Хүүхдэд ээлгүй хүн

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, тус намын дарга М.Энхболдыг  хүүхдэд ээлгүй гэж хэлэх ямар үндэслэл байна?
Хоёр том шалтгаан байна.

Дарга М.Энхболд
1. Хотын дарга байхдаа Хүүхдийн Паркийн газраас тасчиж, хэд хэдэн компанид олгосон байдаг. Газар олгосон баримтны доор хэсэгт мань эрийн гарын үсэг байгаа. Голомтын Баясгалан, Мон-Ураны Наранхүү, MCS-ийн Оджаргал гээд нэрс дуулдана. Буцаагаад өгчихөөч гэхээр бие биентэйгээ барьцаад хөдөлдөггүй  гэж байгаа. Ухаандаа  тэр нөхөр газраа буцааж өгвөл би ч бас өгөхөд бэлэн байна гэж хоорондоо түлхэлцэнэ.
За энэ бол хотын дарга байсан М.Энхболдын тарьсан балаг. Тэр нөхөр Хүүхдүүдийн очиж  тоглох дуртай газар гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан боловч шунал нь суга руу гижигдээд зарчихсан хэрэг. Хүүхдүүдийн эрх ашиг, сонирхол бол тэр хүнд юу ч биш байжээ. Өнөөдөр Хүүхдийн паркийн газар хамаагүй багасаж, тоглох тоглоом нэмж суурилуулах талбайгүй , багахан газар шахцалдаж бужигнасан зураг харагдаж байна. Хуучин хичнээн сайхан том талбайтай, цэцэрлэгжүүлсэн цэлгэр газар байлаа?

Манлай уяач М.Энхболд
2. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо (ММСУХ) гэж нэг байгууллага байх. Энэ холбооны Ерөнхийлөгчөөр М.Энхболд 2010 оноос 2016 он хүртэл 6 жил ажиллажээ.  М.Энхболд өөрөө Манлай уяач цолтой. ММСУХ нь  улсын хэмжээний төрөлжсөн олон нийтийн  байгууллагын хувьд улсын хэмжээнд  болох том уралдаануудыг зохих зөвшөөрлийн дагуу зохион байгуулдаг.
Хурдан морины уралдаан бол мэдээж Монголчуудын үндэсний уламжлал, соёлын өв. Гэхдээ балчир хүүхдээр  хурдан морь унуулж уралдуулж байсан түүх нь хэзээнээс байв  гэдэг асуулт байна.
Хүүхдээр хурдан морь унуулдаг зуршил 1709 оноос эхэлж тогтсон гэж Википедиа -д бичжээ. Тэр үед Халх журам гэдгийг гаргаж мөрдүүлж эхэлсэн аж.  Тэгэхээр энэ үеэс гэж тооцвол 300 гаруй жил болж байгаа юм байна. 1691 онд Халхууд Манжид дагаар орсоноос хойш 18 жилийн дараа ингэж журам гарган наадаж эхэлсэн байх юм.

Хүүхдээр унуулдаг нь гол нь жин багатай учраас моринд өгөх ачаалал бага бөгөөд тэр хэмжээгээрээ морь цуцах нь бага  гэж үзсэн бололтой. Өөрөөр тайлбарлах үндэслэл харагдахгүй байна. Ер нь Монгол морь тэвчээр хат сайтай амьтан учраас алс хол аян дайнд ч түүртэлгүй явж байсан амьтан. Өртөө улаа залгуулахад цуцалтгүй давхиж алба хашиж байсан түүхтэй. Дээхэн үед шилийн сайн эрс гэж хээрээр гэр хийж хэцээр дэр хийдэг эрчүүд байсан даа. Тэд баячуудын морьдыг хулгайлж ,  мөрөө баллахын тулд аймаг хошуу дамнан зогсолтгүй хөөж давхидаг   байсан гэдэг.
Тэгэхээр Монгол морийг уралдуулахдаа  өд шиг хөнгөн жинтэй унаач тохож уралдуулах шаардлагагүй нь харагдаж байна. Харин ч ачаалал өгөхгүй уралдуулах нь  тэвчээр хатуужлыг нь  сорихгүй учраас Монгол морь яваандаа хэврэг болж мэдэх юм биш үү? Эсрэгээр ачаалалтай (насанд хүрсэн тодорхой жинтэй хүн унуулж ) уралдуулбал жинхэнэ шандас тэвчээрийг шалгах болно. Тэгээд ч хүүхдээр унуулах нь нас бие гүйцээгүй, үс яс нь бэхжээгүй байхад нь гэмтээж бэртээх, амь насыг нь эрсдэлд оруулах аюултай учраас болимоор байгаа юм.

 Хүүхэд бол Монгол улсын үнэт капитал учраас бид хайрлах ёстой. Эрүүл саруул, зөв бүрэн хөгжилтэй, бие махбодтой болгож өсгөх нь Монгол улсын ашиг сонирхол, эрх ашиг юм.  

Одоо цаг өөр болжээ. Хэдийгээр 300 жилийн түүхтэй боловч мухар сохроор уламжлал гэдэг нэрийн доор Монгол хүний, нэн ялангуяа Монгол хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй энэ зуршлыг хойшид  үргэлжлүүлмээргүй байна.  Дахиад хэлье:  Аминаас үнэтэй уламжлал гэж байх ёсгүй. Хүн төрөлхтөн хөгжихийнхөө хэрээр муу зуршлаа халж, эсвэл аюул осолгүй байдлаар өөрчилж, сайжруулж ирсэн байдаг. Монгол хүний амь нас, эрүүл мэнд бүхнээс үнэтэй л юм бол энэ зуршлыг халах цаг болсон. Уламжлал гэж донгосоод байгаа хүмүүс Монгол хүний үнэт зүйлийн эсрэг зогсож байна гэж л ойлгох хэрэгтэй. Монгол хүн эрүүл өсөж бойжих, боловсрох, амьдрахад харшилж саад болж мэдэх аливаа эрсдэл аюулыг арилгаж, тэр нөхцлийг нь хангаж өгөх нь Монгол төрийн өөрийнх нь үүрэг юм! 

Хүнээ зөв бүтэн, эрүүл хөгжүүлж байж Монгол улс хөгжинө. Ерөөсөө ганц энэ шалтгаанаар бид хүүхдэд эрсдэлтэй энэ уламжлалд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Уг нь аль эрт л халах ёстой байсан юм. Олон хүүхдийн амь эрсэдсэн, олон айл хүүхдээ алдаж, ах эгч нь өнчирсөн хойно, түүнээс олон балчир багачууд маань насаараа тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа янз бүрийн хэмжээгээр алдаж, Монгол улсдаа хүчээ өгч хөгжүүлэх биш харин эсрэгээр тусламж тэтгэлэг авдаг  хүний хараат болсон хойно ч бид цочроо авахгүй хэдэн уяачдын зугааг харж баясаж сууна. Хүүхдэд эрсдэлтэй зугааг халж, насанд хүрсэн хүнээр унуулдаг болгох тухай иргэд маань шаардаж шахах хэрэгтэй байна. Миний хүүхэд биш юм чинь гэдэг арчаагүй, бэртэгчин зангаа халах цаг болжээ.

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нөхрийн толгойд лав ийм бодол орж байгаагүй гэдэг нь илт. Хэрэв хүүхдүүдийг гэсэн сэтгэл байсан бол өдий олон жил ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нэгийг бодох л байсан байх. Унаач хүүхдүүд маань  уралдааны явцад мориноос унаж амиа алдлаа, гэмтэж бэртлээ гэх юм, яая даа байз гэж боддог байсан болов уу? Юун болиулах, харин ч хамгаалалтын хувцас нэртэй ямар ч нэмэргүй эд зүйлээр халхалж ирсэн байх. Ямар ч хувцас өмсгөөд, ямар ч малгай тавиад уг хүн нь хэврэг амьтан болохоор хурдтай адгууснаас унаж гишгүүлэхэд яаж тэсэх вэ дээ. 7 настай хүүхэд чинь мөөмнөөсөө ч гараагүй нялх амьтад шүү дээ.
Олон улсын байгууллагаас хурдан морь хүүхдээр унуулах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр  гэсэн  юм гэнэ лээ.  Тэгэхээр олон улсын элдэв гэрээ хэлэлцээрт нэгдэж л байгаа юм бол хүүхдийн энэ тэвчишгүй хөдөлмөрийг тэвчих хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр Монгол морио битгий бас, том хүн тохсон ч  хэдэн км давхиж чадахтайгаа мундаг адгуус шүү. Биеийн жин багатай, насанд хүрсэн,  сайн жоки (мэргэжлийн хурдан морь унаач) хийчихээр залуус хаа мундахав дээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө