М.Энхболдын мөрийн хөтөлбөрөөс

М.Энхболд
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын цусны хольц, найрлага ямар байх нь яг үнэндээ чухал биш л дээ. Соёлын гавъяат зүтгэлтэн Го.Бадарч гээд Монголд жигтэйхэн элэгтэй хятадын эрлийз байж л байна.  Энхболдын ээж хятад байна уу, хятадын эрлийз байна уу гэдгийг магадлахаас өмнө энэ нэр дэвшигч маань Ерөнхийлөгч болох шаардлага болзол хангасан хүн үү гэдгийг бүгдээрээ сонжицгооё.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай М.Энхболдыг  Ерөнхийлөгчөөр сонгохгүй байх 3 шалтгааныг дурдсан байна.

1. Хотын захирагч олон жил хийхдээ нийслэлийн аль олигтой газрыг тодорхой тооны компаниудад зарсан байдаг.   Энэ тухай эдийн засагч, Де факто-гийн  Жаргалсайхан бас ярьж байгаа. Эм-Си-Эс компаны Ж.Оджаргал, Мон-Уран компаны Б.Наранхүү (УИХ-ын гишүүн байсан) , Петровис компаны Ж.Оюунгэрэл нарын хүмүүс  газар авч байжээ.
Хүүхдийн паркийн газраас зарсанд Бямбасүрэн гуай их дургүйцэж байгаа. Голомтын Баясгалан гэдэг  нөхөр Хүүхдийн паркийн газраас авсан. Тэр газраасаа бас Оджаргалд өгсөн гэж байгаа. Ингээд  л хуваагаад авцгаасан. Мон-Ураны Наранхүү ч бас тэндээс газар авсан.  Энэ бол Энхболдын хийсэн гай!  Өнөөдөр нэг жижигхэн газар хэдэн тоглоомтой үлдсэн.

2. Төрийн албыг үнэлж наймааны эд бараа мэт болгосон нь  Монгол төрийг хүчгүйдүүлж, үнэ цэнэгүй болгосон явдал
Саяхан ил болсон 90 минутын бичлэг дээр бүгд тодорхой байгаа. М.Энхболд өөрөө энэ бичлэг дээрх яриаг эвлүүлэг гээд иймэрхүү яриа уулзалтанд би оролцож байгаагүй гэсэн. Гэвч уг бичлэг дээр байгаа хүмүүсийн яриаг дуурайлгаж ярьж чадах  суут авъяастан Монголд одоогоор илрээгүй бөгөөд 3 хүний тодорхой сэдвээр тус тусдаа ярьсан   яриаг цуглуулж бүтэн цаг хагасын бичлэг болгож эвлүүлнэ гэдэг бол боломжгүй зүйл.   Гэвч МАН-ынханд гүрийхээс өөр зам үлдээгүй. Хууль хяналтынхан ямар шийдвэр гаргаж арга хэмжээ авах нь сонин байна.

3. Сая М.Энхболдын толгойлсон УИХ гаргасан шийдвэрээ гадны компаны шахалтаар буцаасан шившигтэй явдал боллоо.
Товчхондоо, Оюутолгой мэтийн гадны хөрөнгө оруулалттай компаны санхүүгийн гүйлгээг Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулж байх шийдвэр гаргаад сар ч болоогүй цуцалжээ. Оюутолгой компани (Rio Tinto) Олон Улсын Валютын Санд (ОУВС) гомдол гаргаж л дээ. Ингээд ОУВС-аас зээл авах гэж байсан МАН зээлээ бүтэхгүй болох вий хэмээн сандарч гаргасан шийдвэрээ буцаасан нь энэ. Ингээд Монголчууд гадны  компаниудад хэдэн төгрөг орж гарч байгааг хянах боломжгүй хэвээрээ  үлдлээ. Гадны компаний шахалтаар шийдвэрээ өөрчилж байгааг шившиг гэхээс өөр юу гэх вэ?

Нэр дэвшигч М.Энхболдын мөрийн хөтөлбөрийг тэгвэл авч үзье.  Ерөнхийдөө мань эрийн хөтөлбөр уриа лоозон , сүржин үг, цэцэрхэл маягийн тоочвор болжээ.  Тэр бүхнийг орхиод хэд гурван зүйл дээр тогтож яръя.

1. ОФФШОР БҮСЭЭР БУС МОНГОЛООР

"Санхүүгийн тогтолцоог эрүүл өрсөлдөх чадвартай болгож, гадаад, дотоодын хөрөнгө санхүү Монгол Улсаар дамжих үйлчилгээг бодлогоор дэмжинэ."

Энэ зорилт нь дээр өгүүлсэн  шившигтэй үйлдэлтэй нийцэхгүй байна.  Өөрийнх нь мөрийн хөтөлбөр дээр байгаа энэ амлалт өөрийнх нь даргалсан УИХ-ын  эргэж буцсан үйлдэлтэй зөрчилдөж байна. Нам нь буюу намынх нь УИХ дахь гишүүд ингэж хамелеон шиг аашилж шившгээ тарьж байхад дарга нь энүүхэн хооронд худлаа амлаад яаж байгаа юм бол? Тэнэг сонгогчид юугаа мэддэг юм гэж басамжилж байгаа юм болов уу?

2.  ХОСОЛМОЛ ХӨДӨЛГҮҮРТЭЙ АВТОМАШИН

"Байгальд ээлтэй, эдэлгээний зардал зарцуулалт багатай хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг бодлогоор дэмжиж ажиллах санаачилга гаргана."

Хос хөдөлгүүртэй машины хэрэглээг дэмжих биш түр зуурын зорилгодоо ашиглаж татварын аргаар мөнгө олох хэрэгсэл болгосон явдал саяхан Приус машины  татварыг нэмсэн үйлдэл дээр харагдлаа. Иргэдийн эсэргүүцэл шахалтанд автаж арга буюу татварыг нь буцаан олгох хуулийн төсөл санаачилж элэг авлаа. Нэг шийдвэр гаргаад л удалгүй түүнийгээ үгүйсгэж буцаасан шийдвэр гаргадаг нь аргагүй л "мэргэжлийн" Засгийн газар гэдгийг нотлоод байх шиг. 7 сарын 1 хүртэл Приусын татварыг нь тэглэсэн гэнэ. Түүнээс хойш 50 %-ийн татвар оноож байгаа юм байхаа.
Одоо М.Энхболд хос хөдөлгүүртнийг дэмжинэ гэдэг нь приус машинтангуудад таалагдах гэсэн оролдлогоос хэтрэхгүй аргаа барсан үйлдэл гэж  ойлгогдож байна.

3.    ШҮҮХ ШҮҮНЭ. УЛС ТӨР, УЛС ТӨРЧ ОРОЛЦОХГҮЙ

"Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана. Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно."

Энэ бол хоосон тунхаглал гэдгийг тэд өөрсдөө засаг барьж байх үедээ бумантаа нотолсон. Хамгийн ойрын жишээ бол 2008 оны сонгуулийн дараа гарсан үймээнд оролцогчдыг улс төрийн зорилгоор залхааж цээрлүүлсэн явдал юм. Таван сайхан залууг буудаж алаад зогсоогүй, олон зуугаар нь хоморголон барин хорьж, шүүхээр оруулан бөөнөөр нь ялласаныг мартаагүй. Иргэдээ яаж айдас хүйдэст авахуулж, дарамталж  байсныг санаж байгаа биз? Цагдаагийн суманд өртөж тахир дутуу болж эрхтэнээрээ хохирсон олон хүмүүс байдаг. Шүүх яаж эрх баригчдын (С.Баярын Засгийн газар)  үгээр олон хүнийг бөөндөж яллаж байсан билээ? МАН хууль сахиулах, шүүх  ажиллагааг улс төрөөс ангид байлгана гэдэг бол худлаа үг.

4. АВЛИГАТАЙ ХОЛБОГДСОН БОЛ АХИАД ТӨРД ИРЭХГҮЙ

"Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Авлига бол манай нийгмийн хорт хавдар. Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй хэмээн хатуу тэмцэнэ."

Энд МАН-ын нэр дэвшигч маань шууд  улсын яллагч, шүүгчийн дүрд тоглосон байна.  Төрд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасна гэжээ. Ерөнхийлөгчийн  хууль санаачлах эрх нь хэвээрээ байгаа нөхцөлд ийм ялтай хууль санаачилж болох нь мэдээж. Харин мөрийнхөө хөтөлбөрт тийм заалттай хууль санаачлана гэхийн оронд ийм ял өгнө гэж шууд хэлж байгаа нь эгээ л шүүгч шиг аашилж байгаа мэт харагдаж байна. Таалагдах гэж л ийм сүржин үг өгүүлбэр оруулсан байх даа зайлуул.

За нэг иймэрхүү хөтөлбөртэй хүн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоод Трамп гэдэг сонин халимагтай, герман ба шотландын эрлийз нэгэн бизнесмэн ялсан билээ. Гадны цагаачдад дургүй болж байгаа иргэдийнхээ сэтгэл дээр тоглолт хийж ялсан гэхэд болно. Хөдөөний цагаан арьстнууд их дэмжсэн дээ.  Трампын багийнхан сонгуулиас өмнө болон сонгуулийн үеэр Оросуудтай харьцаатай байсан ба Оросын хакерууд АНУ-ын төрийн болон төрийн бус олон байгууллагуудын  болон  Ардчилсан намын сайтуудад нэвтэрч АН-аас нэр дэвшигчийн эсрэг ажиллаж байсан тухай одоо ид шуугиж бөөн хэл ам болж байна.
Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нь, Холбооны мөрдөх товчооны дарга нь тус тус ажлаа өглөө. Ерөнхийлөгч өөрөө хүнд байдалд орж байх шиг байна. Гэвч тэрээр дээрх хүмүүсийн өгсөн мэдүүлэг худлаа гээд л гүрийгээд байгаа.  (Оросууд Трампын өрсөлдөгч асан Хиллари Клинтонд дургүй учраас Трампыг гаргах сонирхолтой байсан хэрэг)

МАН-ын дарга М.Энхболд 90 минутын бичлэгээ үгүйсгээд л гүрийгээд байгаа. Гэвч хэрвээ шүүх, хууль хяналтын байгууллага нь өргөсөн тангарагтаа үнэнч байгаад, уг бичлэгтэй холбоотой хэргийг үнэн зөвөөр нь шалгаж нягталж чадвал Энхболд, Сандуй, Ганбаатар нарын этгээдүүд ял сонсох ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдвал 12-20 жилийн хорих ялтай юм билээ, одоо мөрдөж байгаа хуулиар. Сая 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН төрийн эрхийг хууль бусаар авсан байх магадлал байна. Бичлэг дээр гарч байгаачлан  төрийн албан тушаалуудыг (ахлах мэргэжилтнээс дээшээгээ  сайд хүртэл) тус бүрд нь мөнгөөр үнэлж ханш тогтоогоод өөрсдийнхөө хүмүүсийг байршуулаад  мөнгө босгосон бол, саналын хар машиныг хакердсан бол, гадны технологийн компани хөлсөлж иргэдийн соушил медиад нөлөөлөхөөр төлөвлөсөн бол, гадны сонирхогч этгээдтэй орд газраа амалж мөнгө авахаар үгсэж байгаа бол  энэ хүмүүс ямар ч байсан нэг юм дуулна.

Харин өөрийнх нь амлаж байгаагаас эсрэгээр, шүүх хуулийнхан улс төрөөс ангид байж чадахгүй, эрх баригчдад үйлчилж тэдний талд ашигтайгаар шийдвэл мэдээж энэ хүмүүс, цаашлаад энэ нам ямар ч ял зэм хүлээхгүйгээр барахгүй хүссэн болгоноо хийж, сарвайсан болгоноо авах нь ойлгомжтой. Тэр цагт ард түмэн гудамжинд гарч хувьсгал хийхээс өөр гарцгүй  үлдэнэ. Нэгэнт өөрийнх нь сайхан амлаж байгаагаас шал эсрэгээрээ бүх юм болох юм бол иргэдэд өөр сонголт  байхгүй. Уг нь ийм өндөр үнээр, магадгүй  хувь хүмүүс, улс орны хувьд ч гарз хохиролтой замаар ёс журманд нь оруулж байхын оронд одоо дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх хэрэгтэй байгаа юм. Гэвч нэг нөхрийн бичсэнээр Монгол бол унтаж байгаа гүнж юм бол хэн, хэзээ. яаж сэрээх вэ?  Ингэж их унтаад ч уг нь дэмий л байгаа юм. Унтаж унтаж  сэрээд харахад чинь гэр орон чинь ундуй сундуй болсон байх вий.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө