Улсын мөнгөөр зугаалаад урхинд орсон түүх
Б.Хурц |
Энд харин өөр асуудал яринаа. Монгол төрийн албаны хүмүүсийн гадаад айлчлал гэдэг нэртэй жүжгийн тухай хөндөнө. Ийм жүжгийг зөндөө дэглэж тоглосон биз дээ. Генерал Хурц ийм нэгэн жүжгийн гол дүрд нь тоглосон байна.
Мань Хурц 2003 онд Унгарт Монгол Улсын элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн даргын ажил хашиж байхдаа нам засгийн даалгавраар Франц руу очиж Дамирангийн Энхбатыг хүчээр хулгайлж авчрах ажиллагааг гардан удирдсан. Европын 3 орон дамнуулж хүн хулгайлсан гэдгийг нь мөнөөх орнуудын мэргэжил нэгтнүүд нь сүүлд олж мэдчихээд ичиж үхэхээ шахсан биз. Нэрэлхсэндээ тэдгээр орнууд, ялангуяа Германууд, өөрсдийнх нь нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан (хүн хулгайлсан) учраас хэрэг үүсгэжээ.
Долоон жилийн дараа буюу 2010 онд мань Хурц Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны даргын хувиар Англи руу албан ажлаар явдаг юм байна. Гачлантай нь онгоцноос буугаад л баривчлагдаад шорон руу ачигдсан гэж байгаа. Хамар дор нь гүйцэтгэх ажиллагаа явуулаад цэвэрхэн гараад явчихсанд уурласан Германууд Хурцыг Европт хөл тавих л юм бол бариад өгөөрэй гэж тусгай гэрээнд нэгдсэн улс орнуудад хэлсэн юм байх. Түүний дагуу Британий тусгай албаныхан барьж л дээ. Уг нь мань эр Англид хийсэн гэм байхгүй шд.
Англид баахан хоригдоод, дараа Герман руу ачигдаж тэндхийн шоронд бас хэсэг байж байгаад суллагдсан даа. Меркел авгай Монголд айлчлах гэж байсан үе дээ. Эби Меркел хоёр тохирсон юм байсан юм болов уу даа. За ямартай ч 2 орны шорон дамжаад үзчихсэн мундаг гатнуул.
Энэ хэргийг сонирхож, судлаж байх үед сонин баримт олдсон бөгөөд энэ тухай бодлоо хуваалцая гэж шийдээд сууж байгаа нь энэ.
Учир юу вэ гэвэл, Хурц яагаад Англи явах болов оо гэдэг асуулт гарч байна. Мөн хэн түүнийг явуулах шийдвэр гаргасан нь сонирхол татаж байна.
Английн шүүх дээр заргалдаж байгаа үндэслэлээ манай гатнуул ба түүний өмгөөлөгчид тайлбарлахдаа өөрийн улсаа төлөөлж тусгай ажлаар яваа өндөр алба хашдаг хүн учраас дипломат халдашгүй эрх эдлэх ёстой бөгөөд хууль бусаар баривчилсан гэдэг. Гэтэл нөгөө тал нь үүнийг үгүйсгэдэг. Танай хүн тусгай ажлаар ирээгүй ээ гэдэг. Эзэн улсын (Их Британи) Гадаад Яам нь Хурцын айлчлал тусгай үүргийн айлчлал байгаагүй гэж хэлээд байхад би тусгай ажлаар очсон гээд зүтгээд байдаг нь инээдтэй хэрэг. Тусгай үүргийн ажлаар (special mission) айлчлах тухай тусгай журам протокол байдаг бөгөөд түүнд зааснаар бол гадаад улсаас тусгай ажлаар ирж байгаа этгээд болон түүний зорилгын тухай 2 тал харилцан урьдчилж тохиролцсон байх ёстой аж. Хурцын айлчлалын тухайд ийм юм огт болоогүй. Нөгөө тал нь уриагүй, уулзая гээгүй, ямар нэгэн уулзалт тохиролцоогүй (цаадуул нь боломжгүй гэсэн) байхад л би очмоор байна гээд нисээд оччихдогийг зугаалга гэхгүй өөр юу гэх вэ?
Гэвч Хурц тийшээ яагаад явах болов? Хэн энэ ажлыг зохион байгуулав гэдэг асуултад хариулт өгөх (олох) хэрэгтэй. 2010 онд тийшээ явж баривчлагдсан асуудал бол хөнгөхөн хэлэхэд тун гоомой явдал болсон юм. 2003 онд 2-3 улс дамнуулж хүн хулгайлж авчирсанаа мартаагүй байлтай. Дараа нь энэ хэрэг ил болсоны дараа Монголын тал нөгөө орнуудаас уучлалт гуйсан. Гэвч уг хэргийг гардан гүйцэтгэсэн хүн дээр хэрэг үүсгэсэн байсныг мэдээгүй гэж үү? Мөн Европын холбооны аль нэг орон нөгөө гишүүн орноосоо хүн баривчлах, шилжүүлэхийг хүсэж болдог журам байдгийг бас мэдээгүй байсан байх нь. Манай тагнуулууд, дипломатууд юугаа хийж байсан болж байна? Хурц аль нэг Европын орон руу явах аюултай гэдгийг манай албад мэдсэн байх ёстой баймаар. Харамсалтай нь үгүй бололтой.
ҮАБЗ-ийн н/б дарга Ц.Энхтүвшин ажлаа өгөв (баруун талд) |
Монголын талаас Хурцыг явуулах ажлыг хөөцөлдөж байсан этгээд бол Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшин ажээ. (Х.Баттулга Ерөнхийлөгч болсон дараа Ц.Энхтүвшинг A.Гансүхээр сольсон). Энэ нөхөр 2009 оны 10-р сард Британы Монгол дахь элчин сайдтай уулзаад хоёр орны Үндэсний Аюулгүй байдал хариуцсан зохих байгууллагууд хоорондоо хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай асуудал хөнджээ. (Британы элчин сайд энэ уулзалт яриа ямар ч ашиггүй, үр дүнгүй болсон тухай сүүлд нь бичиж байжээ)
Мөн оны 11-р сард Их Британид суугаа Монголын элчин сайд Алтангэрэл Нэгдсэн Вант улсын Үндэсний аюулгүйн Зөвлөлийн захиралтай уулзаж мөн энэ тухай санал солилцжээ.
Дээр бичсэнчлэн, 2009 оны 10 сард Ц.Энхтүвшин Их Британы Монгол дахь элчин сайдтай уулзсаны дараа 2010 оны 3 сард (уулзалтаас хойш 5 сарын дараа) Бээжин дэх Британы элчинд Хурцын виз хүссэн өргөдөл иржээ. Англичууд энэ өргөдлийг аваад хоорондоо баахан имэйлдэж (Лондон Бээжингийн хооронд) Хурцын тухай мэдээлэл солилцжээ. Ямар ажлаар болон ямар статустай, хэзээ ирэх гэж байгаа тухай гэхчлэн. Явах зорилго нь Лондонд буй Монголын элчин сайдтай уулзах явдал гэж Монголын талаас хэлж байсан аж. Харин дээрх уулзалтуудаар хөндөгдсөн гэх хоёр орны Үндэсний аюулгүй байдлын байгууллагын хамтын ажиллагааны тухай юу ч хэлээгүй гэнэ. Энэ хооронд Англичууд Хурцыг тусгай ажлаар биш, мөн дипломат халдашгүй дархан эрх эдлэхгүй хүн гэдгийг тогтоогоод, Германуудаас албан ёсоор баривчлах хүсэлт аваад мань эрийг хүлээгээд суучихаж. Нөхөр ч нисэж ирээд гавлуулах нь тэр.
Лондонд сууж байсан Монголын Элчин сайд Алтангэрэл Их Британы зохих байгууллагын удирдлага болон албаны хүмүүстэй Хурцыг уулзуулах талаар хүсэлт хэдэн удаа тавьсан боловч нааштай хариу аваагүй байна. Тэгэхээр энэ талаар ямар ч уулзалт болохгүй гэдгийг манайхан мэдэж байсан байна. Гэвч яагаад Хурц заавал тийшээ явах хэрэгтэй болов? Алтангэрэлтэй уулзчихаад буцаад ирэх байсан гэж үү? Хувийн сонирхлоор зугаалах гэж байв уу?
Манайхны хийдэг ажил энэ үү? Татвар төлөгчдийн мөнгөөр ямар ч зорилгогүй, ямар ч зохион байгуулалтгүй, ямар ч төлөвлөгөөгүй нисэж очоод л урхинд орчихдог! Урхиндаа ч биш, ерөөсөө ийм баривчлагаа болоогүй байсан ч Хурцын энэ айлчлал ямар үр дүнтэй байх байв гэдэг асуултыг тавъя. Ц.Энхтүвшингийн Их Британы элчин сайдад асуудал болгож сүржигнэсэн баруун аймагт амьдрах 150 мянган лалын шашинтнуудын асуудлыг Алтангэрэлд ярих гэж очлоо гэж үү? Англичууд ажлаа сараар нь төлөвлөдөг хүмүүс, хэн дуртай нь төлөвлөсөн ажлыг нь тасалдуулж дундуур нь орж ирэхийг яалаа гэж зөвшөөрөх вэ дээ. Манайхан ажлаа төлөвлөж эртнээс бэлдэж ном журмынх нь дагуу гүйцэтгэж сурах хэрэгтэй. Бүдүүлэг тэнэгээ хэнд гайхуулж байгаа юм? Мөрдөж дагадаг протокол гэж байдаггүй юм уу?
Ямар ч төлөвлөгөөгүй, хэнтэй ч тохирч баталсан албан ёсны уулзалт тохироогүй байж л тэр хол газар руу нисээд оччихдог чинь тэнэгийнх биш үү? Ямар Ховд руу нисээд ирье гэж байгаа биш. Бас болоогүй очиж баригдаад дараа нь баахан зардал чирэгдэл болж байж суллагдав даа. Өмгөөлөгч хөлсөлж авахын тулд бас л улсын баахан мөнгө зарсан байж таарна. Хэдийг өгсөн бол? Тэгээд угаасаа манай талын үндэслэл, хамгаалалт муу байсан болохоор заргаа алдсан биз дээ? Харин Германууд нэг их удаалгүй сулласан даг. Меркел авгайд талархах хэрэгтэй.
Эцсийн дүндээ юу болж өнгөрсөн бэ? Ц.Энхтүвшин, элчин сайд Алтангэрэл мэтийн улсуудын хариуцлагагүй ажил, Хурцын хувийн сонирхолоос болж Монгол улс багагүй зардал гаргаж салхинд хийсгээд л дууссан даа. Манай төр засгийнхны гадаад айлчлал нэг иймэрхүү болдог бол даанч уур хүрч уушиг сагсаймаар.
Монголын Казакууд лалын хэт радикал үзэл номлолд автаад байгаа бол тэрийгээ өөрсдөө тагнаж чагнаад илрүүл л дээ. Англичууд ямар балуугаа хийж бидэнд туслах юм? Тэд нарын террористууд гээд байгаа хүмүүс нь мөн л тэр улсын ийм үзэл бодолтой иргэд байдаг. Исламын Улс гэгч террорист бүлэглэлд Оросууд цохилт өгөөд устгаж дуусаж байх шиг байна. Энд тэнд мэр сэр халдлага нэг хэсэгтээ гарах л байх. Лалынхны ихэнх нь суннит урсгалынх байдаг. Манай Казакууд ч мөн энэ урсгалыг дагадаг байх. Суннит нь нөгөө урсгал болох шиатаа үздэггүй, байнга л хоорондоо шөргөөцөлдсөөр ирсэн түүхтэй.
Дээр нэр нь гарсан бүтэлгүй түшмэдийн унхиагүй ажил, Хурцын сонирхлоос үүдсэн энэ зугаалга Монгол улсад зарлага төвөг удаасан түүх энэ бөлгөө.
Comments
Post a Comment