Улай үзсэн хэрээнүүд

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат (МАН)
Сая medee.mn сайт дээр гарсан Н.Баяр гэдэг хүний бичсэн нийтлэлийг энэ удаа товчлон орууллаа. Сүүлийн үед нэлээн шуугиантай яригдаж байгаа их хэмжээний өртөгтэй Концессийн гэрээгээр гүйцэтгэх төслүүдийг  МАН-ынхан нууцаар өөрсөддөө авсан тухай энэ нийтлэлд тоотой, эзэнтэй нь бичжээ. Ер нь МАН-ынхан төр засгийн эрхэнд гараад л улай үзсэн хэрээ шиг дайрч эхэлж байна. Улс орондоо ашигтай, хэрэгтэй юу хийх вэ гэхийн оронд л өөрсдөө яаж хэтэвчээ зузаалах вэ гэж толгойгоо гашилгаж байх шиг. Тэд нарт  эдийн засгийн хямралтай гээд байгаа энэ цаг үед  тухайн ажлыг хийх цаг нь мөн эсэх, үр ашгаа хэзээ өгөх зэрэг нь сонин биш бололтой. Ийм л хүнийрхүү сэтгэлтэй нам гэдгийг өмнөх олон жил төр засгийн эрхэнд байх үедээ хийсэн ажил, Монголоо "хөгжүүлсэн"  байдлаас харж болно. Тэд нарт улсаа хөгжүүлэх чухал биш, харин  өөрсдийгөө баяжуулах л чухал гэдгийг ийнхүү  нотлоод байна. Төр засгийн эрхэнд яавал олон жил байж энэ мэтээр хөнгөн баяжих вэ гэдэг ганцхан зорилготой гэдэг нь саяхан ил болсон төр засгийн албыг мөнгөөр үнэлж зарсан төлөвлөгөөнөөс нь харж болно. Ийм нам ирэх жилүүдэд Монголыг яаж самрах бол гэхээс дотор бачуурна.

Н.Баярын нийтлэл

МАН-ын бүлэглэлийн 800 тэрбумын хулгайн задаргаа

"Хулгай ил цагаандаа гарлаа." Энэ бол УИХ дахь "65-ын бүлэг"-ийн нэг, МАН-ын гишүүний хэлсэн үг.
Эрх баригчид 7 төрлийн татвараар иргэдээ сөхрүүлж эхэлсэн. Долоон төрлийн татвар нэмж улсын төсөвт 100 тэрбум төгрөг цуглуулах юм гэнэ лээ. Иргэдийн халаасыг хоосруулж,аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулах шийдвэр гаргачихаад Засгийн газрын сайд нарын багцыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь тэдний "эх оронч" шийдвэр.  400  тэрбумын тансаглалдаа цадахгүй эрх баригчид дахин төрөөс "мэргэжлийн хулгай" хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэглэл 8 концессийн гэрээгээр 800 гаруй тэрбум төгрөг та бидний татварт төлсөн мөнгөнөөс хулгайлахаар боллоо. Харьцуулбал, алдарт ОУВС-аас авах гэж буй 400 сая доллартай тэнцэх концессийн  гэрээг нууцаар байгуулсан нь олон нийтэд ил болсон юм.

Энэ дүн бол УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гэдгийг онцлоё.

Ерөнхий сайдын Н.Номтойбаярт төлөх өр буюу LX 570-ын бэлэг

Концесс гэдэг нь эргэн төлөгдөх нөхцөлтэй Засгийн газрын худалдан авалт. Тодруулбал, өөрийнхөө хөрөнгөөр ажлаа хийчихээд дараа нь улсаас мөнгөө авах нөхцөлтэй гэрээ.
МАН төрийн эрх авсан  даруйдаа эх оронч шийдвэр гаргаж байгаагаа сүр дуулиантай зарласан.
Засгийн газар 2016 оны 8 сарын 17-ны өдөр Концессийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37-р тогтоол гаргасан юм. Уг тогтоолд Концессийн зүйлийн жагсаалтанд  "Барих- шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан  улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Концессийн гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг  заасан.  "Барих-шилжүүлэх"  гэрээ нь төсөвт  ачаалал бий болгодог учраас МАН-ын Засгийн газрын энэ шийдвэрийг  "эх оронч"  гэхээс аргагүй.

Тэгтэл Ерөнхий сайд ацан шалаанд орчихоод  тун хэцүү, ихээхэн дарамтад байгаа нь хэдхэн сарын дараа тодорхой болов. Өмнө нь туулсан замаа баллуурдаж  болдоггүй нь харамсалтай.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олон жилийн өмнөөс Н.Номтойбаяртай дотно нөхөрлөсөн. Гэр бүлийн хүрээнд бэлэг сэлт солилцож, өгөө аваатай нөхөрлөж л дээ. МАК-ын [Монголын Алт Компани ] Н.Номтойбаяр жийп бэлэглэж Эрдэнэбаттай ураг барилцаж байсан түүх бий. Тодруулбал, 2014 оны 11 сарын 12-ны өдөр Н.Номтойбаяр цоо шинэ LX 570 автомашиныг  Ж.Эрдэнэбатад бэлэглэсэн баримт олдсоныг хүмүүс мартаагүй байх. Энэ мэт "сэтгэлийн" бэлгийн хариуг  Н.Номтойбаяр Ерөнхий сайдаас нэхэлгүй яах билээ.  Ерөнхий сайд ч ач санаж агтны хариуг барихгүй хаа хүрэх билээ.

Ийм өгөө аваатай байтал Засгийн газрын 37 дугаар тогтоол ёсоор  МАК-ын Оюутолгой-Цагаан Суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь зогсох болчихжээ.  Бэлгийн ганц жийпнээс болж төрийн шийдвэрийг өөрчилнө  гэдэг хэцүү.
МАН-ын бүлэглэлээс Засгийн газарт дарамт үзүүлж, МАК-ын ажлыг эхлүүлэх "үүрэг" өгсөн гэдэг яриа бий.  Тиймээс Засгийн газар тогтоолоо зөрчиж 2017 оны 1 сарын 12-ны өдөр Оюутолгой - Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих төслийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон тогтоол гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монголд бус Н.Номтойбаярын МАК-д үйлчилж гэрээ байгуулжээ.  Энэ гэрээний өртөг нь 79 тэрбум төгрөг.  Монголын төр "барих- шилжүүлэх"  гэрээ байгуулсанаар энэ мөнгийг америк доллараар төлнө. Ханшийн зөрүүний алдагдлыг мөн л та бид татварынхаар мөнгөөр төлнө гэсэн үг.

Ийнхүү Ж.Эрдэнэбат МАК-д үйлчилж, МАН-ынхан төсвөөс 800 тэрбум төгрөг хулгайлахыг завдаж байна.

Ж.Эрдэнбат  Н.Номтойбаярт улайм цайм үйлчилж, хууль зөрчин  79 тэрбум төгрөг хулгайгаар  бэлэглэчихээд байхад МАН-ынхан барьцалгүй яах билээ. МАН-ын бизнес эрхлэгчид бүгд хулгайд нэгдэхийг санаархаж, намынхаа удирдлагуудыг шахаж эхлэв. Намынхаа бүлэглэлийн шахалтын дор  Засгийн газар 2017 оны 1 сарын 18-ны өдөр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  16-р тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолоор 5 сарын өмнө баталсан өнөөх 37-р тогтоолдоо өөрчлөлт оруулж, МАН-ынханд хулгай хийх боломж олгожээ.
Тодруулбал, МАК-аас гадна 7 компанитай Концессийн гэрээ байгуулах жагсаалтыг 16-р тогтоолоор баталжээ.  Бүр Концессийн гэрээ байгуулахдаа төлбөрийг америк доллараар хийхээр болж Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хоёр дахиа зөрчсөн байх юм.  Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийг зөрчиж, МАН гишүүдийнхээ компанид валютын ханшийн  зөрүүнээс ашиг олох боломжийг бүрдүүлжээ.  Үүнийг мэргэшсэн хулгай гэж судлаач эрдэмтэд нэрлэдэг.

Шууд хэлбэл, МАН-ын сонгуулийн санхүүжилтийг босгодог компаниуд Концессийн гэрээ байгуулах эрх авсан нь эндээс харагдаж байгаа юм.
Ж.Эрдэнбатын, Н.Номтойбаярын, Ж.Мөнхбатын, С.Бямбацогтын гэх мэтээр компаниуд энэхүү Концессийн гэрээнүүдийг хулгайгаар авсан.
Та бидний татвараас 800 гаруй тэрбум төгрөг "хулгайлах" гэж буй МАН-ын гишүүдийн компанийг танилцуулж байна.
1. Н.Номтойбаярын компани 79 тэрбум төгрөг авна. Засгийн газар хуулийг, өөрийнхөө гаргасан тогтоолыг зөрчин Н.Номтойбаярын МАК-тай 78 тэрбум 752 сая төгрөгийн өртөгтэй Концессийн гэрээ байгуулсан.
2. С.Бямбацогтын компани 77 тэрбум төгрөг авна. УИХ-ын гишүүн бөгөөд Дотоод хэргийн сайд С.Бямбацогтын Алтай трест компани "Чойрын дэд станцын өргөтгөл, шинэчлэл" төслийн Концессийн гэрээ байгуулахаар болжээ.  Төсөвт өртөг нь 77 тэрбум  695 сая төгрөг.
3. Ж.Мөнхбат 87 тэрбум төгрөгийн Концессийн гэрээгээр  Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын Шар тээгийн уулзвараас Цогт Цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай зам барихаар болжээ. Төслийн нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг.
УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын  Эн Си Эф компани энэ ажлыг гүйцэтгэнэ.
4. Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас, Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозамын төслийг мөн Концессийн гэрээгээр хийх болсон. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум 373 сая төгрөг. Гүйцэтгэгч компани нь Хос мөнгөн залаа бөгөөд энэ компаний ард МАН-ын нөлөө бүхий хүмүүс байгаа гэлцдэг.
5. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тойрогтоо 26 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил авчээ. Нийт 22.2 км зам тавих энэ ажлын өртөг 22 тэрбум 640 сая төгрөг.
6. Дорноговь аймгийн төвөөс Дэлгэрэх сум хүртэл 130 км автозам барих Концессийн гэрээ хийжээ.  Нийт  өртөг нь 163 тэрбум төгрөг. Эзэн нь нууцлаг.
7. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  тойрогтоо 26 тэрбум төгрөгийн Концесс авчээ. Дутуу бариад орхисон төрөх эмнэлэгийн төсөв дээр 5 тэрбум нэмээд батлуулсан гэнэ.
8. Дорноговь аймгийн Сайншанд  сумын нутагт барих Тэвшийн говийн цахилгаан станцын төсөл нийт 2 их наяд (триллион) 245 тэрбум төгрөгний өртөгтэй. Могур пауэр компани гэрээг байгуулсан байна.

Дээрх гэрээнүүдийг байгуулсанаар улсын төсөвт өгөх ачаалал нь 2020 онд 327.3 тэрбум төгрөг, 2021 онд 216.2 тэрбум, 2022 онд 540 тэрбум. Энэ нь ОУВС-гаас авах зээлтэй тэнцэж байгаа гэдгийг онцлоё.
МАН хүүхдийн мөнгийг хасаж 17 тэрбум төгрөг хэмнэх юм гэсэн. Гэтэл МАН-ын бүлэглэлийн 7 бизнесмэн 800 гаруй тэрбум төгрөг халааслах гэрээ хийчихээд маадгар сууж байна..

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө