Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол
"Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго" гэж эрх баригч МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Оюун-эрдэнэ гэгч айлджээ. Эрүүл байлгах нь бүү хэл, бүр амь нас нь зүй бусаар хороогдоод байна гэвэл юу гэх бол?! Одоогийн төр Монголчуудын төлөөх Монголын төр мөн үү гэж асуумаар.
Бидний Монголчууд эрүүл байх нь битгий хэл, жил бүр олноороо зүй бусаар хорогдсоор байгаа тухай энэ бичвэрт өгүүлэх болно. Зүй бус хорогдол гэдэг үг ямар утгатай болохыг бүгд мэдэж байгаа биздээ. Зүй бус гэдэг нь тунгаавал их сонин хэллэг. Зүй бусын эсрэг утга нь зүй ёсны гэж байх болов уу. Тэгвэл зүй ёсны хорогдол гэж ярьдаггүй биз дээ? За энэ ч яахав, Монгол хэлэнд ч заримдаа иймэрхүү сонин гаж хэллэг бишгүй байдаг даа. Ямартай ч зүй бус гэдэг нь тооцоолоогүй, гэнэтийн, болох ёсгүй байсан гэдэг утга илэрхийлдэг.
Бид энэ хэлцийг голдуу мал амьтан дээр хэрэглэдэг. Зуд болоход зүй бусаар мал ихээр хорогддог. Уг нь өвлийн бэлтгэл сайн хангасан байсан бол сэргийлж болох байсан гэсэн утга. Болох ёсгүй юм болжээ гэсэн үг.
Харамсалтай нь өнөөдөр бид энэ хэллэгийг хүн дээрээ хэрэглэхээс аргагүй байдалд хүрчихээд байна гэвэл уншигч Та эгдүүцэхгүй биз ээ. Бидний цөөхөн Монголчууд гэж бид их ярьдаг, цөөхүүлээ гэдгээ ч сайн мэднэ. Цөөхүүлээ учраас хүн хүч ихэд дутмаг. Хүний нөөц сайтай Хятад мэтийн улс хүнээр зодоод л ямар ч ажлыг богино хугацаанд хийчихэж байна. Бид тиймээс олуулаа болох ёстой, энэ тал дээр Монгол төр тусад нь бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Харамсалтай нь төр маань тэгэх нь байтугай харин ч эсрэг дайсагнасан бодлого явуулаад байна уу гэмээр.
Монголын төр Монголын хүн амыг "цөөлөх" бодлого явуулж байгаа тухай энд хөндөх болно. Монголын төр Монголынх биш болжээ гэхэд хилсдэхгүй болжээ. Монголын нэртэй боловч хятадын уртасгасан гар болсон гэхээр болж. Үүнийг олон жишээгээр тайлбарлаж болно. Нэн тэргүүнд бидний тавих ёстой асуулт энэ байна:
- Ардчилсан засаглал тунхагласанаас хойшхи 30 гаран жилд Монголын ард түмэн яагаад ингэж их ядуурав? Таван хүний гурав нь ядуу болсон бус уу?
Зарим улс 30 гаран жилд цэцэглэн хөгжжээ. Дийлэнх масс нь ядуу байсан Хятадыг л харчих. Өмнөд Солонгосыг л харчих. Өнөөдөр Казахстан, Азербайжан, Вьетнам биднийг хол орхижээ. Бид харин Африкийн улсуудын түвшин рүү дөхсөөр...
Мэдээж ямар ч улс өсөж дэвжихийн тулд хүн хүч сайтай байх хэрэгтэй. Бид хүн амаа өсгөх бодлогыг зоргонд нь хаясан. Социализмын үед Румын улс хүн амаа өсгөх тусгай бодлого явуулсаны ачаар хүн ам нь 20 сая давж байжээ. Төрөлтийг дэмжиж, гэрлэсэн эсэхээс үл хамаарч ээж болгонд мөнгөн тусламж үзүүлж, абортыг хориглосоны үр дүнд төрөлт нэмэгдсэн байна. Абортыг зөвхөн эхийн амь насанд аюултай үед л зөвшөөрөх нь зүйтэй юм. Манай улсад ийм хатуу бодлого явуулах шаардлагатай, тэгж байж олуулаа болно. Зарим хүмүүс хүний эрх энэ тэр гээд л улиглах байх, гэвч Монгол улсын эрх ашиг, ирээдүй нэгдүгээрт тавигдах ёстой бөгөөд Монголын иргэн хэн боловч хувийн ашиг сонирхлоо улсынхаас доогуур тавих үүрэгтэй. Мэдээж хүсээгүй жирэмслэлтээс болж аборт хийлгэх тохиолдол гарч болох ба энэ тохиолдолд тухайн иргэн, улс хоёрын тохиролцоогоор хүүхдийг төрсөний дараа улс өөрийн асрамжинд авах хүртэл асуудлыг зохицуулж болох юм. Энэ тохиолдолд эхийн хэвлийд буй ургийг хөнөөх шаардлагагүй бөгөөд Монгол улсад нэгэн шинэ иргэн бий болж ам бүл нэмэх сайн үйл болно. Эх нь хүсээгүй хүүхдээ төрүүлчихээд улсад өргүүлж болно гэсэн үг. Энэ тухай нарийн зохицуулалтыг тусгай хуулиар хийгээд өгч болно. Ер нь Монголчууд олуулаа, тэр тусмаа хурдан хугацаанд болох асуудлыг нухацтай авч үзэхгүй бол аборт замбараагаа алдаж, төрөлт багасаж, хатуухан хэлэхэд эмэгтэйчүүд бэртэгчин зан гаргаж хүүхэд төрүүлэхээс татгалздаг, эсвэл хүүхдийн тоог 1-2 хэмжээнд хязгаарлаж, хүн амын нөхөн үржихүйд асар их саад хохирол учруулж байна. Эмэгтэй хүний хамгийн ариун үүрэг бол хүүхэд төрүүлж, улсынхаа хүн амыг нэмэгдүүлэх явдал юм. Төрөөс мөн эхчүүдийг тусгайлан анхаарч халамжилдаг байх ёстой. Хүүхэд төрүүлж байгаа эмэгтэй бол улсынхаа өмнө асар том гавъяа байгуулж байгаа хүн мөн. Өнөөдрийн эхчүүдэд өгч байгаа цалин нэртэй 50 мянган төгрөг бол доромжлол юм. Хүүхэд төрүүлэх, өсгөх бол маш хүнд, хариуцлагатай ажил гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч үл тоох шуналын туламнууд эрх мэдэлд оччихоод ингэж доромжилж байгаа юм. Сая нэг бүсгүй 10 дахь хүүхдээ өлгийдөж авсан тухай Фэйсбүүк дээр мэдээлсэн байсныг уншаад ямар их бахархав аа! Ийм эмэгтэйчүүд, гэр бүл олон байвал бид олуулаа болоход амархан байна даа гэж. Ийм эмэгтэйд баатар цол өгсөн ч яадаг юм! Эхчүүдэд хүүхдээ насанд хүртэл нь өсгөж бойжуулах хугацаанд нь амьдрал ахуйдаа санаа зовохгүй байх хэмжээний тэтгэмжийг өгөх ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1-р сарын 1-нээс сарын 660 мянган төгрөг болгосон байгаа. Эхчүүдэд хүүхэд бүрийн тоогоор ядаж энэ хэмжээний тэтгэмж (дуртай бол цалин гэж нэрлэнэ биз) өгөх нь зүйтэй. Ингэж байж эхчүүд санаа зоволтгүй улсдаа иргэн бэлдэж өгөх болно. Ингэж байж бид олуулаа болно. Олон нийтийн сүлжээгээр зарим нэг мулгуу этгээдүүд хүүхэд гаргах, гэртээ өсгөж бойжуулахыг дорд үзсэн өнгө аястай санаа цухалзуулдаг. Алдарт эхийн одонг мөн л хэрэггүй зүйл мэт ярьдаг нь ч бий. Ийм хүмүүс бол алсын хараагүй, харалган мулгуучууд учир ач холбогдол өгөөд хэрэггүй бөгөөд тухай бүрд нь нүүр рүү нь нулимаад өнгөрвөл зохино.
За хүн амаа өсгөхийг дэмжих тухай санаагаа нуршаад жаахан чилээсэн бол өршөө. Харин одоо Монголын төр засаг хэрхэн дээрхийн эсрэг бодлого явуулаад байгаа тухай яръя.
Монголчууд хэдийгээр 3 сая болсон гэх боловч энэ нь маш чамлалттай. Өнөөгийн хурдаар бол бид мөддөө 10 сая болж чадахгүй. Төрөлт багассан тухай бичиж байна. Нэг айлд 1-2 хүүхэд байх нь зохимжтой гэж донгосцгоох боллоо. Хүүхнүүд аборт хийлгэж, ирээдүйн Монгол иргэнийг хэвлийд нь устгаж байна. Төр засаг нь үүнийг чөлөөтэй болгочихсон. Цалин нэртэй доромжилсон мөнгө өгч тавладаг. Удахгүй энэ мөнгийг нэмээд 53 мянга болгоно гэнэ үү? Их гийгүүлэх нь ээ! Өөрсдөө идэж ууж цуслахдаа уургын морь шиг мөртөө ирээдүйн Монголын иргэнийг хүн болгож өгч байгаа эх хүнийг доромжлохоосоо ичихээ больсон шуналтай бирдүүд бидний толгой дээр зайдалжээ. 😠
Монголчууд маань өсөн нэмэгдэх гэж ядаж байхад Монголын нэр барьсан луйварчид хулгайчдаар дүүрсэн төр засгийн хорлонтой бодлогын гайгаар хорогдоод байгааг харахаар бүр бачимдах юм. Зүй бусаар шүү! Олон нөхцөл байдалд энэ зүй бус хорогдол явагдаж байна даа. Зуны улиралд олон хүн гол нуурын усанд осолдлоо. Том хүн ч байна, хүүхэд ч байна. Голын эрэг дээр наргиж байгаад согтуу гол руу ороод живчихэж байна. Хохь нь гэж үү? Биш юм аа. Хүнээ боддог, соёлтой улсад бол иймэрхүү осолдож болох газруудад тухай гол мөрний усны гүн зэргийг бичиж анхааруулсан, шаардлагатай бол усанд орох нь эрсдэлтэй тухай анхааруулсан тэмдэг, хориглосон пайз зэргийг байрлуулсан байдаг юм. Хэдий согтуу ч тухайн хүн тэр пайзыг уншаад усанд орохоо болино, эсвэл эрүүл нэг нь хэлж ятгаад болиулдаг юм.
За тэгээд л өөр олон зүй бус хорогдол байна. Автомашинтай их осолд орж олноороо бурхан болж байна. Жолоочийн буруу гэж үү? Мэдээж цэвэр жолоочийн буруутай үйлдлээс болж осол гардаг тохиолдол бий, гэхдээ энэ нь маш бага хувь эзэлнэ. Ихэнх нь нөгөө л арчаагүй, мулгуу, сэтгэлгүй төр засгаас болж байгаа юм. Осол гарах шалтгаануудыг тоочвол:
- Муу дадалтай жолооч. Өөрөөр хэлбэл, жолоочийн ур чадвар муугаас болж осол гардаг.
- Замын нөхцөл байдал туйлын муу. Үүнд шөнийн гэрэлтүүлэг, замын эвдрэл, замын тэмдэг тэмдэглэгээ баларч харагдахгүй болсон,ялангуяа эгнээний тусгаарлах шугамнууд
- Согтуугаар жолоо барих
- Замууд хэтэрхий нарийн
- Өвлийн цагт замын арчилгаа муу, ялангуяа орон нутгийн замууд дээр, хотод ч ялгаагүй
Дээрх шалтгаанууд тус бүр дээр нь бяцхан тайлбар хийвэл илүү ойлгомжтой болох биз ээ.
Ур чадвар муутай жолооч бол жолооны сургуулиудын бүтээгдэхүүн. Дром дээр болон хотын жолоонд бараг явж чаддаггүй хүн мөнгөөр үнэмлэхээ худалдаад авчихдаг юм. Надтай хамт жолооны курст явж байсан дунд эргэм насны хоёр эмэгтэй жолооны шалгалтанд дараалан 3 уначихаад маргааш нь үнэмлэхээ авчихсан гээд л инээгээд явж байсан юмдаг. Төр засгаас энэ байдлыг мэдсээр байж ямар ч арга хэмжээ авдаггүй юм, тийм учраас төр засгийн буруу гээд байгаа юм. Иргэд зөндөө л энэ тухай ярьцгаадаг, эрх баригчдын чихэнд очихгүй байна гэж байхгүй л дээ.
Замын нөхцөл байдал маш муу байдаг шалтгааныг арай иргэд рүү бухахгүй байлгүй дээ. Удаж удаж нэг юм там болсон замыг янзалж, хучилт хийсэн болдог. Ялангуяа сонгуулийн жилд бол замыг бөөнөөр нь хучиж, бродюрийг нь сольдог. Ажил хийсэн дүр үзүүлж, сонгуулийн үеэр оноо авах гэсэн арга юм л даа. Уг нь бол тэр замууд нь эвдрээд, нүх хагархайгаар дүүрэн, ан цав тогтчихсон, жинхэнэ там болоод удаж байгаа юм шд, засвар хийх хугацаа нь хэтэрчихсэн гэсэн үг. Даруухан даруухан гэхэд дэлхийд хосгүй даруухан Монголчууд нь мөнөөх там болсон замаар нь машин техникээ эвдэн барин, нүх бүрийг тойрч гарах гээд өөдөөс ирж яваа машинтай шүргэлцэх шахуу мурилзаж, хагархай ан цав дээгүүр харайлган хараалаа барж давхилдана. Уг нь хэн гээч нь засаг барьж байгаагаас үл хамаарч, сонгуулийн жил хүлээж бөөндөлгүй, эвдэрсэн даруйд нь замуудаа засаж янзлаад явах ёстой биз дээ?
Согтуугаар жолоо барьж байгаа хүнийг хутга барьсан алуурчинтай зүйрлэж хэлдэг. Согтуу жолоочтой тооцох хариуцлагыг өндөржүүлж, хууль журмыг чангатгаж байгаа боловч согтуу жолоочийн тоо олигтой буурахгүй байна. Саяхан л гэхэд согтуу жолооч 63 настай эмэгтэйг дайрч хөнөөсөн бичлэг сошиалаар цацагдлаа. Тэгэхээр хууль нь зөөлдөөд байгаа учраас хашрахгүй, тоохгүй байна. Жолоо барих эрхийг нь хасах, торгууль оногдуулах мэтийн шийтгэл бол үнэндээ инээдэм. Ямар нэгэн осол гаргаагүй, хүн дайраагүй согтуу жолооч шалгалтаар илэрч баригдлаа гэхэд машиныг нь журамлаад, жолоочийн эрхийг тодорхой хугацаагаар хасаад, торгоод, эцэст нь согтуу жолоочийг эрүүлжүүлэх нэртэй хүүхэд саатуулах газар аваачиж нэг хонуулаад маргааш нь гаргаад явуулж байна! Үнэндээ ингэж толгойг нь илээд байхаар яаж согтуу жолоочийн тоо буурах юм? Хүн дайраад алчихвал мэдээж шүүх, цагдаагаар баахан яваад эцэст нь нөгөө хохирогчийн талын амыг мөнгөөр таглаж өгөөд хохирогч нь бараг анхаарал болгоомжгүй явсанаас болж осолдсон болгож хувиргаад, хөнгөхөөн шийтгэл аваад мултардаг. Зүй нь, согтуу жолооны ард сууж яваад баригдсан л бол шууд гавлаад өчиггүй шоронд суулгах ёстой юм. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж ямар хугацаагаар суулгахыг шүүх шийднэ, гэхдээ хорих хугацааны доод хэмжээг хуулиар заасан байх хэрэгтэй. Мэдээж хүн дайрч алсан бол согтуу байсан гэдэг нь хүндрүүлэх шалтгаан болж, хатуу яллавал зохино. Ийм алуурчид гэмээ ухамсарлах хүртэл дахиж хүн дайрч алах боломжгүй болгож, нийгмээс тусгаарлаж байгаа юм. Ингэж байж л согтуу жолоочийн тоог багасгаж, бүр тэг болгох боломжтой.
Орон нутгийн замууд хэтэрхий нарийн бөгөөд талдаа нэг л эгнээтэй учраас машинууд их ойрхон зөрөлддөг. Ялангуяа том тээврийн хэрэгсэл ийм ойрхон жижиг машинтай хурдтайхан зөрвөл салхиараа цохиод унагах эрсдэлтэй. За тэгээд шөнө бол бүр аюултай, ядаж байхад зам нь ямар ч гэрэлтүүлэг байхгүй. Ийм замуудыг өргөтгөж, дор хаяж нэг талдаа 2 эгнээтэй, 40-50 км дутамд замын хажууд амрах, түр саатах талбайтай болгох гэх мэтээр хүнээ бодсон, аюулгүй байдал, тав тухыг нь хангасан ажлыг хийх ёстой субьект нь засаг барьж байгаа эрх мэдэлтнүүд юм шүү дээ!
Өвөл болохоор хүйтрэхээс гадна машинууд зам дээр их халтирдаг, гулсдаг. Үүнийг засаг барьж байгаа эрх мэдэлтнүүд мэддэг гэдэгт эргэлзэх хэрэггүй, харин яавал замын хөдөлгөөнийг аюул осолгүй байлгах вэ гэж толгойгоо гашилгадаг эсэхэд эргэлздэг шүү. Фэйсбүүк дээр нэг ичиж үхмээр бичлэг явж байсныг манайхан үзсэн биз ээ. Хогны машин бил үү, ачааны тэвштэй машинч билүү, дээр нь хоёр хүн суучихсан хүрзээр болон гараараа машины явуут дунд зам руу давс цацаж байгаа бичлэг. Хэддүгээр зуунд амьдраад байгаа юм гэмээр. Ийм л сэтгэлтэй удирдлагатай манаргаж явна даа бид чинь. Энэ нэг жижигхэн хотыг техникийн хүчээр яаж л бол яаж цэвэрлээд, цасгүй байлгаж болмоор. Ямар олон арван сая хүнтэй мега хот биш дээ. 22-р зуун шүү дээ. Гараар давс цацуулж чадаад байгаа эрх баригчдыг мулгуу гэх үү, сэтгэлгүй гэх үү? Халтиргаанаас болж авто осол их гардаг, тэр болгонд жолооч нар буруутаад, бас хохироод үлддэг, гэвч угтаа бол эрх баригчид л буруутай юм шүү дээ. Хөдөө зам дээр бол бүр илүү осолдоно. Хотынхоо замыг цас мөсгүй байлгаж чадахгүй байгаа ухаан муутнууд хөдөөний замыг яг арчилж харагдаач. Мэдээж осол гарахад хүн гэмтэнэ, амь насаа алдана. Зүй бус хорогдол мөн биз? Зам нь цас мөсгүй, халтиргаагүй байсан бол тэр их осол гарахгүй, иргэд маань эрүүл мэнд амь насаараа хохирохгүй.
Зүй бус хорогдлын нэг ноцтой шалтгаан болох угаарын тухай одоо яръя. 2017 оноос хойш 2023 он хүртэл нийтдээ 515 иргэн угаартаж амиа алдсан тухай бичлэг үзлээ. Энэ угаар нь эрх баригч МАН-ын ард түмэндээ шахсан Сайн хэмээх нэртэй шахмал нүүрсийг түлэхэд гардаг хий. Өнгө ба үнэргүй гэж рекламддаг. Харин байгалийн түүхий нүүрсийг түлэхэд ийм өнгө үнэргүй хий гарахгүй, харин эсрэгээрээ өнгөтэй, үнэртэй угаар гарна. Ийм өнгөтэй, үнэртэй угаараар амьсгалахад хоолой хорсоно, нүд хорсоно, ам хамарт гашуун оргиж, амьсгаа авах аргагүй болж ханиалгана. Ингээд хахаж цацахад унтаж байгаа хүн хүчээр сэрэхээс аргагүй болдог. Ийм учраас түүхий нүүрс түлдэг байхад угаартаж үхэх нь ховор байжээ. Цөөн тохиолдолд биеэ захирах чадваргүй болтлоо согтсон хүн , эсвэл өөрийгөө авч явах чадваргүй бага насны хүүхэд угаартдаг байжээ.
2023 онд нийтдээ хэдэн хүн угаартсан тухай мэдээлэл алга. 2024 онд хэд болохыг таашгүй. Өнгөрсөн 7 хоногт 8-50 насны 19 иргэн угаартсан байна. 2024 оны 11-р сарын эхний долоо хоногт ийм явдал болжээ. Угаартсан хүмүүсийн дотор бага насны 8 хүүхэд байсан гэнэ. Эдгээрээс хэд нь нас барсан эсвэл амьд эсэх тухай тодорхой мэдээлэл алга, манайхан ч мэдээгээ ч олигтой бичих чадваргүй сэтгүүлчид бэлддэг улс даа, угаасаа.
Эрх баригчид буюу сүүлийн 8 жилд тасралтгүй засагласан бөгөөд дахиад 4 жилээр улиран "сонгогдсон" МАН-ынхан энэ Сайн түлш гэгч гоё нэртэй шахмал хорыг болих тухай сонсохыг ч хүсэхгүй байх шиг. Арга ч үгүй биз дээ, тэд нарын хувьд ашигтай бизнес учраас болихгүй л дээ. Иргэдийнх нь амь нас, эрүүл мэнд эрсдэлд орчихоод байхад өөрсдийнхөө ашиг сонирхлыг дээгүүр тавьж байгаа адгийн шаарнуудыг хэлэх муу үг ч олдохгүй юм. Ганц энэ үйлдэл нь МАН гэдэг нам нэртэй бүлэглэл Монголын төлөө юу, эсвэл эсрэг бодлого явуулаад байна уу гэж асуухад хүргэж байна. Монгол иргэдийнхээ эсрэг бодлого, ажил явуулж байгаа энэ хүчнийг Монголынх гэхэд хэцүү болжээ. Тэртээ он жилүүдэд коммунизмыг байгуулж диваажин болгоно гэж байх үедээ Монголын олон мянган иргэд, сэхээтнийг Оросын нөлөөгөөр буудаж алж байсан бол өнөөдөр МАН ганц ч сум гарздахгүйгээр Монголчуудыг "хөнөөж" байна. Өмнөх он жилүүдэд 500 Монгол иргэдийг МАН угаартуулж "алжээ." Тэдний дотор нас насныхан байсан, тэд хэрвээ амьд сэрүүн байсан бол хэд болж үржих байсан бол гэдгийг төсөөлөөд үзвэл...
Энэ өвөл гэр хорооллын улныхан маань шахмал хорыг түлдгээрээ түлнэ, цаашлаад 25 оны, 26 оны, 27 оны, 28 оны өвөл түлэх нь тодорхой, яагаад гэвэл яруу алдарт алуурчин МАН 2028 он хүртэл засаг барьж тоглоно. 2028 он хүртэл хичнээн улныхан маань тэнгэрт халих бол? Ийм байдалд хүрэхэд бидний буруу их бий. Манай залуучууд сонгуульд оролцолгүй хаяж явсан нь МАН ялахад тус болсон юм. Бас нэг чухал фактор нь МАН-ын эсрэг бусад намууд эвсэж чадаагүйгээс болж МАН-ын эсрэг саналууд олон намуудад тарамдаж хуваагдсан явдал. Эвт шаазгай буга барина гэдэг үгийг МАН-аас бусад намууд ойлговол ойлгохоор хугацаа өнгөрсөн дөө, уг нь. Түрүү түрүүчийн сонгуульд дандаа л ингэж ялагддаг байсан. Хэрвээ МАН-аас бусад намууд нь эвсээд, залуучууд нь идэвхтэй сонгуульдаа оролцсон бол МАН ингэж галзуурч чадахгүй байх байсан гэдэгт бүү эргэлз.
Хэрээсээ хэтэрсэн амбицтай наманцаруудын дарганцаруудын балгаар Монголын ардчилал доройтож, эх орон минь дэлхийн сүүл мушгиж, мөхөл рүүгээ дөхсөөр. Дээр нь харанхуй хар масс дээр МАН психологийн тоглолт хийж, өлөн ходоодтой нь амжилттай тулж ажилласаны хүчинд багагүй саналыг татаж чадсан нь үнэн. Үүн дээр нэмэгдээд ажлаараа барьцаалагдсан төрийн албан хаагчид МАН-д саналаа өгөх нь ойлгомжтой.
Ийм эрх баригчдаар хөтлүүлсэн Монголчууд сайныг үзэхгүй гэдгийг өнгөрсөн 30 гаран жил харууллаа. Энэ улс хөгжихгүй, иргэд нь баяжихгүй гэдгийг Вангадах ч шаардлагагүй төсөөлж болно, ойлгомжтой. Монголчууд зүй бусаар хорогдсоор, амьдрал нь доройтож уруудсаар байх болно. Муу амлах биш, тийм хэтийн төлөв илт харагдаж байна. Эрс өөрчлөлт хийх цаг бол аль хэдийн болоод өнгөрсөн байгаа шүү.
Comments
Post a Comment