Дэлхийд гарчихаад Алтан бөмбөг яриасай

Монголын шилдэг хөлбөмбөгчид тодорлоо гэнээ. Алтан бөмбөг-ийн эзэд болсон гэнэ. Монголдоо л шилдэг юм даа. Үнэнийг хэлэхэд манайхны тоглож байгаа царай бол хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг гэж хэлмээр.  Хоорондоо тоглож байгаа нь Дэнжийн мянгын хүүхдүүд хашааныхаа гадаа тоглож байгаа аятай. Гадаадад болж байгаа тэмцээнд тоглож байгааг нь харвал хөлдөө дөнгө зүүлгэсэн аятай хөдөлж ядсан, ямар ч хурд байхгүй, техник уран тоглолт байхгүй, комбинац байхгүй, зүгээр л гудамжны хөл бөмбөг үзүүлж байна. Өмнөх дасгалжуулагч нь онцмуу ажиллаж байсны нотолгоо. Тамирчид нь биеэ дайчлахгүй оромдож, хэлбэрдэж байсны баталгаа. Мэдээж сонирхогчид бол мэргэжлийн тамирчдаас дутуу зүйл багагүй бий. Гэхдээ өөрсдөө хичээвэл олон дутуу талаа нөхөж болно. Үүнийг өөрийн биеэр үзэж гэрч нь болж байсны хувьд мэдэж байна.

Ханс Михаел Вайсс (зүүн гар талд)
Миний мөрөөдөж байсанчлан гадаадаас тэр тусмаа Германаас дасгалжуулагч урьж авчраад ажиллуулж эхлээд удаагүй байгаа. Герман хөлбөмбөг бол тактик, сахилга бат, зохион байгуулалт, комбинац сайтай гэдгээрээ алдартай бөгөөд түүнийхээ хүчинд ч дэлхийн шилдэг баг болсон.  Хувийн тоглолт, уран тоглолт, техник муутай боловч энэ муу талаа сахилга бат, сайн тактикаар нөхчихдөг. Стандарт цохилтууд, холын цохилтууд маш сайтай. Тамирчид нь маш их биеийн хүчний бэлтгэл хийж зогсолтгүй 90 минут гүйхэд эцэж цуцахгүй тэсвэртэй байж чаддаг. Илүү хүчний хөлбөмбөг тоглодог стилтэй байсан бол одоо их өөрчлөгдсөн байна.

Ханс Михаел Вайс хэмээх Герман дасгалжуулагч маань өмнө нь Филиппиний шигшээ багийн дасгалжуулагчаар, Хятадын олимпийн багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Тэрээр мөн Бурунди, Япон, Румын улсуудад ажиллаж байсан гэнэ. УЕФА-Про гэдэг өндөр зэрэглэлийн дасгалжуулагчийн лиценз эзэмшдэг нэгэн аж. 

Бид эхлээд хөлбөмбөг яаж тоглодог вэ гэдгийг заалгах хэрэгтэй.  Герман дасгалжуулагчаас эхлээд яаж комбинац хийдэг болон хэрхэн  сахилга баттай тоглож сурах нь чухал. Дараа нь хувийн болон уран гоё техниктэй болоход амархан.
Герман дасгалжуулагч ажлаа аваад удаагүй болохоор одоогоор дүн тавих эрт байж магадгүй.
Манай тоглогчид өөрсдөө хичээхгүй бол ямар ч сайн дасгалжуулагч байгаад нэмэргүй. Мэргэжлийн тамирчин болж байж дэлхийд амжилт гаргана. Хэрвээ Монголын хөлбөмбөгийг дэлхийн түвшинд гаргая гэвэл тамирчид маань цалинтай, мэргэжлийн болох шаардлагатай. Мэдээж үүний тулд ивээн тэтгэгч хэрэгтэй болно. Товчхондоо гадны улс орнуудад хөлбөмбөг яаж хөгжсөн тэр замаар л явах ёстой. Эс тэгвэл хөлбөмбөг сонирхогч маягаар яваад нэмэргүй. Өөр ажил хийгээд, хажуугаар нь бөмбөг өшиглөж амжилт гаргана гэж байдаггүй юм л даа. Бие сэтгэл, цаг зав, амьдралаа бүрэн зориулж байж л мэргэшиж, улмаар жинхэнэ амжилт гаргаж чадна.

Герман дасгалжуулагч маань эхлээд яаж бөмбөг тоглодгийг онолын талаас нь , зохион байгуулалт талаас заагаад өгчихвөл их сайн. Суурь нь тавигдлаа гэсэн үг. Хөлбөмбөг тоглоно гэдэг маань ширэн бөмбөгний араас бүгдээрээ элдэж хөөх гэсэн үг биш шүү дээ. Стандарт цохилт, холын хүчтэй цохилтыг яаж хийдгийг заалгаж авах хэрэгтэй. Хөлбөмбөг тоглох зохион байгуулалт, суурь онолыг сайн заалгаад сурчихсаны дараа бусад зүйлийг нь хэвшүүлж сурахад амар болно. Тамирчны биеийн хүчний бэлтгэл маш сайн байх ёстой. 90 минутын турш зогсолтгүй гүйгээд бахардаж  унахгүйгээр бэлтгэлээ хийсэн байх хэрэгтэй. Хурд маш сайн байх нь чухал. 100 метрийн зайнд муугүй гүйдэг байх. Азийн бусад орны багтай тоглож байгааг харвал манай тамирчид хурдаараа гүйцэхгүй байна.

Бөмбөгтэй харьцах, залж гүйх, дамжуулалт хийх, дамжуулалт (бөмбөг) цэвэрхэн хүлээж авах чадвар, хэрэгтэй хүндээ зөв цаг хугацаанд нь хэрэгтэй байрлалд нь бөмбөгийг оновчтой  дамжуулж чаддаг байх зэрэг олон чадварыг эзэмших шаардлагатай. Бөмбөгөөр жонглёр тоглох бол хангалттай ур чадвар биш. Энэ бол циркчний үзүүлбэрээс хэтрэхгүй зүйл.
Толгойгоор тоглож сурах нь бас их чухал. Толгойгоор мөргөж гоол хийх боломж их гардаг учраас ашиглаж чаддаг байх нь чухал. Манай тамирчид, бусад Азийн багийнхны адил биеийн чац сайтай биш учраас өндөр тамирчидтай өрсөлдөхөд хүндхэн байх болов уу. Гэхдээ зөв байрлалд нь, зөв цаг хугацаанд нь отож байгаад мөргөвөл гоол хийж бололгүй яахав. Өндрийнхөө дутуу байдлыг хурд, тэвчээр, бэлтгэлээрээ нөхнө, өөр аргагүй. Орчин үед гадны тамирчид хувийн уран тоглолт сайтай болсон байна. Техник муутай Германууд хүртэл айхтар уран тоглодог болсон байна лээ.  Энэ бол тэдний хувьд дэвшил. Тэд одоо техник ,уран тоглолт сайтай Өмнөд Америкийн болон Африкийн багуудтай айж эмээхгүй эн тэнцүү тоглох чадвартай болсон байна. Бидний хувьд уран, хувийн тоглолт гэхээсээ илүү багаараа тоглоод сурчих хэрэгтэй. Бусад нь дараа нь болно.

Герман дасгалжуулагч ганцхан  жилийн гэрээ байгуулсан юм байна, гэхдээ лав 4 жил ноцолдож  байж суурийг нь тавих болов уу. Ганц хоёр жил ажиллуулаад нэмэргүй л дээ. Тоглогчидоо сонгож шалгаруулж аваад л цаг нар харгалзахгүй бэлтгэл сургуулилт хийж байж дэлхийд гарна шүү дээ. Тамирчид үүнийг ойлгох хэрэгтэй. Ажил амьдралаа зориулах ёстой.
Дэлхийд гарахын тулд Азид эхлээд ноёлох  хэрэгтэй. Ази тивдээ шилдэг нь гэгдэх Япон, Өмнөд Солонгос, Хятад мэтийн орнуудыг давж гарсаны дараа дэлхийд зодоглоно шүү дээ. Дэлхийн аваргын  тэмцээнд  тивээсээ шалгарч оролцдог болсон цагт Монголын хөлбөмбөг дэлхийд гарлаа гэж хэлж болно. Тэр цаг удахгүй ирэх эсэх нь дасгалжуулагчийн чадвар, тамирчдын зүтгэл, төр засгийн дэмжлэгээс хамаарна. Дор дороо хичээвэл болохгүй юм үгүй.
2022 он хавьцаа бид юм дуулах байгаа гэж найдаж байна шүү. Урагшаа!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө