Stand-up comedy Монголд
Алиалагч Оля |
- 2 жил юу ч орж гараагүй хүн яаж сайхан ааштай байх билээ? ( Хурьцал хийгээгүй гэсэн утгаар хэлж байна). Иймэрхүү үг хэллэгтэй Оля гэгчийн комеди бичлэг Фейсбүүкээр тэнэж явна. Майкл Жексоны боовыг ярианыхаа сэдэв болгосон бас нэг номер байна. Загвар өмсөгч Нора гэдэг хүн гэнэ. Жексоны боов хар юм уу цагаан юм уу гэнээ. Монголын эмэгтэй алиалагч нар нэг иймэрхүү.
Стэнд-ап комеди (Stand-up comedy) гэдэг нь ерөөсөө үзэгчдийн өмнө хошин шог, онигоо ярьдаг урлаг юм. Стэнд-ап гэдэг нь зүгээр л зогсоогоороо номероо үзүүлнэ гэсэн утгатай, гэхдээ заавал ч биш л дээ, учир нь зарим нь суучихсан ярьж байдаг.
Энэ урлаг их амархан эд биш ээ. Үзэгчдээ зогсоо зайгүй инээлгэж, элгийг нь хөшөөх үүрэг хүлээдэг учраас их дарамттай. Алиалагчийн хувьд шүү дээ.
Сэдвээ зөв сонгож, оновчтой үг хэллэг ашиглахгүй бол яриа чинь хүн инээлгэж чадахгүй байж мэднэ. Маш сайн бэлдэж, текстээ цээжилж, сургуулилсан байх хэрэгтэй. Монголд энэ урлаг хөгжөөд 3 жил болж байгаа юм уу даа. Энд тэнд тавигдсан бичлэгүүдийг үзэж байхад сэтгэлд хүрсэн номер алга, миний хувьд. Гэтэл үзэгчид нь шуугиад инээлдээд байдаг! Шинэ юм болоод манайханд сонин байдаг байх л даа. Нэг нөхөр тайзан дээр гарчихаад л учир зүггүй боов, секс яриад унахаар инээд нь хүрдэг юм биз дээ. Эмэгтэй хүн секс хийх гэдэг үгний оронд шаах гээд гудамжны үг хэрэглэхээр инээдтэй сонсогддог бололтой. Учир зүггүй инээлдээд л , шүгэлдээд байх юм.
Комик буюу алиалагч хүн маань үг хэллэг баялаг, хэлэмгий хурц байх ёстой. Бусдаар цэцэн цэлмэг биш бол бэлдэж цээжилсэн текст уншдаг илтгэгчээс ялгаа юу байх билээ? За тэгээд жүжиглэж л байгаа юм бол нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн гэх мэтийг бас л үзүүлж чаддаг байх хэрэгтэй. Нэг үг хэлчихээд өөрөө инээгээд байх юм бол ямар юмны алиалагч байх билээ? Үгийн сонголт ч бас их чухал. Одоохондоо манайханд боов бөгс, баас, хөх дэлэн, шаалцах гэх мэт үгс их сонирхолтой бөгөөд инээдтэй сонсогдож байгаа бололтой, гэхдээ яваандаа энэ мэт нь марзан гэхээсээ илүү бүдүүлэг бохир заваан гэж ойлгогдож, хүлээж авдаг болох цаг ирэх биз ээ.
Гадаад орнуудын алиалагчдын дотор бөгс бөөр, эм,эр бэлэг эрхтэн , секс ярьж алиалдаг хүмүүс бий л дээ, гэхдээ тэд нарыг хүлээж авдаг нь цөөхөн, ийм үг хэллэгээ ч цөөхөн хэрэглэдэг юм шиг. Хараалын үг бол түлхүү сонсогдоно. Дийлэнх комикууд нь янз бүрийн сэдвээр түүх зохиогоод л, эсвэл болсон явдал, хөгтэй тохиолдлууд дээр жишээлж байгаад л хөөрхөн номер хийчих юм. Мэдээж надад таалагдсан нь өөр нэгэнд таалагдах албагүй, хүн бүрийн мэдрэмж, ойлгомж өөр. Комикууд зөвхөн инээдтэй юм ярих биш бас түүгээрээ дамжуулаад шүүмжлэх, баалах өнгө аястай зүйл ярьдаг юм байна. Жишээ нь хэн нэгэн улс төрч ч юм уу, эсвэл улс төрийн байдал, улс хоорондын харилцаа гэх мэтээр хөндөхгүй сэдэв алга.
Манай комикуудад уг нь сэдэв бол мундахгүй л байх ёстой доо. Амарханыг нь бодоод бөгс бөөрөө сонгоод байдаг юм байлгүй дээ. Гэхдээ энэ үг хэллэг нь удахгүй моодноос гарахаар энэ урлаг арай өөр өнгө төрхтэй болж, хүмүүсийг баясгасан жинхэнэ урлаг болж хөгжих биз ээ.
Comments
Post a Comment