойрын хүрээнээс гаралтай, 60% нь  гэр бүлийн ойрын хүрээнээс биш боловч сайн таньдаг хүмүүс байжээ. Үлдсэн 10% нь огт танихгүй хүмүүс байсан гэнэ.  Таньдаг хүмүүсийн тоонд хөрш, багш, дасгалжуулагч, хүүхэд асрагч, эцэг эх ах дүүгийн  найз гэх мэт багтана. Гэр бүлийн хүрээнд хэн орж болох нь ойлгомжтой. Ээж нар хүүхдээ байнга ажиглаж анхаарч байх хэрэгтэй. Манай улсад ийм хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд далд хэлбэрээр удаан хугацаагаар явагддаг гэнэ.
2. Педофилүүд ихэвчлэн эрчүүд байдаг.
3. Хүүхдийн ба эцэг эхийнх нь итгэлийг олох гэсэн чармайлт
Удаан хугацааны туршид тухайн хүүхдийн гэр бүлийн дотнын нөхөр болж, итгэлийг олж авдаг. Хүүхдийг нь харж хандахыг санал болгох, дэлгүүр хоршоонд дагуулж явах, аялал зугаалганд авч явах сонирхолтой байдаг. Ялангуяа өрх толгойлсон ганц бие эцэг юм уу эхтэй хүүхдийг онилох нь элбэг. Хүүхдийн итгэлийг олохын тулд элдэв эд зүйл авч өгөх, нууц хадгалах аргаар дотносох, үнсэх илэх зэргээр элгэмсэх, элдэв шалиг зурагтай материал үзүүлэх зэргээр дасгадаг. Ялангуяа гижигдэх үйлдэл бол биенд нь хүрэхийг дасгах хамгийн түгээмэл арга аж.
4. Эцэг эхчүүдэд анхааруулахад,
Хүүхдээ хамгаалахын тулд байнгын хяналт, хараа тавьж байх хэрэгтэй. Таних танихгүй хүнтэй ганцааранг нь орхиж, цуг явуулж болохгүй. Хэрвээ тэгэх шаардлага гарвал 2-оос доошгүй хүн буюу олон хүнд даатгах нь хамгаалалтыг сайжруулж өгнө.
Хүүхэд асрагч ажиллуулах болбол хяналтын камер тавих хэрэгтэй. Онлайнаар бусадтай харьцахдаа бас болгоомжтой байх тухай хүүхэддээ захиж бай. Зураг хөргөө онлайнаар танилцсан хүнд явуулахгүй байх, биечлэн уулзахгүй байхыг анхааруулах нь чухал. Хүүхэдтэйгээ илэн далангүй ярьж хөөрч, санал бодлоо хуваалцаж байх хэрэгтэй. Эцэг эхтэйгээ нууж хаалгүй хэзээ ч ярилцаж болно гэдгийг хүүхэддээ ойлгуулах нь маш чухал шүү. Хэн нэг нь биед нь хамаагүй хүрэх, илж таалбал эцэг эхдээ шууд хэлж байхыг ойлгуулах хэрэгтэй. Ялангуяа биеийн нууц хэсэгт (нууц хэсэг гэдгийг тайлбарлаж зааж өгнө) гар хүрвэл шууд зугтааж бай гэж  хэлж өгөх хэрэгтэй.  
Хүүхдийнхээ зан ааль, араншин, үйл хөдлөл яаж өөрчлөгдөж байгааг ажиглаж байх нь чухал.
Ээж нар хүүхдээ байнга ажиглаж анхаарч, биед нь ил үзлэг хийж  байх хэрэгтэй. Манай улсад ийм хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд далд хэлбэрээр удаан хугацаагаар явагддаг гэнэ. Хэрвээ ямар нэгэн хэвийн бус байдал ажиглагдвал хүүхдээсээ асууж мэдэх хэрэгтэй. Цэцэрлэг, сургууль дээр юу болсон, яасан ийсэн тухай асууж ярилцаж бай. Хүүхэд ихэвчлэн үнэн ярьдаг учраас хэрвээ ноцтой зүйл ярьвал хэрэгсэхгүй орхиж болохгүй. Зохих байгууллагад нь хандах хэрэгтэй. Хүүхдийн тусламжийн 108 дугаараар, цагдаа руу 102 дугаараар холбогдоно. Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн 96490505 болон 70119949 дугаарт , Гэр бүл, хүүхэд,  залуучуудын хөгжлийн газартай 51-262109, 51-262209, 62263097 дугаарт залгаж холбогдоно.
Эцэг эхчүүд дээрх дугааруудыг мэддэг байх хэрэгтэй. Мөн гэртээ утасныхаа хажууд бичээд тавьсан ч болно.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол