Утаанаас салах арга
Утаанбаатар хот |
Утаа маань сүүлдээ урагт нөлөөлөөд, элдэв өвчний эх үүсвэр болж байгаа гэлцэнэ. Элдэв гажиг, согогтой хүүхдүүд төрж байна гэнэ. Эсэн бусын хавдартай хүмүүс олширлоо гэнэ.
Утааг алга болгох гэж их хөрөнгө зарсаан. Өөрсдөө ч мөнгө төсөвлөсөн, гаднаас ч элдэв тусламж авсан. Энэ жил 3 тэрбум төгрөг зарцуулах бололтой. Түүнээс өмнөх 9 жилд дотоодын эх үүсвэрээс нийтдээ 120 тэрбум, гадны эх үүсвэртэй 87 тэрбумыг салхинд хийсгэжээ. Хийсгэхийг нь хийсгэж (үргүй зарсан гэж унш) , хармаалахыг нь хармаалсан биз. Эцсийн үр дүн ямар гарав? Өнөөх л бахь байдгаараа, харин ч утааных нь агуулга, хорын хэмжээ нэмэгдсэн гэнэ.
Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн утаа ихтэй газруудаар баахан сэтэртэй амьтад дагуулаад явж байна. Нөгөө л улиг болсон юмыг давтаад л зогсож харагдана. Гэрээ сайн дулаалаад, маскаа сайн хэрэглэ гэнэ дээ. Өмнө нь арай ч маск зүүх хэмжээндээ хүрээгүй байдаг байсан санагдах юм, гэтэл одоо ингэхдээ тулжээ. Өмнөд хөршийн Бээжин хотынхон маск зүүцгээдэг тухай уншиж байснаас өөрсдөө ийм хэмжээнд очно гэж төсөөлж ч явсангүй. Бээжингийн утаа бол үйлдвэрийн олон яндан, үй түмэн олон машины яндангаас эх үүсвэртэй. Тэнд ямар гэр хороолол гэж байх биш. Улаанбаатарын утааны гол эх үүсвэр бол гэр хорооллын яндангууд. Бээжин тэр олон үйлдвэрийн яндангуудаа эрс цөөрүүлж, цахилгаанаар явдаг машин, эсвэл хос хөдөлгүүртэй эко машин нэвтрүүлэх замаар агаарын бохирдолтой тэмцэж байна. Улаанбаатарын хувьд гэрийн яндангуудыг алга болгочих юм бол агаар бараг цэвэршинэ дээ. Хотод явж байгаа машины утаа, хэдэн уурын зуухнаас гарч байгаа утаа бол нэг их нөлөө байхгүй.
2014 он буюу одоогоос 3 жилийн өмнөх судалгаагаар нийслэлийн хүн амын бараг 60% нь гэр хороололд (төвийн халаалт, усны холболт байхгүй) амьдардаг гэж гарчээ. Энэ нь 200 мянган өрх юм. Өрх болгон гал түлж дулаацдаг гэвэл 200 мянган яндан байжээ гэсэн үг. Өнөөдөр энэ тоо нэмэгдсэнээс биш буураагүй. Ядуурал улам нэмэгдээд байгаа нөхцөлд гэр хорооллын өрхийн тоо тэр хэмжээгээр нэмэгдсэн байх өндөр магадлалтай.
Агаарын бохирдлын эсрэг авч байгаа арга хэмжээ гэдэгт агаар цэвэршүүлэгч ажиллуулах, амны хаалт зүүх, сайжруулсан зуух ашиглах, гэртээ тамхи татахгүй байх гэхчлэн алиа хошин юмнууд их бичигдэж байна. Өдрийн сонины онцлох нийтлэлүүд гэдэг дотор "Агаарын бохирдол бууруулах зөвлөмж" гэсэн гарчигтай "хошин өгүүлэл" тууж явна. Дээрх арга хэмжээ гэгч нь бохирдлыг бууруулах биш харин бохирдсон агаараас өөрийгөө хамгаалах, сэргийлэх арга хэмжээ бололтой юм. Асуудлынхаа учир начрыг ч ойлгоогүй, Монгол хэлэнд тааруухан сэтгүүлч нэртэй дипломын голнууд ийм л юм сараачиж хоолоо олж иддэг болж дээ. Тэр бичвэр нэртэй сараачваруудыг нь тавьж байгаа сайтууд , нийтэлж байгаа сонингууд ч таарсан таар шуудай юм байна.
За ингээд энэ мэтийг орхиод утаанаас яаж салах тухай саналаа хэлье. Олон жилээр сунжруулалгүй зоригтой арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө мэдээж овоохон санхүүжилт шаардлагатай. Тэгэхээр мөнгө босгох хэрэгтэй болно. Утааны данс нээе. Ямар эх үүсвэрээс мөнгө босгох вэ?
1. Улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргана. Дарга нар шинэ машин, тавилга авахаа больчих л доо. Тийм юмгүй үхэх гээд байна уу? Бусад элдвийн тэвчиж, хойшлуулж болох бүх л ажлыг түр царцаагаад тэндээс хэмнэсэн хөрөнгийг утаа руу нийлүүлэх хэрэгтэй.
2. Дотоодын аж ахуй нэгжүүдээс, ялангуяа томоохон компаниудаас зээл, хандив авах нэг арга байна. Компани бүр эх оронч сэтгэл гаргаад утааны дансанд зээлээр, хандиваар мөнгө хийж болно.
3. Гадны эх үүсвэр. Зарцуулалт, төсвөө бичээд гадны байгууллага, улсаас зээл, тусламж хүсэж болно. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө бадар барихаас ичих хэрэггүй. Мэдээж өөрсдийнхөө дотоодын эх үүсвэрээр хийвэл сайн боловч хийх ажлын хэмжээ далайцыг бодвол нэлээн хөрөнгө шаардлагатай болж мэдэх учраас бүх л эх үүсвэрийг ашиглах нь зөв.
Мөнгөө босголоо. Ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? Нүүрс, модны оронд дулаан гаргах цахилгаан төхөөрөмж өрх болгонд суурилуулж өгөөд, шөнийн цагт маш хямдхан тарифаар , өдрийн цагт мөн хямдруулсан үнээр эрчим хүч хэрэглэдэг болгож зохицуулах хэрэгтэй.
Хоол ундыг мөн гал дээр биш цахилгаан хэрэгсэл ашиглаж хийж байхаар журамлах нь зүйтэй.
Нэгэнт бүх өрхүүд цахилгаан халагуур, цахилгаан пийшин зэргийг хэрэглэх учраас эрчим хүчний зарцуулалт эрс нэмэгдэж, ачаалал хүндрэнэ. Ийм учраас бас гаднаас эрчим хүч импортлох шаардлага ч гарч мэднэ. Цахилгаан дамжуулах шугам, дэд станц мэтийг сайжруулж, айлуудын хэрэглэж байгаа утас шугамыг сольж даацтай, сайн чанарын утас хэрэглэхгүй бол галын аюул гарах эрсдэл бий. Цахилгаанаас болж гал түймэр гарах нөхцлийг сайн хааж өгөхгүй бол аюултай. Айл бүрд галын хор өгч, хэрэглүүлж сургах нь зүйтэй.
Цахилгаанаар ажилладаг төхөөрөмжөөс гадна яваандаа хийгээр ажилладаг зуух нэвтрүүлэх хэрэгтэй.
Ард түмнээ ядуурлаас аварна гэж сонгууль болгоноор амласан намууд хэлсэндээ хүрч чадаагүйн харгайгаар Монголын ард түмний гуравны нэг нь туйлын ядуу болсон. 3 сая хүнтэй улсын 1 сая нь ядуу гэсэн үг. Туйлын ядуу шүү. (2016 оны дүнгээр 907 мянган хүн ядуу байна гэж гарчээ. Ядуурлын түвшин 29.6% болсон).
Монголын нийт баялгийн 85%-ийг 300 гэр бүл эзэмшдэг гэсэн тооцоо байдаг гэсэн (Нэг ийм баян өрхийн ард хамаатан садан нийлээд 100 хүн байдаг гэвэл 300x100=30 мянган хүн болно).
Зарим эх сурвалжаар нийт баялгийн 90%-ийг хүн амын нэг хувь эзэмшдэг гэнэ. Нэг хувь гэдэг маань 3 сая хүнээс 30 мянган хүн гэсэн үг. Энэ хоёр мэдээллээс харвал багцаагаар 30 мянган хүн нь туйлын баян байна. Тэгвэл 3 сая хүнээсээ туйлын баян 30 мянгыг хасаад, бас туйлын ядуу 907 мянгыг хасаад үлдсэн нь өнөө маргаашаа яая гэж байгаа "дундаж давхарга" болж байна. Уг нь дундаж давхарга нь аливаа улсын ноён нуруу байдаг бол манай улсын хувьд энэ давхаргынхан эдийн засгийн хувьд доройтож, ядуурлын түвшин рүү хэзээ ч гулсаж орох эрсдэлтэй давхарга. Нийт баялгийн 90%-ийг хүн амын 1% (нэг хувь шүү!) эзэмшиж байгаа үед манай дундаж давхарга дээшээ дөхнө гэхээсээ илүү доошоо уруудах магадлал өндөр.
Ийм ядуурсан иргэд маань халаалт болон бусад хэрэглээндээ цахилгаан хэрэглэж, нүүрс модны хэрэглээнээс татгалзах болбол эдийн засгийн дэмжлэг туслалцаа авахгүй бол чадахгүй. Улмаар утаанаас салах төлөвлөгөө хэрэгжихэд хүндрэл учирна. Тийм учраас халаалтын төхөөрөмж авах, утас шугамыг нь сольж шинэчлэх, бусад шаардлагатай тоноглол зэрэгт нь хөнгөлөлттэй төлбөр оноох, эсвэл үнэгүй хийж өгөх ч шаардлага гарах нь ойлгомжтой байна. Мэдээж яг хотод амьдардаг ядуу иргэд гэвэл дээрх тооноос бага тоо гарна. Ер нь тооцоо судалгаа, бэлтгэл ажил их орно. Гэвч сэтгэл байвал болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй.
Харамсалтай нь одоогийн эрх баригчид, засгийн газарт санаачлага, сэтгэл дутаж байна. Энэ нь нөгөө л улиг болсон юмаа ярьж байгаагаар нотлогдож байна. Нэгэнт л гэр хорооллуудыг ойрын хугацаанд байшин хороолол болгож чадахгүйгээс хойш нүүрс, мод түлж дулаацдаг, хоол ундаа хийдэг явдлыг зогсоож байж утаанаасаа сална. Бүрмөсөн хориглох хэрэгтэй! Үүнийг эсэргүүцэгчид гарах л байх, хүний эрх энээ тэрээ гэж донгосоод л хашгираад унана. Гэвч энэ бол нийгмийн болон нийтийн эрх ашиг, эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал учраас хувь хүнийхээ эрх ашгийг хойш нь тавих л ёстой. Ядаж хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, эхийн гэдсэнд бойжих ургуудын эрүүл бойжилтын тухай бодмоор байна. Цаашлаад утаанаас болж өвчилж байгаа хүмүүсээ бодох хэрэгтэй. Бэртэгчин царайлаад амин хувиа боддогоо больцгоож эрс арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа шүү. Энэ жил амны маск, агаар цэвэрлэгч энэ тэрхэнээр аргалж өнгөрөөгөөд ирэх жилээс дулаарахтай зэрэгцээд их ажлаа эхэлмээр байна. Энэ ажлыг хариуцаж ажиллах эрх бүхий бүтцийг зохих эрх ямбатангууд, тооцоо судалгаа хийж,гүйцэтгэх мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлж байгуулах хэрэгтэй болно. Хүсвэл Ерөнхий сайд өөрөө толгойлоод ажиллавал бүр л сайн.
Comments
Post a Comment