Улаанбаатарт газар хөдлөөсэй

Олимп хороолол (Тод чоно ХХК нэрээр бариулж буй)
Бид ч өөрөө өөрсдийгөө "хөнөөгөөд" дуусах улс бололтой. (Гүнзгий санаа алдав). Ер нь бага багаар "цааш нь харуулаад" л байгаа. Угаас "хуруу дарам" цөөн Монголчууд юу байхав дээ. Бие биенээ хутгалж аллаа л гэнэ, зодож хороожээ л гэнэ, амиа хорлолоо л гэнэ, энд тэнд осолдож нас баржээ л гэнэ, согтуугаар дайрч хөнөөжээ л гэнэ, усанд живжээ л гэнэ, байшингаас унаж үхлээ л гэнэ, бохирын цооног,  жорлонд ойчиж амиа алдлаа л гэнэ, хөлдөж үхжээ л гэнэ, эмч сувилагч нь хайхралгүй үхүүлчихлээ л гэнэ, траншейнд шатаж нас баржээ л гэнэ,  машиндаа угаартаж үхлээ л гэнэ, шоронд өнгөрчихлөө л гэнэ, гэр бүлээр нь гэрт нь шатаалаа л гэнэ, хортой архи ууж нас барлаа л гэнэ, галт тэргэнд дайруулж  үхлээ л гэнэ. За ингэсгээд зогсчихъё,  нуршаад байвал дуусахгүй  жагсаалт болох байх.

Үүнээс илүү аюултай нь бид өөрсдийгөө бөөнөөр нь "хөнөөх бөмбөгөө" л  бэлдээд байх шиг. Энэ тухай  энд ярилгүй болохгүй нь. Тэр нь юу вэ гэвэл одоо баригдаж байгаа болон баригдаад ашиглалтанд орчихсон хэврэг  орон сууц, барилгууд юм. Эдгээр байгууламж дотор амьдарч , түр сууж, эсвэл ажиллаж байгаа хүмүүс нэг л өдөр газар хөдлөхөд нурингад дарагдаж "чад" болоход бэлэн байна. Тиймээ, газар хөдлөлт болоход эдгээр хуурамч барилгууд биднийг "хөнөөх" зэвсэг болж хувирна. Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байдаг гэдгийг хүн бүр бараг мэдэх биз. Бурхны тааллаар өнөөг хүртэл тийм гамшиг тохиосонгүй явж иржээ. Дээхэн Мэргэжлийн Хяналтын Газраас шалгалт хийж, газар хөдлөлтөнд тэсэж үлдэхгүй нурах аюултай барилга байшингуудыг нэрлэсэн тухай би нэг нийтлэлдээ  бичиж байсан.  Тэр барилгуудын хувь заяа хаашаа эргэсэн юм бүү мэд. Ямар компаний  барьсан ямар барилгууд энд орсон тухай  дараах холбоосоор орж уншина уу:

http://bodonchor.blogspot.com/2011/08/blog-post_02.html

Өдрийн сонины Г.Ялгуун, Л.Мөнхтөр нарын эрэн сурвалжилж гаргаж ирсэний ачаар дахиад нэг "тэсрэх бөмбөг" илрэв бололтой. Тэр "бөмбөгийг" Тод чоно нэртэй компаний нэрийн  дор хятадын хоёр иргэн бэлдэж байгаа юм байна. Энэ тухай "Өдрийн сонины" 10 сарын 7, 8, 9-ний өдрийн  дугааруудаас "Зөвшөөрөлгүй  барилгыг хаацайлагчид буюу Мэргэжлийн хяналтынхан ингэж авилга авдаг" гарчигтай цуврал нийтлэлүүдийг олж уншаарай. Илэрсэн "тэсрэх бөмбөгний" нэр "Олимп" хороолол. Байршил нь Баянзүрх дүүргийн 26-р хороо. 16 давхар барилга. Зөвшөөрөлгүй барилга боловч хахуулиар "зөвшөөрлөө" авчихсан. Хамгийн хямд, стандартын бус материал ашиглаж барьж байгаа учраас газар хөдлөлтийн эхний чичиргээнд үнс нурам болох байгууламж. Аминаасаа уйдсан галзуу хүн л энд байр авч суух байх. Ганц олдсон амьдралаа эцэст нь тултал туулаад, өөрийнхөө хэдэд бараа болж явъя гэж байгаа бол иймэрхүү байшингаас холуур байгаарай гэж  зөвлөе.

Энэ хятадууд Мэргэжлийн хяналтын байцаагчдыг хахуульдаж стандартын бус материалаа "стандартын" гэж тооцуулдаг, шалгадаг зөвшөөрдөг бүх л албан тушаалтан, байгууллагыг "худалдаад авчихсан"  дархан эрхтэй хүмүүс гэнэ.
Үүнээс өмнө "Баян Монгол" нэртэй хороолол барьж ашиглалтанд  оруулсан гэнэ.  Энэ Баян Монгол хэмээх сууцнуудад амьдарч байгаа хүмүүс дарьтай торхон дээр сууж байгаа гэдгээ мэдэж эртхэн арга замаа бодохгүй бол болохгүй нээ.  Тэд мөн 2010 онд Цайз захын орчимд "Саруул тэнгэр" нэртэй цогцолбор бариулсан гэнэ. Энэ байгууламж бас л хамгийн түрүүнд нурж унана гэдэг нь ойлгомжтой.

Шинээр баригдсан ямар ч  барилгад "даацын стандарт үнэлгээ" гээчийг гаргуулж авдаг бөгөөд үүнийг мэргэжлийн лабораторийн шинжилгээгээр тогтоодог аж. Гэтэл энэ хоёр хятад тэр үнэлгээг хийдэг лабораторийн хүмүүсийг нь хахуульдаад хуурамч ("даацын шаардлага стандарт хангаж байна" гэсэн) үнэлгээ гаргуулаад авчихдаг гэж байгаа. Тэр лаборатори нь 19-р хороололд байдаг "Бетон арматурын шинжилгээний лаборатори" юм байна. Даацын бус, стандартын бус арматураар олон давхар барилга барьчихаар чинь жаахан чичиргээнд нураад унах нь мэдээж биз дээ? Энэ хүмүүсийн бариулсан бүх барилгууд "но"-той гэдэг илт байна. Тиймээс бүгдийг сайн шалгуулж жинхэнэ үнэлгээг нь гаргуулах шаардлагатай гэдгийг эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтнууд мэдэж авсан байхаа гэж найдая. Олон хүний амь настай холбоотой хэрэг шүү!

Цаашлаад энэ мэт хахуулиар боссон хичнээн ч барилга байдаг юм бүү мэд. Зөвшөөрөлгүй баригдсан гэгдэх барилгуудын асуудлыг цэгцлэхгүй бол болохгүй ээ. Шаардлага хангаагүйг нь нураах хэрэгтэй. Бат-Үүл дарга хэлсэн ярьсандаа тууштай байж жаахан хатуухан үзэхгүй бол нэг л өдөр хот чинь үнс нурам болчихсон байх вий. Барьчихсан босгочихсон юмыг нураах гэлээ гэж эсэргүүцэн хашгичих сүгнүүдэд хандаж хэлэхэд, иймэрхүү хэврэг шаазан шиг юманд сууж байгаад гай болж газар хөдлөхөд  даруулж үй олноороо амиа алдах тэр гамшиг тохиох цагт хэлэх үгээ бэлдэж байгаарай. Өнөөдөр энэ аюулын тухай хэлж, хэлэлцэж байхгүй бол "ниргэсэн хойно нь хашгираад" яах билээ? Хэзээ ч ирж болох тэр аюулаас аль болохоор гарз багатай, болж өгвөл гарзгүй гарахын тулд бид бэлэн байх ёстой биш үү? Хэрэв бэлэн байя гэж байгаа бол энэ мэт чанарын шаардлага хангахгүй дарж алах аюултай "бөмбөгнүүдийг" эртхэн аюулгүй болгох хэрэгтэй. Бидэнд хүний амь чухал уу, хэврэг, үзэмжээс цаашгүй хэдэн байгууламж хэрэгтэй юу гэдгийг бодож шийдэх цаг болжээ. Чанаргүй  барилгуудыг нурааж, цаашид  чанартай бариулж байх талаар хаана хаанаа хатуу чанга хариуцлагатай байхгүй бол болохоо байж. Тэр хуурамч даацын үнэлгээ гаргаж өгдөг лаборант залуу бол маш ноцтой гэмт хэрэг хийсэн байна. Эдийн шуналаас болж ах дүү Монголчуудынхаа амийг золиосолж байна шүү дээ. Ийм арчаагүй болтлоо бидний ёс суртахуун доройтож дээ. Халаг гэж. Бид ингэж л өөрсдийгөө "алж" байна.

Үүнийг мянга хэлээд нэмэр байна уу?  Маханд нь мэдрүүлж, нүдэнд нь үзүүлэхгүй бол цочроо авахгүй янзтай. Бурхан л  бидний гол найдвар болж байна. Газар хөдлөлтийн тодорхой хүчийг тэсвэрлэж чадах найдваргүй дээр  нэр дурдсан барилга байгууламжуудыг нэн даруй шалгаж, шаардлага хангахгүй бол нурааж эхлэх хэрэгтэй. Хэрэв энэ ажлыг яаралтай эхлүүлэхгүй бол би дараагийн шатны арга хэмжээг авч Бурханд захиа бичих болно гэдгийг хэлье. Захианы гол зорилго  нь Улаанбаатарт газар хөдөлгөж өгөөч ээ гэсэн утгатай байх юм.

Бурхан минь ээ, Улаанбаатарын газрыг чичрээгээд өгөөч. Энэ хэдэн өрсөн тоглоом шиг хэврэг юмнуудыг нураагаад өгөөч. Яахав, хэдэн хүний сүйдэж таарах байх. Хүний амь гарздахгүй өөрсдөө нураа гээд байхад хөдлөхгүй байгаа улсыг чинь одоо яалтай билээ. Хэдэн хүний амь сүйдэж, хэдэн байшин нурж ойчсоны дараа сэхээ авах хүмүүс юм байна. Харин их өндөр баллтай битгий хөдөлгөөрэй, Бурхан минь. За нэг 3-4 балл байхад болох вий. Газар хөдөлгөхөөсөө өмнө дохио болгож ганц хоёр удаа зөөлхөн чичирхийлээрэй. Хүмүүст  бас аюултай газраас дайжиж зугтах хугацаа өгвөл сайн байна. Бид чинь цөөхүүлээ, нэг ч гэсэн Монгол хүний амь бидэнд хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа биз дээ. Их баярлалаа, Бурхан минь.
За нэг иймэрхүү үг, агуулгатай захиа байх болов уу даа. Гэхдээ мэдээж эхлээд Бат-Үүл даргад боломж, хугацаа өгч яахыг нь харна л даа. Бурханд захиа илгээх бол эцсийн арга болох юм  даа. Аргаа ч барж байна даа, хөөрхий гэж.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё