Алдагдсан гэх төмөр замын тухай Цензургүй сурвалжлага


Шүүр унадаг шулам гэгддэг Мөнхбаясгалан  сэтгүүлч шүүрээ унаад  Өмнөговь руу нисчээ. Шидэт шүүртэй хүн сайхан юм аа. Монголын мафи бүлгийн толгойлогч,  Монгол эхнэрээ  хог дээр хаяж, их удирдагч Цэдэнбалыг дуурайж орос эхнэр авсан энэ хүн 267 км төмөр зам тавина гэж хэлээд 750 тэрбум төгрөг завшсан эсэхийг магадлахаар, хийсэн зүйлийг нь үзэж нягтлахаар явж байгаа нь энэ. Өнөөх алдартай  овоолсон шороог нь очиж үзэж л дээ.
Гайхалтай нь тэр овоолсон шороог очиж үзсэн хүн болгон л эвэртэй туулай харсан юм шиг гайхаж шагширдаг аж. Мөнхбаясгалан ч бас  гайхсан бололтой. Бичлэгийг доор тавьсан болохоор  үзэж сонирхоно биз дээ.




Баттулгыг харлуулах муулах сонирхолтой хүмүүс овоолсон шороо гэдэг нэр томъёо гаргаж ирсэн бөгөөд энэ хар пиар халдварт өвчин шиг тархсан нь үнэн. Үүнд бас Баттулгын талынхан, Ардчилсан Намынхан өөрсдөө буруутай. Хийсэн ажлаа хүнд ойлгогдохоор тайлбарлаад, биетээр бичлэгээр үзүүлээд сурталчилж чадаагүйн хар гайгаар энэ хар пиар амжилттай явж  ийм байдалд хүрсэн гэхэд болно. Нэгэнт  ингээд газар авсан муу нэрийг  дараа нь засаж залруулахад амаргүй. Дээрээс нь сөрөг хүчнийхэн нь хуулийн байгууллагыг хөдөлгөж мань эрийг шалгаад, хамтарч ажилласан хүн болгоныг баривчлаад, байцаагаад эхлэхээр чинь нийгэмд бий болсон хардлага улам л лавширч гүнзгийрнэ биз дээ. Одоо Баянхошуу руу очоод захын золбин нохойноос асуухад л "Баттулга мөнгө идсэн гав гав"  л гэнэ.

Хов живээр мэдээлэл олж авч байдаг хүмүүс Баттулгын төлөө саналаа өгч харагдаач. Шар сонин голдуу гарчигладаг, олон эх үүсвэрээс мэдээлэл авч харьцуулж дүгнэлт хийдэггүй,  чадваргүй сонгогчид маань ямар сонголт хийх нь ойлгомжтой.  МАН бол иргэддээ улс төр эдийн засаг нийгмийн  наад захын боловсрол олгоогүй, зориуд харанхуй бүдүүлэг байлгаж ирсэнийхээ  ашгийг гаргаж  өрсөлдөгч нараа намнаж ирсэн туршлагатай нам. Бас болоогүй бүр цагаандаа гарч  алс хэтийн буюу 20 жилийн төлөвлөгөө зохиож, яаж төрийн эрхийг алдалгүй барьж байх тухайгаа өнөөдөр хэлэлцэж байсан бичлэг сая ил боллоо. Ахлах мэргэжилтэнээс дээш бүх том албан тушаалуудыг тус бүрийг нь  мөнгөн дүнгээр үнэлээд зарж байна шүү дээ. Сайдын суудал 1 тэрбумын үнэтэй болжээ. Ардчилсан Нам гэж нэг унхиагүй юмнууд аль эрт л ийм тариф тогтоогоод явсан бол өдийд төр засгийн эрхийг атгачихсан сууж байхгүй юу!
Хэзээ МАН шиг нам болно доо, мэдэхгүй. Хормойгоо чирсэн хар хогнууд!

Моодонд орчихсон зарим гүтгэлгүүдийг сонирхоё:

Гүтгэлэг 1.
Баттулга баахан шороо овоолчихоод мөнгийг нь завшаад 250 сая доллар оффшор дансандаа байршуулчихсан байгаа
Няцаалт 1.
(Их гэнэн гүтгэлэг мэт боловч шар сонины хэмжээний ойлголтын түвшинтэй иргэдийг мунхруулахад хангалттай.)
- Мөнгө салбарын сайдын гараар дамждаггүй. Өөрөөр хэлбэл, сайд тэр мөнгийг банкнаас тоолж аваад, баахан шуудайтай мөнгө авч очоод ажил хийсэн компани, хүмүүст цалин төлбөр болгож өгдөггүй гэсэн үг л дээ.
Төлбөр хийх банк (Хөгжлийн банк) ажил гүйцэтгэсэн компанийн данс руу мөнгөө шилжүүлдэг. Ажил гүйцэтгэсэн компани нь Ерөнхий гүйцэтгэгч Самсунг компани (Өмнөд Солонгосын) байсан. Самсунгийн ажлыг Германы Дойче Баан (Deutsche Bahn буюу Германы Төмөр зам гэсэн утгатай нэр) компани шалгаад зөвшөөрсөн тохиолдолд Хөгжлийн банк ажлын хөлсийг Самсунгийн дансанд хийнэ. Самсунг мөнгөө авчихаад туслан гүйцэтгэгч Монголын компаниудад зохих ажлын хөлсийг нь шилжүүлнэ. Давхар хяналттай нарийн ажиллагаа явагдаж байна шүү дээ. Хийсэн ажилдаа л мөнгө авна.
Баттулга сайдын үед 5 сая долларын  санхүүжилт хийгдсэн бол Гансүх сайдын үед ихэнх ажлыг нь хийжээ.  Тэгэхээр хэн нэгэн сайд мөнгө хулгайлах боломжгүй юм. Засгаас мөнгийг нь шийдэж өгөхгүй удааж байсан учраас Монголын Төмөр зам компани зүтгүүрээ барьцаалж Хаан банкнаас зээл аваад шаардлагатай бүх бичиг баримтыг (ТЭЗҮ гэх мэт) бэлэн болгожээ. Энэ бол Баттулга сайд байхдаа 5 сая доллараар хийлгэсэн ажил аж. Баттулгын дараа салбар хариуцсан сайд нь А.Гансүх болсон бөгөөд Гансүх сайдын үед  200 гаруй сая долларын санхүүжилт  хийгджээ. Энэ санхүүжилт Хөгжлийн банкаар дамжиж хийгдсэн аж. Ажил 80  хувьтай хийгдээд санхүүжилтгүй улмаас зогссон байна.
2008-2012 онд Баттулгыг Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайд байхад яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Ж.Бат-эрдэнэ (Ардын намынх) байсан бөгөөд энэ хүн бүх баримт  дээр гарын үсэг зурдаг. Одоо Ж.Бат-эрдэнэ УИХ-ын гишүүн бөгөөд Баттулга сайд байхдаа мөнгө завшуулах ямар ч боломжгүй, завшаагүй гэдгийг уг нь хэлж чадах хүний нэг. Гэвч хүн чанараас илүүтэйгээр намынх нь ашиг сонирхол, дивтаатын суудал нь давамгайлаад дуугаргахгүй байгаа биз ээ. 

Гүтгэлэг 2.
Ямар ч техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төлөвлөгөөгүй баахан газар шорооны ажил хийсэн
Няцаалт 2.
Бас л инээдтэй гэнэн гүтгэлэг. ТЕЗҮ хийлгүйгээр ийм том далайцтай ажил, ер нь ямар ч төсөл хийгдэх боломжгүй бөгөөд хийгддэггүй! Ямар ч оронд. Солонгосын нэртэй компани Самсунг ямар ч ТЕЗҮ байхгүй ажил хийгээд л, түүнийг нь Германы төмөр замын компаны мэргэжилтнүүд хянасан юм биз дээ? Мянгуужингийн үлгэр ч энэ үлгэрийн хажууд бодитой сонсогдох байх. Инээдтэй нь ийм гүтгэлэг твиттерээр яваад байгаа юм даа. Итгэхэд бэрх.
Энэ төмөр замын ТЭЗҮ-г нь АНУ-ын нэр хүндтэй McKinsey & Company (Микинзи энд компани) гэдэг компани хийж өгчээ. Тэд нарын хийж өгсөн тооцоо, зураг, төлөвлөгөөний дагуу бүх ажил хийгдсэн байна.

Гүтгэлэг 3.
Овоолсон шороо нь салхи бороонд идэгдээд эвдэрсэн
Няцаалт 3.
Овоолсон шороо гэдгийг эхлээд тайлбарлахгүй бол манай шар сонины тархитай зарим нэг хүмүүс жорлонгийн нүх ухаад гаргасан шороо шиг ухааны юм сэтгээд байх шиг байгаа юм.
Гэр хороололд амьдардаг, жорлон ухаж үзсэн  хүмүүс мэднэ дээ. Жорлонгийн нүх ухаад гаргасан шороо бол овоолсон шороо мөн болой. Харин төмөр замын далан бол овоолсон шороо биш, нарийн бүтэцтэй, тусгай арга технологиор бүтээсэн байгууламж юм.
Энэ далангийн байгууламж бол  маш их газар шорооны ажил шаарддаг онцлогтой. Төмөр замын суурь бүтэц гэдэг утгаараа маш чухал байгууламж. Энэ дээр төмөр замаа тавиад л богоон явж эхлэхэд бэлэн гэсэн үг. Ер нь аливаа бүтээн байгуулалтын суурь, фундамент сайн хийгдсэн байх ёстой.
Мөнхбаясгалан болон бусад хүмүүс ч хэлж байна. Энэ ажлыг маш сайн чанартай хийжээ гэж. 3 жил болсон хойно ч эвдэрч нураагүй хэвээрээ байна гэж.  МАН-ын одоогийн салбар хариуцсан сайд нь (Зам Тээврийн сайд Д.Ганбат)  хүртэл очиж үзээд дараа нь УИХ дээр хэлсэн үгэндээ энэ ажлыг гүйцээж дуусгах шаардлагатай гэж байв даа. Мөн нүсэр том ажил хийжээ гэж үнэлсэн байдаг. Тэр нөхөр тэнэг хүн  байсан  бол намынхаа өрсөлдөгчийн хийсэн ажлыг муулсан, гутаасан зүйл ярих байсан байх.

Гүтгэлэг 4.
Баттулга ажил хийлгэчихээд мөнгийг нь одоо болтол өгөөгүй байгаа
Няцаалт 4.
Дээр хэлсэнчлэн, төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр Солонгосын алдарт Самсунг корпорацын барилгын компани ажилласан бөгөөд энэ компани туслан гүйцэтгэгчээр Монголын олон (13) компанийг ажиллуулсан байдаг. Эдгээр Монголын компаниуд бүгд Самсунгаас цалингаа авна. Ажил хийсэн энэ олон компаниуд  хийсэн ажилдаа дүйцэх хөлсөө авсан байхад нэг компаний мөнгийг өгөхгүй байна гэж байх уу? Ажил хийсэн л юм бол шүү дээ. Мөн хэн нэгэн сайд цалин тавьдаггүй ээ гэдгийг дээр хэлсэн байх аа?
Мөнгийг нь өгөөгүй гээд байгаа тэр нөхөр зүгээр л Баттулгын эсрэг хар пиар хийх гэж мөнгө авсан этгээд бололтой. Хэдэн халтар төгрөгний төлөө ингэж биеэ үнэлж, нэрээ гутаах гэж дээ. Юм үнэнээрээ сайхан гэдэг байх аа? Хийсэн ажил нь , хийлгэсэн компаниуд нь байж байхад ингэж гүтгээд увайгүй арчаагүй зан гаргаад юу хожих юм? Хариуцсан болон хянасан компаниуд нь дандаа гадны нэр хүндтэй компаниуд байна шүү дээ. Монголын компаниуд Ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр, мөн хяналт тавьдаг байсан бол бас ингэж хардахсан.

Гүтгэлэг 5.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барина гэж хэлээд баахан мөнгө идчихсэн
Няцаалт 5.
Х.Баттулга энэ асуудлаар мөн хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн гэж хэлж байгаа. Трассын болон хөрсний судалгаа хийнэ гэж хэлээд мөнгө цохисон гэж сэрдэж байсан юм байх. Тэгээд тэнд ажилласан геологи, геодезийн ангиудын хийсэн ажлыг илтгэх олон хуудас зузаан тайлан, лабораторийн дүн шинжилгээ,судалгаа  зэргийг үзүүлэхэд хэлэх үггүй болно биз дээ?
Манай хуулийнхан цаанаасаа даалгавар аваад ийм юм хийгээд байгаа юм уу , эсвэл хов живээр ажлаа явуулдаг юм уу? Асуудалд хандаж байгаа хандлага нь ийм байгаа нь үнэхээр ноцтой.

Гүтгэлэг 6.
Самсунгийн данс руу шилжсэн мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгө Монгол руу буцаж орж ирсэнийг  Баттулга нарын хэдэн хүн авсан
Няцаалт 6.
Өдрийн сонин ийм утгатай өгүүлэл  нийтлээд дараа нь баримт нотолгоогүй гүтгэлэг байсан хэмээн уучлал гуйж залруулга хийсэн. 42 сая доллар Солонгост угаагдаад  буцаж 5 хүний дансаар орж ирсэн гэж цуурсан. (Өдрийн сонин ч шар сонины зиндаанд очсон нь  нотлогдсон доо.) Нэгдүгээрт, хийсэн ажлын чанар, гүйцэтгэлийг Дойче Баан хянаж байгаа учраас Самсунг түүндээ тохирсон хөлсөө л авна, хоёрдугаарт, туслан гүйцэтгэгч Монголын компаниудад ажлынх нь хөлсийг Самсунг өгөх бөгөөд   Хөгжлийн банкнаас илүү мөнгө аваад Баттулгатай хувааж идэх боломжгүй.

Төгсгөл үг:

За ямар ч байсан  муу хэлэгдээд байгаа хүмүүс олгогдсон мөнгөндөө тохирох ажлыг амжилттай гүйцэтгээд хөрөнгө дутаад ажлаа гүйцээж чадаагүй юм байна. Нийтдээ 5 + 55 + 200 = 260 сая долларын ажил хийгдсэн аж.  Уг нь 400 сая доллар гаргаж өгөхөөр амласан боловч 200 саяыг л өгсөн юм байна. 200 сая доллартаа  ажлаа хийж дуусгаад дараа нь үлдсэн мөнгөө өгөөч гэтэл  луу унжжээ. Уг нь 1 тэрбум долларын өртөгтэй ажил гэнэ. Чингис бондыг ч төмөр замын нэр барьж босгосон гэж байна.  Гэтэл залгуулаад санхүүжилт өгөхийн оронд харин ч эсрэгээрээ өөрсдөө гаднаас мөнгө босгож ир гэсэн үүрэг өгсөн байх юм. 600 сая долларыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас ол гэжээ. Гансүхийн багийнхан  гадны хэд хэдэн банкаас нийтдээ 650 сая доллар босгож чадсан байна. Хамгийн хачирхалтай нь Засгийн газарт 2014 онд энэ зээлийг  зөвшөөрөх  асуудлыг  тавьсан боловч  Засгийн газрын хуралдаанаар оруулж өгөөгүй гэнэ. Тэр үед Ч.Сайханбилэг ЗГ-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга байсан. Бодлого нь батлагдаад, хэрэгжээд эхэлчихсэн ажилд санхүүжилт босгоод ирж байхад хэлэлцэж өгөхгүй байна гэдэг бол төрийн зарим том албан тушаалтнууд хэний эрх ашигт үйлчилж байж вэ гэж асуухад хүргэж байна. Ялангуяа тухайн үед энэ асуудлыг Засгийн Газарт (ЗГ) оруулах үүрэгтэй байсан  ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээс энэ тухай мэдүүлэг  авах шаардлагатай. Хожим мань эр Ерөнхий сайд болсоныхоо дараа Дубайд очиж Оюутолгойн гэрээг Монголд хохиролтой байдлаар өөрчилж мутарлаад ирсэн хүн дээ. Энэ хүнд Монголоо гэсэн сэтгэл байдаг гэдэгт эргэлзэж эхэлж байна шүү!  Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт оролцож байхдаа "Та эх орондоо хайртай юу?"  гэсэн сэтгүүлчийн "тэнэг"  асуултанд  "- Чи яагаад надаас ийм асуулт асууж байгаа юм?"  гэж эгдүүцэж байсныг санаж байна. Одоо бодоход жүжиглэж байсан мэт.

Эцэст нь  хэлэхэд, нийтдээ 1 тэрбум долларын өртөгтэй 267 км төмөр замын санхүүжилтийн 20%-ийг (200 сая доллар) өгчихөөд бүтэн төмөр зам нэхээд байгаа хүмүүс  хэн ажил зогсоосон, яагаад зогссон гэдгийг эрхбиш ойлгож авсан байхаа гэж найдая. Ажил хийсэн хүмүүс рүү дайрч довтлохын оронд ажлыг нь хийлгээгүй, хийх боломж, мөнгийг нь өгөөгүй, олоод ирсэн мөнгийг нь шийдээгүй тэр албан тушаалтнууд руу дайрах хэрэгтэй. Хэн нь хэн бэ гэдэг нь харагдаж байгаа биз? Ухаа Худагаас Гашуун Сухайтын боомт хүртэлх энэ зурвас (267 км) зам баригдсан бол өдийд олон хүнд даацын машин байгаль орчин сүйтгэн нүүрс зөөхгүй , олон сайхан Монгол залуус амьд байх байсан юм.
Баттулга, Гансүх нар оролцсон Бүрэн зураглал гэдэг нэвтрүүлгийг үзвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах учраас доор бичлэгийг орууллаа.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө