Bitcoin авахгүй биз?

Биткойны бэлэгдэл
Биткойн (Bitcoin) гэдэг нь 2009 онд анх зохиогдсон, гарт баригдаж нүдэнд үл үзэгдэх цахим төлбөрийн хэрэгсэл (мөнгөн тэмдэгт шиг) юм. Дэлгэрэнгүй мэдээллийг  эндээс  авч болох учраас давтаж нуршихгүй. Англи (энд дар ) болон бусад хэл дээр өөр олон эх сурвалж буй тул нэмэлт мэдээллийг Интернэт ухаад олоод үзчих боломжтой. Ер нь бол буцах эзэн буух хаяггүй учраас биткойныг мөнгө угаах, хууль бус мансууруулах бодисны наймаанд төлбөр болгож хэрэглэж иржээ. Биткойн анхных нь болохоос биш үүнээс өөр нэртэй олон цахим мөнгөнүүд бий болсон.

Өнөөдөр 1 биткойн дунджаар 13501 ам.доллартай тэнцэх үнэлгээтэй болжээ. Сүүлийн үед ханш нь огцом өсөж байгаа. 2011 онд  1 доллар ч хүрэхгүй байсан биткойн 2015 онд 200 доллар байсан.
Өнөөдөр 13 сая хэрэглэгчтэй болсон гэдэг  судалгаа байна. Өмнөд Солонгосын иргэд ихээр сонирхож, худалдаж авдаг болсон гэнэ. Японд мөн тусгай хууль гаргаж биткойны арилжааг хуульчилсаны дараа жижиг компаниуд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. АНУ-д жишээ нь, ихэнх жижиг хөрөнгө оруулагчдад  Сан Франциско хотод байрлах Койнбэйз (Coinbase) гэдэг компани брокерийн үйлчилгээ үзүүлж байна.

Биткойны ханшны огцом  хэлбэлзэлт олон удаа гарч байжээ. 2011 онд 30 доллар хүрч байснаа оны сүүлээр 2 доллар хүртлээ буужээ. 2013 оны 5 сард 250 доллар хүрсэн биткойны ханш 80%-иар унажээ (50 доллар болсон). Мөн оныхоо сүүлчээр үнэ нь 1000 доллар давж явсанаа бас дахин 80%-иар унасан байна (200 доллар болтлоо буурсан гэсэн үг). Өнөөдрийн энэ огцом өсөлт бас л дээр өгүүлсэн хөөсрөлт шиг юм болж байна гэж бичиж байна. Ямар ч хатуу эдлэлээр (алт, мөнгө) болон ямар нэгэн байгууллага (банк, засгийн газар), бүтцээр баталгаажаагүй байж ингэж ханш нь өснө гэдэг нь сонирхогч этгээд олширсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр (сонин хэвлэл, ТВ гэх мэт) биткойны  сурталчилгаа идэвхтэй явж хүмүүсийн хорхойг хүргэсэнтэй холбож байна.
Сүүлийн үед ханш огцом өссөнтэй холбоотой биткойны үйлчилгээ үзүүлдэг Койнбейз компаны апп ачааллаа даахгүй гацсан тухай theoutline.com дээр Адриан Жефри бичжээ. Тэрээр, Биткойн найдвартай гэдэг нь худлаа боллоо гэсэн утгатай өгүүлэл нийтлүүлсэн байна.

Койнбейз компаны апп дээрх Биткойны худалдаа түр гацлаа гэсэн мэдээ
Биткойн худалдаж авах, зарах бизнес ихээхэн эрсдэлтэй байж болох тухай дээрх жишээнээс харж болно. Хэдхэн өдрийн дотор 80% ханш нь унаж байсан нь ямар тогтворгүй, баталгаагүй гэдгийг нотолж байна. Өнөөдрийн энэ хөөсрөлт хэзээ хагарахыг бүү мэд. Унасаныхаа дараа дахиж сэхэх эсэхийг ч таашгүй.
Биткойнд хөрөнгө оруулагч худалдаж авсан биткойноо алдахгүй гэх баталгаа байхгүй. Биткойноо бирж дээр үлдээвэл хакерууд хулгайлах аюул бий. 2014 онд Mt.Gox хэмээх биткойны тухайн үед хамгийн том сүлжээнд хакерууд нэвтэрч олон сая долларын үнэлгээтэй биткойныг хулгайлсаны дараа уг сүлжээ дампуурч байжээ. Өөртөө хадгалж болох боловч бас л эрсдэлтэй. Хард диск чинь ажилгүй болбол, нууц үгээ мартчихвал, вирустэй тусгай программ компютерт тань суулгачихвал биткойноо үүрд алдана гэсэн үг.

Биткойны гүйлгээ эрчим хүч их зарцуулдаг гэдэг. Нэг гүйлгээ хийхэд 271 квц  хэрэглэдэг гэсэн тоо байна. Гэвч ирээдүйд шинээр үүсгэх блок бүрд өгөх шагналын (биткойноор) хэмжээ багасаад явах учраас сүлжээнд орох олборлогчид цөөрөх хэмжээгээр  хэрэглээ багасаж эрчим хүчний зарцуулалт буурах юм. Энэ програм нь өөрөө ийм зохицуулалт хийсэн учраас ирээдүйд хэрэглэгч (олборлогч) шагналын араас хөөцөлдөж ангуучлах нь цөөрнө.  Тиймээс энэ нь санаа зовоох асуудал биш, харин мөнгөө энэ эрсдэлтэй бизнест оруулаад алдах л санаа зовоох асуудал байх учиртай. Хэрэв тийм илүүдээ гарсан мөнгө байхгүй бол ийм юманд хөрөнгө оруулахаас татгалзах хэрэгтэй.

Ч.Ганхуяг
"Талх"  хочит  Ч.Ганхуяг гэгч (бас салаавч Ганаа ч гэж "өхөөрддөг") сүүлийн үед биткойны тухай их рекламдаж байгаа бололтой. Бодвол мөнгөтэй бөгөөд мөнгөө хурдан өсгөөд авах гэсэн цээж өвчтэй баячуудын цөсийг хөөргөж байгаад энэ бизнест оруулж, үйлчилгээний хөлс авсан шигээ брокер болж тоглоё гэсэн санаа юмдаг уу даа.  Биткойны талаар иргэдийн буруу ойлголтыг залруулна ч гэх шиг юм яриад явж байна. Иргэд маань буруу ойлгоод байгаа юм биш ээ, тэд мэдэхгүй байна. Мэдэхгүй байгаа юмыг нь өөгүй  сайхан гэж магтаж  мунхруулах хэрэггүй л дээ. Ёс зүйгүй явдал болно.

Тэрээр хэлэхдээ, Швейцарийн санхүүгийн салбарт биткойныг хүлээн зөвшөөрсөн гэжээ. Энэ бас л дэгсдүүлсэн байна. Энд тэнд бага зэрэг туршиж нэвтрүүлж байгаа болохоос айхтар хэвшил болсон юм алга. Швейцарийн  Киассо (Chiasso) хотын захиргаа биткойныг татварын төлбөрт авч болох тухай шийдвэр гаргаад ирэх оноос мөрдөж эхлэнэ гэсэн байна. Гэхдээ биткойноор хийх төлбөр нь 265 ам.доллараас давж болохгүй гэсэн хязгаарлалт хийжээ.
Мөн тус улсын Цүүг (Zug) хотын захиргаа өөрийн нийтийн тээвэр болон бусад үйлчилгээний төлбөрт 200 Франкаас хэтрэхгүй хэмжээнд биткойноор тооцоо хийж болох тухай 2016 онд шийдвэрлэж байжээ. Тэр оныхоо сүүлээр үр дүнг нь харж байгаад цааш нь хэрхэх тухайгаа шийднэ гэжээ. Тэгээд оны сүүлээр 12-р сард дахин хэлэлцээд, хэдийгээр арав гаруйхан хүн биткойноор төлбөрөө хийсэн боловч цаашид үргэжлүүлэхээр болсон байна.
Ийнхүү Швейцарийн 2 хотын хувьд бага хэмжээгээр төлбөрт хэрэглэж эхэлж байна. Биткойны жинхэнэ мөнгөн тэмдэгттэй (жиш.ам доллартай) харьцах ханш гэнэт огцом хэлбэлзвэл дээрх төлбөр хийгч болон хүлээн авагчид яаж нөлөөлөх бол?

АНУ-ын Нью Хэмпшир мужийн хууль тогтоогчид биткойныг мөн татварын төлбөрт тооцож авах тухай хуулийг хэлэлцээд зөвшөөрөөгүй юм байна. 2016 онд. Өнөө л биткойны зах зээлийн ханшны тогтворгүй огцом хэлбэлзэл гол шалтгаан болсон аж.
Цөөн хэдэн сургууль биткойноор сургалтын төлбөрөө хийж болохыг зөвшөөрч шаардлагатай бэлтгэл хангаад ажиллаж байгаа мэдээ байна. Үүнд, Швейцарийн Люцерн хотын мэргэжлийн их сургууль, АНУ-ын Нью Иорк хотын Кинг коллеж, Кипр илсын Никозиа их сургууль, Их Британий Камбриа их сургууль орж байна. Дээрх сургуулиуд өөрсдөө биткойныг жинхэнэ мөнгөн тэмдэгт рүү солих зэрэг ажлыг өөрсдөө хийхгүй харин гэрээлсэн ямар нэгэн компаниар хийлгэнэ. Биткойны ханшны хэлбэлзлээс үүсэх эрсдэл, алдагдлыг мөнөөх компани даана гэж байгаа.

Мэдээж хүн өөрийнхөө мөнгөөр юугаа хийх нь тэр хүний асуудал. Гэхдээ ямар хүн мөнгөө алдах гэж хөрөнгө оруулалт хийх бил ээ дээ.  Асуудал үүнд л байгаа юм. Биткойны ханш ямар ч баталгаагүй, огцом өөрчлөгдөж хэлбэлзэж  байдаг учраас маш эрсдэлтэй бизнес шүү гэдгийг л анхаарах хэрэгтэй. Өнөөдөр 13 мянга гараад явчихсан ханш маргааш яаж ч мэднэ. Биткойны ханшны энэ огцом өсөлтийг санхүү зах зээлийн  мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарлаж байна. Биткойны зах зээлийн луйвар гэж хэлэх нь ч байна. Эрэлтийг зохиомлоор ихэсгэж байгаатай холбоотой гэж байна. Биткойн яваандаа 1 сая доллартай тэнцэнэ гээд итгэчихсэн хүмүүс биткойноо зарахгүй хав дараад хэвтчихсэн юмдаг уу даа.
Ер нь хэн дуртай нь өнөөдөр ийм өндөр ханштай байгаа биткойныг худалдаж авч чадахгүй нь ойлгомжтой. Тэгвэл  ийм өндөр ханштай биткойныг хэн худалдаж авч чадах вэ? Монголын хөрөнгөтэй баячууд л авах байх.  Ядуучууд буюу өнөө маргаашаа гэж байгаа иргэд маань юуны чинь биткойн авахтай манатай л байгаа. Хамгийн бага нэгж болох Сатоши  (1 биткойн = 100 сая Сатоши) авч болно гэж үү? Талхныхаа мөнгөөр авах уу тэгээд? Тийм ч учраас "талх"  Ганхуягийн "реклам"  манай шударга болон шударга бусаар  хөрөнгөжсөн нударган баячуудад зориулсан юм уу гэж ойлгож байна.
Гэвч анхааруулаад хэлчихэд илүүдэхгүй. Гэнэт баяжих гэж байж баахан мөнгөө тавиад туучих вий, баячууд минээ! Тэрэнд орвол буяны үйлсэд зориулаад зарцуулчихвал ядуус баярлана.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол